Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд төрийн албыг авлигачид, тэр тусмаа “тавиул”-уудаас цэвэрлэх “5Ш” ажиллагаа гээчийг эхлүүлж, ард түмэн түүнд нь алгаа хорстол ташсан. Зөвхөн “Шүүр” ажиллагааны хүрээнд л гэхэд төрийн алба, төрийн өмчит компаниудад танил талаараа болон “Ковид”-ын түр хуулиар томилогдсон 8000 орчим албан тушаалтныг шалгаж, эхний ээлжинд 2000 албан тушаалтныг “цэвэрлэсэн” гэх тайланг 2023 оны дөрөвдүгээр сард танилцуулж байв.
Харамсалтай нь, өнгөрөгч 2024 оны долдугаар сард Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, түүнээс хойш төрийн албан, төрийн өмчит компаниуд буцаад л төрийн томчуудын туслах, зөвлөх, төрөл садан, найз нөхөд гэх “тавиул”-уудаар дүүрчихэв. Гол нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч эрх мэдлээ удаан хадгалахын тулд МАН-ынхныхаа болон АН, ХҮН намынхны төрд хийж буй эх адаггүй томилгоонуудыг нүдээ аниад өнгөрөөдөг болсон бололтой юм. Ямар сайндаа л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь гарын үсгээр, “Ажлаа хийж чадахгүй байна” гэдэг үндэслэлээр Ховд аймгийн Засаг даргын албан тушаалаас “хөөгдөж” асан нөхөр саяхан “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн Захирлын суудалд заларч байх вэ.
Бид төрийн алба, төрийн өмчит компаниуд дахь “тавиул”-уудын томилгоонуудыг цувралаар танилцуулж байгаа. Энэ удаад УИХ, Засгийн газрын гишүүдийн ТӨХК, ТӨҮГ-т захирлаар залсан "шинэхэн тавиул”-уудыг танилцуулж байна.
БХЯ-ны харьяа Цэргийн амралтын бааз буюу “Бага баян-Энхийн төлөө цогцолбор” ТӨҮГ-ын Захирал Баярбаатарын Мөнхнаран
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын эзэмшдэг волейболын “Алтайн барс” клубын дасгалжуулагч байсан. 2022 онд С.Бямбацогт Зам, тээврийн сайд болмогцоо Б.Мөнхнаранг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Худалдан авалт, хангамжийн албаны Менежерээр томилж байсан. Улмаар С.Бямбацогт Батлах хамгаалахын сайд болмогцоо Б.Мөнхнаранг БХЯ-ны харьяа “Бага баян-Энхийн төлөө цогцолбор” ТӨҮГ-ын Захирлаар томилсон.
ЗТЯ-ны харьяа “Монгол Улсын Далайн захиргаа” ТӨҮГ-ын Захирал Баярмагнайн Сайнбаяр
Анх Д.Сумъяабазар, Д.Дагвадорж хоёрын Үндэсний хөрөнгө оруулалтын банканд мэргэжилтэн байсан. Улмаар 2017 онд Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болмогцоо Б.Сайнбаярыг “Эрдэнэс тавантолгой” ХК-д мэргэжилтнээр илгээсэн. Дараа нь 2020 онд Д.Сумъяабазар Хотын дарга болмогцоо Б.Сайнбаярыг зөвлөхөөрөө дэргэдээ авсан. Дараа нь Д.Сумъяабазар Б.Сайнбаярыг Нийслэлийн өмчит “Улаанбатар хотын хөгжлийн корпораци” ХК-д Менежерээр томилж ажиллуулсан. Улмаар өнгөрөгч 2024 оны эцсээр “Монгол Улсын Далайн захиргаа” ТӨҮГ-ын Захирлаар томилуулсан.
ЦХИХХЯ-ны харьяа “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-ын Захирал Жаргалсайханы Энхбат
ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүүг 2016-2020 онд НИТХ дахь АН-ын бүлгийн дарга байх үед Ж.Энхбат шууд удирдлага доор нь буюу АН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан. Тиймдээ ч Ц.Баатархүү өнгөрсөн онд ЦХИХХ-ны сайд болмогцоо Ж.Энхбатын Зөвлөхөөрөө авсан. Улмаар Ц.Баатархүүү ЦХИХХЯ-ныхаа харьяа “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-ын Захирлаар зөвлөх Ж.Энхбатыгаа томилсон нь энэ.
“Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн Захирал Батсуурийн Дүгэржав
Түүх сөхвөл, 2018 оны хавар С.Бямбацогт Ховд аймагтаа очиж, Ховд аймгийн МАН-ын хорооны даргаар Б.Дүгэржавыг томилж байв. Улмаар 2018 оны намар нь Б.Дүгэржав Ховд аймгийн Засаг дарга болж байв. Ингээд С.Бямбацогт, Б.Дүгэржав хоёр Ховдод дөрвөн жил хамтарч “хаанчилсан”. Гэтэл 2022 оны наймдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлыг удаашруулсан” үндэслэлээр Б.Дүгэржавыг “бангадаж”, Ховд аймгийн Засаг даргаас чөлөөлсөн. Улмаар Л.Оюун-Эрдэнэ АНУ-д танилцсан найз Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар томилж байв. Ингээд Б.Дүгэржав хоёр жил орчим “гудамж”-нд лааз өшиглөсний эцэст өнгөрөгч нэгдүгээр сард “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн Захирлаар томилогдсон нь энэ.

Цаашилбал, “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн Захирал Б.Дүгэржавт С.Бямбацогтоос гадна өөр нэг “том ар” байдаг нь УИХ-ын гишүүн З.Мэндсайхан. Тэд Ховд аймгийн Мянгад сумынх буюу нэг сум, нэг голынх гэдгээрээ тун дотно. Жишээ нь, З.Мэндсайхан 2024 оны УИХ-ын сонгуульд бэлдэж Ховд аймгийн сумдаар хэдэнтээ тойрохдоо Б.Дүгэржавыг дагуулж явдаг байв.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Захирал Отгоны Батчулуун
Хөвсгөл аймгийн уугуул, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын багын найз. 1999 онд Л.Мөнхбаатар МУИС-ийн Эрх зүйн ангийг, харин О.Батчулуун МУИС-ийн Татварын эдийн засагчийн ангийг төгссөн. 1999 оноос Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажлын гараагаа зэрэг эхэлсэн. 2016 онд Л.Мөнхбаатарыг УИХ-ын гишүүн болсноос хойш О.Батчулуун зөвлөхөөр нь ажиллаж ирсэн. Мөн Л.Мөнхбаатарын “Хөвсгөл хөгжил сан”-гийн Удирдах зөвлөлийн гишүүн.
“Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг”-ийн Захирал Нэмэхээгийн Одонгуа
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Н.Одонгуа хоёр АШУҮИС-ийг нэг жилийн зайтай төгссөн найзууд. Тиймдээ ч Н.Одонгуа өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар АН-аас Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн тойрогт Ц.Тувааны удирдлага доор нэр дэвшсэн, гэвч унасан. Улмаар сонгуулийн дараагаас УИХ дахь АН-ын бүлгийн Зөвлөхөөр ажиллаж байгаад “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг”-ийн Захирлаар томилогдсон.
ХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургуулийн Захирал Очирхуягийн Зоригт
Түүх сөхвөл, дөрвөн хүн буудуулж амиа алдсан 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд тухайн үеийн ЦЕГ-ын дарга Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга О.Зоригт хоёр буруутгагдсан. Улмаар 2012 онд шүүхээс Ч.Амарболдод 3.6 жилийн ял, О.Зоригтод 2.6 жилийн ял оноож байв. Тэгвэл тухайн үед ЦЕГ-ын дарга Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүн нь одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл О.Зоригттой эртний танил. Тиймдээ ч О.Алтангэрэл яамныхаа харьяа Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилсон гэж хэлж болно.
ТӨРИЙН ТҮШЭЭД ЗӨВЛӨХҮҮДЭЭ ТӨХК, ТӨҮГ-ЫН ЗАХИРЛЫН СУУДАЛД ЗАЛСААР... |
|