Өнгөрөгч сонгуулиар өвдөг шороодсон УИХ-ын экс гишүүдээ гудамжинд орхихгүйн тулд Ардын намынхан албан тушаал хуваарилах гээд аргаа барцгааж буй. Ямартай ч, эхний ээлжинд УИХ-ын дарга асан Г.Занданшатар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болж тухалсан. УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил УИХ-ын даргын Ахлах зөвлөхөөр өргөмжлөгдсөн. УИХ-ын гишүүн асан П.Анужин Ерөнхий сайдын зөвлөх болсон. УИХ-ын гишүүн асан Н.Энхболд Хятадад Элчин сайдаар томилогдоод явсан. УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатарыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилох, Д.Сарангэрэлийг Туркэд Элчин сайдаар илгээх тухай сураг дуулдаж буй. Бас саяхнаас УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг нарт Элчин сайдын сэнтий хуваарилах тухай шуум гарч, нийгмийн чихийг дасгаад эхэллээ.
Тэгвэл УИХ-ын экс гишүүдээс хамгийн өндөр албан тушаалд очсон нь Д.Тогтохсүрэн. УИХ-ын гишүүн асан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн 1700 гаруй ажилчинтай “Монголросцветмет” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар томилогдоод буй. Уг нь Д.Тогтохсүрэн Өвөрхангайдаа уурын зуухны бизнестэйг эс тооцвол уул уурхайгаас тэс хол хүн. Гэсэн ч ийнхүү “Монголросцветмет” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар очсон. Магад, МАН-ын бүлгийг дөрвөн жил удирдсаных нь шагналд МАН-ын удирдлагууд гар татахыг хүсээгүй биз.
Гол нь, УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэн өөрөө “Монголросцветмет” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар томилогдоод сэтгэл нь “ханаагүй” бололтой. Тодруулбал, Д.Тогтохсүрэнгийн хүргэн Ц.Энхмөрөн өнгөрөгч аравдугаар сард Төрийн банкны Дэд захирлаар томилогджээ. Хүргэн Ц.Энхмөрөнгийнх нь тухайд, Монголбанканд нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2020 онд Монголбанкны Санхүү, бүртгэлийн газрын Тайлан мэдээ, бодлогын хэлтсийн даргаар томилогдож, огцом дэвшсэн. УИХ-ын гишүүн хадам аавынх нь нөлөө байсныг үгүйсгэх аргагүй. Улмаар Ц.Энхмөрөн 2022 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт Нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдож очсон. Монголбанкны хэлтсийн дарга яаж НҮБ-ийн дэргэд суугаа Байгын төлөөлөгчийн газарт Нэгдүгээр нарийн бичгийн дарга болж чадсан нь бас л гайхмаар. Уг нь энэ бол нягтлан бодогчийн хийдэг ажил биш, мэргэжлийн дипломат албаныхны ажил баймаар.
Ийнхүү Ц.Энхмөрөн НҮБ-ийн дэргэдэх Байнгын төлөөлөгчийн газарт жил гаруй ажиллаад буцаж ирж, өнгөрөгч 2023 оны арваннэгдүгээр сард хадам дүү буюу Д.Тогтохсүрэнгийн бага хүү Т.Батзаяатай “Степпе майнинг транс” ХХК-ийг байгуулсан. Ингээд компаниа удирдаж байгаад сар гаруйхны өмнө буюу өнгөрөгч аравдугаар сард Төрийн банкны Дэд захирлаар томилогдсон. Хувийн компаниа удирдаад явж байсан Ц.Энхмөрөн гэнэт Төрийн банкны Дэд захирал болж дэвшсэний цаана хадам аав Д.Тогтохсүрэн байгаа гэж харах бүрэн үндэслэлтэй. Өөрөөр бол, Д.Тогтохсүрэн өөрөө "Монголросцветмет" ТӨҮГ-ын Ерөнхий захирал болоод зогсохгүй, хүргэнээ Төрийн банкны Дэд захирал болгожээ гэж харагдаж байгаа юм.
Сонирхуулахад, Д.Тогтохсүрэнгийн хүргэн Ц.Энхмөрөн 2022 онд 834 сая төгрөгийн орлоготой, 1.2 тэрбум төгрөгийн авлагатай гэж мэдүүлж байв. Төрийн албаныхан дундаа түрийвчнийхээ зузаанаар дээгүүрт бичигдэнэ гэсэн үг. Харин Ц.Энхмөрөнгийн аав Д.Цэрэнбат нь “Хөтөлт илч” ХХК-аараа уурын зуух ажиллуулж, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг дулаанаар хангаж ирсэн. Харин ээж Н.Оюунчимэг нь Санхүүгийн зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа, хөгжлийн газрын даргаар ажилладаг. Н.Оюунчимэгийн тухайд, 2016 онд Д.Тогтохсүрэнг УИХ-ын гишүүн болсны дараахан Санхүүгийн зохицуулах хорооны Ахлах референт болж, улмаар 2020 онд газрын дарга болж дэвшсэн байдаг.
Ямартай ч, тойргийнхоо сонгогчдод тоогдож чадалгүй тахимаа өгсөн экс гишүүддээ Ардын намынхан албан тушаал хуваарилсаар, Д.Тогтохсүрэн мэтийн “гал тогоо”-нд ойр байсан гишүүддээ бүр ч илүүг хуваарилсаар байна.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ТОГТОХСҮРЭНГИЙН ХҮРГЭН Ц.ЭНХМӨРӨН ТӨРИЙН БАНКНЫ ДЭД ЗАХИРАЛ БОЛЖЭЭ |
|