Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Төрийн далбааны өдрийг 2009 оноос хойш жил бүрийн долдугаар сарын 10-нд тэмдэглэж байна. Эл өдрөөр Төрийн далбаагаа мандуулан, цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг.
Монгол Улсын төрийн далбаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг бөгөөд Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болохыг хуульчлан заасан байдаг.
Төрийн далбаан дээр дүрсэлсэн Соёмбо тэмдэг нь Анхдугаар богд Занабазар 1686 онд бүтээсэн 90 гаруй Соёмбо үсгийн бүх шинжийг агуулсан толгой үсэг юм. Түүний бэлгэдэл нь Монгол Улс эгнэгт мандан бадарч, Монголын ард түмэн эв найрамдалтай, шударга ёсыг сахин, гадаад, дотоодын дайснаг дарж, өнөр өтгөн болж, цэцэглэн хөгжих гүн утгыг агуулдаг.
Монгол Улсын төрийн далбааг
• Монгол Улсын Төрийн ордон
• Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөө
• Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын байр
• Монгол Улсаас гадаад орон, олон улсын байгууллагад суугаа дипломат болон худалдааны бүрэн эрхэт төлөөлөгч, консулын байранд байнга мандуулна.
Мөн Монгол Улсын Төрийн далбааг
• Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүхийн хуралдааны танхим
• Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэцийн албан тасалгаа
• Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, бүх шатны засаг даргын албан тасалгаа
• Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон худалдааны бүрэн эрхт төлөөлөгч, консулын албан тасалгаа
• Хилийн төлөөлөгч, хилийн анги, салбарын даргын албан тасалгаанд байнга байршуулна.
Улс орон даяар гашуудал зарласан үед Монгол Улсын Төрийн далбааг 45 хэм бөхийлгөдөг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын албан тасалгаанд байрлуулсан Төрийн далбааг төр, нийгмийн өмнө гавьяа байгуулсан иргэн, хуулийн этгээдэд дурсгаж болно.
Б.БАДАМЗУЛ
Өнөөдөр Монгол Улсын Төрийн далбааны өдөр тохиож байна |
|