• Өнөөдөр 2024-04-25

Усны шувууд зэллэн ирлээ

2022-05-04,   2174

 
Хаа холын цэнхэр хязгаараас усны шувууд зэллэн, хөх талд зэрэглээ татуулан наашилж байна гэж зүүдлэн сэрлээ. Цөн түрэн, шинэхэн агь ногоо хөрсөн доороос соёолон ургах дөхсөн болохоор ийнхүү зүүдэлсэн биз ээ. Гэнэт л нойр хулжсан учраас тооноор тусах том цагаан сарыг ширтэн хэвтлээ.
 
Шөнө дунд шар усны хоржигнон урсах нь хэзээний л хамгийн сайхан аялгуу байдаг шиг санагдана. Сарны гэрэлд уул толгодын оройн намхайн гэрэлтэж, чоно уйлалдаж, нохой хуцаад хаврын шөнө юун юунаас сайхан. Зарим шөнө зөөлөн цас бударч, шинэхэн төлийн цангинасан дуу жавар үргээх мэт сэтгэлд буудаг. Өглөө босоод гэрээс гарахад сэнгэнэсэн сэрүүн салхи угтан авч цагаан малгайтай уулсын цас хөлрөн хайлж, халтран харагдах нь дэндүү үзэсгэлэнтэй. Халтран дүнхийх уулсын бэлээр адуу бэлчиж, зайдуу нэг гүү унагалж буйг дуран сунгаад харан суухад сэтгэлд нэг дулаан мэдрэмж төрнө. Харин жим даган бэлчээр өөдөө цувах үхэр сүргийг хараад аядуу тайвныг мэдэрнэ. Монголын хаварт дандаа биш гэлээ ийм л өдрүүд ихэнхдээ тохиодог нь үнэн.
 
 
Монголын хаварт ханш нээх өдөр гэж бий. Тэр өдрийг монголчууд бид шоргоолж хооллож, байгаль, дэлхийдээ цай, сүүнийхээ дээжийг сүсэглэн өргөж, тодорхой хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг гэхэд болно. Энэ өдрийг байгаль, эх дэлхийнхээ өгөөжийг хүртэх, цаашлаад сайхан цагийн эхлэл хэмээнэ. Тиймээс ч малчид нэмгэн тэрлэгээ өмсөж, адууныхаа дэлийг авдаг. Дэлээ авахуулж, хөөвөр нь гүйцэд унасан адуу цаанаа л нэг өнгөтэй. Хуучин хөх өвсний ханцуйг шамлан шинэхэн ногоо соёолох нь хаврын өнгө. Гол ус хоржигнон, уул, толгод, хатан хясаад хүүрнэлдэх нь хаврын дуу хоолой. Хязгааргүй алсад цайвардах хээр тал, говийн намхан толгод зэрэглээ татуулан алсрах нь уран зураг мэт. Шөнөдөө яралзан одод түгж, зарим нь сүүн зам татуулан харваж, өдөр  нь үүлс хуралдаж, задран нүүх тэнгэр, од эрс бол хязгааргүйгээр тэнүүчлэх хүний оюун санаа мэт уудам байдаг. Ийм л  хүлхгэр орчлонгийн хүй цуглах цагаар алс орныг зорьсон усны шувууд зэллэн ниссээр ирдэг. Нуурын ус тэхий голоосоо эхлэн хайлж, тэнгэрийн цэнхэр өнгөөр мөс туяаран тосож авна. Гангар, гунгар дуутай хавар улирал жинхэнэ голдирол орж буй энэ. Хавар цаг урин ирэх, одон явахын улирал бас мөн. Монголын орчин цагийн утга зохиолын үндэслэг Д.Нацагдоржийн “Дөрвөн цаг” шүлгэнд  “Хүн бүр өтгөсийг үдэж, нялхсыг угтан. Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй” хэмээсэн мөр бий. Үүний л нэгэн адил жаргал, зовлон сүлэлдэн байх улирал билээ. Мөн зохиолч, яруу найраг Г.Мэнд-ооёо “Одох, ирэхийн дунд орчлон бүтэж, бүтэн амьдрахуйн эхэнд хавар ирдэг” хэмээсэн. Цөн түрж, өнжмөл хөх өвс малын туурайд хугарч, шинэхэн агь, ногоо хөрсөө яран түрнэ. Шинэ ногооны амтанд орсон хонь, ямаанууд жалгаар нэг болж, уудам монгол орон минь тэрлэгээ дэлгэдэг цаг. Алс хэтийн орноос нутгаас л гэж нисэн, нисэн ирсэн усны шувууд нуурын зэгсэнд өндөглөж, алтан нарны халуун илч дор нарлан хэвтэнэ. Шувуудын мөнгөн далавчнаас  нуурын ус дусалж нарын туяанд өнгө өнгөөр солонгорох нь юунаас ч илүү сайхан.
 
 
Монголын хавар ертөнцийн эхлэл мэт санагдана. Моносын цагаан цэцэг дэлгэрч, морин төвөргөөн, уртын дууны шуранхайг салхи хүртэл зөөж явдаг билээ. Энэ л уриралд хүн малын сэтгэл сэргэг, нүд цэлмэг, чих соргог шинэ, шинэ учралуудаар дүүрэн. Энэ бүх учралыг урин дуудаж, даллан авч ирдэг нь усны шувууд шиг санагдана. Тэд алсын нутгаас зэллэн ирж, зэргэлээ татуулан нуурандаа буухад байгаль дэлхий хөгжин бясдаг болов уу. Тиймдээ ч тэнгэрийн заадас үл мэдэгхэн гэрэлтэж байдаг авай.  Нуурын захад анх эхийнхээ хэвлийгээс унасан өндөг, ангаахай болоод халуун намраар нутгаас явж, учрал дагуулан хавраар ирдэг. Энэ усны шувуудын жам. Монголын хаврыг авч ирдэг. Зэрэглээ татсан суунаг дундаас тэмээн жингийн цуваа хаваржаа өдөө цувна. Төл дуу уул, толгодоор цуурайтаж, талын монгол гэрээс аргалын утаа суунаглаж, хээр талд унага янцгааж, морин төвөргөөн салхины айзамд сонсогдоод хавар хэдийнэ иржээ. Ай монголын сууринд усны шувууд зэллэн ниссээр ирлээ. Мөн чиг сайхан даа. 
 

Усны шувууд зэллэн ирлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-23 19:32:26
    Ариунзаяа: Энэ гоё мэдээлэлтэй ч шувуудын нэрийг бичвэл зүгээр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-23 19:32:26
    Ариунзаяа: Энэ гоё мэдээлэлтэй ч шувуудын нэрийг бичвэл зүгээр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-01 22:15:53
    Ннх: Зохион бичлэг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-13 23:44:16
    Номин: Гоё
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188