• Өнөөдөр 2026-04-23

ХОРИОД ЖИЛ НОМЫН ХУДАЛДАА ЭРХЭЛЖ ГУРВАН ХҮҮХДЭЭ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРГАСАН А.БАЙГАЛЬМАНДАХ

2026-04-23,   81

      Намайг очиход А.Байгальмандах эгч асраа дөнгөж нээсэн бололтой номоо өрж зогслоо. Уг нь Багшийн дээдийн нүхэн гарцтай залгаа энэ хэсэгт урьд тэд ТҮЦ-нд номын худалдаагаа эрхэлдэг байсан. Одоо харин дуртай нь шөнө дөлөөр нүхэлж орж номоос нь хулгайлчихаад байгаа турьхан муу асрууд л байх аж. Гэсэн ч нэгэнтээ ном дагаж, номын худалдаа эрхлэхээр шийдсэн хүмүүст бол асарт ч болов зараад суухаас өөр сонголтгүй нь энэ шүү дээ.

    Ийн бодсоор баруун талд нь байрлах хамгийн захын асрын эзэн түүнтэй мэнд мэдээд, “Таниас ярилцлага авах гэсэн юм аа” гэтэл, “Өө ямар гоё юм бэ. Эгчийнхээ номтой нөхөрлөж өнгөрүүлсэн он цаг, амьдралын тухай биз дээ” гээд инээмсэглэнэ. Хариуд нь би “Тийм ээ. Та чинь энэ хавийнхандаа л “од” нь юм байна шүү дээ” гэхэд, “Би ч хамгийн олон жил болсон нь мөн л дөө. ” гээд түрүүчийнхээсээ арай чанга инээлээ. 

-БАГААСАА НОМ УНШИХ ДУРТАЙ БАЙСАН-

     А.Байгальмандах эгч Төв аймгийн уугуул. Аав, ээжээсээ есүүлээ тэрбээр айлын отгон охин байна. Багаасаа л ном унших дуртай, Р.Чойням найрагчийн “Хүн” романыг уншиж байгаад, “Гэрийнхээ ажилд тусалсангүй. Залхуурлаа” гэж ээждээ зэмлүүлж байсан гэнэ. Тэгж явсаар л номтой холбогдож, анх ээжийнхээ бөгжийг ломбардад тавьж байгаад л ном зарж эхлээд, өдгөө хэдийнэ хориод жил болжээ. Биднийг ярилцаж байхуйд хоёр ч сурагч сурах бичиг асуулаа. Тэрбээр үйлчлүүлэгч номын нэр хэлэхэд л сурцтай гэгч нь шуудхан сугалаад өгөх нь ном бүрээ сайн мэддэг, бүр өөрт нь ямар ном байгааг андахгүй, нэр, зохиогч нь цээжинд нь байдаг нь мэдэгдэж байв. Тэрбээр “Хүүхэд, залуучууд ном унших хэрэгтэй. Тэгж гэмээнэ л зөв зүйтэй хүн болж төлөвшинө шүү дээ. Одоо ч янз бүрийн юм их л дуулдах юм. Номоор өссөн хүүхэд нэгнээ зодох нь битгий гэл элдэв ааш гаргах нь бараг үгүй дээ” гэнэ.
 
     Цааш “Таны хамгийн дуртай зохиол юу вэ” гэхэд, “Бүгд л сайхан даа. Уран зохиол унших бүр ч амттай. Эгч нь Р.Чойнямын шүлэг, бүтээлд их дуртай. Сүүлийн үед хувь хүний хөгжлийн ном их сонирхолтой байгаа” гэж байв. Дахин хоёр ч хүн монгол бичгийн толь, түүхийн судалгааны ном асуулаа. Хоёулаа л түүнд байх аж. А.Байгальмандах эгч номоо зарахаас гадна “Энэ нь өмнөх хэвлэлт. Энэ харин шинэ нь. Алдаатай хэвлэсэн нь энэ” гэхчлэн багахан тайлбар хийж, ном худалдан авах нэгэнд ч туслаад амждаг байна. 

-БАГШ ЮМ УУ ЧАНАР ШАЛГАГЧААР АЖИЛЛАХ СОНГОЛТООС ТАТГАЛЗСАН-

       Түүнд багшаар ажиллах сонголт байсан гэнэ. Гэхдээ цалин мөнгө илүү бага, дээрээс нь цаг наргүй гэж байв. Энэ тухай “Хамгийн гол нь багш хүн мэдлэгтэй, ёс зүйтэй байх ёстой. Одоо сонсоод байхад багш нар хүүхэд зодлоо л гэх юм. Тийм байж болохгүй шүү дээ. Эгч нь багш болоогүй ч тэрийг мэднэ ээ” гэв. Түүнчлэн тэр чанар шалгагч ч хийдэг байж. Гэхдээ өөрийн сонголтоор ном зарах, солих ажлыг өрнүүлж, анх явуулын номын сантай явдаг байж байгаад номын түцтэй болж өдгөө хүртэл тууштай ном худалдаалах ажлаа эрхэлж  байгаа аж. “Эрх чөлөөтэй, өөрийн эрхээр, хажуугаар нь дуртай номоо уншчихна, амар шүү дээ” гэлээ.
 
       Тэрбээр номоо 1000-250 мянга хүртлэх үнээр борлуулдаг байна. Анх номын сангаа ном солилцох, худалдах, өөрөө үйлдвэр дээр нь очиж цөөн тоогоор авах зэргээр бүрдүүлсэн байна. “Номын зохиогч, зохиолчид нь ном шаглаж зарлаа. Оюуны өмч гэдэг. Үүн дээр ямар санаа бодолтой явдаг вэ” гэхэд, “Тийм асуудал бий. Гэхдээ бид үйлдвэр дээрээс нь үнээр нь авдаг. Бид чинь аль болох хямдаар зарна уу гэхээс үнэ нэмдэггүй шүү дээ. Хүмүүс хэрэв тэгвэл биднээс биш үндсэн үнээр нь номын дэлгүүр, үйлдвэрээс нь л авна шүү дээ” гэсэн юм.
 

-НОМЫН БУЯНААР ГУРВАН ХҮҮХДЭЭ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРГАЖ ЧАДСАН-

 
     “Номын цагаан буян гэж үнэхээр сайхан шүү. Эгч нь хориод жил ном зарсныхаа буянаар гурван хүүхдээ их, дээд сургуульд сургаж чадсан. Манай хүүхдүүд цөм л ШУТИС-д сурцгаасан. Хоёр хүү маань хоёулаа инженер мэргэжилтэй. Охин маань оюутан. Нөхөр маань сахарын өвчинтэй. Одоо бол миний ажилд туслаад байж байдаг. Эгч нь гэр орон ч үгүй болж байлаа. Амьдралд олон бэрхшээл бий. Гэхдээ хүн түүнийг өөдрөг гэгээнээр давж гарч байж сайхан амьдардаг. Ном худалдаалах ажил минь буян хишгээ өгч өнөөдөр амьдрал минь сайхан л байна” гэж А.Байгальмандах эгч ярьна. Хүүхдүүд нь ч бүгд номд дуртай гэнэ. Дунд хүүгээс нь бусад нь бол сайн уншина гээд инээнэ. 

“ХҮҮХДҮҮД ХЭРЭГТЭЙ НОМОО АСУУХАД НЬ БАЙХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ-

           “Ном зарж ашиг олохоосоо илүүтэйгээр нэг газраа хорь орчим жил болохоор хүүхдүүдтэй их ойр болдог. Хайж байгаа ном нь надад л байгаа гэж итгээд намайг зорьж ирэх хүүхдүүд бий. Тэгэхэд нь би асраа нээгээгүй байж болохгүй шүү дээ. Зориод иртэл хаалттай байвал хэчнээн гонсгор буцах бол. Тэгэхээр хүүхдүүд хэрэгтэй номоо асуухад нь би байхгүй бол болохгүй. Тэгж бодоод өдөр бүр зогсдог. Хайж явсан номоо олсон хүүхэд хэчнээн баяртай байдаг гээч. Би ч дагаад баярладаг. Хаа нэг бие өвдөхөөр, хүүхдүүд “Номын эгч маань өнөөдөр хаачсан юм бол” гэж байгаа байхдаа гэж бодохоор хурдхан л хүрч ирээд асраа нээчихдэг юм” гэж байв. 
 
     А.Байгальмандах эгчийн ажил ийм аж. Урин дулаан цагт ч торох юмгүй хэдэн номоо борлуулчихдаг аж. Өвөл л харин хамгийн бэрх гэнэ. Гэсэн ч амьдралаа залгуулдаг ганц ажлын байр нь учир зохицоод болдог аж. Түцтэй байхад арай л дулаан, ном ч алга болохгүй санаа амар байдаг байсан бол өдгөө асарт нь хулгай орчихоод жаахан бэрх байгаа гэнэ. Номын дэлгүүртэй болох мөрөөдөлтэй түүнд мөрөөдөл нь биелэхийг ерөөе. Үнэхээр ч номын цагаан буян өнөд дэлгэрч байх биз ээ.

ХОРИОД ЖИЛ НОМЫН ХУДАЛДАА ЭРХЭЛЖ ГУРВАН ХҮҮХДЭЭ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРГАСАН А.БАЙГАЛЬМАНДАХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188