• Өнөөдөр 2024-03-28

ДАЛАН ДАВХРЫН ОРШУУЛГЫН ГАЗАР ТАЛИЙГААЧДАА ХАЙСАН ИРГЭДИЙН ХӨЛД ДАРАГДАЖ БАЙНА

2022-04-15,   4022

 

         ...“Өнгөрсөн жил ирэхэд энүүхэнд л байсан юм даа. Муу ахын минь нэрийг бичсэн гантиг чулууны хажууд хэн гэж хүний нэр байлаа даа. Хөгшрөөд хамаг юмаа мартдаг болжээ. Тэрнээс ахынхаа шарилыг эргэж ирэх болгондоо хажуу хавиргынх нь хүмүүсийн нэрийг уншаад цээжилчихдэг байсан юм. Ирэх болгонд л зай завсраар нь нэг шинэ хүн нэмэгдчихдэг байлаа. Монголчууд талийгаачаа хоёр удаа оршуулах эмгэнэлтэй өдөртэй учирдаг л юм байна. Би тэрийг нь үзэж байдаг, үгүй ээ мөн муу ёрын хүнээ дээ. Ахынхаа шарилыг олоод юу гэж хэлнэ дээ” хэмээн өөрийгөө зүхэж, халаглан барин сууж, босохын дунд тэмтчиж яваа өвгөнтэй Далан давхрын оршуулгын энгэрийн тэхий голд таарсан юм.

ДАЛАН ДАВХРЫН ОРШУУЛГЫН ГАЗАРТ 10934 БУЛШ БАЙНА

         Далан давхар буюу Самбадхүндэв оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох төсөл хэрэгжиж байгаа билээ. Ийм учраас тус оршуулгын газарт байгаа шарилуудыг нүүлгэн шилжүүлэх болсон. Шарил нүүлгэн шилжүүлэх сургаар Далан давхрын хойд энгэрт бараг л талийгаачдаасаа олон хүн тараагаад цацсан шагай мэт цугларчээ. Талийгаачдаа хайсан эрэл, “Энд байсан” гэх сургаар аавыгаа, ээжийгээ, ах, дүүгийнхээ нэрийг бичсэн чулуу хайж, нэрийг нь уншиж яваа иргэдийн цуваа, “Дахиж яаж оршуулах юм бэ” хэмээн халаглан яваа тэдний гашуудлын үгс Далан давхрын энгэрт хагас сарын өмнөөс нь “цугларчээ”. Биднийг өчигдөр сурвалжилга хийхээр тус оршуулгын газрын ойролцоо очиход лам нар ном уншиж, албаныхан ард иргэдтэй уулзаж байлаа.

         Унзад хоолойгоор маани хөгжөөх лам нарын дуу машины чимээнээс ч чанга гэх чинь нүргэнэ. Байгаль эх дэлхийгээ аргадаж өргөсөн өргөлөөс элээ, хэрээ шүүрэн нисэж, энд, тэнд тонголзож байлаа. Лам нарын ярьж буйгаар Далан давхрын нэг хэсэг болох Самбалхүндэвийн оршуулгын газар нь нийт 70 га талбай гэнэ. Эхний ээлжид 10 га талбайд тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж, ийнхүү шарил нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж. Мөн төсөл хэрэгжүүлэх 10 га талбай дахь булшны тооллогыг 2021 оны дөрөвдүгээр сард хийсэн гэнэ. Тооллогоор 10934 булш тус оршуулгын газарт нойрсож байгаа нь тодорхой болжээ. Тэдгээрийн 48.4 хувь буюу 5291 булш нь нэр тодорхой эзэнтэй бол үлдсэн 51.6 хувьд хамаарах 5643 булш тодорхой эзэнгүй, хаягдсан байдалтай байгаа гэнэ.

"ЭНЭ ГАЗАРТАА СҮНС НЬ ХОРОГДСОН ТАЛИЙГААЧДАА ХОЁР УДАА ОРШУУЛНА ГЭДЭГ САНААНД БАГТАХГҮЙ БАЙНА"

      Энд цугласан иргэдийн олонх нь сүүлийн хэд хоног талийгаачийнхаа шарилыг хайж байгаа гэнэ. Далан давхрын оршуулгын энгэрт босоо, суугаа хоёрын голд тэмтчиж, насны эрхээр муудсан хараагаа зүхэж, ахынхаа шарилыг хоёр өдөр хайж байгаа өвгөнийг Д.Даваадорж гэдэг. Тэр биднийг очоод удаагүй байхад “Энд байна шүү дээ. Энд байна” гээд чанга дуугаар хоёр хүүхдээ дуудлаа. Тэр хайж байсан ахынхаа шарилыг олжээ. Д.Даваадорж гуай 80 настай бөгөөд удмынхаа хамгийн ахмад нь гэнэ.

       Тэр бидэнтэй хуучлахдаа “Би том ахынхаа шарилын дэргэд сууж байна. Хэдэн өдөр хайж байж оллоо.  Өнөөдөр сайн өдөр лам нар ном хурна гэхээр нь дахиад ирсэн юм. Гэхдээ үнэндээ юу болж байгааг ойлгох ухаан дутаж байх шиг байна. Бид талийгаач нараа эх орныхоо ариун хөрс шороонд нэг л удаа оршуулдаг жамтай. Миний ахын болон энд нутаглуулсан талийгаачдын газрыг хөндөх гэж байх шиг байна. Би энэ тал дээр үнэхээр их гомдож байгаа. Улс эх орныхоо төлөө хөдөлмөр хийж яваад алтан дэлхийдээ нойрссон хүмүүсийн сүнс энэ газраа шингэсэн байгаа шүү дээ. Гэтэл үүнийг нь хөндөөд дахин оршуулна гэнэ.  Юу гэсэн үг вэ. Нэг хүнийг хоёр оршуулна гэдэг. Би үнэхээр мэдэхгүй байна. Ой тоонд багтамгүй хэцүү, эвгүй санагдаж байна. Цэцэрлэгт хүрээлэн барина гээд байгаа хэдий ч яваандаа барилга барих биз. Би энэ газрыг хөндүүлэхгүй л байх юм сан гэж бодож сууна. Ахын минь шарилыг одоогоор ямар ч байсан хөндөөгүй, зөөгөөгүй л байна. Бүрэн бүтнээрээ байгааг нь харах л хамгийн сайхан байна даа. Хэрэв зөөгөөд аваад явна гэвэл муу ахдаа юу гэж хэлэх юм бол доо” хэмээн хоолойгоо чичрүүлж, толгой сэгсэрч, итгэж чадахгүй байгаагаа учирлав.

"Ахынхаа шарилыг бүрэн бүтнээр нь байгааг л харах сайхан байна даа"

Уг оршуулгын газарт ойр дотнын хүнээ нутаглуулсан иргэд тэднийгээ хайгаад чулуу бүхний нэрийг уншин алхана. Оршуулгын чулууны зарим нь унасан. Ганц, нэгнийх нь энгэр хэсэг тарваганы нүх шиг онгойсон харагдаж байв. Мөн ар гэрийнх нь хүмүүс шилэн хоргонд зул хөгжөөгөөд орхижээ.

“ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛГООД, ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА ОРОН СУУЦ БАРЬЧИХГҮЙ Л БАЙГААСАЙ”

      Хорь гаруй жилийн өмнө энэ газарт эмээгийнхээ шарилыг нойрсуулсан 40 орчим насны эмэгтэй толгойгоо гудайлгаж, нааш, цаашаа багагүй хугацаанд холхилоо. Тэр нэг явсан газраараа тойроод л эргэлдээд байх юм. Нэг уншсан нэрээ дахин дахин уншаад, эрэл нь бүтэлгүйтсэн бололтой байрандаа хэсэг зогслоо.

        Тэрбээр “Энэ газар цэцэрлэгт хүрээлэн барихад олон хүн дургүй байгаа даа. Гэтэл 93 хувь нь дэмжсэн гээд яриад байх юм. Би энд бурхан болсон аавынхаа шарилыг хайж явна. Энд би 20 гаруй жилийн өмнө эмээгээ нутаглуулсан юм. Хэдэн өдөр эцэс, цуцхаа мэдэхгүй явлаа, хайгаад олсонгүй. Манай хамаатны дүү бас аавынхаа шарилыг хайгаад явж байгаа. Эмээ, ахынхаа шарилыг бүрэн бүтнээр нь олдог юм бол ядаж чандарлуулах арга хэмжээг нь авахуулдаг юм билүү дээ гэж бодож байгаа. Цэцэрлэгт хүрээлэн болгон гэдэг нь сонин л санагдаад байгаа юм. Талийгаачийнхаа сүнсийг үлдээсэн газар бид үр хүүхэдтэйгээ цуг салхилаад явж байх л юм байлгүй дээ. Гэхдээ хүмүүс олон жилийн дараа энд оршуулгын газар байсан гэдгийг мартчих байх даа. Хот тэлж, оршуулгын газар нь хотынхоо төвд шахуу байгаа нь хэцүү. Ингэж бодохоор шарилыг зөөсөн нь зүгээр. Гэхдээ Монгол ёс жаяг, уламжлалаа бодвол ойн тоонд багтахгүй юм. Өршөөх байлгүй дээ, талийгаач нар минь ойлгох байлгүй л гэж итгэж байна. Харин эзэнтэй, эзэнгүй олон шарилыг хүн ёсоор дахин нутаглуулаасай л гэж бодож байгаа. Нүднээс далд гээд овоолоод хаячих вий гэж айж байна” хэмээгээд эрлээ цааш үргэлжлүүллээ.

Н.МӨНХЗАЯА: ХОТЫН ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТЭД ОРШУУЛГЫН ГАЗАР СААД БОЛЖ БАЙГАА УЧИР “НЬЮСМЕТРИ” ХХК ӨӨРСДИЙН ХӨРӨНГӨӨР ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛГОХООР ЗОРЬЖ БАЙНА

       Биднийг очих үеэр цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг хэрэгжүүлэгч “Ньюсиметри” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Мөнхзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.

        Тэрбээр “2013 онд УИХ-ын тогтоолоор Самбалхүндэв оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох тогтоол гарсан. Өнөөдрийг хүртэл энэ тогтоол шийдвэр нь хэрэгжээгүй байна. “Ньюсиметри” ХХК өөрийн хөрөнгөөр энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хэд хэдэн шалтгаан байлаа. Нэгдүгээрт, монголчууд эрт дээр үеэс эцэг, өвгөдөө ариун дагшин газарт нутаглуулсаар ирсэн. Гэвч эндхийн нөхцөл байдал нь ухаж төнхөөд, шороо тоос бужигнасан харамсалтай дүр зурагтай байгаа. Хоёрдугаарт, суурин хоттой хаяа залган оршиж байгаа оршуулгын газрууд нь иргэдэд төдийгүй ирээдүй хойч үеийнхний эрүүл аюулгүй байдал, амьдрах нөөц боломжийг өдрөөс өдөрт устган доройтуулж байгаа явдал юм. Нийслэл хотыг тойроод олон оршуулгын газар байдаг. Өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж байх ёстой эх хотын хөгжилд эдгээр оршуулгын газар нь ихээхэн саад тотгор учруулж буйг нуух юун. Тиймээс манай байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон улсын жишигт нийцсэн зан үйл, ахуй уламжлалаа хослуулан эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа билээ. Бид хууль зүйн зөвлөгөө, эрхзүйг зөвлөгөө, сэтгэлзүйн зөвлөгөө өгч, моргийн асуудлыг хэлэлцсэн. Мөн энэ газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох талаар иргэдийн дунд судалгаа явуулсан. Судалгаагаар 93 хувь нь дэмжсэн. Үүнээс харахад нийгмийн хүлээлтэд төсөл байсан байна гэж харагдаж байгаа юм” гэв.

Судалгаагаар 93 хувь нь дэмжсэн.

     Энд 19:00 цаг болж, хэзээ мөдгүй гэгээ тасрах боллоо. Лам нарын хурж байсан ном ч дуусаж, явах тийшээгээ хандлаа. Харин иргэдэд гэртээ харих бодол байхгүй байгаа бололтой. Тэд зогсоо зайгүй л талийгаач нараа хайж байна. Далан давхрын оршуулгын газар талийгаач нараа хайх иргэдийн хөлд дарагджээ...

 

.

 


ДАЛАН ДАВХРЫН ОРШУУЛГЫН ГАЗАР ТАЛИЙГААЧДАА ХАЙСАН ИРГЭДИЙН ХӨЛД ДАРАГДАЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-25 10:48:05
    Samdan: Дэмжиж байна бид цэцэрлэгт хүрээлэнтэй болмоор байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-19 12:12:03
    zochin: Demjihgui baigaa. Tuhain ueiin zasag turiin togtooson gazart zuvshuurluu avaad orshooson muu aaviigaa. Eh nutagtaa yasaa tavih buren erh baimaar ium. Uur gazar shiljuullee gehed zardliig n kompani, eshul tur ghariutzah iumuu.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-16 08:25:08
    зочин: яаж ч гоё цэцэрлэгт хүрээлэн болгосон цаана л нэг жихүүдэстэй байх биз. тэгээд ч шарил хөндөх чинь нүгэл гэм. өөр газар олдохгүй бна гэж үү. энэ монгол улс чинь дэлгэсэн тэрлэг шиг өргөн уудам биз дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 21:52:04
    Иргэн : Би дэмжээгүй. Буруу. Газар мундсан биш өөр газар өчнөөн байна. Одоо байгааг нь тойруулж хашаад тохижуулаад, хамгаалаад явах нь буян болно. Хөндөж хөдөлгөсөн, зөвшөөрөл өгснүүдэд нүгэл хурна. Больцгоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 16:01:27
    Зочиг: Цэцэрлэгт хүрээлэн нэрээр хүн чандарладаг оршуулгын газар барих гэж байгаа шүү дээ улаанбаатар хотын салхин дээр болох уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 15:06:33
    L: SHARIL SHILJUULEED TAVIAHD MUU ERIIN YM BHGUI SHUUU
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 12:49:32
    Boldoo: Delhiin tom hotuud dund orshuulgiin gazar baijil baidag hudal helj gazar deeremdehee boli
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188