Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар тогтоолоор Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлж, улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр тогтсон юм.
Уг нэгдсэн цахим систем нь:
- Төлөвлөлтийн;
- Газрын биржийн;
- Үнэлгээ, татвар, төлбөрийн;
- Кадастрын;
- Мониторингийн;
- Хот байгуулалтын гэсэн өгөгдөл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээлэл түгээх зэрэг боломжуудыг багтаасан үндсэн цогц 6 цахим систем болон эдгээрт дэмжлэг үзүүлэх Геодезийн (I), Хаягийн (II), Суурь судалгааны (III) гэсэн 3 мэдээллийн сангаас бүрднэ.
Мөн дээрх бүх мэдээллийг иргэд, олон нийт болоод аж ахуйн нэгж байгууллагуудад хүргэх Геопорталыг үйл ажиллагаанд орууллаа.
1. Төлөвлөлтийн цахим систем:
Энэхүү систем нэвтэрснээр газрын харилцааны бүхий л асуудал зөвхөн газар зохион байгуулалтын төлөвлөлтөөр дамжин хэрэгжих нөхцөлийг бий болгох бөгөөд улмаар газрыг төлөвлөлтгүй, эмх замбараагүй олгож, газрын зөрчил, маргаан үүсгэж иргэдийн эрх ашгийг хохироох аливаа асуудалд цэг тавьхаас гадна, салбарууд хоорондын уялдаагүй байдлаас үүдсэн давхардсан төлөвлөлт, үргүй зардлыг бууруулж, газарт оруулж буй хөрөнгө оруулалтыг илүү эрсдэлгүй, баталгаатай болгож байгаа юм.
2. Газрын биржийн цахим систем:
Газрын биржийн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө иргэн, хуулийн этгээд газрын эрхийн дуудлага худалдаанд оролцохын тулд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулж буй Газрын алба, банк зэрэг байгууллагуудад заавал биеэр очиж үйлчлүүлэх шаардлагатай байсан бол тус систем нэвтэрснээр интернетэд холбогдсон компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан хаанаас ч оролцох олон шат дамжлагагүй, түргэн шуурхай үйлчилгээг авах боломжтой болсон.
3. Үнэлгээ, татвар, төлбөрийн цахим систем:
Газрын суурь үнэлгээг олон хүчин зүйлийг харгалзан автоматаар тооцоолох, олон нийтэд нээлттэй болгох боломжтой Газрын кадастрын мэдээллийн санд суурилсан Газрын үнэлгээний системийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүллээ.
Газрын үнэлгээний систем нь нэгдмэл сангийн 6 ангилал тус бүрийн газрын суурь үнэлгээг үнэлгээнд нөлөөлөх хүчин зүйлс болон газрын зах зээлийн бодит үнийг ашиглан автоматаар тооцоолох боломжтой юм. Тухайлбал: Хот суурин газрын үнэлгээг байгаль орчин, нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн гэсэн 18 төрлийн хүчин зүйлсийг харгалзан тооцоолж байна.
Кадастрын цахим систем:
21 аймаг, 330 сумын нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд Газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарын Газрын бүртгэл, зураглалыг засварлаж, нэгдсэн стандартад оруулж, цаасан хувийн хэргийг материалыг тоон хэлбэрт шилжүүлж, байрлалд суурилсан Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системийг Улсын хэмжээнд хэмжээнд нэвтрүүлэв.
Энэхүү системийг Улсын хэмжээнд нэвтрүүлснээр газрын бүртгэл, зураглалын алдааг бүрэн засварлаж, цаасан хувийн хэргийн материалыг цэгцлэх, цахимжуулах ажлыг хийж, нэгдсэн санд бүртгэж баталгаажуулсан бөгөөд албан хаагчдын хийж буй газрын бүртгэл нээлттэй, шат бүрд хяналттай болж, шийдвэр гаргагч нарыг бодит агшны мэдээллээр хангах боломжтой болсон.
Мониторингийн цахим систем:
Тус систем нэвтэрснээр газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч тухайн газартаа түүний нөхцөл, нөөцөд бүрэн тохирсон үйл ажиллагааг эрхэлж, газар хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, мэргэжлийн байгууллагууд газрын төлөв байдал, чанарын улсын болон захиалгат хянан баталгааны үйл ажиллагааг цахим хэлбэрээр гүйцэтгэж цаг хугацаа, зардал хэмнэх зэрэг олон давуу тал бий болсон юм.
Мөн дээрх тогтоолоор Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлсэнтэй холбоотойгоор холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллахыг Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Чөлөөт бүсийн захирагч нарт үүрэг болгосон байна.
“ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН УДИРДЛАГЫН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМ” ГЭЖ ЮУ ВЭ? |
|