Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр НОБГ-тай хамтран Туул голын бохирдлыг хэмжиж байна. Энэ хүрээнд СХД-ийн 32-р хороо, Цэвэрлэх байгууламжийн саарал усыг Туул голд нийлүүлдэг хэсэгт очиж танилцлаа.
Хотын дарга Х.Нямбаатар “Цэвэрлэх байгууламж технологийн горимоор ажиллаж чадахгүй байгаа учраас лаг, хагшаасаа Туул голд цутгаж байна. Уг нь лаг, хагшаасаа 97 хувь шүүгээд, зөвхөн саарал ус нь Туул голд орж ирэх ёстой. Тэгсэн бол Туул гол ингэж бохирдохгүй байсан. Улаанбаатараас хотоос доош таван аймгийн 17 сумын хүн малыг ундаалдаг Туул голоо бид хамгаалах ёстой.
Иймээс,
Нэгдүгээрт, Улаанбаатар хотын Лаг боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг ирэх жил эхлүүлнэ. Төр, хувийн түншлэлээр хийгдэнэ.
Хоёрдугаарт, Улаанбаатар хотын 80 гаруй ААН-ыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох ажил хийгдэнэ.
Гуравдугаарт, Эмээлтэд “Эко аж үйлдвэрийн парк” байгуулж, арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэх ажил хийгдэнэ.
Дөрөвдүгээрт, Цэвэрлэх байгууламжийн бохирдлоос үүдэж Туул голд бий болсон лаг, хагшаасыг цэвэрлэх ажлыг Олон улсын байгууллагуудын тусламж болон Засгийн газар, Байгаль орчны яам, Хот байгуулалтын яамтай хамтран шийдвэрлэнэ” гэлээ.
Х.НЯМБААТАР: ЛАГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ИРЭХ ОНД БАРЬЖ ЭХЭЛНЭ |
|