• Өнөөдөр 2025-10-12

Х.НЯМБААТАР: ДЦС-V ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧТЭЙ ХЭЛЦЭЛД ОРСОН

2025-10-11,   112

       Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын дулаан, цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх, найдвартай байдлыг хангах чиглэлд хийж байгаа болон ирэх жилээс эхлүүлэх зарим ажлуудын талаар мэдээлэл өглөө. 
 
         Тэрбээр "Нийслэлийн зүгээс ДЦС-5 төслийн гүйцэтгэгчтэй хэлцэлд орсон. Ирэх 7 хоногт хуралдах НИТХ-ын хуралдаанаар гэрээ байгуулах эрхийг бидэнд өгнө гэсэн хүлээлттэй байна. Үүний дараа гэрээгээ хийхээр төлөвлөөд явж байна. Санхүүжилтийн тухайд 20 хувийг нийслэл өөрөө хариуцна. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх учраас үлдсэн 80 хувийг гүйцэтгэгч тал хариуцна. Уг төслийг 30 сарын хугацаатай хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа.
 
Хог шатаах үйлдвэрийн гэрээ байгуулах эрхийг мөн НИТХ-ын хуралдаанаас гаргах учиртай. Ингэснээр гэрээ байгуулж, ажлыг яаралтай эхлүүлээд, 24 сарын дотор ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 
 
Дэнжийн 1000-д баригдах 93 МВт хийн дулааны станцын тухайд ТЭЗҮ-д тодорхой өөрчлөлт орохоор байгаа. Бид газрыг нь бүрэн чөлөөлсөн. Уг дулааны станц ашиглалтад орсноор хотын баруун хойд хэсгийн төвийн дулааныг дэмжиж, Дэнжийн 1000 орчмын дахин төлөвлөлтийн шинэ суурьшлын бүсийг дулаанаар хангах юм. 
 
Эмээлтийн 24 МВт дулааны цахилгаан станцын гүйцэтгэгч шалгараад гэрээ байгуулсан. Ирэх жилээс барилга угсралтын ажил эхлэхээр байгаа. Мөн Яармагт дулааны станц, “Хан хилсс” хотхон орчмын хотхон, хорооллуудын дулаан хангамжийг дэмжих зорилгоор хийн дулааны станцын гүйцэтгэгч шалгарсан зэрэг мэдээллийг өгөх нь зүйтэй болов уу. Цаашид Амгалангийн дулааны станцыг 93 МВт-р өргөтгөж чадвал хотын зүүн хэсэг дулаан хангамжийн хувьд айлтгүй болох судалгаа гарсан" гэлээ. 

Х.НЯМБААТАР: ДЦС-V ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧТЭЙ ХЭЛЦЭЛД ОРСОН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188