• Өнөөдөр 2025-10-10

Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн найман орны 260 иргэнийг албадан гаргажээ

2025-10-10,   175

               Гадаадын иргэн харьяатын газар өнгөрсөн сараас эхлэн улсын хэмжээнд нэгдсэн шалгалт зохион байгуулж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан найман орны 260 иргэнийг албадан гаргажээ.
 
   Тодруулбал, Узбекистаны зургаа, ОХУ-ын дөрөв, Филиппиний дөрөв, БНСУ-ын хоёр, Энэтхэгийн нэг, Туркийн нэг, БНХАУ-ын 242 иргэн Монгол Улсад аяллын буюу жуулчин ангиллын визээр орж ирсэн ч барилга, зам, гүүрний ажил эрхэлж байсныг хяналт, шалгалтаар тогтоосон байна. Хууль зөрчсөн эдгээр иргэнийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу торгохын сацуу Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоожээ. Мөн гадаадын иргэдийг хууль бусаар ажиллуулж байсан аж ахуйн нэгж, байгууллагуудыг торгож, шаардлага хүргүүлэв.
 
   Сүүлийн жилүүдэд виз, зөвшөөрлийн үйл ажиллагаа бүрэн цахимжиж, олголт өссөн. Үүнийг дагаад аялах зорилгоор виз авсан иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчил ихэсч, албадан гаргаж буй иргэдийн тоо  өсжээ. Тухайлбал, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад зөрчилд холбогдсон гадаадын иргэд 86.6 хувиар нэмэгдсэн бол албадан гаргасан нь 2.2 дахин өссөн байна.
 
Иймд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлэх, энэ хүрээнд үйл ажиллагаа явуулах, гадаадын иргэн болон өөрийн аж ахуйн нэгж, байгууллагаа эрсдэлд оруулахыг байхыг ГИХГ-аас анхаарууллаа.

Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн найман орны 260 иргэнийг албадан гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188