• Өнөөдөр 2025-03-19

Цагдаа нарыг иргэдтэй харилцах харилцаандаа онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо

2021-02-12,   566

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар Нийслэлийн шуурхай штабаас мэдээлэл өглөө.
 
Улаанбаатар хотод өчигдрөөс эхэлсэн хатуу хөл хорионы зохион байгуулалтын талаар багагүй үл ойлголцол үүсэж, тэр дундаа цагдаагийн байгууллага, эргүүл хамгаалалтад гарсан төрийн алба хаагчдын талаарх багагүй гомдол 1800-1200 дугаарын утсанд ирсэн. Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга, хурандаа С.Энхтөрийн хэлснээр нийслэлийн шуурхай штабын утсанд өчигдөр ирсэн нийт дуудлагын 25 хувийг цагдаагийн алба хаагчидтай холбоотой гомдол эзэлсэн бол өнөөдөр хоёр хувь хүртэл буурчээ. Иргэдийн анхаарлыг онцгой татсан нэг алба хаагчтай холбоотой гомдлыг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна. Цаашид дүрэм журмаа баримтлаад явахад асуудал үүсэхгүйг онцоллоо.
 
Мөн өнөөдрөөс төрийн захиргааны байгууллагын эмэгтэй алба хаагчдыг эргүүлд гаргахгүй байхаар болсон юм. Нийт эргүүлүүдийн ажиллах цагийн хуваарь дээр өөрчлөлт оруулж, 08:00-14.00, 14:00-20:00 цаг гэсэн хуваарь гаргаж, хоёр ээлжтэй болгожээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд байгаа 16 бие засах газрыг эргүүлд гарч байгаа алба хаагчдад үнэ төлбөргүй үйлчлэх зохицуулалтыг хийлээ. 
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаашид Нийслэлийн шуурхай удирдлагын 1800-1200 дугаарын утас болон чатботод иргэдээс ирсэн санал гомдлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэх үүргийг Нийслэлийн онцгой комиссын гишүүдэд өглөө. Мөн хоорондын уялдаа холбоогоо сайжруулж, иргэдэд чирэгдэл үүсгэхгүй, хатуу хөл хориог үр дүнтэй зохион байгуулж, өвчний голомтыг хумих тал дээр алба хаагч бүр хүчин чармайлт гарган, ажиллахыг үүрэг болголоо.
 

Цагдаа нарыг иргэдтэй харилцах харилцаандаа онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188