Цас мөстэй үлгэрийн орноос өвлийн өвгөн улаан залаа, бүчтэй лоовууз духдуулж, цасан цагаан дээл өмсөж, цэнхэр нөмрөг намируулан, ногоон ногттой монгол гутал жийж, цан хүүрэг татуулж, цасан охидоо дагуулсаар сүрлэг сайхан хоолойгоор шүлгээ уншиж бидний баярыг үлгэрийн мэт болгодог билээ. Идэр залуугаасаа насан эцэс хүртлээ шинэ жилийн баяр, өвлийн өвгөнгүйгээр өөрийгөө төсөөлдөггүй байсан хүн бол Г.Гомбосүрэн гуай. Хагас зууны турш өвлийн өвгөн болсон тэрээр бидний зүрх сэтгэлд монгол “Цагаан өвгөн”-ий дүрийг мөнхөлж чадсан юм. Тэрээр 1935 онд Улаанбаатар хотын Галын аюулаас хамгаалах хэлтэст жолооч болж, улмаар 23 насандаа Үндэсний жүжгийн театрт орж, 1993 онд тэтгэвэрт гарах хүртлээ тайз дэлгэцийн 220 гаруй дүр бүтээжээ. 1947 оноос “Харшийн шинэ жил”-ийн цэнгүүний өвлийн өвгөний дүрийг бүтээсэн Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн охин Энхжавхлантай ярилцлаа.
-Таны амьдралын хамгийн жаргалтай үе шинэ жилийн баяр, өвлийн өвгөн аавтай холбоотой байдаг байх. Таны үзсэн хамгийн гоё шинэ жилийн баяр хэзээ байв?
-Тэгэлгүй яах вэ. Аав минь 1954 оноос хойш 56 жил өвлийн өвгөн болсон. 25 наснаасаа 80 гаруй нас хүртлээ өвлийн өвгөн болж байсан. Бидний үеийн хүүхдүүд өвлийн өвгөнд итгэдэг байлаа. Тэр тусмаа өвлийн өвгөний хүүхдүүд гэж найзууд маань бидэнд атаархдаг байсан. Бид ч ааваараа бахархаад баршгүй шүү дээ. Аав минь шинэ жилийн баярт явахдаа өвлийн өвгөний хувцсаа өмсөөд, нөмрөгөө хийсгээд л гардаг байсан. Бид цонхон дээрээ гүйж очоод л аав руугаа баяртай гэж даллачихаад “Би ямар сайхан аавтай юм бэ” гэж бахархдаг байлаа.

Аав минь арванхоёрдугаар сарын 31-ны орой тухайн үеийн нэршлээр улс төрийн товчооны шинэ жилийн баярт оролцчихоод бэлэгтэй ирдэг байсан. Жил бүрийн он солигдох мөчид бид ширээгээ засчихаад ээжтэйгээ хамт аавыгаа хүлээдэг байсан. Ээж минь ч биднийг “Унт” гэж ерөөсөө хэлдэггүй байсан юм. Аавыгаа ирэхгүй удахаар нь бид өөрсдөө унтаад өгчихдөг байлаа. “Аав минь унтсан хойгуур ирчих вий дээ” гээд нам унтаж чаддаггүй байсан юм шиг байна лээ. Хэрвээ унтсан бол аавын дуугаар бушуухан босоод ирдэг байсан. Тэгээд л аавдаа магтуулж, ерөөл магтаалын үгэнд умбаад л бэлгээ авдаг байсан даа. Тухайн үед захиалгын шинэ жилийн өвлийн өвгөн байгаагүй. Манай аав л гэртээ өвлийн өвгөн болж ирдэг байлаа. Тийм болохоор шинэ жил миний хувьд ер бусын баяр. Багаасаа л ер бусын байдлыг мэдэрч өссөн. Би шинэ жилд дэндүү дуртай. Гэхдээ ааваас хойш шинэ жилийн баяраар хөнгөн гуниг төрдөг болсон доо.
-Аав нь ухамсарт амьдралынхаа 56 жилд өвлийн өвгөн болжээ. Олон жил өвлийн өвгөн болсон тухайгаа хэрхэн дурсдаг байсан бэ?
-Тухайн үеийн сэхээтнүүдийн шинэ жилд аав л өвлийн өвгөн болох нь тодорхой болчихсон байсан үе. Аав өвлийн өвгөн болох нь жил бүрийн уламжлал байсан. Би 10 нас хүртлээ ширээгээ засчихаад, аавыгаа тэсэн ядан хүлээгээд бэлгээ авчихаад унтдаг байлаа. Харин түүнээс хойш тэр мөчийг арай өөрөөр ойлгож, хүлээж авдаг болсон. Гэхдээ сайхан мэдрэмж нь хэвээрээ. Том болох тусам аавыгаа өвлийн өвгөн гэж баярлахаас илүү ачаалалтай ажиллахаар нь “Ядрах вий” гэж өрөвддөг болсон. Аав минь шинэ жилийн баярыг өвлийн өвгөн болохгүйгээр төсөөлж чадахгүй. Жил бүр хүүхдүүдэд сайн сайхан бүрийг нь дурдаж, ерөөж бэлгээ тараадаг байсан юм. Аавынхаа өвлийн өвгөний ажлыг хэн бүхний сэтгэлээ зориулж хийх ажил биш гэж боддог.

-Монголчууд таны ааваар Монголын өвлийн өвгөнийг төсөөлдөг болоод уджээ. Аав нь өвлийн өвгөн болохдоо хүндэтгэлтэй хандаж, өөрийгөө бэлддэг байсан нь гарцаагүй?
-Тэгэлгүй яах вэ. Жил бүрийн шинэ жилээр хэлэх үгээ шинэчилдэг байсан. Тухайн жилийн онцлох үйл явдлууд, өөрийнхөө мэдрэмжийг нэмж баяжуулдаг байлаа. “Адилхан шинэ жил юм чинь” гэж залхуурдаггүй байсан. Аавын минь бүтээсэн өвлийн өвгөний хувцас нь хүртэл монгол ахуйг бэлэгддэг. Хүмүүс “Өвлийн өвгөний тухай бодохоор Г.Гомбосүрэн гуай санаанд ордог” гэж ярьдаг. Ингэж л аав минь Монгол өвлийн өвгөний жишгийг тогтоосон хүн дээ. Олон жил өвлийн өвгөн болсон болохоор сүүлдээ үгээ чанга дуугаар бэлдэхээ больчихсон. Харин бусад дүрд тоглохдоо ажлынхаа өрөөнд шөнөжин ярьж, бичиж, тэмдэглэж, бусдын бүтээснийг судалж хонодог байсан юм. Заримдаа биднийг сэрээчих вий гэж аяархан үгээ давтдаг байсныг нь мэднэ. Аавын минь Отеллын дүрийг бүтээхдээ ажиллаж байсан дэвтэр нь эгчид байдаг. Дүрийнхээ үгийг дандаа Уйгаржин монгол бичгээр бичиж, хаана нь дуугаа нэмж, багасгах вэ гэдгээ хүртэл тэмдэглэдэг байсан. Тухайн дүрийг ямар өнцгөөр илэрхийлэх вэ гэдгээ биччихсэн байсан. Аав минь мэргэжлээ бодохгүй, бэлдэхгүй, зүтгэхгүйгээр амьдралынхаа нэг ч өдрийг өнгөрөөж байгаагүй. Аав мэргэжилтэйгээ холбоотой ямар нэгэн зүйл хийхгүй бол сэтгэлээр унадаг байсан. Насан эцэс хүртлээ мэргэжлийнхээ төлөө зүрх, сэтгэлээ зориулсан даа.

-Та шинэ жилийн баярыг ааваараа л төсөөлдөг байж дээ. Нас нэмэхээр шинэ жил, аав, бага насных нь тухай илүү бодогддог болов уу?
-Дурсамж гэдэг сайхан мөртлөө дандаа гуниг нэмж байдаг юм байна. Цаг хугацааны эрхээр бодож санах хүн ч нэмэгддэг юм байна. Хөгшрөх тусам бага нас, аав, ээжтэйгээ элэг бүтэн байсан амьдралынхаа тухай дурсан санадаг юм байна даа.
-Таныг 10-аад настай байх үеийн бэлэг ямар байсан бэ?
-Тухайн үед алим, мандарин ховор байсан. Тийм болохоор бидэнд их сайхан санагддаг байсан байх. Бидний үеийнхэн шинэ жилийн тухай ярихдаа дандаа алим, мандаринтай холбож ярьдаг шүү дээ. Бидний бэлэгт орос шоколад, алим, мандарин, иштэй чихэр ихэвчлэн байдаг байлаа. Тийм л зүйл байхад бөөн баяр шүү дээ.

-Аавынх нь өвлийн өвгөний хувцас, гар бичмэлүүд байдаг уу?
-Гар бичмэлүүд нь эгчид байдаг. Харин өвлийн өвгөнийх нь хувцсыг жүжигчин Б.Жаргалсайхан аавын зургийн өмнө хадаг тавьж, ээжээс гуйж авч байсан. Тэгж л аавын минь өвлийн өвгөний ажлыг өвлөж авсан даа.
-Таны аавыг өвлийн өвгөн, театрын жүжигчнээр төсөөлөхөөс гадна олон уран сайхны кинонд тоглож байсан. Киног нь үзэж, царайг нь харж, хоолойг нь сонсоход танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Аав минь миний санаанд орж байгаагаар 20-иод кинонд тоглосон байна. Түүнээс ч олон бий байх. Тоглосон жүжиг, кинонуудыг нь үзээд дасахаар цаг хугацаа өнгөрсөн. Гэвч аавынхаа уран бүтээлийг үзэх бүрдээ уйлдаг. Харуусаж биш. “Ямар гайхамшигтай сайхан хүн бэ” гэж бахархаж, хайрлаж, өрөвдөж уйлдаг. Ялангуяа “Ээдрээ”, “Лир ван” жүжгийг үзэх илүү дуртай.
(2).jpg)
(3).jpg)
-Таны аавд бүтээхийг хүссэн дүр байсан болов уу?
-Аав минь “Амьдралдаа огт харамсаж байсангүй” гэж ярьдаг байсан. Хайрт ханьтайгаа, охидтойгоо олон жил амьдарсан. Миний аав хүсэж, мөрөөдөж байсан бүх дүрээ амилуулж чадсан. Аавыгаа ажил, амьдралдаа санаа зовох, дутуу зүйлгүй сэтгэл тэнүүн хорвоогоос буцсан гэж боддог. Монголд тавигдсан сонгодог бүх жүжигт тоглож байлаа. Аав минь 83 настайдаа Хөдөлмөрийн баатар цол авчихаад Төрийн ордноос УДЭТ руу явж алтан тайзандаа мөргөж, хүндэтгэл үзүүлчихээд гэртээ ирж байсан.
-Таны аавыг уран бүтээлчид, үзэгчид ямар жүжигчин байсан бэ гэдгийг мэднэ. Харин ямар аав байсан тухай та ярьж өгөөч?
-Миний аав биднийг огт загнадаггүй, зоддоггүй байсан. Маш зарчимч, цэвэрч, хөдөлмөрч, дайчин хүн байсан. Аав минь өглөө бүр 06:00 цагт босож шүршүүрт орж, гар, хөл, гэдэсний дасгал хийдэг, гэрийн хоол иддэг тэр л амьдралынхаа хэв маяг, дэглэмийг алдаагүй бурхан болсон доо. Би аавыгаа нэг ч удаа “Ядарлаа” гээд хэвтэж байхыг нь хараагүй. Телевиз үзсэн ч нуруу эгц, цээж тэнэгэр суудаг байсан. Бас аавыгаа согтуу байсныг огт санадаггүй, тамхи татаж байсныг нь харж байгаагүй. Ямар ч цаг үед хоолойныхоо дасгалыг хийж, дуу аялаад л хаана ч хэзээ ч тоглоход бэлэн суудаг байлаа. Аавынхаа тухай бодохоор нуруугаа эгцэлмээр санагддаг. Аав минь их эрхэмсэг хүн байсан. Гэхдээ хэзээ ч ямар ч үед их зан гаргаж байгаагүй. Аавд минь хүүхдүүд их хайртай, аав ч хүүхдүүдэд хайртай байсан.

-Та аавыгаа “Загнадаггүй, зоддоггүй хүн байсан” гэж ярилаа. Гэхдээ аав хүний хувьд хүүхдүүдээ хүмүүжүүлэх сургаалийн үг хэлдэг л байсан байх?
-Бид нар хичээлээ давтахгүй янз бүрийн асуудалд ордог байсан. Хэл ам тарьж аавыгаа сургууль дээр дуудуулахаас айдаг, ичдэг байлаа. Аав минь “Миний хүү, цагийн юмыг цагт нь хийж бай. Чи л хийхээс хойш өөрийнхөө ачааг битгий нэмж бай. Чамд л зовлон болно. Битгий залхуур” гэж захина. Миний аав, ээж биднийг загнадаггүй, учирлаж хэлдэг байсан юм. Нэг удаа надад “Та нарыг үгэнд орохгүй байхаар аавд нь хэцүү байх юм аа. Та нар миний хүүхдүүд учраас дандаа сайн, сайхан яваасай гэж хүсэх юм” гэж байсан. Тухайн үед надад загнуулснаас хэцүү санагдаж байсан даа.
-Таны аав хамгийн сүүлд юу захиж үлдээсэн бэ?
-Аав, ээж минь хорвоогийн жамаар бурхан болсон. Аавыг минь бурхан болохоос нь хэдхэн цагийн өмнө хоёр шавь нь эргэж ирсэн. Тэгэхэд шавь нартаа “Би их жаргалтай хүн юм. Багш нь маш их жаргаж байна. Миний охид, зээ нар маань жаргааж байна. Сэржээ эгч нь намайг дандаа жаргаадаг” гэж ярьсан байсан. Тэр л аавын минь амьдралаа дүгнэсэн сүүлчийн үг байсан байх гэж боддог. Ээж минь ааваас хоёр жилийн дараа нас барсан. Тухайн үед маш их сэтгэлээр унаж, ганцаардсан. Хүүхдүүд нь байгаа ч гэлээ ханийг нь нөхнө гэж байдаггүй юм билээ.
-Таны ээжийг жүжигчин байсан гэж сонссон. Ээжийнхээ талаар ярьж өгөөч?
-Миний ээжийг Сэржханд гэдэг. Мундаг жүжигчин байсан. Аав, ээжийн минь хамтдаа Отеллод тоглож байсан сайхан зураг байдаг. Ээж минь хачин сайхан эмэгтэй байсан даа. Сайхан дуулдаг 2-3 киноны гол дүрд тоглож байсан. Ээж минь мэргэжлээ орхиж, бидний төлөө, аавын төлөө өөрийгөө, амьдралаа бүрэн зориулсан. Гэхдээ ээж минь “Би амжилтад хүрч, мундаг жүжигчин болох байсан юм. Та нарыг харж, Г.Гомбосүрэнд үйлчилснээс болсон” гэж нэг ч удаа ярьж байгаагүй. “Нэр, төртэй сайн яваа эр хүний ард заавал ухаалаг эмэгтэй байдаг” гэдэг үг манай гэрт биеллээ олж байсан. Ээж минь дэндүү даруухан, тэвчээртэй, гэгээлэг, сайхан сэтгэлтэй, ухаалаг хүн байсан.

-Та төгөлдөр хуурын багш мэргэжилтэй. Аав, ээжээсээ их зүйл сурч, ажил, амьдралдаа хэрэгжүүлж байсан байх?
-Ааваас мэргэжилдээ хайртай, хариуцлагатай байхыг, хүн яаж хүнлэг байж болдгийг, хүүхдүүдээ үглэж, загнахгүйгээр хэрхэн хүмүүжүүлж болдгийг сурсан. Аав, ээжийн минь амьдралын хэв маяг, үзэж туулсан бүхэн надад нөлөөлж байгаа. Аав минь өглөө бүр 06:00 цагаас сэрдэг. Биднийг ч сэрээдэг байсан болохоор одоо ч 06:00 цагаас босдог хэвээрээ шүү дээ. Түүнээс хойш унтаж чаддаггүй юм.
-Танаас “Ярилцлага авъя” гээд холбогдоход танд “Аавынхаа талаар юу ярих билээ. Ярихгүй үлдээчих зүйл байх вий” гэж бодсон уу?
-Миний аавыг сайн жүжигчин байсныг хүмүүс мэднэ. Тэгэхээр аавыгаа “Ямархан аав байсан бэ” гэдгийг илүү ярих юм сан гэж бодсон. Хүнд бүрд аав, ээж нь хамгийн сайхан. Гэхдээ миний аав, ээж дэндүү ховорхон хүмүүс байсан. Би тэдний охин болж төрсөндөө туйлын их баярлаж, өөрийгөө хорвоогийн хамгийн азтай хүн гэж боддог.Би аавынхаа тухай ярих, бодох бүрдээ биеэ цэгцэлмээр, хүнийг хайрламаар, сайхан үйл хиймээр санагддаг. Миний аав, ээжийг ямар зан араншинтай, яаж амьдардаг хүмүүс байсан гэдгийг биднээс өөр мэдэх, ярих хүн байхгүй. Тийм болохоор нэг ч болтугай хүн аавын минь сайхан зан чанарыг дуурайж, ажил, амьдралдаа хэвшүүлж, үлгэр жишээ аваасай гэж хүссэн юм. Миний хүүхдүүдэд ч хэрэгтэй шүү дээ.
-Ярилцсан танд баярлалаа.
-Аав, ээжийнхээ тухай чин сэтгэлээсээ ярилаа. Баярлалаа.

| Г.ГОМБОСҮРЭНГИЙН ОХИН ЭНХЖАВХЛАН: Аав минь 56 жил өвлийн өвгөний ажлаа чин сэтгэлээсээ хийсэн |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |