• Өнөөдөр 2024-05-02

ЭЭЖИЙН ЧАНАСАН ЦАЙ

2022-02-20,   697

   Зургадугаар сарын эхний нар мандахад аав бид хоёр Модон овоон дээр зогсож байлаа. Би тэр үед таван настай жаахан хүү байсан юм. Зэгстэй гол, Савын бүрд, Дулаан хайрханы бэлээр харагдах адуу, үхэр наранд алтран харагдана. Хун шувууд ганганан нисэж, тойром бүрдүүд мандаж, зэгсний найгах чимээ тод тодоос сонсогдож байв. Бид өглөө эрт уулан дээр гарсаны учир нь, манай нэг гүү унагалах дөхсөн тул адуугаа харахаар явж буй нь энэ юм. Гэрээс гарахад төлийн дуу цангинаж хоточ банхар хаяанд нойрсон үлдсэн. Тэр үед надад энэ бүхнийг бичих номын хүн болно доо гэх бодол хаа нэгтэйгээс төрж билээ. Аав, ээж хоёр маань хэдий малчин ч гэлээ сонин захиалж уншина. Мөн бид орой хоолоо идчихээд ширээ тойрон сууна.     
 
   Тэгээд л ээж Ш.Лодойдамба гуайн “Тунгалаг тамир” хэмээх шар хавтастай номыг уншдаг байсан нь сэтгэлээс минь ер гардаггүй. Аав Модон овоо дээрээс ийш тийш дурандан хэсэг суулаа. Би харин номхон алаг дааган дээрээ нойрмоглон байв. Хэсэг хугацааны дараа аав нам гүмийг эвдэж адуу маань “Сүвээгийн баруун захад байна” хэмээн мориндоо мордон намайг хөтлөн чулуу бутартал давхисан юм. Морь унаж сурснаас хойш анх удаа ийн давхиж үзлээ. Биднийг адуун дээр очиход хээр алаг гүү дөнгөж унагалаад байлаа. Эхийнхээ хэвлийгээс унасан зүс нь үл мэдэгдэх унага гадуураа хальсан бүрхүүлтэй газар тийчигнэн байв. Хээр алаг гүү унагаа долоож дуусахад зээрд зүстэй унага анх удаагаа янцгааж билээ. Бид адуугаа тойрч яваад ирэхэд унага хэдийн тэлчиж эхийнхээ сүүг амталсан байв. Тиймээс гэрлүүгээ тайван шогшиж билээ. Гэртээ ирэхэд ээж өглөөний цайгаа бэлтгэчихсэн дүү унтаж байлаа. Өрөм хөвсөн шаргал цайг уугаад хамаг хөлс урсаж байхыг хараад ээж минь “ Миний хүү сайн ид. Өглөө эрт боссон нойр нь хүрч байвал эргээд унт” гэж билээ. 
 
Одоо би хорин нас хэдийнэ гарсан. Гэвч тэр цайны амтыг санасаар л байдаг. Сэтгэл үлдсэн тэр мөч санагдахаар л нутгийн зүг давхих дуртай.

ЭЭЖИЙН ЧАНАСАН ЦАЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188