• Өнөөдөр 2025-06-25

Хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал зодог тайлжээ

2021-06-02,   705

     Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал их спортоос зодог тайлж буйгаа өчигдөр мэдэгдлээ.
 
Тэрбээр "Өнөөдөр эх үрс бүхэнд аз жаргал хүсч, энэ хорвоод мэндэлсэндээ талархдаг өдөр. Миний хувьд ч бас намайг өсгөсөн тэнгэрт заларч буй эмээ, өвөөдөө, хажууд минь үргэлж хамт байдаг хайрт ээждээ, их спортод өдий зэрэгтэй болгосон эрхэм багш нартаа, амьдралын маань утга учир байсан хөлбөмбөгтөө талархах өдөр юм. Би 1999 оны зургаадугаар сард анх удаа сургуулийнхаа хөлбөмбөгийн тэмцээнд орсноос эхлээд “хөлбөмбөг” гэдэг гайхалтай сайхан спортод шунан дурлаж, тасралтгүй хичээллэн, өнөөдрийг хүртэл нийт 22 жилийн турш хожил бүхэнд баярлаж, хожигдол бүрээсээ суралцаж, спортын бэрхшээл, жаргал зовлонг туулжээ. Олон сайхан анд нөхөдтэй болж, олон улс оронд очиж, бас “Катар-2022” ДАШТ-ний бүх дэлхийн анхны гоолыг оруулснаараа ОУХБХ /ФИФА/-ны Ерөнхийлөгчөөс “Катар-2022” ДАШТ-ий аваргын тоглолт үзэх урилга авсан зэрэг гайхалтай дурсамжтай сайхан мөчүүдийг мэдэрч өнгөрүүллээ“ гэлээ.
 
Тэрбээр 2000 оноос өсвөр, залуучуудын улсын аваргын тэмцээнд амжилттай оролцож эхэлсэн бөгөөд МХБХ-ны Дээд лигийн хоёр удаагийн аварга, МХБХ-ны Цомын гурван удаагийн аварга, мөн гурван удаа лигийн шилдэг тоглогч болжээ.
 
Анх 2005 оноос Монгол Улсынхаа өсвөр үе, залуучууд нэрийн өмнөөс тоглож, анх 2009 онд шигшээ багтаа дуудагдаж 34 удаа олон улсын албан ёсны тоглолтонд оролцож долоо удаа гоол оруулжээ. 2018 онд Монголын шигшээ баг анх удаа Зүүн Азийн АШТ-д хэсгээсээ шалгарч, уг тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагнал хүртэж, 2020 онд хөл бөмбөгийн спортоор ОУХМ цол авчээ. Монголд футзалын спорт хөгжиж эхлэсэн 2015 онд футзалын шигшээ багийн бүрэлдэхүүнд олон улсын албан ёсны таван тоглолтод оролцож, зургаан удаа гоол оруулжээ.

Хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал зодог тайлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188