Улсын баяр наадам хаяанд ирлээ. Нутаг нутгийн уяачид хурдан хүлгээ сойж төрийнхөө их наадамд бэлдэж буй. Саяхан уяачид бага сунгаагаа хийж морьдынхоо ерөнхий шинж байдал давхилыг мэдэж авсан. Энэ жилийн хувьд Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадам давхар тохиож байгаа билээ. Түүнчлэн цах тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан наадамд энэ онд өргөн үүдээ нээж, торгон жолоо өргүүлэх хурдан морины уралдаанаа ёслол төгөлдөр хийхээр болсон. Жил бүрийн наадмын хурдан морины уралдаан өөр, өөрсдийн түүх адал явдлыг өрнүүлдгээс гадна өв соёл, уламжлалаа тээж байдаг. Тэр дундаа морин уралдаан Монголчуудын өнө эртнээс уламжлал болгон явуулж ирсэн уралдаан. Монгол адуу нь байгалийн эрс, тэс цаг уурт олон мянган жил хувьсан амьдарсаар ирсэн байдаг. Тэрхүү бүү хэл 5000-6000 жилийн тэртээ морийг анх гаршуулан унаж хэрэглэсэн тухай түүхэн сурвалж бичигт хадгалдан үлдсэн нь бий. Тэр үес мориороо уралдаж эхэлсэн бөгөөд найр наадамд морь уралдуулдаг уламжлал тогтсон тухай ч байдаг. Энэ нь цаашлаад хурдан морины удам угшил гаргаж эхэлсэн бөгөөд түрүүлсэн морины эзэн алдар нэр, цол чимэгтэй болж нэг ёсны урлаг, шинжлэх ухаан болтлоо хөгжсөн. Ингээд уншигч танд улсын баяр наадамд хамгийн олон түрүүлсэн азаргуудыг танилцуулж байна.
МУ-ын Алдарт уяач Ц.Жамбалсүрэн 1997 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Балжий гэгчээс хүрэн азарга худалдан авсан гэдэг. Хүрэн азарга 1998 онд төвийн бүсийн даншиг наадамд аман хүзүүдэж, 1999 онд анхны Говь шанхын даншиг наадамд түрүүлж тухайн үедээ цуут гарч байсныг морь сонирхогчид андахгүй биз ээ. Уяач Ц.Жамбалсүрэн хурдан хүлгийнхээ буянаар 2000 онд МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолыг хүртсэн. Тэрбээр “Таван үеэрээ адуу уялаа. Аавын минь уясан морьд сайхан давхидаг байсан ч ямар нэг алдар цол авч байсангүй. Миний үед энэ том цолыг хүртэх ёстой байж. Намайг энэхүү цолонд хүрэхэд хоёр буурлаас минь гадна, хүрэн азарга, Соёмбо хүрэн маань ихээхэн үүрэг гүйцэтгэлээ. Ер нь намайг хамгийн их баярлуулсан адуу бол хүрэн азарга маань” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан байдаг. Хожим нь МУ-ын Алдарт уяач Ц.Жамбалсүрэн Хандгай хүрнээ, хүрэн үрээнийх нь хамт Завхан аймгийн Улиастай сумын уугуул, “Шим” группийн Ерөнхийлөгч Л.Цандэлэгт бэлэглэсэн байдаг.
СОЁМБО ХҮРЭН
Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадмуудад гойд хурдлан давхиж торгон жолоогоо өргүүлсэн Соёмбо хүрэн азарга шүдлэн насандаа Төв аймгийн 80 жилийн ойн наадмын аман хүзүү. Мөн соёолон насандаа Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ойн наадмын аман хүзүү тус тус хурдалсан байдаг. 2006 онд Эрдэнэт хот байгуулагдсаны 30 жилийн ойн наадмын аман хүзүү, Хангайн бүсийн даншиг наадмын түрүү, Зүүн бүсийн даншиг наадмын түрүү давхиж байсан билээ.
Хурдан адуу гарааны зурхайгаас 70-80 милийн хурдтай эргэж, барианд 40-50 милийн хурдтай ирдэг. Харин Х.Сүрэнхорын хээр гараанаасаа хурдалж, бариандаа 60 милийн хурдтай ордог байсан” хэмээн уяачдын дунд ам дамжигдан яригддаг. Уяаны үед хээр азарганы буруу талын гуяны дээр том цагаан мэргэ гарч ирдэг байсан талаар манлай уяач Х.Сүрэнхор дурдсан байдаг. Буруу талын гуяан дээр нь гарсан том цагаан мэнгэ сунгааны үест дэвтрийн цаас шиг цагаанаар тодорч, 4-6 шүдэнд нь хар хаг суудаг байж. “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд түрүүлэхдээ “Босоо” хээрийн голын хоёр шүд нь дун хар болж, захын хоёр шүд нь буйл махнаасаа цухуйж уралджээ. Уралдааны дараа нөгөө мэнгэ ч, хар хаг ч алга болж, буруу талын хүзүүнийх нь бүдүүн уганд далны хавсарга өөд гарсан нүх гардаг байсан хэмээн яригддаг.
Морин тойруулгын алдарт Тогоруу халтар азаргыг мэдэхгүй хүн бараг л байхгүй. Тогоруу халтар нь улсын их баяр наадамд гурав түрүүлж, нэг айрагдсан билээ. Тухайлбал 1979 оны АХ-ын 58 жилийн ойгоор зургаан настай хавчиг азарга түрүүлж, 1980 оны АХ-ын 59 жилийн ойгоор долоон настайдаа айргийн гуравт хурдалсан байдаг. Улмаар 1983, 1984 оны АХ-ын 62, 63 жилийн ойн наадмаар тус, тус түрүүлсэн. Өнгөрсөн зууны тэргүүн хурдуудын нэг болох энэхүү алдарт азарганы үр төл нь үе дамжин хурдалж тогоруу хэмээх угшлыг бий болгосон билээ. Олон хурдан адууны алдарын өмнө ёс мэт дуудагдсаар байдаг. Тогоруу халтарын удам Амгалан төрийн ажнай шарга азарга азарга бөгөөд улсын наадамд зургаан ундаа түрүүлж, хоёр айрагдаж байсныг морь сонирхогчид андахгүй.
Монгол төрийн наадамд зургаа түрүүлж уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулсан хурдан хүлэг бол Амгалан төрийн ажнай шарга азарга юм. Шарга азарганы уяа сойлгыг МУТМ уяач Э.Эрдэнэчулуун тааруулж, “Мон-Уран” ХХК-ийн захирал Б.Наранхүүгийн нэр дээр уралддаг байсан билээ.
Амжилт:
Дархан түмний эх Улс халзан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Ө.Шинэтулгын адуунаас гаралтай, “Ажнай” Д.Бат-Эрдэнийнх гэдгийг улс даяараа мэднэ. Төрийн их баяр наадамд сүүлийн гурван жил дараалан түрүүлснээрээ хорь дугаар зуунд гараагүй амжилтыг үзүүлж буй. Улс халзан азарганы удам угшлыг мэдчих юмсан гэх уяач, судлаачид цөөнгүй байдаг гэнэ. Адууны угшлыг худал хэлбэл их том нүгэл гэдгийг сонсоогүй уяач байдаггүй ч итгэж дагах нь цөөрсөөр байгаа тухай учир мэдэх хүмүүс ярьдаг.
Анх түмэнд танигдсан нь 2011 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд болсон “Мөнххаан хурд” уралдаанд хар азарга хол түрүүлж ирээд үзэгчдийн үзүүр дээр зог тусаж бусгаад тугны гадуур орж ард нь явсан хамар цагаан зээрд азарга тус наадмын түрүүгээр тодорч байлаа. Зун нь АХ-ын 90 жилийн ойд мөнөөх халзан азарга хол тасарсан монгол хээрийг барины үзүүр дээр барьж түүхт ойд төрийн түмэн эхээр цоллуулсан билээ. Тухайн үед Ч.Хүсэлзулын ембүү зээрд нэрээр уралддаг байсан бөгөөд наадмын дараа эзэн солигдож Ажнай шаргын эзэн Батсүхийн Наранхүүд очиж Дундговь аймгийн 70 жилийн ойд айргийн дөрөвт хурдалсан. Энэ наадмын дараа Ажнайн Бат-Эрдэнэд ирсэн бөгөөд 2012 оны Дүнжингаравын хурдад Б.Цэндбаатар манлай уяж айргийн тавд хурдалж зун нь төрийнхөө наадамд хоёр дахиа түрүүлснээр Улс халзан гэдэг нэрийг моринд хайртай Монгол түмнээсээ хүртсэн түүхтэй. 2013 онд мөн гуравдах удаагаа түрүүлж давхар уяагаар Монголын шигшмэл хурдан морьдын Их хурд уралдаанд магнайдаа тоосгүй хурдалсаныг морь сонирхогчид андахгүй биз ээ.
Гурван үеэрээ Монгол төрийн наадамд адуун сүргийн манлай азарга түрүүлгэсэн ховорхон түүхийн эзэд Мөнхийн Данзанням агсны үр сад бахдал дүүрэн наадсаар байна. Соёолонгоосоо хойш төрийн наадамд дөрөв түрүүлж, нэг айрагдан, нэг зургаалсан М.Данзаннямын Ажнай хүрэн азарганы буухиаг хүү Д.Даваахүү нь үргэлжлүүлж, монгол төрийн наадам, шигшмэл морьдын “Их хурд” уралдаануудад нийтдээ 11 удаа азарга түрүүлгэн зууны их уяачаар тодорсон бол ач хүү МУ-ын Алдарт уяач Д.Баянбат нь мөн л сүргийн манлайгаар бахтай наадан Наран хонгор азаргаа төрийн наадамд нэг түрүүлгэж, дөрөв айрагдуулсан билээ.
Солонго цавьдар халзан бол улсад нэг түрүүлж, хоёр айрагдсан Их салхины төл. Төрийн наадмын долоон медальтай цөөхөн хүлгүүдийн нэг нь Солонго цавьдар халзан. Улс хувьсгалын 60 жилийн ойгоор шүдлэн үрээ түрүүлээд хойтон жил нь аман хүзүүдэж, соёолон үрээ айрагдсан. Хавчигтаа завсардаад 85 онд долоон настай азарга түрүүлж, 87 онд бас түрүүлсэн. 86, 88 онуудад айрагдсан.
1999 онд 21 нас хүрээд чононд бариулж нүд аньсан.
Солонгын төл Даваахүүгийн Өндөр зул хонгор азарга улсад нэг түрүүлсэн бол Өндөр зулын охин төлөөс гарсан Д.Баянбатын Хонгор азарга энэ цаг үеийн идэрхэн Түмэн эхийн нэг мөн билээ.
АМЖИЛТ:
УЛСЫН БАЯР НААДАМД ОЛОН ТҮРҮҮЛСЭН АЗАРГУУД |
|
2025-03-06 20:31:47
2025-03-06 16:52:26
2025-03-06 16:32:25
2025-03-06 13:22:28
2025-03-06 13:16:59
2025-03-06 12:27:43
2025-03-06 10:33:21
2025-03-06 09:23:41
2025-03-06 09:15:19
2025-03-06 07:11:33
2025-03-06 07:00:02
2025-03-06 07:00:00
2025-03-06 07:00:00
2025-03-06 07:00:00
2025-03-06 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |