• Өнөөдөр 2025-03-07

АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН БЭЛТГЭЛ ТАЛ ТАЛД ЧИМЭЭГҮЙХЭН ЭХЭЛЛЭЭ

2022-06-02,   1797

            Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадам цар тахлын улмаас түрүү жил хойшлогдсон билээ. Тиймээс энэ жил 100, 101 жилийн ойн баяр наадмыг давхар тэмдэглэхээр болсон. Олон нийтийн зүгээс зарим нь дэмжиж, цөөнгүй нь эсэргүүцэж байгаа билээ. Ой тэмдэглэх тухай цахим ертөнцөд нэлээд хэл ам гарч буй нь нууц биш. Зарим иргэн “Эдийн засгийн хүнд нөхцөлтэй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнэд орсны улмаас иргэдийн худалдан авах чадвар муу байхад 100 жилийн ойн баяр наадмыг нөхөн тэмдэглэхийн оронд эдийн засгаа сэргээх тал дээр дорвитой арга хэмжээ аваасай” хэмээн үзэл бодлоо илэрхийлээд буй юм.
 
            Өнгөрсөн 2021 онд Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын концертыг гурван найруулагч хамтран найруулахаар болсон байв. Тухайлбал өнгөрөгч оны тавдугаар сарын 7-ны өдөр Шадар сайдын зохион байгуулах хорооны хурлаар 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын концертыг Н.Наранбаатар, Г.Цоггэрэл, Б.Баатар нар хамтран найруулахаар болсон байдаг. Мөн Засгийн газраас “Ардын хувьсгалын 100 жилийн ойд ач холбогдол өгч, цар тахалтай байгаа ч үзэгчтэй наадам зохион байгуулна” хэмээн мэдэгдээд байсан юм. Мөн тухайн наадмын төсөв нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байлаа. Тухайлбал Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд 10 тэрбум, баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд 2.5 тэрбум, Цэргийн парад зохион байгуулахад хоёр тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэж байв.
 

 Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд 10 тэрбум, баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд 2.5 тэрбум, Цэргийн парад зохион байгуулахад хоёр тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэж байлаа

         Харин Үндэсний баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах найруулагчдын хувьд Н.Наранбаатар 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан бол  Г.Цоггэрэл найруулагч 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан байдаг. Мөн "Херо" Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулж байсан байдаг.
            Өнгөрсөн жил Үндэсний баяр  наадмаа тэмдэглээгүй монголчуудын дунд хүлээлт бас эсэргүүцэл ч бий. Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмыг 100 жилийн ойтой  нь хамтатган тэмдэглэх баяр наадмын ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар сонгогдсон юм. Ингэснээр УДЭТ-ын хамт олон наадмын үйл ажиллагааг ерөнхийдөө хариуцаж ажиллахаар болсон гэсэн үг. Мэдээж төсөв мөнгөний хувьд өнгөрч оны баталсан төсвөөс нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй биз. Долдугаар сарын 11-ний өдөр болж өргөн дэнжийг хотойтол наадахад 40 хүрэхгүй хоног үлджээ. Тиймээс төрийн томчууд дээл хувцасны захиалга өгөөд эхэлсэн аж. 
 

Түүнчлэн наадмын асарт нар, сар гэрэлтсэн тостой хуушуур амталж, хэдэн үе дамжсан чулуун хөөрөг зөрүүлж бэл бэнчингээ гайхуулахаар томчууд нууцхан бэлдээд эхэлсэн сурагтай

          Мөн саяхан Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны зүгээс Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Засгийн газраас УИХ-д өргөн барьсантай холбогдуулан “Бүгдийг худалдаад дууслаа. Монгол наад­­­­маа авч үлдээе” сэдвээр мэдээлэл хийж эсэргүүцлээ зарласан. Тухайлбал, Засгийн газар Монгол Улсын Үндсэн хуулийн хоёр заалтыг ноцтой зөрчиж хуулийн төслийг өргөн барилаа гэж холбооны зүгээс үзсэн юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 5.1-дэх мал сүрэг төрийн хамгаалалтад байна, 7.1-д зааснаар соёлын өв төрийн хамгаалалтад байна гэснийг зөрчсөн. Түүнчлэн тус холбооны зүгээс “Үндэсний морин уралдаанд уралдах морьдыг сэрвээнийх нь өндрөөр хэмжиж уралдуулбал зөвхөн эрлийз морьдын уралдаан болно. Сүүлийн хэдэн жил олон наадмыг сэрвээнийх нь өндрөөр хэмжиж уралдаан зохион байгуулсан. Сумын наадам Монголоороо байж чадахааргүй болгож буй хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байгааг эсэргүүцэж байна. Үндэсний баяр наадам бол соёлын өв бөгөөд Монгол Улсын Засгийн газар энэ өвөө хамгаалах үүрэг хүлээсэн. Өөрөө эрлийз морь уяж, уралдуулж байсан ашиг сонирхлын зөрчилтэй Засгийн газрын гишүүн хүн УИХ-д Засгийн газрыг төлөөлж хуулийн төсөл өргөн барьсныг эсэргүүцэж байна. Иймд Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны зүгээс 2022 оны зургадугаар сарын 6-нд Төв талбайд морьтой тайван жагсаал хийхээ албан ёсоор зарлаж байна" гэсэн юм. Хэдий ийм ч Үндэсний баяр наадам болдгоороо болно. Тиймдээ ч эсэргүүцсэн, эсэргүүцээгүй адил бөгөөд бүгд л наадамдаа оролцоно. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажилдаа тал талд орцгоожээ.

АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН БЭЛТГЭЛ ТАЛ ТАЛД ЧИМЭЭГҮЙХЭН ЭХЭЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188