• Өнөөдөр 2025-02-06

Үндэсний их баяр наадмын морин уралдааны ХАМГИЙН ХАМГИЙН

2021-07-11,   998

   Үндэсний их баяр наадмыг цар тахлын улмаас нэгэн жил хойшлуулсан. Хэдийгээр соёолонгийн тоосонд дарагдаж, чийгтэй нүдтэй түрүү даагаа угтан авч чадахгүй ч бидний зүрх сэтгэлд нэр, зүс нь хоногшин үлдсэн хурдан хүлгүүд олон бий.
 
Бага насандаа дараалан түрүүлсэн хүлэг
 
Төв аймгийн Жаргалант сумын харьяа уяач Ц.Чойжамцын Их хээр шүдлэн, хязаалан, соёолон насандаа Улсын наадамд түрүүлжээ.
Улсын наадмын хоёр тэгш ойд түрүүлсэн хүлэг
 
          Ардын хувьсгалын 40, 50 жилийн ойн баяр наадамд С.Банзрагчийн Аварга зээрд түрүүлжээ. Түмэн олондоо Аварга зээрд, Өвгөн зээрд, Шувуун зээрд нэрээр хоногшинн үлдсэн энэ хурдан хүлэг Улсын наадамд арав уралдахдаа гурав түрүүлж, тав айрагдсан байна. Өвгөн зээрд 25 настайдаа сүүлийн наадамдаа уралдаж, аман хүзүүдсэн, домогт хүлэг билээ.
Төрийн наадамд хамгийн олон түрүүлсэн хүлэг
 
...Ахин төрсөн дүү шарга
Ахын захиасыг даасан шарга аа... 
Амгалан төрийн ажнай хүлэг хэмээн ард олондоо дурсагдсан Эрдэнэчулууны хайртай шарга төрийн наадамд зургаа түрүүлж, хоёр удаа айрагдсан. Хамгийн анх 2000 оны Улсын их баяр наадамд шүдлэн насанд түрүүлжээ.
 
ХХ зуунд төрийн наадамд хамгийн олон түрүүлсэн хүлэг
 
        Даншиг наадамд Богд гэгээний Түмэн хээр долоо түрүүлж байжээ. Түмэн хээр хүлэг 1899 онд анх түрүүлсэн. Харин 1902-1908 онд зургаа түрүүлж, нэг айрагдсан домогт хүлэг юм. Үйзэн хээрийн авсан цол Богдын музейд хадгалаастай бий.
XX зууны хамгийн олон морь уралдсан наадам
 
Ардын хувьсгалийн 30 жилийн ой болох 1951 онд улсын наадамд 712 морь уралдаж байжээ.
 
Азарганы уралдаанд хамгийн олон түрүү авсан уяач
 
         Алдарт уяач Д.Даваахүүгийн өөрийн уясан, зөвлөн тусалсан азаргууд Улсын наадамд 14 удаа түрүүлжээ. Тухайлбал, түүний цуут хүлэг Ажнай хүрэн гурав, Солонго цавьдар хоёр, Тогоруу халтар хоёр түрүүлжээ. Түүний зөвлөн тусалсан У.Буяндэлгэрийн гуулин, Алтангадас, Наран хонгор, Өндөр зул, Цолмон хөлт, Г.Батхүүгийн толин хул, Цэнгэлийн саарал хүлгүүд улсын наадамдаа торгон жолоогоо өргөсөн билээ. Тод манлай уяач Д.Даваахүү 1985 оны наадмаас арван медаль хүртсэн түүхт нэгэн юм. 
Б.БАДАМЗУЛ

Үндэсний их баяр наадмын морин уралдааны ХАМГИЙН ХАМГИЙН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188