Аминаасаа ч илүү хайрлаж өсгөсөн охин үрийнхээ тэрүүгээр нэг тарсан эд эрхтнийг цуглуулж, тал болсон биеийг нь харийн нутагт чандарлаж, амийг нь зэрлэгээр хөнөөсөн араатнуудад хариуцлага хүлээлгэхийн тулд идэр наснаасаа өтөл болтлоо зүтгэсэн Монгол аавын зүрх шимшрүүлэм түүхийг уншигч танд хүргэж байна. Тэр охинтой, эхнэртэй, зээтэй, элэг бүтэн амьдралтай байж үзсэн аав. Түүнд охиндоо өргөсөн ганцхан тангараг бий.
2008 он, Малайзын парламентын ордны хоёрдугаар давхрын хэвлэлийн хурлын танхимд сэтгүүлчид бужигнана.Телевизийн том том камерууд эгнүүлж зоосон байх бөгөөд танхимын хоймор дахь ширээн дээр өнгө, өнгийн лого бүхий микрофон жирийтэл өржээ. Малайзын бараг бүх хэвлэл мэдээллийнхэн энд цугласан мэт, хурлын танхим хөл гишгэх зайгүй дүүрчээ. Чухал хүн хүлээж буй нь илт, хаалга руу үе үе харцгаах аж. Төд удалгүй танхимын хаалга онгойж, өтгөн цагаан сахалтай, тэргэнцэртэй эр орж ирлээ. Сэтгүүлчид бүгд түүнийг танимхайрч,зарим нь гараа даллаж, зарим нь толгой дохин мэндчилж байна. Түүний араас хуучивтар саарал хослолтой бууралтсан тачир үстэй, 60 орчим насны эр орж ирлээ.Телевизийн камерууд бүгд түүнийг фокуслаж, гэрэл зургийн аппаратны нүд сохлом хурц гэрлүүд энд тэндгүй гялсхийнэ. Энэ танхимд цугласан хэвлэл мэдээллийнхний хүлээж байсан хүн тэр байжээ.Хагас цаг үргэлжилсэн хэвлэлийн хурлын төгсгөлд өнөө хуучивтар саарал хослолтой эр босож зогсоод монголоор “Өнөөдөр миний охины төрсөн өдөр. Хэрвээ хоёр жилийн өмнө амиа алдаагүй бол, өнөөдөр тэр минь 30 нас хүрэх байлаа. Энэ танхимд цугласан та бүхнийг, бас Малайзын ард түмэн та бүхнийг 10-хан секунд босож зогсоод, охинд минь эмгэнэл илэрхийлэхийг хүсэж байна” гэлээ. Түүний энэ үгийг орчуулагч орчуулсны дараа бүгд алхуурхан босож, танхим нам гүм болов. Гэрэл зургийн аппаратны чяр чяр гэх чимээнээс өөр аниргүй лавтай 10 секунд боллоо. Өнөөх саарал хослолт энэ мөчид телевизийн камеруудын нэгийг тас ширтэж зогссон. Эцэст нь тэр гүнзгий гэгч нь амьсгал аваад, өтгөн цагаан сахалтай тэргэнцэртэй эрийг түрсээр танхимаас гарч одов.

Энэ саарал хослолт эрийг Сэтэвийн Шаарийбуу гэдэг. Түүний охин Ш.Алтантуяаг 2006 оны аравдугаар сарын 19-нд тухайн үеийн Малайзын Шадар сайд Нажиб Разакын зөвлөх Разак Багиндагийн захиалгаар цагдаагийн офицерууд болох Азила Хадри, Сирул Азхар нар буудаж хөнөөгөөд, дараа нь дэлбэлсэн байдаг. Тэр 2004-2006 онд Малайзын Шадар сайд Нажиб Разак болон түүний зөвлөх Разак Багиндагийн орчуулагчаар ажиллаж байхдаа тэдний Франц Улстай хийж буй тэрбум еврогийн хэлэлцээрийн хөшигний ардах луйврын гэрч болсон. Тэгээд түүнийг “хэтэрхий их зүйл мэдсэн” гэх шалтгаанаар хөнөөсөн гэгддэг. Бүхнээс нандигнаж өсгөсөн ганц охиныг нь ингэж онц хэрцгийгээр хөнөөж, ойд аваачаад оршуулах цогцос ч үлдээхгүйгээр дэлбэлж хаясан харгис хэрэгтнүүдийг шүүх анхны хуралд оролцохоор С.Шаарийбуу Малайзад ирээд буй нь энэ. Тиймдээ ч Малайзын бүх телевиз танхим дүүргэн цуглаж, түүнийг харахаар хүлээж байсан юм. Харин нөгөөх өтгөн цагаан сахалтай тэргэнцэртэй эр бол Малайзын парламентын сөрөг хүчний гишүүн, С.Шаарийбуугийн өмгөөлөгчөөр ажиллахаар болсон Карпал Сингх.Тиймээс ч С.Шаарийбууг Малайзын парламентын ордонд дагуулан орж, хамтдаа хэвлэлийн хурал хийсэн нь энэ байлаа. Энэ хэвлэлийн хурлаар С.Шаарийбуу, Карпал Сингх хоёр харгис хэрэгтнүүд буюу Малайзын Шадар сайд Нажиб Разак, түүний зөвлөх Разак Багиндагийн эсрэг ямар ч хүч тэнцвэргүй тулаанд орж байгаагаа зарласан юм. Шүүхийн шийдвэрийг ч өөрчлөх мэдэлтэй, шударга ёсыг ч худалдаад авах их мөнгөтэй Нажиб Разак, Разак Багинда нарын эсрэг эгэл жирийн багш С.Шаарийбуу, тэргэнцэртэй хөгшин улстөрч Карпал Сингх хоёр тэмцэнэ гэдэг баргийн хүний зориглохгүй, үнэхээр л хүч тэнцвэргүй тулаан. Тиймээс ч Малайзын парламентын сөрөг хүчний гишүүн, өмгөөлөгч Карпал Сингх ядаж л олон нийтийг өөрсдийнх нь, шударга үнэний талд байгаасай, харгис хэрэгтнүүдэд хариуцлага хүлээлгэхийг хамтдаа шаардаасай гэж хүсэж, энэ хэвлэлийн хурлыг хийсэн. Харин С.Шаарийбуу амиа алдсан охиндоо 30 насных нь төрсөн өдрөөр 30 сая малайзчуудын 10-хан секундын ч болов наминчлал харуулахыг хүссэн. Бас телевизийн камеруудыг тас ширтэж зогсохдоо харгис хэрэгтнүүдэд “Би хайртай охиноо алдсан эцэг.
Тиймээс хэнээс ч айхгүй, бас хэзээ ч зогсохгүй” гэж харцаараа илэрхийлэхийг хүссэн юм. Тийм ээ, С.Шаарийбуу зогсоогүй, бүр нэг ч өдөр, бүтэн 19 жил...
БАЙСАН БҮХНИЙГ НЬ БУЛААСАН ХАР ӨДӨР
“Өнчирсөн хүүхэд, өтөлсөн өвгөн, навсайсан амьдрал л үлдээ, хөөрхий”
Тэр нэгэн хар өдрийг хүртэл С.Шаарийбуу элэг бүтэн гэр бүлийн эцэг, эгэл жирийн багш байлаа. Тэр өдөр гэдэг нь 2006 оны аравдугаар сарын 19. С.Шаарийбуугийн хувьд энэ өдөр энгийн л нэг пүрэв гараг байсан. МУИС-ийнхаа оюутнуудад хичээлээ заачихаад, талх, сүүгээ барьсаар гэртээ харьсан. Харин хайртай охин Ш.Алтантуяагийнх нь хувьд тэр өдөр амьдралынх нь сүүлчийн өдөр байлаа. С.Шаарийбуу уг нь Багшийн их сургууль төгссөн, зураг хөдөлмөрийн багш мэргэжилтэй. Гэхдээ залуудаа ЗХУ-ын Ленинград хотод орчуулагч багшаар илгээгдэж, орос багшийн заасан хичээлийг монгол оюутнууддаа орчуулж өгөх хүндтэй бөгөөд хариуцлагатай алба хариуцаж явсан түүхтэй. Хоёр дахь албан ёсны мэргэжил нь орос хэлний орчуулагч гэж болно. Харин эхнэр нь орос хэлний багш мэргэжилтэй.Тиймээс ч орос хэлний орчуулагч аав, орос хэлний багш ээжийн охин Ш.Алтантуяа унаган орос хэлтэй болж өсжээ.Улмаар Отгонтэнгэр их сургуулийг англи хэлний орчуулагч мэргэжлээр, дараа нь Хятадын Бээжин хотын Гадаад хэлний их сургуулийг хятад хэлний орчуулагч мэргэжлээр төгсчээ.Ингэж Ш.Алтантуяа 20 гаруйхан насандаа хоёр их сургууль төгсөж, орос, англи, хятад гурван хэлтэй, мэргэжлийн орчуулагч болсон байлаа. Охиноо өндөр боловсролтой, олон хэлтэй, басхүү өөрийнх нь залуудаа хийж явсан орчуулагч мэргэжлийг залгамжилсанд С.Шаарийбуу битүүхэн баярлана.Гэхдээ энэ мэргэжил хожим охиныг нь булаана гэдгийг тэр үед С.Шаарийбуу яаж мэдэх билээ.1996 он, охин Ш.Алтантуяа нь хүү төрүүлж, С.Шаарийбуу өвөө болов. Амьдралынх нь хамгийн сайхан мөчүүдийн нэг. Ханиа, аав аа, багш аа гэж дуудуулдаг байсан С.Шаарийбуу энэ цагаас өвөө гэж дуудуулах болов. Зургаан жилийн дараа Ш.Алтантуяа хоёр дахь хүүхдээ төрүүлж, С.Шаарийбуу хоёр дахь зээгээ өлгийдөн авлаа. Гэвч бага хүү нь хүнд өвчтэй төржээ. Бага хүүгээ эрүүл саруул болгох мөнгө олохын тулд Ш.Алтантуяа орчуулга хийх ажлаар байсхийгээд л гадаад руу явдаг болов. Харин С.Шаарийбуу хөгшинтэйгөө хоёр зээгээ хараад үлдэнэ. Орчуулагчийн ажил нь цалин ч сайн олох бөгөөд Ш.Алтантуяа мөнгөө хурааж байгаад жилдээ нэг удаа бага хүүгээ гадаадын аль сайн гэсэн эмнэлэг рүү авч явдаг байлаа. Тарианы зүү харахаараа л уйлдаг болтлоо халширсан бага зээгээ,зогсолтгүй ажиллах охиноо хараад С.Шаарийбуу үе үе дотогшоо нурна. 2006 он, охин Ш.Алтантуяа нь Малайзын нийслэл Каула Лампур руу нисэж, С.Шаарийбуу 10, дөрвөн настай хоёр зээгээ харж үлдэв. Урьдынх шигээ хэдхэн хоноод, инээсээр эргээд ороод ирэх юм шиг бодож, охиныхоо духан дээр үнсээд үджээ.
Тухайн үед охин Ш.Алтантуяа нь Малайзын Шадар сайд Нажиб Разак, түүний зөвлөх Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж, тэдний тэрбум еврогийн шумбагч онгоцны луйврын хэргийн гэрч болсон байсныг С.Шаарийбуу даанч мэдээгүй юм. Харамсалтай нь, Ш.Алтантуяа Малайзын Куала Лампур хотод очсоныхоо дараа, 2006 оны аравдугаар сарын 19-нд толгойдоо буудуулан амиа алдаж, гэмт хэрэгтнүүд түүний цогцсыг ойд аваачаад, дайны зориулалттай “С4” загварын тэсрэх бөмбөгөөр дэлбэлсэн байв. Харгис хэрэгтнүүд С.Шаарийбуугаас охиныг нь булааж, оршуулах, ядаж л чандарлах цогцос ч үлдээгээгүй байдаг. Харамсалтай мэдээ, хатуу үнэнтэй С.Шаарийбуу эвлэрч, итгэж чадахгүй байлаа. Бас хүнд өвчтэй бага зээдээ хэлж зүрхлэхгүй удаан нуусан байдаг. Охин нь өнгөрснөөс ердөө сар гаруйхны дараа шинэ жилийн баяр болов. Баярын өдрөөр бага зээдээ “Ээж нь гадаадаас явуулсан шүү” гэж худал хэлэн бэлэг өгөхдөө тэр нулимсаа нууж байлаа. Тэрүүхэн үедээ охин нь нээрээ л гадаадад байгаа мэт бодогдож, өөрийгөө ч хуурч байв.
Хайртай охиныг нь хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх гэж С.Шаарийбуу Монголоос Малайз руу 13 удаа явсан. Нэг удаа явахад л, нисэх онгоцнытасалбар, Монгол-Англи-Малайз хэлний орчуулагчийн төлбөр, монгол, малайз хоёр өмгөөлөгчийн хөлс, зочид буудал, хоол, хэргийг харсан үзсэн гэрчүүдийг шүүхэд авчрах такси, унааны мөнгө гээд хөгшин профессор С.Шаарийбууд ахадсан их зардал нэхэгдэнэ. Бүхий л амьдралаа бусдын хүүхдийн сайн сайхны төлөө багшлахад зориулсан С.Шаарийбууд бизнес байсангүй, хурааж хадгалсан мөнгө ч байсангүй. Сард авдаг цалин нь ердөө 600 гаруйхан ам.доллар. Энэ бол Малайз руу нисэх нэг талын тасалбарын л мөнгө. Өнгөрсөн 19 жил тэр бүхнээ зарсан, байдгаа барсан байдаг. Үндсэн ганц хөрөнгө болох хоёр өрөө байраа зарчихаад, хэдэн номоо чемоданд хийгээд оюутны дотуур байрны умгархан өрөө рүү нүүж байхдаа ч “Харгис гэмт хэрэгтнүүд хариуцлагаа хүлээхгүй, сул чөлөөтэй зугаалж байвал охин минь тайван нойрсохгүй” гэж л бодож байсан гэлтэй.Тэр нэгэн хар өдөр С.Шаарийбуугаас ганцхан хайртай охиныг нь булаасан юм биш, байсан бүхнийг нь булаасан гэхэд болно. Охиноо амиа алдсанд түүнээс илүү гашуудаж, түүнийг Малайз руу явах бүрд сүү өргөж үдээд, үдэш бүр бурхныхаа өмнө залбирч суусан хань нь хорвоог орхив. Эрх мэдэлтэй, өнгө мөнгөтэй бүхний өмнө хорвоо ямар шударга бус вэ гэдгийг харж цөхөрсөөр, гагцхүү шударга ёсны төлөө тууштай зүтгэх ханиа харж бахархсаар тэр эндээс буцсан.Охиноос нь өнчирч хоцорсон бага нь зээ нь мөн л хорвоог орхив. Анх Малайзад газардчихаад, тэнгэр өөд ширтээд, “Хамгаалж чадаагүйнхээ хариуд хүүг нь хөл дээр нь босгож, эрүүл саруул эр хүн болгоно” гэж амласан амлалтандаа хүрэх гэж С.Шаарийбуу бүх чадлаараа хичээсэн гэдэг. Харамсалтай нь, бага зээ нь ээжийнхээ араас одсон.
Ар, араасаа залгасан энэ эмгэнэлт явдлуудад С.Шаарийбуу нулимсаа нууж, том зээгээ тайтгаруулж суусан. Магад, дотроо бол тэр асгартал уйлж байсан биз.Тэр нэгэн хар өдрөөс хойш 19 жилийн дараа С.Шаарийбуу “Өнчирсөн хүүхэд, өтөлсөн өвгөн, навсайсан амьдрал л үлдлээ, хөөрхий” гэдэг ганцхан өгүүлбэр л хэлсэн. Үнэхээр ч тэр охиныхоо төлөө, шударга ёсны төлөө, дундрашгүй мөнгө, дуусашгүй эрх мэдэлтнүүдтэй өөрийнхөө амьдралыг навсайтал, өтөлтлөө үзэлцсэн.
АМИНААС ҮНЭТЭЙ АМЛАЛТ, БАС ЗОРИЛГО
“Ална, тална гээд өчнөөн л юм болж байсан, тэр чухал биш”
Анхны шүүх хурал боллоо. Шүүхийн танхимд яваад ортол, охиныг нь хөнөөх захиалга өгсөн жинхэнэ хэрэгтэн Разак Багинда сэжигтний “сэнтий”-д хөлөө аччихсан, самар цөмөөд, ясыг нь шидлээд сууж байлаа. Тэгээд болоогүй, Разак Багинда 2006 онд баривчлагдсанаасаа хойш шоронгийн номын санч албан тушаал зүүж, шүүхийн танхимд ирэх хүртлээ шоронд дотор хаан шиг л хүссэн газраараа сул чөлөөтэй зугаалж байсныг өмгөөлөгчөөсөө сонсов. Шүүх хурал эхэлж, төд удалгүй шүүгч Разак Багиндаг гэм буруугүй гэж алх цохилоо. Хэдэн зуун хуудас нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүд, ерөөс юу ч Разак Багиндад нөлөөлсөнгүй. Харин Разак Бариндагийн захиалгаар гардан гүйцэтгэсэн цагдаагийн офицерууд болох Азила Хадри, Сирул Азхар нар бүх хэргийг үүрэн ял сонсов. Яг тэр мөчид С.Шаарийбуу багтартлаа уурласан, биеэ барьж чадаагүй, Разак Багиндаг заамдах гэж оролдсон. Охиныг нь онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн захиалагч гэдэг нь хөдөлшгүй баримтаар нотлогдчихсон Разак Багинда нүдэн дээр нь гэм буруугүй хүн болж хувираад, шүүхийн танхимаас гарч явах гэж байгааг харсан С.Шаарийбууд энэнээс өөр арга байгаагүй. Гэвч тэр өөрөө баривчлагдав. Шүүхийн танхимыг хүндлээгүй “зүйл анги”-аар эгээ л шорон руу ачигдчихсангүй, түр саатуулагдаад суллагдав. Ингэж С.Шаарийбуу Малайз хэмээх улсад бүх зүйл Нажиб Разак, Разак Багинда гэх хоёр хүний “дүрэм”-ээр явагддагийг, бүх хүн тэдний “дохиур”-аар хөдөлдгийг анх ойлгосон. Түүнээс хойш С.Шаарийбуу Малайз руу шүүх хуралд оролцохоор 10 гаруй удаа очихдоо ёстой үхэхээс бусдыг л үзсэн гэдэг. Онгоцны буудалд буугаад л хар машинтай дагуултай болчихно. Хаа явсан газар нь сүүдэр шиг дагана. “Биднээр оролдох хэрэггүй, охиныхоо хэргийг хаяад, нутаг буц” гэж дарамталж, айлгаж байгаа нь энэ. Бүр амь насанд нь халдах оролдлого хийж, түүнд нэг шөнийн дотор хоёр зочид буудал сольж, шөнө дунд хөл хөдөлгөөн ихтэй, аюулгүй газар хайж явсаар эмнэлэгт очиж, хүлээлгийнх нь сандал дээр үүр цайлгаж, амь аврагдсан тохиолдол ч бий. Дараа нь дахиж очоод байхдаа өнөөх хар машинтнаас зугтаж, автобусаар Малайзын жижиг хотод очоод, тэндээсээ Сингапураар дамжин Монголдоо ирж байв. С.Шаарийбууг анх Малайзад очиход хүлээж авч уулзаад, “Энэ хэргийг чинь би шийдэж өгье. Гэхдээ энэ хэрэг шийдэгдэхгүй 100 жил ч гацаж мэднэ шүү. Гол нь чи тэвчээртэй, тууштай л байгаарай” гэж хэлж, хамтдаа хэвлэлийн хурал хийж, түүнээс хойш бүх л шүүх хуралд өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан өтгөн цагаан сахалт өмгөөлөгч Карпал Сингх 2014 оны дөрөвдүгээр сард зуурдаар амиа алдав.Түүний сууж явсан автомашиныг ачааны автомашин мөргөж, тэр туслахтайгаа хамт газар дээрээ таалал төгссөн юм. Охиных нь хэргийг хариуцаж, зургаан жил гаруй ажилласан Карпал Сингх ийнхүү ослоор амиа алдсан нь хэн нэгнээс С.Шаарийбууд өгсөн сануулга мэт байлаа.
Гэхдээ энэ бүхний дараа ч С.Шаарийбуу шүүх хурал зарлагдах бүрд, өмгөөлөгчийнхөө шинэ нотлох баримт, шинэ гэрч оллоо гэж утасдах бүрд Малайз руу очсоор л байв. “Харгис хэрэгтнүүдэд хариуцлагыг нь заавал хүлээлгэх ёстой, тэгж байж охин минь тайван нойрсоно” гэх өөртөө өгсөн амлалт, бас тангараг байсан учраас тэр амиа алдахаас ч айгаагүй. Тэмцлийнх нь олон жилүүдэд өөрт нь ямар их аюул, айдас, заналхийлэл ирж байсан тухай өөрөөс нь асуухаар “Ална, тална гээд өчнөөн л юм болж байсан. Тэр чухал биш” гэхээс өөрөөр хариулдаггүй юм билээ. Хамгийн чухал нь түүний хувьд шударга ёсыг илчлэх байсан учраас тэр л дээ.
ЭРХ МЭДЛИЙН УНАЛТ, ШАНТРАШГҮЙ
ТЭМЦЛИЙН ЯЛАЛТ
“Энэ ялалт, миний тайтгарал”
2018 онд Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакын ноёрхол эцэслэж, Малайзын Засгийн газар солигдов. Ингэснээр түүний зөвлөх Разак Багинда ч хамгаалалтгүй болов.С.Шаарийбуугийн хувьд Малайз дахь эрх мэдлийн хана хэрэм нурах шиг болж, шударга ёс ялах итгэл найдвар төрөв. Улмаар С.Шаарийбуу Малайзын шинэ Ерөнхий прокурортой уулзаж, охиныхоо аллагын хэргийг сэргээн мөрдүүлэх хүсэлт гаргалаа.Аз болж, захиалагч Разак Багиндагийн өмнөөс бүх хэргийг үүрч, цаазын ял сонсоод байсан Азили Хадри 2019 онд хорих ангиас “Разак Багинда бидэнд Ш.Алтантуяаг хөнөөх тушаал өгсөн. Тэр “Ш.Алтантуяа бол Оросын тагнуул, улсад аюул учруулах хүн учраас нэн даруй устга” гэж тушаасан. Тушаал гүйцэтгэснийхээ төлөө цаазлуулмааргүй байна” гэж хэргийн жинхэнэ үнэнийг илчлэв. Тиймээс шинэ нотлох баримтын хүрээнд шүүх хурлыг эхнээс нь дахин явуулах хүсэлт гаргалаа. Ингээд 2020 онд Малайзын шүүх зөвшөөрснөөр, Азили Хадригийн хүсэлтээр шүүх хурлыг дахин явуулахаар боллоо. Үүнтэй зэрэгцээд, 2020 оноос Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак 700 сая ам.долларын хэргээр шүүгдэж эхлэв. Улмаар тэр эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига авсан, мөнгө угаасан гэх мэт 13 зүйл ангиар яллагдаж, 12 жилийн хорих ял сонслоо. Ийнхүү Нажиб Разак өөрийн зөвлөх Разак Багиндаг өмгөөлж хамгаалах байтугай, өөрийгөө ч хамгаалж чадахгүй нэгэн болж хувирав.Ингээд 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд Малайзын шүүхээс Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн амь насыг онц хэргийгээр хөнөөсөн хэрэгт Разак Багинда, Азила Хадри, Сирул Умар нарын гурван хүнийг, мөн Малайз Улсын Засгийн газрыг буруутай гэсэн шийдвэр гаргалаа. Ийнхүү 16 жилийн дараа С.Шаарийбуу охиных нь үхлийн захиалагч Разак Багинда гэгч байсныг албан ёсоор тогтоолгож чадсан юм. Тэр охиндоо, ханьдаа, хоёр зээдээ амласан амлалтдаа хүрсэн. Энэ урт удаан хугацааны дараа тэр “Ямар ч байсан охины минь амь насыг зэрлэгээр хөнөөсөн жинхэнэ хэрэгтнүүдийг олж, хариуцлагыг нь үүрүүлсэн. Энэ миний ялалт, бас тайтгарал” гэж хэлсэн юм. Гэхдээ С.Шаарийбуу одоо Малайз руу дахиад нэг удаа явах ёстой. Учир нь, 2022 онд Малайзын шүүхээс хохирогч Ш.Алтантуяагийн ар гэрт таван сая рингит буюу 1.1 сая ам.долларын нөхөн олговор олгохыг Малайзын Засгийн газарт даалгасан шийдвэр гаргасан. Гэвч Малайзын Засгийн газар энэ шийдвэрийг биелүүлээгүй тул 2025 оны хоёрдугаар сард Малайзын шүүхээс дахин Ш.Алтантуяагийн ар гэрт олгох нөхөн олговорыг 30 хоногийн дотор олгохыг Малайзын Засгийн газарт даалгасан. Хариуд нь Малайзын Засгийн газар давж заалдсан. Давж заалдах шүүх хурал 2025 оны тавдугаар сарын 19-нд товлогдоод байсан ч 2025 оны аравдугаар сарын 16-нд болж хойшлоод байна.
Өдгөө С.Шаарийбуу 75 настай. МУИС-д амьдралынхаа 40 жилийг зориулж, мянга мянган шавь нартаа эрдэм мэдлэгээ харамгүй түгээснийг нь үнэлж, өнгөрөгч 2024 онд түүнд Монгол Улсын Гавьяат багш цол олгосон. Бас эгэл жирийн багш эрх мэдэлтэнтэй хэрхэн тэмцэж болдгийг, тэвчээртэй, тууштай байвал шударга ёс ялж болдгийг амьдралынхаа 19 жилээр үлгэрлэж харуулсныг нь үнэлж, түүнийг “Энхийн төлөө” шагналаар 2025 оны хавар шагнажээ. Хамгийн гол нь, С.Шаарийбуу эцэг хэмээх эрхэм алдраа хамгаалж, эцэг хүний үүргээ үнэнчээр биелүүлсэн. Одоо тэр охиныхоо өмнө, том зээгийнхээ өмнө гэмшихээ больсон байх. Энэ л түүний 19 жилийн тэмцлийнх нь хамгийн том шагнал. Бас том зээгээ эрийн цээнд хүргээд, хайртай бүсгүйгээ дагуулаад ирэхэд нь дутах юмгүй айл болгоод, тусад нь гаргачихсан сайхан амьдарч байгаа гэсэн. Тийм ээ, тэр тэнгэрээс харж буй охиндоо одоо нүүр бардам болсон.Тэр одоо охиноо санахаараа өврийн бор дэвтэр дээрээ шүлэг бичээд суудаг гэсэн.
Түүний тэмдэглэлийн дэвтэрт:
Догшин хувь тавилантай дууссан ч
Доргитол хэлүүлж мөнхөрсөн
Долоон бурхны оройд байх морь жилтэй
Домог биш ч, үнэнд үлдсэн охин минь... гэх дөрвөн мөрт дурайж байна.
| ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ... |
|