УИХ-ын гишүүн асан судлаач Д.Ганхуягийн нийтлэлийг хүргэж байна.
Доорх тайлбаруудаас 126 гишүүнтэй УИХ-аас “Сүүлийн найман жил буруу явуулж ирсэн, ард иргэдийг залилан хуурсан байдалтай, тэдний амьдралын чанарын өсөлтийг зогсоосон болон уруудуулсан, баян ядуугийн ялгааг ихэсгэж ядуурлыг нэмэгдүүлсэн, эсрэгээр эрх баригч намын дарга улс төрчид болон тэдний тойрон хүрээлэгчдэд ээлтэй, төрөөс олон тэрбумтаныг төрүүлдэг” төсөв, санхүү, мөнгөний, ТӨК-иудын засаглалтай холбоотой буруу, алдаатай бодлогыг засахыг шаардаж байгаа юм.
Төр томорсноор хувийн хэвшлийн орон зай хумигдаж, авилга өсөж, ядуурал нэмэгдсэн нь нотлогдож байна. Ирэх оны улсын төсөв нь 2027 онд Монгол Улсын “895мянга” орчим өрхийн хэтэвч (орлого) зузаарах уу, эсвэл дундрах уу гэдгийг шийднэ. Өнөөдөр “Ард иргэдийн амьдрал нь ам.доллартай харьцах төгрөгийн ханшны огцом бууралтаас улбаатай төгрөгийн худалдан авах чадварын уналт,инфляц ба юмны өсөлт, өндөр зээлийн хүү зэрэг гурвалсан дарамтанд тэсэхийн аргагүй” болж байна.
Хүмүүс буруу байвал ард иргэддээ шүүмжлүүлэх гэж, сайн байвал дахин сонгогдох гэж УИХ-ын гишүүн болдог байх. Иймд би энэ удаад иргэнийхээ хувьд УИХ-ын гишүүддээ шүүмжлэлтэй хандаж буйг ойлгоно биз ээ. Ард, иргэдийн амьдралын нөхцөл байдал хүнд байна. Миний хувьд “Иргэн хүний сайхан чанар бол Монгол орноо гэсэн сэтгэл” гэж боддог, үүндээ үнэн ч явж ирсэн. Түүнчлэн сайхан Монгол орны иргэний хувьд хойч ирээдүйдээ ажиллаж, амьдрах өнөөгийнхөөс илүү таатай сайхан орчныг бий болгож үлдээх нь миний туйлын зорилт , мөн үзэл санаа минь юм. Иймд улс төрөөс гарснаасаа хойш улс төр, эдийн засгийн чиглэлээр тогтмол судалгаа хийж байна. Тэгээд сошиал орчинд тогтмол мэдээлэл оруулдаг юм.
2024 оны сонгуулиар 124 гишүүнтэй УИХ бүрдэж, одоо гурав дахь жилдээ орж байна.Парламентын засаглалтай Монгол Улсад УИХ-ын үйл ажиллагааны үр дүн буюу “УИХ-аас гарсан шийдвэр нь Монгол Улсын хөгжлийг хааш нь хөтлөсөн бэ. Тодруулбал УИХ-аас гаргасан шийдвэр нь ард,иргэдийн амьдралд ямар үр дүн авчирсан бэ. УИХ нь гаргасан шийдвэрээ хэрэгжүүлүүлэхэд ЗГ-ыг хэр сайн шахаж, хяналт тавьж ажилласан бэ” гэсэн хоёрхон том үзүүлэлтээр дүгнэгддэг. Мэдээж үүнээс ч олон үзүүлэлтээр ч дүгнэх боломжтой.
Ардчилсан, зах зээлийн эдийн засагтай, хуулийн болон парламентийн засаглалтай оронд “Төр, засаг ард түмнийг удирдана” гэж ярих нь ихээхэн хоцрогдсон” үйлдэл юм.
Харин улс орны хөгжлийг төрийн бодлогын шийдвэр нь хааш нь хөтлөх вэ гэдэг нь чухал. Тодруулбал төр,засгийн ажлын үндсэн чиг үүрэг нь иргэдийн ажиллаж, амьдрах таатай, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэх юм. Гэтэл төр, засаг долоо хоног бүр л ТӨК-иудын удирдлагын холио солио луйврын асуудал ярина. ТӨК-иуд нь улс төрөөс хараат бус засаглалтай байдаг юм.Одоо болиочээ, Засгийн газар аж ахуй бизнесийн ажилд хутгалддаг хоцрогдсон ажлаасаа татгалзсан нь дээр гэж хэлэх байна! Бусад хөгжилтэй орныг судлаасай!
Тэгвэл өнөөдөр “Ард иргэдийн амьдрал нь ам.доллартай харьцах төгрөгийн ханшны огцом бууралтаас улбаатай төгрөгийн худалдан авах чадварын уналт,инфляц ба юмны өсөлт, өндөр зээлийн хүү зэрэг гурвалсан дарамтанд тэсэхийн аргагүй” болж байна.
Энэ байдал нь сүүлийн 10 жилд сонгуулийн мөчлөг бүрээр (УИХ-ын болон ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил) төсвийн зардлыг 25-35 хувиар арай дэндүү огцом тэлж ирсэнтэй шууд холбоотой нь судалгаагаар тогтоогддог. Засгийн газар төсвийн зардлын их хэмжээгээр тэлэхэд Монголбанк нь мөнгөний нийлүүлэлтээ өсгөнө, энэ өсгөлт нь инфляцийг өдөөж, инфляц өсөөд ирэхээр, Монголбанк энэ инфляцийг хязгаарлахын тулд бодлогын хүүгээ өсгөх үйлдэл давтагдаж ирсэнээр үр дүнд нь арилжааны банкны зээлийн хүү өндөр хэвээр буюу 24 хувь болон түүнээс дээш хувьтай байна. Энэ хүү нь бүс нутагт хамгийн өндөрт орж байна. Тухайлбал Монголбанк нь 2026 оны эхний хагас жилд гэхэд л 2025 оны бүтэн жилд нийлүүлсэн мөнгөтэй тэнцүү хэмжээний мөнгийг зах зээлд нийлүүлжээ.
Ийм байдлаар инфляцийг өдөөснөөс болж одоо хүнсний инфляц нь 30 хувьд ойртсон гэх. 2020, 2021, 2024 онуудын сонгуулийн өмнөх жилүүдэд мөнгөний нийлүүлэлт, түүнчлэн төсвийн зарлдлыг ихээр тэлж,цалин тэтгэвэрийг нэмсэнээр хэрэглээ огцом өсч, дараа жилд нь төгрөгийн ам.доллартай харьцах ханш огцом унаж, инфляци өсдөг загвар давтагдсаар иржээ. Одоогийн байдлаар Засгийн газрын УИХ-д 2027 онд төсвийн зарлагыг 32.3 хувиар тэлэх хуулийг өргөн барьсан.Тэгэхээр мөнгөний нийлүүлэлтийн өсөлт,энэ төсвийн зардлын тэлэлт хоёр нь хоорондоо уялддаг нь ойлгогдох байх.
Энэ байдлыг сонгуулийн мөчлөг (улс төрийн шинж чанартай)-ийг дагасан төсөв санхүү, мөнгөний бодлого (procyclicality)гэж тодорхойлдог.
Ямар ч байсан Монголбанк нь 2026 онд инфляцийг УИХ-аар батлуулсан хүрээнд байлгах, төгрөгийн ханшны тогтвортой байдлыг хангах гэсэн хоёр үндсэн ажлаа олигтой хийж чадсангүй.Үүнийг нь УИХ нь хэрхэн дүгнэхийг нь харах л үлджээ. Цаашид Монгол Улс
сонгуулийн мөчлөгт зориулсан төсвийн урсгал зардал буюу Засгийн газрын зардлыг огцом тэлдэгийг зогсоож, төсвийн тогтвортой байдлын хуулиа мөрдөж, өмнө нь баталсан төсвийн хүрээний үзүүлэлтүүдээ өөрчлөхгүй байх шаардлагатай болж байна. Мөн Монголбанкны улс төрөөс хараат бус бие даасан байдлыг чангатгаж, удирдлагад нь улс төрчдийн тавиул биш,мэрэгжилдээ үнэн ч олон түмний амьдралын чанарыг нэн тэргүүнд тавих ёс зүйтэй хүнийг томилдог болмоор байна.
Үүнээс гадна улс төрийн шалтгаантай мөнгө, санхүүгийн бодлогоос урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгож, үүнийг хуульчлах хэрэгтэй болсон байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд эдийн засаг жил бүр өссөн, төгрөгөөр илэрхийлсэн нэрлэсэн ДНБ( nominal GDP) 4.3 дахин өссөн, төсвийн зарлагыг 4.5 дахинаас илүү тэлж, иргэдийн цалин, тэтгэврийг сонгууль бүрийн өмнө нэмж ирсэн ч яагаад иргэдийн амьжиргааны чанарын түвшин бараг хэвэндээ, зарим үзүүлэлт нь бүр доошилсон байна вэ.
Энэ нь хамгийн анхаарал татсан асуудал юм.
Тэгвэл өнгөрсөн 10 жилд төгрөгөөр илэрхийлсэн ДНБ-ний бодит өсөлт ( real GDP) 1.6 дахин л нэмэгдсэн. Энэ төгрөгөөр илэрхийлсэн 4.3 дахин өссөн, нэрлэсэн ДНБ( nominal GDP) болон төгрөгөөр илэрхийлсэн 1.6 дахин өссөн бодит ДНБ( real GDP) хоёрын зөрүү нь юу юм бэ. гэж бодох байх. Энэ зөрүүг ерөнхийд нь инфляц болон юмны үнийн өсөлт гэж үзнэ.Тухайлбал 2026 он орсноор сүүлийн таван жилийн инфляцийн өсөлт 2022 он 15.2 хувь, 2023он 10.3, 2024 он 6.2, 2025 он 8.6, 2026он( эхний 8сар)13 хувийн өсөлттэй байна. Эндээс харахаар энэ Монголбанк нь үүрэгт ажлаа хэрхэн биелүүлж ирсэн нь харагдах байх. Энэ Төв банк арай дэндүү байсан даа. Саяхан Төв банк нь 2027 оноос баялагийн баталгаагүйгээр мөнгө хэвлэхгүй гэж мэдэгдсэн бололтой. Энэ одоо юу гээд байгаа юм бэ. 2027 оноос өмнө төгрөгийн ханшийг цаас болтол нь мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлж ирсэнээ хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг үү. Тэгвэл энэ үйлдэл нь улсын хөгжил, иргэдийн амьжиргааны эсрэг гэмт хэрэг биш юм уу.
Эндээс харахад сонгуулийн өмнөх жил төсвийн зардлыг ихээр тэлсээр ирсэн нь хуримтлагдсаар дараагийн жилүүдэд инфляцийг хөөрөгдсөөр ирсэн байна гэж дүгнэгдэх байх.
Ам.доллараар илэрхийлсэн, нэрлэсэн ДНБ( nominal GDP) нь 2.27 дахин өссөн бол , ам$ илэрхийлсэн бодит ДНБ( real GDP) нь 1.54 дахин өссөн байдалтай. Үүгээр зогсохгүй нэг иргэнд ногдох ам$-ээр илэрхийлсэн бодит ДНБ нь 46 орчим хувь буурчээ.
Ийм л учраас 126 гишүүнтэй УИХ-аас “сүүлийн найман жил буруу явуулж ирсэн, ард иргэдийг залилан хуурсан байдалтай, тэдний амьдралын чанарын өсөлтийг зогсоосон болон уруудуулсан, баян ядуугийн ялгааг ихэсгэж ядуурлыг нэмэгдүүлсэн, эсрэгээр эрх баригч намын дарга улс төрчид болон тэдний тойрон хүрээлэгчдэд ээлтэй, төрөөс олон тэрбумтаныг төрүүлдэг” төсөв, санхүү, мөнгөний, ТӨК-иудын засаглалтай холбоотой” бодлогыг засахыг шаардаж байгаа юм.
Яаж засах вэ, гэвэл их энгийн 2027 оны төсвийн зарлагын тэлэлтийн 32.3 хувийг 2027оны төлөвлөсөн ДНБ-ний өсөлтийн 5.8 хувь хүртэл бууруулах. Үүнээс хэтрүүлвэл алдаа давтагдаж ард, иргэдийн амьдралыг дахин туйлдуулсаар байх болно. Тэр төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэрийг нэмж болно. Үүнийг хэн ч эсэргүүцэхгүй. Гэхдээ энэ нэмэлт нь нэг жилийн дотор инфляцад идэгдээд дуусах нь тодорхой байна. Инфляц өндөр байхад төсвийн урсгал зардлыг огцом тэлэх нь инфляцийг хурдасган өрдөж, үндэстэнээрээ хохирьё гэсэнтэй агаар нэг сонсогдож байна. Иймд Засгийн газар нь УИХ, мөн УИХ дахь цөөнхөд “төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэрийг нэмүүлэхгүй байна гэж тулгалт хийж байгаа нь бурангуй бөгөөд балмад үйлдэл бус уу.
Энэ нэмэлтийг төсвийн зардлыг тэлж шийддэг бурангуй аргаараа биш, одоо байгаа төсвийн үр ашиггүй, үрэлгэн зардлыг бууруулах, хэмнэх замаар бүрэн шийдэх боломжтой. Тухайлбал хөгжилтэй чинээлэг орнууд жижиг том цахилгаан станцыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байна, сургуулийн өмнөх боловсрол болох цэцэрлэгийн 50-60 хувь ( бидний байнга жишээ татдаг Солонгос, Японд )-ийг нь хувийн хэвшил нь бүрэн авч явж байна. Эмнэлгийн барилга шинээр барих шаардлагагүй,одоо байгаа эмнэлэгүүдээ орчин үежүүлж эмч, сувилагч нарынхаа цалин хангамжийг сайжруулах хэрэгтэй байна, ингэхгүй бол тэд гадагш явсаар байх болно. Харин тэр хавдарын эмнэлгээ бол хурдан барьж дуусгах хэрэгтэй байна.
Ийм үед УИХ болон Засгийн газар нь Бүтцийн Өөрчлөлт болон Эдийн Засгийн шигэчлэлийг олон улсад байдаг сонгодог загвараар нь хийж төсвийн буюу ЗГ-ын урсгал зардлыг бууруулах, хэмнэх нь хамгийн зөв шийдэл байдаг. Тухайлбал, 20 яамыг үсрээд 14 яам болгох бүрэн боломж бий. Монгол Улс нь Хятад, ОХУ,Солонгос, Япон, Герман зэрэг улсуудтай эдийн засгийн томоохон чухал харилцаатай. Тэгээд эдгээр орны ихэнхэд нь Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам(ЭЗХАҮЯ) гэсэн Засгийн газрын бүтэц эсхүл ижил төстэй бүтэц байдаг. Иймээс эдгээр улсууд хоорондоо харилцахад хялбар байдаг гэдэг. Монгол Улс ч гэсэн ЭЗХАҮЯ-тай болоод энэ бүтцээ 12-16 жил хадгалахад, Монгол Улсын хөгжилд маш их түлхэц болно гэж үзэж байна. ЭЗХАҮЯ-нд одоогийн ЭХЯ, АҮЭБЯ, Эрчим хүчний яам, Зам тээврийн хөгжлийн яамыг нэгтгээд салбаруудыг нь дэд сайд нарт хариуцуулах. Харин дэд сайд нар салбарын туршлага, мэрэгжилтэй УИХ-ын гишүүн байх учиртай. Монгол Улсад ч үүнийг хуулиар хориглосон зүйл байхгүй. УИХ-ын гишүүн дэд сайд байх нь мөрийн хөтөлбөрийн амлалтаа ухамсарлах учраас илүү хариуцлагатай байдаг.Юуны төлөө 126 гишүүнтэй болсон билээ! Монгол Улсад МАН-ын, эсхүл АН-ын эдийн засаг гэж байх учиргүй. Тэгвэл өнөөдөр эрх баригч МАН-ын Засгийн газрын залуу сайд нарт өнөөг хүртэлх эдийн засаг, төсөв ба санхүү, мөнгөний буруу, хуудуутай бодлогыг засч иргэдийнхээ бодит орлогыг жил бүр өсгөдөг шинэ бодлогыг гаргах боломж нээлттэй байна.
УИХ дахь цөөнх АН-д ч ийм боломж байна. АН-ын бүлэг эдгээр бодлогуудаар өөрийн бүрэн бие даасан хувилбар( Alternative bugdet 2027 , Opposition DP in Mongolian Parliament)-ыг гаргаж олон нийтэд танилцуулах учиртай.
Үүгээр зогсохгүй хэрэв АН-д 2028 оны сонгуульд ялах чин сэтгэлтэй бол 2035 он хүртлэх урт хугацааны эдийн засгийн болон иргэдийн амьжиргааны чанарыг дээшлүүлэх үндсэн зорилтуудыг тоон үзүүлэлтийг, жил бүрээр ( KPI key performance indicator), дунд болон урт хугацаагаар (КGI key goal indicator) гаргаж одооноос олон түмэнд танилцуулах хэрэгтэй.Тэрнээс асуудлыг шийдэх өөрсдийн хувилбаргүй ,аар шаархан, дэл сул шүүмжлэл бол хол явахгүй болсон. Энэ хүндрэлтэй цаг үед иргэд өдөр бүр суралцан хэрсүүжсээр байна.
Энэ 10 жил (2026 он орсноор)-д МУ-ын эдийн засаг ДНБ-ээр тооцоход 57 хувиар, төсвийн зардал 4.5 дахин, экспорт 3.2 дахин, төрийн эдийн засаг дахь оролцоо 70 хувьд хүрч, улсын төсвийн зардалд эзлэх урсгал зардлын хэмжээ 80 хувьд ойртож ТӨР ҮНЭХЭЭР ДАНХАЙСАН БАЙНА.
Төр ийнхүү ТОМОРСНООР хувийн хэвшлийн орон зай хумигдаж, авилгал өсч, ядуурал нэмэгддэг нь энэ нийтлэлийн тайлбаруудаар нотлогдож байна. Төр ийнхүү ТОМОРСНООР эсрэгээр иргэд, айл өрхүүдийн амьжиргааны түвшин хэрхэн уруудсан байна вэ.
Авилгалын индекс 80 дугаар байрнаас 124-т орж 44 байраар ухарсан, ам.доллартай харьцах төгрөгийн ханш 46 орчим хувиар буурч, төгрөгийн худалдан авах чадвар 52 хувиар унаж, өргөн хэрэглээний бараа( инфляц тооцоход ашигладаг мах, гурил, бензин, цахилгаан, дулаан, орон сууц гэх мэт сагсны бараа үйлчилгээний үнэ) -ийн үнийн түвшин 2.1 дахин нэмэгдэж, импортын өргөн хэрэглээний салпитик( амны цаас), шүдний оо зэрэг бараа( зарим нь сагсны бараанд ордоггүй) -ны үнэ дунджаар гурав дахин нэмэгдсэн, ам.доллар илэрхийсэн дундаж цалин (2016 оны 3 сая₮-н цалин 1,540 ам$ байсан бол, өнөөдөр 830 ам$) 46 хувиар тус тус буурчээ. Үр дүнд нь Данхар төрөөс олон тооны тэрбумтан төрж, олон улсын хэмжээнд авилгалын үзүүлэлт муудаж, баян хоосны ялгаа нэмэгдэж, авдаг цалин нь амьжиргааны зардалд нь хүрэхгүй учир олон залуус гадагш дайжин, 10 монгол хүний тав нь нэн ядуу, ядуувтар амьдрах болсон байна.
Түүнчлэн 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө цалин тэтгэврийг нэмсэн ч, энэ нь 2025 болон 2026 оны буюу өнөөгийн инфляцид бүрэн идэгдэж дуусаад хасах болжээ. Төр, засгийн энэ явуургүй,доороо хий эргэсэн, ухарсан ажлыг “ Муу хүний ажил 13 дахин” гэдэг онч үгээр зүйрлэх нь тохиромжтой болов уу.
Энэ байдлыг Дэлхийн банк "2025 онд эдийн засгийн өсөлт нь 6.9 хувьтай байсан ч, энэ өсөлтийн ашиг тус өрхүүдэд хүртээмж муутай байна.Өрхийн бодит орлогын өсөлт нь удааширч, өндөр инфляци нь энэ орлогын өсөлтөнд дарамт болж байна” гэж дүгнэсэн байдаг. Нийт иргэддээ хүртээмж муутай эдийн засгийн өсөлтийг эрх баригч намын улс төрч дарга нар, тэдний тойрон хүрээлэгчдэд ээдтэй эдийн засгийн өсөлт гэдэг гэх. 2026 оны өнөөгийн байдлаар инфляц 13хувьд хүрсэнээр өрхийн бодит орлого таван хувиар уначихсан байна. Энэ инфляцийн өсөлтөнд шатахууны тасалдалт, үнийн өсөлтөөс улбаалсан тээврийн зэрэг зардлын өсөлт, мөн дулааны үнийн өсөлт нь ороогүй байгаа.
Тэгээд УИХ нь өөрөө баталсан 2026 оны эдийн засаг, төсвийн бодлогыг зорилтонд хүргэж хэрэгжүүлж чадаагүй Засгийн газар, түшнчлэн мөнгөний бодлогоо өөрийнх нь саналаар батлуулсан ч инфляцийн голч нь дахин нэмэгдэж, төгрөгийн ханшны тогтвортой байдлыг хангаж чадаагүй Монголбанкны ажлыг дүгнэж, шаардлагатай бол хариуцлага ярьдаггүй юм уу.
УИХ-ын гишүүдийн тухайлбал УИХ-ын ажлыг олон улсад хэрхэн дүгнэдэг талаар дээр ярьсан. Сүүлийн 10 жилийн эдийн засаг, төсөв, мөнгөний бодлого буруу явж ирсэнээр Улсын төсвийн зардал 4.5 дахинаас илүү нэмэгдэж, эдийн засаг дахь төрийн оролцоо бүс нутагтаа тэргүүлж, төсвийн урсгал зардал нь төсвийн нийт зардлынхаа 80 хувьд хүрсэн, 2016 онтой харьцуулахад Засгийн газрын гадаад цэвэр өр 2026 онд 2.7 дахин, 2027 оны төсвийн төслөөр 3.2 дахин нэмэгдэхээр байна. ЗГ-ын гадаад өр нэмэгдэх нь зээлийн хүү нь төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэхээс гадна, Монгол Улсад бол эргүүлж гадаад валютаар нь төлөх үед ам$-тай харьцах ₮-н ханшны уналтаас ханшийн зөрүүний их алдагдалыг хүлээдэг. Энэ алдагдалын хэмжээг тооцож байгаа байгууллага байгаа юм уу. Лав хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэх байх.
Гэтэл энгийн иргэд, айл өрх талдаа бол төгрөгийн ам.доллартай харьцах хашны бууралтаас улбаалж худалдан авах чадвар уначихсан, өргөн хэрэглээний барааны үнэ 2-3 дахин өсчихсөн, зээлийн хүү өндөр хэвээр, өнөөгийн өндөр инфляцаас болж айл өрхийн бодит орлого таван хувиар буурчихсан, 13 хувийн өнлөр инфляц нь орлого багатай иргэдэд илүү хүнд тусч, улмаар орлого багатай давхаргыг нэмэгдүүлж, дундаж орлоготой давхрагыг нимгэлсээр байна. Тэгэхээр 126 УИХ-ын гишүүн тодруулбал УИХ-ын шийдвэрийн биелэлт нь маш тааруу байдалтай байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл УИХ-н гишүүдийн “Улс, нийт иргэдийн эрх ашгийг дээдэлнэ” хэмээх тангараг биелэлээ олохгүй байна. Нөгөө талаас УИХ нь Засгийн газар болон Монгол банкны үйл ажиллагаанд хяналт тавьж 2026 оны үндсэн буюу эцсийн зорилтоо гол үзүүлтүүдээр нь хэрэгжүүлүүлэхэд шахан шаардаж ажиллуулж чадаагүй гэсэн дүгнэлтэнд хүрнэ байх.
Дээр дурьдсан УИХ-ын гаргасан шийдвэрийг Засгийн газар нь хэр хэрэгжүүлсэн болохыг олон улсад Government Effectiveness буюу Засгийн газрын үйл ажиллагааны үр ашиг гэх үзүүлэлтээр хэмждэг.Энэ үзүүлэлт нь товчхондоо "засгийн газар УИХ-ын болон өөрийн гаргасан бодлогуудаа хэр үр дүнтэй хэрэгжүүлж, иргэддээ төрийн үйлчилгээг хэр сайн үзүүлж байгааг" харуулдаг үзүүлэлт юм.Гэтэл энэ үзүүлэлт 2017 онд 41хувьтай байсан бол 2025 онд 34 хувь болж даруй долоон хувиар буурчээ. 2026 онд энэ үзүүлэлт сайжраагүй явж байна.Энэ үзүүлэлтээр 2025 оны байдлаар Япон 96.7, Өмнөд Солонгос 90.6 , Хятад 73.6, Казахстан 57.1, Вьетнам ойролцоогоор 56, Монгол Улс 34 хувьтай л байна.
Монгол Улсын энэ үзүүлэлт 50 хувиас доош байгаа нь тун дааруу дүн авч байна гэсэн үг. Дараагийн УИХ-ын гишүүд гол нь олонхын бүлгийн гишүүд, олонхын Засгийн газрын ажлыг хэмждэг үзүүлэлт нь төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийн үзүүлэлт ( Public Investment Efficiency Gap) юм.
Энэ үзүүлэлт 2016 онд 54 хувьтай байсан бол 2025 онд 41хувьтай болж даруй 13хувиар буурч, олон улсын хэмжээнд энэ үзүүлэлтээр сүүл мушгиж байна. Энэ үзүүлэлт 2026 онд дордох уу гэхээс дээрдэхгүй нь тодорхой байна. Төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийн үзүүлэлт нь ийм муу байгаа нь Засгийн газар улсын төсвийн хөрөнгө оруулалтын арга хэмжээгээ ач холбогдлоор нь ЭРЭМБЭЛЭХГҮЙ-гээр УИХ-д өргөн барьж ирсэнтэй шууд холбоотой.
Эрэмбэлэх гэдэг нь хамгийн чухал зүйлээс эхлэн хязгаарлагдмал цаг хугацаа, хүн, мөнгө, бусад нөөцийг хуваарилах тухай нийтлэг аргачилал юм. Тухайлбал төсвийн хөрөнгө оруулалтан дээр эдийн засгийн үр өгөөж,нийгмийн үр өгөөж, төсвийн тогтвортой байдал, зардал ба үр дүнгийн оновчтой байдал,эдийн засгийн аюулгүй байдал гэсэн хүчин зүйлүүдийг ашиглаж эрэмбэлдэг.
Ер нь хөгжилтэй орны иргэд парламентийн гишүүдийнхээ ажлыг тэр тойрогт хийгдсэн хөрөнгө оруулалтаар бараг дүгнэдэггүй. Иймээс л “төрийн мөнгөөр буюу таны татварын мөнгөөр эмнэлэг сургууль зам барилга барьж өглөө гэж улс төрчдийг магтах нь таны мөнгийг гаргаж өгсөн АТМ-ийг магтахтай адил юм” гэсэн онч үг гарсан байх. Иймд баахан тууз хайчилдагаа зогсоож хоригломоор байна.
Сөрөг хүчний ажлыг ардчилсан, хөгжилтэй орнуудад олонхын Засгийн газарт хянал тавьж, бодлого өрсөлдүүлэн алдааг нь засч чадаж байсан уу. Хууль зөрчсөн улс төрийн албан тушаалтантай болон төрийн албан хаагч, хууль сахиулах байгуулагын ажилтан, ТӨК-иудын удирдах ажилтан зэрэг хүмүүстэй холбогдох хуульд заасан хүрээнд хариуцлага тооцуулж байсан уу,чадсана уу зэрэг үзүүлэлтээр хэмждэг. Тэрнээс юун хамтарсан ажлын хэсэг, ундааны улаан ногоон лазаар дохиулж асуудлыг дэмжиж барих. Энэ бол улс төрийн ёс зүй тун тааруу байгааг харуулна байх!
Харин нь Засгийн газар төсвийн хуулийг боловсруулахдаа цөөнхийн гишүүдийн тойргийн хөрөнгө оруулалт зэрэгт ялгавартай хандсан байвал Үндсэн хууль зөрчсөнд тооцогдож холбогдох сайдыг огцруулах асуудал зүй ёсоор тавигддаг улс төрийн соёл байдаг. Тэрнээс УИХ дахь цөөнхийн гишүүн нь тойргийнхоо хөрөнгө оруулалтын асуудлаар эрх баригч намын сайд, дарга нарт тал засах, хувийн ашиг сонирхлоор асуудлаа шийдүүлэх нь улс төрийн ёс зүйгүй асуудалаас гадна, ард иргэдийн сонголтонд хүндэтгэлгүй хандсанд тооцогдоно.
2027 оны улсын төсөвт "ДЦС-3"-ын дэргэд 300 Мвт-ын "ДЦС-6" барина. "ДЦС-3"-ыг засварлан шинэчилж, олон жил гацсан 10 аймгийн ДЦС-г ашиглалтад оруулна” гэж тусгасан гэж ойлгосон.Хэрэв энэ станц барих ажлыг өвддөггүйгээр нь улсын төсвөөс санхүүжүүлж,төрийн өмчит компаниудыг шинээр байгуулж нөгөө тавиулуудаараа удирдуулах гэж байвал маш буруу гэж хэлэх байна. Өнөөгийн хөгжилтэй, хуулийн засаглалтай зах зээлийн эдийн засагтай орнууд эрчим хүчний салбар дахь аюулгүй байдлын болон төрийн хяналт зохицуулалтаа “цахилгаан эрчим хүч дамжуулах гол сүлжээгээрээ” дамжуулан хийж байна. Энэ дамжуулах сүлжээг бүсчилсэн байдлаар төрийн өмчит хувьцаат компаниуд менежментийг нь хийж байна. Одоо тухайлбал царилгаан эрчим хүч дамжуулах гол сүлжээний тогны алдагдал нь хүндэрчихсэн гэж бичигддэг энэ ажлаа төр, засаг хиймээр байна.
Энэ компаниудад нь гадны хөрөнгө оруулалт бараг байдаггүй. Тэрнээс нийт эдийн засаг тэлэхийн хирээр жил бүр 10 гаруй хувиар өсч буй эрчим хүчний хэрэглээ жил бүр 10 гаруй хувиар өсч байхад тэр олон цахилгаан станцыг төр өөрөө барьж авч явна, менежментийг нь хийнэ гэвэл, үүн шиг бүтэхгүй зүйл байхгүй. Сэргээгдэх эрчим хүчний станцад маш цөөхөн хүн ажилладаг, дэвшилтэд технологийн нүүрсний цахилгаан станцад харьцангуй цөөн хүн ажилладаг, ялангуяа нүүрсний хий ашигладаг цахилгаан станцууд хүн хүч бага шаарддаг.
Түүнчлэн бүх төрлийн бүх оврын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станцуудыг бол гадаад, дотоодын хувийн хэвшлийн, их том оврынх бол төр, хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтаар шийдэж менежментийг нь хувийн хэвшлээр хийлгэж ирсэн туршлага байна, одоо бол улам эрчимжиж байна. Харин нь урт хугацааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай маш сайн гэрээний загвартай байх шаардлагатай. Тэгвэл Монгол Улсын эрчим хүчний салбарт гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт орж ирэх нь тодорхой.
Ингэснээр эрчим хүчний түүхий эдээр баялаг болон сэргээгдэх эрчим хүчний үүсвэр ихтэй Монгол улс эрчим хүч экспортлогч орон болох бүрэн боломжтой. Харин Засгийн газар гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх нь чухал үзүүлэлт байх болно. Цаашид Оюу толгойн гэрээ шиг хөрөнгө оруулагч компанитай байгуулах гэрээнд Засгийн газрын гишүүн улстөрчөөр гэрээнд гарын үсэг зуруулдгаа зогсоох хэрэгтэй. Угаасаа мэрэгжлийн бус байж юу нь ч гэрээнд гарын үсэг зурах дуртай юм гэж хэлмээр байна.Эс тэгвээс дуусашгүй маргаан болж үргэлж энэ маргаанд нь тусгаар тогтносон бүхэл бүтэн орны ЗГ үргэлж маргаанд холбогдон чирэгдэх нь үнэхээр утгагүй байна.
Оюутолгой компаниас 2027 онд гурван тэрбум төгрөгийн ноогдол ашиг авахаар болсон нь энэ Засгийн газрын сайн ажлуудын нэг нь мөнөөсөө мөн.Одоо зэсийн үнэ 2.3 дахин, алтны үнэ гурав дахин илүү нэмэгдчихсэн учраас ноогдол ашиг тавьж эхлэх хугацаа энэ хэмжээгээр богиносон наашлах нь ойлгомжтой байх. Уг нь 2010 оны ТЭЗҮ-ээр бол 2021 оноос МУЗГ 34 хувьд оногдох ноогдол ашиг авч эхлэхээр байсан. ТЭЗҮ бол гэрээний бүрэлдэхүүн хэсэг. Гэтэл ил уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлт( 3 орчим тэрбум ам $ буюу ойролцоогоор 70 орчим %)-ийг 2015 онд( байх) МУЗГ хүлээн зөвшөөрж Дубайн санамж бичгийг байгуулсанаар ноогдол ашиг авах хугацаа нь 2038 он болж даруй 17 жилээр хойшилсоныг Засгийн газрын төлөөний хүн УИХ дээр мэдээлсэн байдаг. 2014 оны сүүлчээр Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулаад АН болон МАН хамтарсан Засгийн газрыг байгуулсан.
Энэ Засгийн газрын Ерөнхий сайд нь АН, Сангийн сайд нь МАН байсан. Энэ Үеийн Сангий яам нь Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлттэй тайланг хүлээн авснаар Дубайн санамж бичиг байгуулагдах үндсэн нөхцөл бүрдсэн байдаг. Сүүлийн хоёр ч Засгийн газар нь Оюутолгойн гэрээнүүдэд өөрчлөлт оруулах гэж байна, орууллаа гэж мэдээлсээр байна.Гэхдээ хэлэлцээр нь үргэлжилж байгаа гэж ойлгосон.
Ер нь хоёр этгээд хамтарсан компани байгуулна гэдэг нь эрх ашиг нэгдээд нэг завин дээр сууна гэсэн үг. Гэтэл тэр Хувь нийлүүлэгчдийн гэрээний “компанийн үйл ажиллагааны зардал дээр нэмэх нь хөрөнгийн зардлаас хөрөнгө оруулагч тал нь менежментийн зургаан хувийн төлбөр авах” гэсэн заалт нь хоёр хувьцаа эзэмшигчдэд ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг. Энэ төлбөр нь одоо дөрвөн хувь болсон гэж яригдсан байх. Өөрөөр хэлбэл энэ заалтаас болоод хөрөнгө оруулагч тал нь зардлаа өсгөж менежментийн төлбөр (МТ)-өөр ахиухан ашиг орлогыг урьдчилаад дангаараа авахыг хүснэ. Засгийн газар тал нь зардал бага байснаар ашгийн татвар( Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар-ААНОАТ) их авах, улмаар энэ ААНОАТ төлсний дараахь ашгаас ноогдол ашгаа авахыг хүснэ. Энэ заалтаас болж хоёр талд ашиг сонирхлын зөрчил үүсэх нь тодорхой байх.Бүтээн байгуулалтын ид үед Менежментийн Төлбөрийн нэг хувь нь ААНОАТ-ын дөрвөн хувьтай тэнцэнэ гэж үзвэл, 24 хувийн ААНОАТ-тэй тэнцэх ашгийг хөрөнгө оруулагч тал Менежментийн Төлбөрөөр урьдчилаад авчихна гэсэн агуулгатай. Уг нь Менежментийн Төлбөрийг борлуулалтын орлоглос бүх зардлыг хасаад,татвар талөхийн өмнөх ашгаас өгдөг нь их нийтлэг юм билээ. Энэ тохиолдолд Менежментийн Төлбөр нь их бага байх нь хамаагүй, шудрага, ил тод байвал болоо. Энэ тохиолдолд ХН-чид хооронд ямар ч зөрчил үүсэхгүй.
Бурууг үе үеийн Монгол Улсын Засгийн газрын нь хөрөнгө оруулагч талд өгөх нь ямар ч утгагүй. Ямар хүчээр тэр улс төрч сайд нарыг нь гэрээнд гарын үсэг зуруулчихсан биш. Хөрөнгө оруулалтын зээлийн хүүгийн тухайд товчильё, хүн бүхэн ярьж байна. Энэ Засгийн одоо гэрээнүүдэд өөрчлөлт оруулах хэлэлцээрийг үргэлжлүүлж байна гэж ойлгосон. Хэрэг болвол гэж бодоод бичлээ. Миний үг нь ухаант дарга сайд нарт бараг хэрэггүй байхаа, тухайн жилийн улсын төсөв нь ард иргэдийн амьралд хамгийн их нөлөөтэй төрийн бодлогын шийдвэр юм.
Ирэх оны Улсын Төсөв нь 2027 онд Монгол улсын“895мянга” орчим өрхийн хэтэвч( орлого) Зузаарах уу, дундрах уу гэдэгт хамгийн ихээр нөлөөлнө
УИХ-д өргөн баригдсан 2027 оны Төсвийн тухай багц хуулийг хууль санаачлагч нь буцаан татан авч Үндсэн хууль (ҮХ)болон бусад холбогдох хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Үндсэн хууль болон улсын төсөвтэй холбогдсон бусад хуульд заасан “Төрийн бодлого тогтвортой байна” гэсэн заалт хэрэгжихгүй болоод удаж байна. Тухайлбал Төсвийн тогтвортой байдлын хуульд заасны дагуу Засгийн газаас өргөн барьж зургаахан сарын өмнө УИХ-аар батлуулсан Төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбогдсон хуулийг өөрчлөх хуулийг 2027 оны төсвийн хуулиудтай хамт УИХ-д оруулаад иржээ. Энэ байдал нь 7-8 жил давтагдаж.Төсвийн хүрээний мэдэгдэл нь өмнөх жилүүдийн гүйцэтгэлийн үр дүнд үндэслэж ирэх онд, түүнчлэн дараагийн гурван жилд ДНБ-д эзлэх улсын төсвийн орлого, зарлага, инфляцийн голчийн түвшин зэргийг тогтоодог маш чухал хууль. Энэ хуулиа мөрдөхгүй бол ямар ч тодорхой зорилт, төлөвлөлт байхгүй, тогтвортой хөгжил нь зөвхөн амны уншлага төдий болсон улс болон хувирч байгааг илтгэж байна.
Тогтвортой гэдэг үг нь дараагийн 3-10 жил ( дунд хугацаа 5 жил, урт хугацаа 10 жил)-ийн хугацааг илэрхийлдэг.Шалтгаан ҮХ-д зааснаар нь Засгийнгазар болон Ерөнхий сайд төрийн хууль биелүүлэх үүргийг УИХ-ын өмнө хариуцах үүрэгтэй. Гэвч, Үндсэн хууль болон улсын төсөвтэй холбогдсон бусад хуульд заасан “ Төрийн бодлого тогтвортой байна” гэсэн заалт хэрэгжихгүй болоод удаж байна.
| УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ |
|
Цахилгаан тоног төхөөрөмжийн галын аюулгүй байдлын чиглэлээр мэргэшүүлэх сургалт зохион байгуулжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |