Сүхбаатар дүүрэгт найман жил засаглаж, тойргоо тордсны эцэст “ногоон гэрлээр” УИХ-д орж ирсэн Хөххүүгийн Болормаа инженер мэргэжилтэй. “Улаанбаатар ресторан”-ы зохион байгуулагч, “Гүег” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2012 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Д.Бадарсангийн орлогчоор томилогдож улс төрд орсон тэрбээр 2016 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилогдож, найман жил Сүхбаатар дүүргийг удирдсан.
.jpg)
Х.Болормааг улс төрд өөд нь татсан хүн нь түүний хадам ах Д.Баттулга. Түүнийг улс төрийн хүрээнийхэн “халзан Баттулга” гэвэл андахгүй. Тэгвэл “халзан” хочит Д.Баттулга нь анх 1996 онд Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдож байлаа. Гэвч 1999 онд “Казиногийн хэрэг”-ээр УИХ-аас хөөгдөж, хорихын хаалга татсан. Улмаар унасан улс төрийн карьераа 2005 онд Ц.Элбэгдоржийн татаасаар дахин сэргээж, Сүхбаатар дүүргийн АН-ын даргаар ажиллаж эхэлсэн. Өөрөөр бол, сонгинохайрханчуудын итгэлийг нэг мөр алдсан Д.Баттулга улс төрийн карьераа Сүхбаатар дүүргээс шинээр эхлүүлсэн. Улмаар Х.Болормааг Лу.Гантөмөрийн багш Даваасүрэнгийн Бадарсанг Сүхбаатар дүүргийн Засаг дарга болоход нь орлогч болгож төрд оруулж байсан түүхтэй.
.jpg)
Х.Болормаагийн хувьд тэрбумын орон сууцтай, чинээлэг гишүүдийн нэг. Тодруулбал, тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 390 сая төгрөгийн орлоготой, 2.3 тэрбум төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай, 582 сая төгрөгийн үнэт эдлэл, 746 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн. Мөн “Эй Би Жи Энерго” ХХК, “БДТТ” ХХК, “Манзишир хид” ХХК, “Бат сити” ХХК, “Даш кредит” ХХК, “Доргот чандмань” ХХК, “Улаанбаатарын хөлбөмбөгийн холбоонд хувьцаа эзэмшдэг гэжээ.
Үндсэндээ Х.Болормааг Сүхбаатарын солгой гарын ганц тендерчин гэдгээр олон нийт мэдэх болсон. Тэрбээр хамаарал бүхий компаниудаараа дамжуулан төрийн тендерийг хэрхэн түүдэг баримтыг хүргэе. Х.Болормаагийн хувь эзэмшдэг “Эй Би Жи Энерго” ХХК-ийн эзэмшигчээр түүний нөхөр Цэрэндэжидийн Дашцэрэн бүртгэлтэй. Харин гүйцэтгэх захирлаар нь Хөххүүгийн Бямбацогт бүртгүүлсэн байна. Тус компаниараа дамжуулан
-11-р сургуулийн барилгын буулгалтын ажил
5д магистраль ДХ-5155 – ДХ-5149 худгийн хооронд 2Ф400мм голчтой 284 хос метр шугамыг хэсэгчилэн шинэчлэн солих
-Үйлдвэрийн районы 35 кВ-ын 35/6 кВ-ын 2*6300 кВА дэд станц, 35кВ-ын хуурай салгуурын пунктын өргөтгөл /Дархан-Уул/
-Багц 40: Гэр хорооллын хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлын бүсийн гэр хорооллын айл өрхийг цахилгаан хангамжаар хангах ажил, СБД, /ЭХА-2017/05-40/
-Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах ажил
-Найрамдал-А фидерийн ачааллыг хувааж,10кВ-ын хүчдлийн түвшинд шилжүүлэх, шугамын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, АТП-1664, 2652, 2061, 3748, 1426, 3920-ын ачааллыг хөнгөлөх, АТП-2652, 1664, 3748-ын д/с-н чадлыг томсгох ажил
-r-35 кВ-ын ЦДАШ-ыг 2 хэлхээт болгох, 35/6 кВ-ын Ваар, Баянхошуу дэд станцын өргөтгөл, шинэчлэл /Улаанбаатар/
Баяжуулах үйлдвэр – БТХ. Бутлуурын автоматжуулалт, удирдлагын шкаф шинэчлэх тэргүүтэй тендерийг авсан түүхтэй.
Х.Болормаа төрийн тендер сорчлон түүхээс гадна хүүтэй мөнгөөр иргэдийн халаасыг хоослодог нэгэн. Тодруулбал, “Х.Болормаа, Цэрэндэжидийн Дашцэрэн нарын эзэмшдэг “Даш кредит”, “БДТТ” ХХК нь Барьцаалан зээлдүүлэх, аялал жуулчлал, барилгын засал чимэглэл болон гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Х.Болормаа төрийн албанд тухалж, “Засаг ноён” хийж байхдаа төрсөн хүүгээ дипломат албанд шургуулж амжсан нэгэн. Тодруулбал, түүний хүү Дашцэрэнгийн Тэмүүлэн БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Ингээд зогсохгүй УИХ-ын гишүүн Х.Болормаа хүү Д.Тэмүүлэнгийнхээ найз М.Алтангэрэлийг Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилогдоход багагүй хэмжээний улс төрийн дэмжлэг үзүүлсэн гэгддэг. Тэрбээр М.Алтангэрэлийг тус дүүргийн Засаг даргын орлогчоор дэргэдээ авчраад байсан билээ.
Дээр дурдсанчлан М.Алтангэрэл, Д.Тэмүүлэн нар эртний найзууд төдийгүй бизнесийн салбарт халаас нэгтэй хамтрагчид юм. М.Алтангэрэл Х.Болормаагийн хүү Д.Тэмүүлэн хоёр “Таун гейм” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Мөн 2019 онд М.Алтангэрэл, Д.Тэмүүлэн хоёр “Даш нислэг” ХХК-ийг хамтран байгуулж, бизнесээ өргөжүүлж байсан түүхтэй. Гэхдээ М.Алтангэрэл найзынхаа ээж Х.Болормаагийн орлогчоор томилогдсон өдрөө буюу 2021 оны гуравдугаар сарын 2-нд М.Алтангэрэл “Даш нислэг” ХХК-ийн эзэмшигчийн бүртгэлээс нэрээ хасуулсан ч тэдний бизнесийн халаас салаагүй, хамтарсаар яваа.
Эцэст нь, Х.Болормаа УИХ-ын гишүүн болсон ч хүүгийнхээ найзаар дамжуулан Сүхбаатар дүүрэгт “эзэн” суусан хэвээр байгаа бөгөөд төрийн тендерүүд ч тэдний хоршлын компаниудын “халаасанд” орсоор байгаа биз ээ.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН СОЛГОЙ ГАРЫН ТЕНДЕРЧИН Х.БОЛОРМАА |
|