Ардчилсан нам өнгөрсөн сонгуулиар амь тавих дөхсөн. Сонгуульд сураггүй ялагдахгүйн тулд АН-ын удирдлагууд “халзан хурга”-наас бусдыг нь нэр дэвшүүлж, жагсаалтдаа багтаасан. Нөгөөтээгүүр ард түмэн туйлдаж, арга нь барагдсан АН-д хэдэн санал өгч, суудалтай болгосон. Сонгогчид “Сөрөг хүчин шиг ажиллаж, энэ улсыг сүйрлээс хамгаалаарай” гэж захиж, захиж сонготол сонгуулийн дараа намын дарга нь толгойлоод, хамтарсан Засгийн газарт ороод суучихсан. Ингээд ч тэдний “тоглолт” дууссангүй, иргэдэд барих “бэлэг” ч багадсангүй. Жагсаалтаар сонгогдсон гишүүд нь “жаалж” эхэлсэн. Үүний нэг нь АН-ын жагсаалтын16-д эрэмбэлэгдсэн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа намын даргынхаа цухлыг барж, нүүрийг нь хэдэн ч удаа улалзуулав. Намайг сонгосон сонгогч байхгүй, тойрог үгүй гэсэн шиг намын удирдлагуудынхаа өөдөөс цор цор хийж хүртэл үзсэн. Тодруулбал, тэрбээр Төрийн ордонд орсноосоо хойш гурван ч дуулиан “тариад” амжсан.

Нэгдүгээрт, “Би тэр хууль, эдийн засгийг чинь мэдэхгүй, би хэмжээгээ мэднэ. Би зүгээр эмнэлэгт хэвтэж, биеэ бодмоор байна. Та нар намайг төмөр хүн шиг явуулчихсан байна шүү, багш нар аа.
Хоёрдугаарт, сошиал хуудастаа “Үнэнийг цаг хугацаа шүүдэг болохоос өчүүхэн өт хорхойнууд шүүдэггүй юм. Атаархал, хорсол ханхалсан мөнгөний боолууд надаас хол байгаарай. Намайг чадах гэж яваад өөрсдөө ниргүүлдэг шүү. Миний мууг үзэж элдэвлэж яваад зарим нь шоронд, зарим нь шороонд булагдсан даа, хөөрхий.
Гуравдугаарт, “Багшийн хайр” ТББ-аар хандив цуглуулж, орон сууцанд орсон дөрвөн өнчин хүүхдийг хөөж гаргана. Хүний босгоод өгсөн орон гэрт амьдарч чадахгүй бол байсан газар руугаа явна биз. Би нэг ядарсан багшаа оруулчихна. Тэр хүүхдүүдэд хандив өгсөн хүмүүсийн олонх нь багш. Иргэд бараг байхгүй. Тэгээд ч би зээл аваад, хүүхдүүдийн байрны төлбөрийг төлсөн. Зээл авсан хүнийхээ нэр дээр орон сууцыг шилжүүлсэн байсан. Удахгүй хүүхдүүдийн нэр дээр шилжүүлнэ. “Багшийн хайр” ТББ-ын гишүүн Д.Мөнхбаатар багш бид хоёр хандивын мөнгөнөөс 25, 25 сая төгрөгийг зээлж авснаа буцаагаад төлчихсөн” гэсэн юм. Ийм гурван мэдэгдлээр тэр олон нийтэд өөрийгөө хэн бэ гэдгийг хангалттай таниулаад байна. Угтаа түүнийг багш нарын төлөөлөл, “Багшийн хайр” ТББ-тай, Багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны гишүүн гэдгээс нь өөрөөр мэддэггүй байлаа. Дээрээс нь, түүнийг Орос гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн ёс зүйгүйг нь,”илчилж” суудлаас нь буулгасан “баатар” гэж өргөмжилж байсан түүх саяхных.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Дорнод аймгаас гаралтай, 1989-1994 онд Дорнод аймаг дахь Багшийн коллежийг төгсөж, бага анги, монгол хэлний багш мэргэжил эзэмшсэн нэгэн. Гэхдээ тэр намтар, төгссөн сургууль, ажиллаж байсан газраа олноос “нуудаг”. Ордонд ороод найман сар болсон ч УИХ-ын Тамгын газарт намтраа мэдүүлээгүй, өнөөг хүртэл нээлттэй мэдээллийн санд байршуулаагүй байгаа юм. Сонгуулийн үеэр АН-ынхан тойргийн “бялуу”-гаа 300 сая төгрөгөөр үнэлсэн гэх. Тодруулбал, АН-ын гишүүд тойрогт нэр дэвших эрхээ авахын тулд дээр дурдсан мөнгийг намдаа хандив хэлбэрээ өгсөн гэсэн үг. Тойргийн ханш ийм хэмжээний байхад жагсаалтаар нэр дэвшигчдийн “татаас” хэд байсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэр дундаа намын жагсаалтыг толгойлж, эхний 20-д эрэмблэгдэхэд хэдийг төлсөн бэ гэдэг нь анхаарал татаж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа хэр бэл бэлчинтэй вэ гэдгийг танилцуулъя.
Ц.Мөнхтуяа жилийн орлогоо 20 сая, гэр бүлийн орлогоо 63 сая төгрөг гэж мэдүүлжээ. Тэрбээр орон сууц, барилга байгууламжгүй ч 25 сая төгрөгөөр үнэлэгдэх автомашин, 30 сая төгрөгийн үнэт эдлэл, 146 сая төгрөгийн үнэлгээтэй 831 толгой малтай гэж мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарт 20 гаруй жил ажилласан Ц.Мөнхтуяагийн нийт хөрөнгө 201 сая төгрөг гэнэ. Эцэст нь, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа олон нийтийн хандивыг зориулалт бусаар ашиглаж, хувьдаа завшихыг санаархсан, олон нийтийн сүлжээнд ёс бус үг, хэллэг удаа дараа ашигласан, бусдын амь нас, эрүүл мэндэд заналхийлж, сүрдүүлсэн гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагад шалгагдах болзлоо өөрөө нэгэнт хангажээ.

Гэсэн ч намын дарга нь улаан цээжээрээ хамгаалж, “Ц.Мөнхтуяа гишүүн бол өнгөрсөн дөрвөн жил боловсролын салбарт бугшсан авлигалтай ганцаараа хэрэлдсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн турш жагслаа, хэрэлдлээ, захирлуудтай туллаа, үзэлцлээ. Одоо Ц.Мөнхтуяагийн тухай хэдэн жилийн өмнөх бичлэгүүдийг нь гаргаад сэвээд байгаа тухай мэдсэн. Тэрийг нь тодорхой хүмүүс тараагаад байгаа тухай сонссон. Ардчилсан намын гишүүдийнх нь нэр хүндэд халдах зорилготой юм болов уу гэж харж байна” гэж тайлбарласан. Намын гишүүн нь бусдыг заналхийлж, эрх мэдлээ ашиглаж, дөрвөн өнчин хүүхдүүдийг хөхөө өвлийн хүйтэнд хандиваар боссон дулаан байрнаас хөөх тухай асуудал хөндөгдөж байхад ч Л.Гантөмөр хир халдаахгүй байгаа нь анхаарал татаж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХТУЯАГИЙН МУУГ ҮЗВЭЛ ШОРОНД ОРЖ, ШОРООНД БУЛАГДАНА |
|