• Өнөөдөр 2025-07-29

“ГЕРМАН” ГИШҮҮН

            2012 оны УИХ-ын сонгуулиар АН үнэмлэхүй ялж, улмаар УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын Тамгын газрынхаа Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар “NTV” телевизийн мэдээний албаны дарга Д.Энхтуяаг авчирч байв. З.Энхболд Өвөрхангайнх, Д.Энхтуяа Өвөрхангайнх, “NTV”-ийн эзэн Г.Батхүү(агсан) Өвөрхангайнх. Өөрөөр бол, өнөөх л дов жалганы үзлээр З.Энхболд Д.Энхтуяаг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга болгож, АН-тай амьдралыг нь холбосон гэсэн үг.

Ингээд УИХ-ын дарга З.Энхболд Д.Энхтуяагаар хэвлэлийн албаа жил гаруй хариуцуулаад 2013 онд МҮОНРТ-ийн захирлаар томилон дэвшүүлсэн. Ийнхүү Д.Энхтуяа АН-ын үзэл суртлыг үндэсний хэмжээнд түгээн сурталчлах ажлыг гурван жил хариуцаж ажилласан байдаг.

            МҮОНРТ-ийн захирлаас буусны дараа жил 2017 онд Д.Энхтуяа, түүний нөхөр Д.Энхболд хоёр тухайн үеийн УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнийн ээж Б.Цэнд-Аюуш, эхнэр Н.Нинжбадгар хоёртой хамтран “Эм Ди Интертэйнмент” ХХК буюу “TV2” телевизийг байгуулсан. Ингээд “TV2” телевизийнхээ захирлаар Д.Энхтуяа ажиллаж эхэлсэн. 2020 оны УИХ-ын сонгуулиар АН-ын дарга С.Эрдэнэ халаас нэгтэй хамтрагч Д.Энхтуяадаа Дархан-Уул аймгаас нэр дэвших мандат гаргаж өгсөн. Харамсалтай нь, тэр унасан. Улмаар намар нь НИТХ-ын сонгуульд Д.Энхтуяа С.Эрдэнийн “Вант улс” буюу Баянгол дүүрэгт нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгч болсноор улс төрд албан ёсоор орж ирсэн. Ингээд 2020 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахын сацуу “TV2” телевизээ удирдаж байгаад өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуульд С.Эрдэнийн гавьяагаар АН-ын жагсаалтын наймд бичигдэн УИХ-ын гишүүн болсон байдаг.

Товчхондоо, Д.Энхтуяаг анх АН-тай холбосон хүн нь З.Энхболд. Харин АН-аас НИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн болгож, улс төрийн замыг нь бүрэн засаж өгсөн нь С.Эрдэнэ юм. 

МЕТРОНЫ ЗАСВАРЧДЫГ Д.ЭНХТУЯА ГЕРМАНД СУРГАНА

Өнгөрсөн парламентад Солонгосоор “өвчилсөн” Д.Өнөрболор гэх гишүүн байлаа. Сар тутам шахуу Солонгосоос зочид авчирч, Төрийн ордонтой танилцуулна, түшээдийг уулзуулж, зураг татуулна. Өөрөө улирал тутам Солонгост айлчилна. Сэлэнгэ аймгаас сонгогдсон атлаа Солонгосоос сонгосон мэт л аашилдаг байв.

Харин энэ парламент Германаар “өвчилсөн” нэг гишүүнтэй болоод буй нь Д.Энхтуяа. Тэр Германы Карлсруэгийн их сургуулийг телевизийн сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Нөхөн Д.Энхболдтойгоо ч Германд танилцаж, тэнд хамтын амьдралаа эхлүүлсэн. Түүндээ дулдуйдан “Цэсэн боловсролыг дэмжих сан” ТББ-ыг байгуулж, Герман хэлний сургалт явуулдаг болсон. Өдгөө “Цэсэн боловсролыг дэмжих сан” ТББ-ын тэргүүнээр нь түүний нөхөр Д.Энхболд, гүйцэтгэх захирлаар нь хадам эгч Д.Энхтуяа нь ажилладаг. Дээр дурдсан “TV2” телевизийг нь эс тооцвол түүний гэр бүлийн гол бизнес нь энэ ТББ ажээ.

Гол нь, Улаанбаатар хот метротой болох сургаар УИХ-ын гишүүн Д.Энхтуяа “Цэсэн боловсролыг дэмжих сан” ТББ-аараа Нийслэлийн ЗДТГ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ гэрээний хүрээнд УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Метроны засварчин тэргүүтэй 13 мэргэжлээр 100 оюутныг Германд гурван жилээр сургана. Эхлээд тухайн 100 оюутанд Д.Энхтуяа “Цэсэн боловсролыг дэмжих сан” ТББ-аараа жил орчим герман хэл зааж, дараа нь Герман руу зуучлах юм. Өөрөөр хэлбэл, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн Улаанбаатар хотын метроны засварчдыг УИХ-ын гишүүн Д.Энхтуяа бэлтгэж эхэлсэн гэсэн үг. Гол нь УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Германд 100 оюутан сургах, зуучлах ажлынхаа хөлсийг улсын төсвөөс авч байгаа юу, эсвэл Германаас төслийн шугамаар авч байгаа юу гэдэг нь одоогоор тодорхой бус байна.

Цаашилбал, УИХ-ын гишүүн Д.Энхтуяагийн “Цэсэн боловсролыг дэмжих сан” ТББ нь Германы Тюринген мужийн Эрфуртын худалдаа аж үйлдвэрийн танхим болон Германы “Фав сервис” компанийн Монгол дахь зуучлагчаар ажиллаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Д.Энхтуяагийн нөхөр Д.Энхболд нь Германы “Фав сервис” компанийн захирал Хайко Шюлер, Денис Невинский нарыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-д дагуулан очиж, Ерөнхий захирал Г.Ёндонтой уулзуулсан. Уулзалтаар “Фав сервис” компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтнуудыг Германд мэргэжүүлэх яриа хэлэлцээр болсон гэх. Тэгэхээр цаашид “Эрдэнэт үйлдвэр”-ийн инженер техникийн ажилтнуудыг Германд сургах, Германд сураад ирсэн залуучуудыг “Эрдэнэт үйлдвэр”-т зуучлах ажил УИХ-ын гишүүн Д.Энхтуяагаар дамждаг болох бололтой юм.

Цаашилбал, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, түүний нөхөр Д.Энхболдын зуучилж буй Германы Тюринген мужийн Эрфуртын худалдаа аж үйлдвэрийн танхим болон Германы “Фав сервис” компани нь Ерөнхий боловсролын 20 сургуулийн 11-12 дугаар ангийн 7000 гаруй хүүхдэд сургалт явуулах төсөл хэрэгжүүлэхээр Боловсрол, шинжлэх ухааны яамтай гэрээ байгуулжээ. Эхний ээлжинд ахлах ангийн сурагчдад инженерээс эхлээд засварчин, токарьчин, слесарь, цэцэрлэгжүүлэгч хүртэлх нарийн мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явуулж, ахлах сургуулиа төгссөнийх нь дараа Германд сургах зорилготой төсөл гэх.

Энэ мэтээр Монгол-Германы боловсрол, хөдөлмөр зуучлал УИХ-ын гишүүн Д.Энхтуяагаар дамждаг болж эхэллээ. Удахгүй Монгол-Германы хөрөнгө оруулалт, зээл тусламж ч түүгээр дамждаг болохыг үгүйсгэх аргагүй бололтой.

ОЮУТНЫ ЗЭЭЛЭЭ ТӨЛДӨГГҮЙ БАГШ ГИШҮҮН

             Удирдлагын академийн багш Б.Хэрлэн улс төрд орохоор шулуудаж, МАХН-ыг сонгож элссэн нь 2014 он. МАН-ынхан өмчөө аваад өрх тусгаарласнаас хойш МАХН хэмээх хоосон шахуу бууриа сахиж, хүний хүслэн болчихоод байсан Н.Энхбаяр ч Б.Хэрлэнг уриалгахан хүлээж авсан. Тэгээд болоогүй, Б.Хэрлэн Н.Энхбаярын аавын нутгийнх буюу Архангайнх. Ингээд Н.Энхбаяр 2016 оны УИХ-ын сонгуульд Б.Хэрлэнг МАХН-аас Хан-Уул, Багахангайн 56 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн. Харамсалтай нь, Б.Хэрлэн тэр тойрогт МАН-ын босоо аварга Ц.Нямдоржтой халз тулсан тул тэр жилийн сонгууль түүнд туршлага төдийгөөр өндөрлөсөн.

Дараа жил нь 2017 онд Н.Энхбаяр Б.Хэрлэнг МАХН-ынхаа Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга болгож, хамаг л мэддэг хар, хор бүхнээ эхнээс зааж эхэлсэн. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуулиар Н.Энхбаяр Б.Хэрлэнг Орхон аймгийн 20 дугаар тойрогт алдарт “Босоо” С.Ганбаатар, “ТВ9” телевизийнхээ ТУЗ-ийн дарга П.Баттөр хоёртой хөтлөлцүүлэн нэр дэвшүүлсэн. Тэгээд ч С.Ганбаатар, Б.Хэрлэн хоёр 2000 оны эхээр Удирдлагын академид хамт багшилж байсан эртний найзууд. Тиймдээ ч гар ганзага сайн нийлнэ, ялангуяа С.Ганбаатарыг Б.Хэрлэнгээ чирээд гараад ирнэ гэж тооцоолсон. Гэтэл С.Ганбаатар нь ганцаараа сонгогдож, хөөрхий Б.Хэрлэн нь дахиад л унасан. Хоржоонтой нь, тэр жил Ц.Нямдорж Орхонд дэвшиж таарч, Б.Хэрлэн Ц.Нямдоржид хоёр дахь удаагаа “даруулсан” нь энэ байв.

Аз болж, 2024 оны сонгууль намын жагсаалттай таарч, Б.Энхбаяр Б.Хэрлэнг МАН-ын жагсаалтын 12-т бичиж өгсөн. Ингээд гурав дахь оролдлого нь амжилттай болсноор одоо Төрийн ордонд түшээ гэгдээд сууж буй.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС АВСАН 150 САЯ ТӨГРӨГӨӨ ТӨЛӨӨГҮЙ АТЛАА УИХ-ЫН ГИШҮҮН БОЛОХ ГЭЖ УГСРАА УНАХДАА 750 САЯ ТӨГРӨГ ХИЙСГЭСЭН НЬ

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн 2008 онд Германы Потсдамын их сургуульд суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 45 мянган ам.долларын зээл авсан байдаг. Одоогийн ханшаар 150 орчим сая төгрөг гэсэн үг. Гэхдээ Б.Хэрлэн одоог хүртэл уг зээлээ эргэн төлөөгүй байгаа. 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн дундаж зардал 200 сая төгрөг, 2020 оных 550 орчим сая төгрөг байсан. Хоёуланд нь унасан гэхээр 750 орчим сая төгрөг салхинд хийсгэсэн гэсэн үг. Боловсролын зээлийн сангаас авсан 150 сая төгрөгөө тав нугалаад төлөх хэмжээний мөнгөөр өөрийнхөө зургийг сонин, сэтгүүл дээр хэвлэж, туг далбаа хийлгэсэн гэсэн үг. Уг нь Удирдлагын академид 10 гаруй жил багшилсан, оюутнуудын амьдралыг гадарлах хүний хувьд Боловсролын зээлийн сангийн зээлээ төлөөд, нэг ч болов оюутны гадаадад сурах боломжийг нээчихсэн бол улс төрийн карьерт нь л хэрэгтэй байх байв.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГИЙН “ГОЛ ДҮР” Б.ДААЖАМБА УИХ-ЫН ГИШҮҮН Б.ХЭРЛЭНГИЙН ХҮРГЭН

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн ураг удмаасаа төрд түрүүлж орж ирсэн нь биш. Түүнийг УИХ-ын гишүүн болох гэж удаа дараа унаж явахад үеэлүүд, хүргэн нь хүртэл төрийн албыг бужигнуулж явсан түүх бий. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Хэрлэнгийн үеэл дүү нь “Декор” хэмээх тавилгын дэлгүүр ажиллуулдаг “Семи” ХХК-ийн захирал Ц.Одгэрэл гэж эмэгтэй бий. Харин Ц.Одгэрэлийн нөхөр буюу Б.Хэрлэнгийн хүргэн нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан А.Базархүүгийн хүү Б.Даажамба гэж залуу бий. Мөн л Боловсролын зээлийн сангийн 32 мянган ам.долларын зээлээр АНУ-ын Колорадогийн их сургуульд сурч, 2005 онд төгссөн. Тэндээ 2010 он хүртэл амьдарч байгаад Монголд ирээд, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга, ЗГХЭГ-ын Дэд дарга, 2016 оноос Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажилласан.

Ноцтой нь, Б.Даажамба 2022 онд Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан. Хөгжлийн банкны хэрэгт 80 хүн, дөрвөн компани холбогдсоноос ТУЗ-ийн дарга асан Б.Даажамба онцлох хүн нь байсан. Шүүхээс Б.Даажамбыг “Бэрэн” ХХК, “Монгол драй милк” ХХК-д зээл олгохдоо албан тушаалаа урвуулан ашигласан, “НВЦ” ХХК, “Монгол мах импекс” ХХК, “Монгол эм импекс концерн” ХХК-д зээл олгохдоо авлига авсан гэм буруутай гэж үзсэн. Өнгөрөгч 2024 оны арванхоёрдугаар сард Улсын дээд шүүх Хөгжлийн банкны хэргийг нэгтгэн хянаж, Б.Даажамбын хэргүүдийг дахин шалгах ёстой гэж үзсэн.

Цаашилбал, УИХ-ын гишүүн Б.Хэрлэнгийн үеэл нь Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга, ЭМДС-гийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Ц.Цолмонгэрэл гэж хүн бий. Ц.Цолмонгэрэл нь ЭМДС-гийн Үндэсний зөвлөлийн гишүүн байхдаа буюу 2021 онд 1.2 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлж, төрийн албан хаагчдыг түрийвчнийхээ зузаанаар тэргүүлж байлаа. Мөн ЭМДС-гийн Үндэсний зөвлөлийн гишүүний цалингаа авдаг мөртөө ажлаа хийдэггүй, гадаадад голдуу амьдардаг гэх хэл аманд ч өртдөг байв. Ингэж явсаар 2022 онд ажлаа өгсөн ч 2024 онд УИХ-аас зарласан Эмийн нээлттэй сонсголд гэрчээр дуудагдан оролцож байв.

 


“ГЕРМАН” ГИШҮҮН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188