Арлын Японд долоон жил амьдарсан Л.Гантөмөр гэх залуу 1999 оны эхээр Монголд ирлээ. Японд машины ченж хийж байсан тул багагүй мөнгөтэй ирсэн нь мэдээж. Ирмэгцээ УИХ-ын гишүүн Да.Ганболдтой уулзаж, “Ирэх 2000 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болмоор байна, та л надад тусла” гэж гуйжээ. Учир нь, урьд нь Да.Ганболдыг Японд очиход Лу.Гантөмөр тосож авч уулзаж учирдаг, дайлж цайлаад буцаадаг байсан тул аяганы хариу “нэхсэн” нь энэ байв. Нөгөө талаас, тухайн үеийн улс төрд Да.Ганболд том байлаа. Ц.Элбэгдорж өөрийнхөө оронд зөвхөн Да.Ганболдыг Ерөнхий сайд болгох гэж долоон удаа нэр дэвшүүлж асан түүхийг бид 27 жил сонссон тул нурших нь илүүц биз. Товчхондоо, Да.Ганболдын хүчтэй, бяртай, ид байсан үе. Тиймдээ ч Л.Гантөмөр Да.Ганболдыг бараадсан хэрэг.
Ингээд Да.Ганболд Л.Гантөмөрийн гишүүн болох гуйлтыг төвөггүй зөвшөөрч, Сүхбаатар дүүргээс УИХ-ын гишүүн болгохоор бэлтгэл хангаж эхэлсэн. Гэвч 2000 оны сонгуулиар МАХН олонх болж, Да.Ганболд Лу.Гантөмөрийг УИХ-ын гишүүн болгох байтугай, өөрөө ч УИХ-ын гишүүн болж чадалгүй “унасан” түүхтэй. Ийнхүү 2000 оны сонгуульд МАХН-д далаараа тавиулсан МҮАН тэргүүтэй ардчиллын зургаан нам 2000 оны арванхоёрдугаар 6-нд нэгдэж, Ардчилсан намыг байгуулж, даргаар нь Д.Дорлигжавыг томилов. Ердөө маргааш нь буюу 2000 оны арванхоёрдугаар сарын 7-нд Ардчилсан залуучуудын холбоо байгуулж, Ерөнхийлөгчөөр нь Г.Батхүү агсныг, дэд ерөнхийлөгчөөр нь Л.Гантөмөрийг томилж байлаа. Да.Ганболд Л.Гантөмөрийг УИХ-ын гишүүн болгож чадаагүй ч, УИХ-ын гишүүн болохыг замыг нь ингэж бүрэн засаж өгсөн гэсэн үг.
Ингээд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Л.Гантөмөр 2004 онд дөрвөн жил хүсэж, бэлдэж, хүлээсэн Сүхбаатар дүүрэгтээ АН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болов. Автомашины ченж АН-тай амьдралаа холбосон, УИХ-д хөл тавьсан түүх ийм. Цаашилбал, 2008 онд Л.Гантөмөр Сүхбаатар дүүргээсээ улирч сонгогдов. Удалгүй 2008 оны намраас Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл эхэлж, Л.Гантөмөр Да.Ганболд ахынхаа хувь, хувьсгалын найз Ц.Элбэгдоржийг сурталчилах “даалгавар”-тай уугуул Увс аймгаараа хэдэнтээ бүтэн тойрсон. Чухам энэ үеэс Лу.Гантөмөр Ц.Элбэгдоржийн ивээлд бүрэн орж, АН дахь нэр, нөлөө нь ч үлэмж нэмэгдсэн.
2012 онд Лу.Гантөмөр Сүхбаатар дүүргээс УИХ-ын гишүүнээр гурав дахиа сонгогдож, улмаар Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон. Эл томилгооны “захиалагч” нь мэдээж Ц.Элбэгдорж байсан. Ер нь ч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх хугацаандаа хүүхэд ба боловсрол гэдэг “пи-ар”-ын үндсэн хоёр сэдэвтэй байсан. Тухайлбал, малчны хотноос Харвардад очиж сурсан, 30 өнчин хүүхэд өргөж авч өсгөсөн гэх мэтээр. Тиймдээ ч Ц.Элбэгдорж 2012 онд АН ялж, Засгийн газраа байгуулахад Боловсролын яамыг, сайдаар нь Лу.Гантөмөрийг “захиалсан” нь энэ байв.
Хувийн бизнесээ өргөжүүлэх, улс төрийн карьераа үргэлжлүүлэх хоёрын завсарт явсаар 2020 оны УИХ-ын сонгуультай золгож, Сүхбаатар дүүрэгт дахин нэр дэвшихээр АН-д дэнчингээ тушааж, тойргоо усалж эхэлсэн ч АН-ын дарга С.Эрдэнэ түүнийг нэр дэвшүүлээгүй. Ийнхүү хоёр сонгууль өнжсөн Л.Гантөмөр АН-ын даргын арслантай тамганы төлөөх Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрын “тулаан”-нд Ц.Элбэгдоржтой хүч хавсран оролцож эхэлсэн. Ингээд 2023 онд Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр гал зогсоох гэрээг үзэглэж, АН-ын даргаар Л.Гантөмөрийг томилох тохироонд хүрч байлаа. Х.Баттулга Ц.Элбэгдоржид буулт хийж, Л.Гантөмөрийг АН-ын даргаар зөвшөөрснийхөө хариуд 2024 оны сонгуулиар АН-аас тойрогт болон жагсаалтаар нэр дэвшигчдийн тал хувьд нь өөрийнхөө хүмүүсийг нэр дэвшүүлсэн байдаг. Ингэж 2016, 2020 оны хоёр сонгуульд мултарч, найман жил “гудамж”-нд байсан Л.Гантөмөр АН-ын дарга болсныхоо хүчинд намынхаа жагсаалтыг толгойлон УИХ-ын гишүүн болж, өдгөө Хамтарсан Засгийн газарт Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын сэнтийд заларч суугаа. Алдсан найман жилийн “шарх”-аа яаж нөхөх нь чухам сонин. Тиймээс ч Л.Гантөмөрийн ардах ашиг сонирхлуудын жагсаалтыг танилцуулж байна.
УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Хэнтийд хунчир тарьдаг “Астра рүүт” ХХК-аас өөр хувийн бизнесгүй гэж хөрөнгөө мэдүүлдэг. Гэхдээ гэр бүлээрээ тансаг хауст амьдарч, тив алгасан гадаадаар зугаалж, үүнийг нь илтгэх гэсэн шиг ялангуяа охин Г.Ганзаяа, хүргэн Т.Саруултөгс хоёр нь сошиалд ёстой л “од”-ын амьдралаар амьдарцгаадаг.
2016 оны УИХ-ын сонгуулиар унасан Л.Гантөмөр Хэнтийд хунчир тарьж эхлэхтэй зэрэгцээд буюу 2016 оны долдугаар сараас эхнэр А.Туул нь “Amway” гэх сүлжээний бизнесийг Монголд цэцэглүүлж эхэлсэн. Бүх төрлийн уураг, амин дэм, гоо сайхан, гэр ахуйн бараа гээд 500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн оруулж ирж, сүлжээгээр борлуулдаг “Amway” сүлжээг мэдэхгүй хүн ховор биз. Одоо А.Туул нь “Amway” сүлжээнийхээ орой дээр залардаг Founders Executive Diamond\FED\ цолтой архаг сүлжээчин. Банкир мэргэжилтэй, Монголбанкны Хууль эрх зүйн газрын Хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан учраас Монголд сүлжээний бизнес цэцэглүүлэх нь түүнд хялбар байсан ч биз.
Цаашилбал, А.Туулаас гадна охин Г.Ганзаяа, хүргэн Т.Саруултөгс, төрсөн дүү А.Пүрэвсүрэн, А.Тамир, А.Онон, бэр Г.Сайхандумаа, худ Б.Болортуяа гээд ах дүү, амраг садан, арван жилийн ангийнхан нь бүгд “Amway”-ийн алт, мөнгө, алмазан цолтой сүлжээчид. Өөрөөр бол, Монгол дахь “Amway” сүлжээг УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрийн эхнэр А.Туул гэр бүлээрээ удирддаг гэсэн үг. Сонирхуулахад, А.Туулын охин Г.Ганзаяа, төрсөн дүү А.Пүрэвсүрэн, А.Онон, А.Тамир, бэр Г.Сайхандумаа, хүргэн Т.Саруултөгсийнх нь ээж Б.Болортуяа, төрсөн дүү Т.Номинтөгс нар нь 2021 онд “Ийгл дрийм юнайтед” ХЗХ-г байгуулж, хүүтэй зээл олгож эхэлсэн байдаг. Өөрөөр бол, тэд “Amway” сүлжээний ашгаа хүүтэй зээл болгож “угааж” эхэлсэн нь энэ аж.
Нэгдүгээрт, А.Туул нь “Хамтын хүч амжилт” ТББ-ын үүсгэн байгуулагч бөгөөд энэхүү Төрийн бус байгууллагаараа дамжуулан “Amway” сүлжээний бизнесээ явуулдаг. Ноцтой нь, “Amway” сүлжээ нь доороо хэчнээн мянган гишүүнтэй, жилд хэдэн тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг нь тодорхойгүй, тэр байтугай Монгол Улсад татвар төлдөг эсэх нь ч тодорхойгүй. Хуудуутай бизнест л томчууд компани биш, Төрийн бус байгууллага ашигладаг гэдгийг дурдах нь зүйтэй.
Хоёрдугаарт, сүлжээ бизнес учраас “Amway” сүлжээний оройд нь байгаа FED цолтой А.Туул тэргүүтнүүд жилд хэдэн тэрбум төгрөгийн цэвэр ашиг хүртдэг. Гэхдээ Л.Гантөмөр эхнэрийнхээ орлогыг тас нууцалдаг бөгөөд өнгөрсөн оны ХОМ-тээ эхнэр А.Туулыгаа жилд хоёрхон сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн байдаг. Тэгвэл А.Туулын үүсгэн байгуулсан “Хамтын хүч амжилт” ТББ-ынх нь Удирдах зөвлөлийн даргаар Очбадрахын Энхсаруул гэх эмэгтэй ажилладаг. Харин О.Энхсаруулын нөхөр Ж.Сэмжид нь саяхныг хүртэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан. Гэтэл Ж.Сэмжид ХОМ-тээ эхнэр О.Энхсаруулыгаа нь жилд 2.3 тэрбум төгрөгийн орлоготой, 3.6 тэрбум төгрөгийн хоёр орон сууц, зуслангийн байшинтай, 849 сая төгрөгийн Mercedes Benz G500, Lexus 570 маркийн автомашинтай, 1.8 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байдаг. Өөрөөр бол, “Amway” сүлжээний оройд байгаа хүмүүс асар их ашигтай ажилладаг гэдгийг О.Энхсаруулын хөрөнгөнөөс харж болж байгаа юм.
Гуравдугаарт, Л.Гантөмөрийн эхнэр А.Туул, хүргэн Төөгөө буюу Т.Саруултөгс хоёр сошиалд олон мянган дагагчтай, тэдэндээ гадаадаар зугаалж, брэндээр гангалж, байгаагаа гайхуулахын сацуу “Цаг наргүй ажилладаг, цалин хүлээдэг ажлаасаа яг одоо гар. Хэдий болтол захиралд загнуулж, сарын эцэст ганц, хоёрхон сая төгрөгийн цалин авч амьдрах гэсэн юм. Хүссэн үедээ ажиллаж, хүссэн газраараа аялж, хүссэн хэмжээрээ баяжих ганц боломжийг би танд олгож байна. Amway-д элс, цол ав, тэгээд баяж” гэж сурталчилдаг. Хадам ээж, хүргэн хүү хоёр яг энэ яриагаа байнга давтдаг. Өөрөөр бол, “Amway” сүлжээнийхээ гишүүдийг улам олон болгож, өөрсдийнхөө ашгийг нэмэгдүүлэх гэсэн маркетинг нь энэ.
Уг нь, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлж, нийгмээ ажилтай, орлоготой болгох замаар эдийн засгийг хөгжүүлэх үндсэн үүрэгтэй Эдийн засаг, хөгжлийн сайд. Атал эхнэр А.Туул нь охин, хүргэн, хамаатан садан, найз нөхөдтэйгээ татвар төлдөг эсэх нь ч тодорхойгүй сүлжээний бизнес цэцэглүүлж, сүлжээгээ улам томруулахын тулд “Ажлаасаа гар, Аmway-д элс” гэж сурталдаж явах нь хэр зохимжтой вэ.
Л.Гантөмөр 2016 оны тавдугаар сарын 27-нд буюу Боловсрол, шинжлэх ухааны сайдаас буухаасаа сарын өмнө охин Г.Хуландаа АНУ-ын Браун их сургуульд Мэдээллийн харилцаа, холбооны технологийн чиглэлээр суралцахад нь зориулж, 127,669 ам.долларын санхүүжилт олгохыг Сургалтын төрийн санд үүрэг болгосон А/224 дугаартай тушаал гаргаж, гарын үсэг зурсан байдаг. Гэтэл Аудитын шалгалтаар 2016-2017 онд Л.Гантөмөрийн охин Г.Хуланд Боловсролын зээлийн сангаас дөрвөн удаагийн гүйлгээгээр 151,197 ам.доллар шилжүүлсэн нь тогтоогдсон. Тодруулбал, Г.Хулангийн Браун их сургуулийн нэг жилийн сургалтын төлбөр нь 52,050 ам.доллар байсан. Тэгэхээр 2016, 2017 оны сургалтын төлбөр нь нийлээд 104,100 ам.доллар гэсэн үг. Нэмээд Г.Хуланд 2016 онд 23,548 ам.доллар, 2017 онд 23,548 ам.доллар буюу 47,096 ам.долларыг хэрэглээний зардалд нь зориулж шилжүүлсэн байдаг. Ингэхээр сургалтын төлбөр, хэрэглээний зардал нь нийт 151,197 ам.доллар болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Г.Хулан Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрөө аваад зогсохгүй, нэмээд хэрэглээнийхээ зардлыг ч авсан гэсэн үг. Төрөөс Г.Хуланг Брауны их сургуульд сургахад зарцуулсан 151,197 ам.доллар нь одоогийн ханшаар 524 сая төгрөг болно. Монголын 1.5 сая төгрөгийн дундаж цалинтай хүн 29 жилийн турш цалингаасаа нэг ч төгрөг үрэхгүйгээр хурааж цуглуулахад 524 сая төгрөг болно. Ийм хэмжээний мөнгийг Л.Гантөмөр Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрх мэдлээ ашиглан, ганцхан гарын үсгээр охин Г.Хуландаа шийдэж өгсөн гэсэн үг.
Ингээд болоогүй, Л.Гантөмөр Боловсрол, шинжлэх ухааны сайд байхдаа 10 гаруй удаагийн тушаал гаргаж, Боловсролын зээлийн сангаас зээл авсан 435 зээлдэгчийн 40.6 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн ноцтой асуудал бий. Уг нь УИХ-ын журмаар зээлдэгчийн зээлийг тэглэх ёстой атал Л.Гантөмөр толгой мэдэн сайдын албан тушаалаа ашиглан тэглэх тушаал гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл гэж УИХ-ын гишүүн О.Батнайрамдал мэдэгдэл хийж байлаа. Уг нь 2023 оны тавдугаар сараас АТГ-аас Ажлын хэсэг гарч, Боловсролын зээлийн сангийн хэргийг шалгаж эхэлсэн гэдэг ч Л.Гантөмөрийн дээрх үйлдлүүдийг хэрхсэн нь тодорхойгүй өдий хүрч буй.
Цаашилбал, “Нүүрсний хулгай”-н хэргийн нэг гол дуулиан нь Л.Гантөмөр болон түүний МҮДН фракцынхан байсан. “Нүүрсний хулгай”-н Нээлттэй сонсголоор УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрийн эхнэр А.Туул, УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы охин Б.Нарангоо, УИХ-ын гишүүн асан С.Ламбаагийн охин Л.Шинэцэцэг, УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин Б.Жаргалан, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын хүү Р.Азбаяр, УИХ-ын гишүүн асан Д.Зоригт, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нар “Акмиконсалтинг” ХХК-ийг хамтран байгуулж, “Тавантолгой” ХК-тай 50 мянган тонн нүүрсний гэрээ байгуулсан баримт ил болсон. Өөрөөр бол, АН-ын МҮДН фракцынхан нийлж “нүүрсний хулгай”-д хутгалдсан нь ийнхүү илчлэгдсэн. Гэвч Л.Гантөмөр “Манай эхнэр тэр компанийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Юм л бол манай эхнэр, хүүхдүүд рүү дайрдаг боллоо. Намайг, АН-ыг хулгайч гэж гүтгэх ажлыг МАН-ынхан системтэйгээр, зохион байгуулалттайгаар хийж байна” гэж тас гүрийсэн. Тэгсгээд “нүүрсний хулгай”-н дуулиан намжиж, Л.Гантөмөр ба түүний нөхдийн 50 мянган тонн нүүрсний хэрэг ч мартагдсан. Уг нь 50 мянган тонн нүүрс гэдэг бага хэмжээ биш. Жишээ нь, энэ онд нэг тонн нүүрсийг 103 ам.доллар байхаар тооцож, төсвөө төсөөлсөн. Энэ ханшаар бол 50 мянган тонн нүүрс таван сая ам.доллар буюу 17 тэрбум төгрөг гэсэн үг.
УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрийн эхнэр А.Туулын төрсөн дүү нь А.Тамир гэж эмэгтэй бий. Л.Гантөмөр Боловсрол, шинжлэх ухааны сайд байхдаа хадам дүү А.Тамирыгаа Шинжлэх ухаан, технологийн сангийн Шинжлэх ухааны паркийн менежментийн хэлтсийн даргаар томилж байлаа. Мөн Л.Гантөмөр хадам дүү А.Тамир, найз Ц.Отгонбаатартайгаа 2017 онд “Гарааны бизнесийг дэмжих холбоо” ТББ-ыг хамтран байгуулж байв. Өдгөө А.Тамир нь төрсөн эгч А.Туулынхаа “Amway” сүлжээнд ажилладаг. Тэгвэл Л.Гантөмөрийн хадам дүү А.Тамирын нөхөр Бразил Улсын иргэн Кожи Александр Сузики гэж хүн бий. Л.Гантөмөрийн Бразил баз хүргэн Кожи Александр Сузики нь “Бразил Монголын худалдааны танхим” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, “Намир групп” ХХК-ийн Бизнесийн хөгжил хариуцсан Ерөнхий менежерээр ажилладаг ажээ.
Ноцтой нь, “Намир групп” ХХК-ийн Ерөнхий захирал нь Увс аймгийн уугуул Жунгуузын Баатарсүрэн гэж хүн бий. Өөрөөр бол, Л.Гантөмөр Бразил баз хүргэнээ Увсын уугуул, нутаг нэгт Ж.Баатарсүрэнгийн “Намир групп” ХХК-ийн Ерөнхий менежер болгосон байж болзошгүй гэсэн үг. Илүү ноцтой нь, “Намир групп” ХХК-ийн дөрвөн охин компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүх том тендерийг хувааж авдаг. Тодруулбал,
“ЭЭС трий инженеринг” ХХК нь “ДЦС-4” ТӨХК, “Монголросцветмет” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 110 тендерт шалгарсан.
“Мехлопат” ХХК нь “ДЦС-4” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 32 тендерт шалгарсан. Өнгөрсөн онд л гэхэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн суурь машины тоснуудыг “Мехлопат” ХХК нь 1.0 тэрбум төгрөгөөр нийлүүлжээ.
“Кемекс” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК-ийн 30 тендерт шалгарсан. Зөвхөн өнгөрсөн 2024 онд л гэхэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 10 тэрбум төгрөгийн тендер авчээ.
“Новатек интернэшнл” ХХК нь “ДЦС-4” ТӨХК, “Увс аймгийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 157 тендерт шалгарсан байна.
“Намир групп” ХХК нь дээрх охин компаниудынхаа олон арван тендерүүдээс олсон ашгаа охин компани болох “Нөмөр кредит” ББСБ-аараа хүүтэй зээл болгож хүүлдэг. “Нөмөр кредит” ББСБ-ын гар утасны Numur хэмээх зээлийн аппликейшныг мэдэхгүй хүн ховор биз ээ. Нэгтэж харвал, УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр бразил баз хүргэнээрээ дамжуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “ДЦС-4” ТӨХК-ийн том төсөвтэй тендерүүдийг түүдэг “Намир групп” ХХК-тай холбогдох ашиг сонирхлын асар том асуудал гарч ирж байгаа юм.
Өнгөрөгч 2021 оны нэгдүгээр сард дэлбэрэлтэд өртсөн “Глобал иннова” сургуулийг 14,988м2 газартай нь “Таванбогд”-ын эзэн Ц.Баатарсайхан төрсөн дүү Ц.Отгонбаатар “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф Монголиа” ХХК-аараа эзэмшдэг. Түүх сөхвөл, анх энэхүү 14,988м2 газар болон “Глобал иннова” сургуулийн гүүрээр холбогдсон таван блок барилга нь Тагнуулын ерөнхий газрын эзэмшилд байсан. Өөрөөр бол, Тагнуулын ерөнхий газрын төв оффисын зориулалтаар анх баригдсан гэсэн үг. Гэтэл Засгийн газраас 2013 оны арваннэгдүгээр сарын 30-нд хувьд худалдах шийдвэр гаргасан. Ингээд Ц.Отгонбаатар 2014 оны есдүгээр сарын 23-нд “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф Монголиа” ХХК-аараа газар, таван блок барилгыг 10 тэрбум төгрөгөөр худалдан авсан байдаг. Улмаар Ц.Отгонбаатар өнөөх 10 тэрбум төгрөгөөр төрөөс худалдаж авсан таван блок барилгадаа 2017 онд “Глобал иннова” гэх өндөр төлбөртэй сургууль нээсэн. Ноцтой нь, Л.Гантөмөр 2017 оны есдүгээр сараас “Глобал иннова” сургуулийн Зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Ингээд болоогүй, Л.Гантөмөр “Глобал иннова” сургуулийн нэг блок барилгад нь өөрийн хувийн оффисоо байгуулсан байдаг. Эргэн санавал, өнгөрсөн 2024 оны нэгдүгээр сард болсон Дүнжингаравын дэлбэрэлтэд АН-ын Ажлын албаны дарга Э.Галбадрал өртөж, 60 хувь түлэгдсэн. Э.Галбадрал тэр шөнө Л.Гантөмөрийн “Глобал иннова” сургууль дахь оффист түүнтэй уулзахаар очоод байхдаа дэлбэрэлтэд өртсөн гэх мэдээлэл бий.
Нэгтгэвэл, Ц.Отгонбаатар, Л.Гантөмөр хоёр эртний түүхтэй найзууд. Тиймдээ ч Тагнуулын ерөнхий газрын таван блок барилгыг Засгийн газар 2013 онд Ц.Отгонбаатарт худалдах ажиллагаанд тухайн үед Боловсрол, шинжлэх ухааны сайд байсан Л.Гантөмөр оролцож, улмаар Л.Гантөмөр сайдын ажлаа өгснийхөө дараа буюу 2017 онд өнөөх таван блок барилгадаа Ц.Отгонбаатартай хамтран “Глобал иннова” сургуулийг нээж, өөрөө Зөвлөхөөр нь ажиллаж эхэлсэн схем гарч ирдэг.
Гол асуудалдаа оръё. Ц.Отгонбаатар, Л.Гантөмөр хоёрын “Глобал иннова” сургууль буюу “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар нь Дамирангийн Баянзул гэх залуу ажилладаг. Тэгвэл Д.Баянзул нь “Монгол технологи инвестмент” ХХК-ийн эзэмшигчээр бүртгэлтэй байдаг. “Монгол технологи инвестмент” ХХК нь 2023 онд ашиглалтад орсон Тавантолгой-Зүүнбаян, 2024 онд ашиглалтад орсон Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын бетонон дэрний нийлүүлэгчээр ажилласан. Ингэхдээ “Монгол технологи инвестмент” ХХК нийт 116.6 мянган ширхэг бетонон дэрийг 10 сая ам.доллароор нийлүүлсэн байдаг.
Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэхээр амласан 14 мега төслийн эхэнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам, дараа нь Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтын хил холболтын төмөр зам, Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн 426 км босоо тэнхлэгийн төмөр замын төслүүд бий. Мөн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замын төсөл хэрэгжиж байгаа. Тэгэхээр Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр “Монгол технологи инвестмент” ХХК-ийг дээрх төмөр замын төслүүдэд нийлүүлэгчээр оролцуулж болзошгүй ашиг сонирхлын бас нэг зөрчил гарч ирж байгаа юм.
УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрийн эхнэр А.Туулын авга ах Буянтогтохын Батчулуун гэж хүн бий. Увс аймгийн уугуул, Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа цолтой. Хүү Батчулууны Батсайхан нь 2020 он хүртэл Татварын ерөнхий газарт Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан залуу бий. Б.Батсайхан Татварын ерөнхий газарт Татварын улсын байцаагчаар ажилладаг байхдаа жилд 47 сая төгрөгийн орлоготой, “Prius 30” автомашинтай, дансандаа 45 мянган төгрөгтэй, 21 сая төгрөгийн өртэй гэж мэдүүлдэг байв. Гэтэл төсвийн цалинтай татварын байцаагч Б.Батсайхан 2020 оны арванхоёрдугаар сард “Абу сэлэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон. Улмаар “Абу сэлэн” ХХК-аараа Хан-Уул дүүргийн XXI хороо, “Буянт-Ухаа” спортын ордны баруун урд тус бүр нь 12 давхар, 14 блок барилгатай, 1771 айлын “Шүрт” хэмээх орон сууцны нүсэр том хотхоныг барьж эхэлсэн байдаг. 2023 оны хоёрдугаар сард “Шүрт” хотхоны орон сууцнууд ашиглалтад орсон. Нэг айлын орон сууц нь дунджаар 59м2 талбайтай, 1м2 талбайг 2.2 сая төгрөгөөр худалдсан. “Шүрт” хотхон 1771 айлынх гэхээр нийт 229 тэрбум төгрөгөөр худалдсан тооцоо гарч байгаа юм.
Үргэлжлүүлэн, Б.Батсайхан 2023 оны хоёрдугаар сард “Дуду констракшн” ХХК-ийг байгуулсан. Улмаар “Дуду констракшн” ХХК-аараа Хан-Уул дүүргийн V хороо, Яармагийн зам дагуу 105,500м2 буюу 10 га газарт тус бүр 16 давхар 28 блок барилга, 25 давхар оффис, үйлчилгээний барилга бүхий 2700 айлын “Толун” нэртэй нүсэр хорооллыг барьж эхэлсэн. Одоогоор Б.Батсайханы “Толун” хорооллын эхний хоёр блокийн барилга угсралт хийгдэж байгаа. 2700 айлын орон сууцыг худалдах үнэ багадаа 400 гаруй тэрбум төгрөгөөр яригдана.
УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрийн эхнэр А.Туул авга ах Б.Батчулуун болон түүний хүү Б.Батсайхантай тун дотно. Хугацааг нь харвал, Л.Гантөмөрийг 2020 оны УИХ-ын сонгуулиас мултарсны дараахан Б.Батсайхан “Абу сэлэн” ХХК-ийн эзэмшигч болж, улмаар “Шүрт” хотхоны ажил руу орсон. Тэгэхээр хунчирын тариалангаас өөр хувийн бизнесгүй гэдэг Л.Гантөмөр эхнэрийнхээ үеэл Б.Батсайханаар дамжуулан хотхон, хорооллын бизнес хийж байж болзошгүй сэжүүр гарч ирж байна.
ХУНЧИРЫН ЦААНААС ТӨМӨР ЗАМ, ТЕНДЕР, ХОТХОН, ХОРООЛЛЫН БИЗНЕС ХАНХЛААД БАЙНА, Л.ГАНТӨМӨР САЙД АА |
|
2025-07-23 18:46:47
2025-07-23 18:25:32
2025-07-23 18:10:10
2025-07-23 18:06:17
2025-07-23 16:51:55
2025-07-23 16:49:00
2025-07-23 16:47:33
2025-07-23 16:36:33
2025-07-23 16:17:30
2025-07-23 15:27:57
2025-07-23 15:05:22
2025-07-23 14:27:25
2025-07-23 14:26:49
2025-07-23 14:05:59
2025-07-23 12:02:18
2025-07-23 11:38:05
2025-07-23 11:32:52
2025-07-23 11:22:33
2025-07-23 11:21:59
2025-07-23 11:12:41
2025-07-23 11:07:46
2025-07-23 11:04:50
2025-07-23 10:53:47
2025-07-23 10:46:25
2025-07-23 10:31:37
2025-07-23 09:35:19
2025-07-23 09:10:02
2025-07-23 09:02:26
2025-07-23 08:47:55
2025-07-23 08:17:06
2025-07-23 08:07:27
2025-07-23 08:00:00
2025-07-23 07:49:25
2025-07-23 07:32:26
2025-07-23 07:00:00
2025-07-23 07:00:00
2025-07-23 07:00:00
2025-07-23 07:00:00
2025-07-23 07:00:00
2025-07-23 07:00:00
2025-07-23 06:00:00
2025-07-23 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |