Ногоон сангийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Төслийн талаарх эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц танилцуулав.
УИХ-ын гишүүн Г.Хосбаяр “Хөдөө орон нутгийн аймгийн төвүүдийн агаарын бохирдлын асуудал нийслэл хотын агаарын бохирдолтой адил хэмжээний асуудал болсон. Иймээс зээлийг бүсчилж олгох, цаашлаад малчдад хүргэх тал дээр дэмжлэг үзүүлэх үү. Дэлхийн банк, олон улсын байгууллуудаас орж ирсэн санхүүжилт байгаа гэж яригдаад байгаа. Хямд эх үүсвэртэй зээлийг малчдад олгох боломжтой эсэхийг тодруулж байна”
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Энэ тогтоолын төсөл батлагдсанаар зөвхөн нийслэл хот гэлтгүй орон нутагт оршин суугаа иргэдэд Ногоон зээлд хамрагдах боломж нээгдэж байгаа. Энэ хүрээнд одоо байгаа хэрэглээний зээлийн журмыг шинэчилж Ногоон зээлийн журмыг шинээр боловсруулахыг Монгол банканд үүрэг болгож өгсөн.Энэ төсөл батлагдвал нийслэл хот болон орон нутгийн гэр сууринд оршин суугаа иргэд гэр, байшингаа дулаалах ногоон зээлийг авах боломжтой. Хоёрдугаарт, хэрэв шинээр амины орон сууц барих гэж байгаа бол тухайн орон сууц нь ногоон барилгын шалгуур хангасан эрчим хүчний хэмнэлт нь 50 хувиас дээш байх юм бол зээлд хамрагдах боломж нээгдэж байгаа. Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууж барих, дулаалга хийх гэж байгаа бол зээл тэргүүн эгнээнд олгогдоно. Энэ ажлын хүрээнд “Дулаанбаатар” аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд Улаанбаатар хотод байгаа бүрэн бус дулаалгатай 170 мянган өрхийн байшин, гэр мөн орон даяар 130 мянган өрхийн дулаалгын ажлыг эрчимжүүлж ногоон зээлд хөнгөлөлттэй үнээр хамрагдуулах зохицуулгыг тусгасан. Мөн ажлын хүрээнд үндэсний дулаалгын бодлого ажлыг засгийн газарт үүрэг болгон өгсөн байгаа” гэв.
Г.ЛУВСАНЖАМЦ: “Дулаанбаатар” аяны хүрээнд орон даяар 300 мянган өрхийн дулаалгын ажлыг эрчимжүүлж, Ногоон зээлд хөнгөлөлттэй үнээр хамруулна |
|