Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэхдээ нэг зүйлийг удаа дараа хэлсэн "Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй, зөрчилтэйй байна" гэсэн. Тухайн зөрчил нь юу байсан юм бэ. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ. Засгийн газрын кабинетын зарчим бол алдагдсан. Засгийн газраа огцруулахын төлөө ажиллаж, урвалт шарвалт маш их байсан. Ийм итгэл үнэмшилгүй байдал улс төрд газар авлаа.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар: Нэгдүгээрт, 2019 онд баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн тулд нэр дэвшиж байна гэж ойлгож байна. Улс орны нөхцөл байдал зөрчилтэй, гадаад орчин амаргүй байгаа үед намын нөхөд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэж байхад ухрах эрх байхгүй гэж бодсон. Тааламжтай үед урагшаа гарч, хэцүү үед хойшоо суух эрх бидэнд байхгүй. Байдал хүнд байгаа. Иймээс мерит зарчим, мэдлэг боловсрол, ажлын туршлага таарч байгаа учраас зүтгэ гэсэн. Үүнээс би хойш суугаагүй. Намын бага хурлын асуудлыг бол намын дарга биш учраас хариулах боломжгүй. Намын бага хурал дотооддоо нээлттэй болсон.
УИХ-ын гишүүн Э.Болормаа: МАН-ын бага хурлаар АН-г гэрээгээ зөрчсөн гээд хамтарсан Засгийн газраас гаргасан. Шулуухан хэлэхэд сандал, суудал албан тушаалын гомдол явсан. Ийм гомдол цаашид гаргахгүйн тулд та бусад намуудтай хамтрах уу. Та бүхэн үүнийг намын удирдлагын төвшинд ярилцсан уу.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар: УИХ-аас гаргасан шийдвэрийг би дүгнэдэг хүн нь биш. УИХ-ын шийдвэрийг Цэцээр өөр газар дүгнэхгүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар богино хугацаанд үр дүнтэй ажилласан. Цаашдаа ч гэсэн энэ ажлууд үргэлжлэх ёстой. Хувь хүнийхээ хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сайн ажилласан гэж боддог. УИХ-д суудалтай намуудтай ярилцаагүй. Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд үүнийг ярих ёстой. Би томилогдоогүй, сонгогдоогүй учраас яриагүй. Хэрвээ УИХ итгэл хүлээлгэж, сонговол УИХ-д суудалтай намуудтай, ярилцах эсэхээ шийднэ. Гэхдээ намууд Монгол Улсын эрх ашгийн төлөө аливаа төсөлд заавал Засгийн газарт орсноороо хамтардаг юм биш. Монгол Улсын эрх ашгийн төлөө хэнтэй ч хамтрахад бэлэн. Харин эрх ашгийг зөрсөн хэнтэй ч хамтрахгүй.
Н.НОМТОЙБАЯР: Засгийн газраа огцруулахын төлөө ажиллаж, урвалт шарвалт маш их байсан |
|