Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ” аж ахуйн нэгж хоорондын гэрээнд гарыг зурах ёслол боллоо.
Ёслолын ажиллагаанд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржав, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Минжуан, “Хятадын төмөр замын барилгын гүүр инженеринг групп” ХХК-ийн төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцов.
Монгол, Хятадын хооронд 1955 оноос хойш анх удаа хоёр дахь төмөр замын боомт байгуулагдаж буй энэхүү түүхэн төсөл нь 2024–2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төслийн тэргүүнд эрэмбэлэгддэг. Төслийн хүрээнд хил дамнасан төмөр замын гүүр, өргөн болон нарийн царигийн өртөө, технологийн барилга байгууламжийг 24 сарын хугацаанд барьж дуусгах төлөвлөгөөтэй байна.
Зөвхөн Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замаар жилд 30 сая тонн ачаа экспортлох боломжтой бөгөөд одоогийн зах зээлийн ханшаар (нэг тонн нүүрсийг 100 ам.доллараар тооцвол) нийт гурван тэрбум ам.долларын орлого олох боломжтой гэж тооцоолж байна. Харин коксжих нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ өсөх нөхцөлд энэ үзүүлэлт нэмэгдэж, төмөр замын тээврээс дангаараа 250–300 сая ам.долларын орлого бүрдүүлэх боломжтойг салбарынхан онцолж байна.
Түүнчлэн тус төслийн амжилтад тулгуурлан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Шивээхүрэн–Сэхээ, Бичигт–Зүүнхатавч, Ханги–Мандал зэрэг бусад боомтуудыг төмөр замаар холбох үлгэрлэн дагах бүтээн байгуулалтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа бөгөөд ингэснээр Монгол Улсын нүүрсний экспортын нийт хэмжээ өнөөгийн 83 сая тонноос 165 сая тонн хүртэл хоёр дахин нэмэгдэх боломжтой гэж тооцоолж байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа |
|