• Өнөөдөр 2025-05-05

УИХ-ын Ажлын хэсгээс Дулаан хангамжийн тухай хуулийн төслийн танилцуулга хийв

2025-05-05,   107

        Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламент цаг үеийн шаардлагад нийцсэн, “хүн төвт”, иж бүрэн зохицуулалт бүхий эрх зүйн орчныг бүрдүүлэх стратеги төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Эрчим хүчний шинэтгэлийн хүрээнд УИХ-ын даргын 2024 оны 80 дугаар захирамжаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээр ахлуулсан Ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг өөрийн орны онцлог тохирсон хуулийн төслийг боловсруулснаа холбогдох салбар, байгууллагууд, мэргэжилтнүүдэд дэлгэрэнгүй танилцуулж, санал авч эхэлснийг өмнө нь мэдээлсэн билээ. 
 
       Тэд өнөөдөр Эрчим хүчний яам болон Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын удирдлага, хамт олонд Дулаан хангамжийн анхдагч хуулийн төслийг танилцуулж, санал сонслоо. Манай улс 24 жилийн өмнө баталсан хэт ерөнхий хуультай учраас түүнийг дагалдсан 800 гаруй журмаар зохицуулж ирсэн нь иргэдэд нэг талаар хүнд суртал, дарамтыг үүсгэдэг. Тиймээс цахилгаан, дулаан хангамжийн 
шинэ тутам харилцааг зохицуулах шаардлага үүссэнийг судалгааны үр дүн баталсан учраас 15 бүлэг бүхий анхдагч хуулийн төслийг боловсруулсан гэдгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн М.Энхцэцэг хэлсэн юм. Тус салбараас УИХ-д сонгогдсон олон улсын экспертийн хувьд тэрбээр асуудалд нэлээд нухацтай хандаж ирсэн нь илэрхий тул саналыг нь няцаах, үл тоомсорлох явдал бага, уулзалтад оролцогчид бүгдээрээ нааштай хүлээн авч, нээлттэй ярилцаж, талархаж байв. 
 
     Товчхондоо, чөлөөт өрсөлдөөнд тулгуурласан зах зээлийн зарчмаар эрх зүйн шинэтгэл хийх цаг нэгэнт болсныг хүлээн зөвшөөрч байгаагаа салбарын мэргэжилтнүүд илэрхийлж байв. Гэхдээ эдийн засгийн үр ашгийг үнэн бодитоор тооцоолох, өнөөг хүртэл алдагдалтай, ачаалалтай явж ирсэн салбарын нөхцөл байдлыг үнэлж, төрийн бодлогоор дэмжиж өгөхийг Ажлын хэсгээс хүссэн. 
 
     Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн уг хуулийн төсөлд ихээхэн ач холбогдол өгч, шинээр сонгогдсон залуу гишүүд улс төрийн хувьд, улс орны хөгжлийн бодлогын хувьд ч зоригтой алхам хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцлоод яамны зүгээс хуулийн төсөлд газрын дарга нарыг цаг гаргаж оролцуулан, саналаа нэг бүрчлэн боловсруулж өгнө. Харин та бүхэн олон жил яригдсан хуулийн төслийг батлуулахад шантралгүй байж, эрчим хүчний салбарыг зах зээлийн жам ёсны зарчимд нийцүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхдээ ухралгүй ахиулаарай гэв. 

УИХ-ын Ажлын хэсгээс Дулаан хангамжийн тухай хуулийн төслийн танилцуулга хийв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188