УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар асуулт тавилаа.
-
"Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан Оюу Толгойн зэс, молибденийн бүлэг ордтой холбогдох таван ашиглалтын тусгай зөвшөөрөл байдаг. Үүний хоёр тусгай зөвшөөрөл бол Онтрэ ХХК эзэмшдэг. Уг тусгай зөвшөөрлүүдийн холбогдох асуудлаар 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Канад улсын Ванкувер хотын арбитрын шүүхийн шийдвэр гарсан. Онтрэ ХХК болон Оюу Толгойн 2005 онд хоорондын харилцаагаа албажуулах гэрээгээ одоо болтол албажуулаагүй байгаа. Оюу Толгойн бүлэг ордын нийт батлагдсан нөөцийн 30 орчим хувь Онтрэ ХХК-ны эзэмшил талбайд ноогдож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн ашигт малтмалын тухай хуулийн хэсэгт заасны дагуу төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэрхэн тогтоох, Монгол Улсын эрх ашгийг хангуулах асуудлыг хэрхэн шийдвэрлэх яриа хэлэлцээ эхэлсэн эсэх болон явцын талаар санхүүгийн модел дээр, олон хувилбараар тооцож засгийн газар хэлэлцээртээ ойлгомжтой болгож Монгол улсын эрх ашгийг хамгаалах
-
Монгол Улсын Татварын ерөнхий газраас Оюу Толгой ХХК-д 2013–2015 онд 377.1 тэрбум, 2016–2018 онд 649.0 тэрбум, 2019–2020 онд 279.0 тэрбум буюу нийт 1.3 их наяд төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ноогдуулсан. Харин 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Рио Тинто компани нь Монгол Улсын Засгийн газарт татварын маргааны асуудлыг 295.0 сая ам.доллар буюу 814.0 тэрбум төгрөгт багтаан шийдвэрлэхээр санал болгосон” талаар мэдээлсэнтэй холбогдуулан уг татварын маргааны явц болон Рио Тинто компаниас ирүүлсэн саналын талаар дэлгэрэнгүй мэдээлэл
-
Олон улсын үнэ шилжилтийн механизмаар дамжуулж, үндэстэн дамнан татвараас зайлсхийх явдал байдаг.Үүнээс сэргийлэх хүрээнд Монгол улс 2012 онд Оюу Толгойн толгой компаниа Нидерландын Вант Улсын оффшор бүсэд тооцогддог харъяа компаниас давхар татварын хэлэлцээрийг цуцалсан. Харин 2023 оны 12 дугаар сард Оюу Толгой ХХК нь Нидерландын Вант Улсад бүртгэлтэй толгой компаниа Монгол Улстай давхар татварын хэлэлцээртэй Сингапур Улс руу шилжүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан, үнэ шилжилтийн механизмаар татвараас зайлсхийх эрсдэлийг дахин үүсгэхгүй байх хүрээнд авч хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээлэл болон цаашид Оюу Толгой ХХК Монгол Улсад шударгаар татвар төлөх суурь нөхцөл бүрдсэн эсэх талаарх мэдээлэл
-
Оюу Толгой ХХК 2009 оноос 2025 оны хооронд 18.0–20.0 орчим тэрбум ам.долларын зээл тавьж маш том бүтээн байгуулалтыг явуулсан. Нийт өрийн хэдэн хувь нь харилцан хамаарал бүхий этгээд буюу толгой компани болох Рио Тинто компанид хуваарилагдаж буй болон мөн уг өрийн үүссэн нөхцөл, хүүгийн төлбөр хэдэн ам. доллароор /төгрөгөөр/ тус тус тооцогдож буй талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
-
2025 оны байдлаар Оюу Толгой төсөл нь 5,000 хүрэхгүй үндсэн ажилтантай боловч туслан гүйцэтгэгч компанийн 20,000 гаруй ажилтан уг бүтээн байгуулалтад оролцон ажиллаж байна. Тайлант онд Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт дуусаж, төсөл хэрэгжүүлэгчээс тогтвортой олборлогч компани руу шилжилт хийхтэй холбогдуулан, цаашид авч хэрэгжүүлэх шилжилтийн үеийн хүний нөөцийн бодлого, төлөвлөгөөний талаарх мэдээлэл
-
Оюу Толгой ХХК-ийн борлуулалтын орлогоос Монголбанканд худалдсан валютын сүүлийн таван жил болон ирэх таван жилд төлөвлөж буй дүнгийн мэдээлэл
-
Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтад хийгдсэн хөндлөнгийн аудитын тайлангийн мэдээлэл, хэрэв энэ аудитыг хийгээгүй бол яагаад хийгээгүй талаарх тайлбар
-
Рио Тинто компани нь олон улсын хөрөнгийн биржүүдэд нээлттэй арилжаалагддаг Туркойз Хилл Ресурсес компанийн гаргасан хувьцааны 49% хувийг 2022 онд худалдан авч, хаалттай компани болгосны улмаас өмнө нь олон нийтэд нээлттэй байсан Оюу Толгой төслийн талаарх мэдээлэл хаалттай болсон. Байгалийн баялгийн үр өгөөж, үр ашгийг иргэдэд хүртээх, сайн засаглалыг хэрэгжүүлэх, мэдээллийн ил тод, нээлттэй, тэнцвэртэй байдлыг хангах зорилтын хүрээнд Оюу Толгой ХХК-ийг нээлттэй компани болгохоор төлөвлөж байгаа эсэх, хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр олон нийтэд санал болгох бэлтгэл ажил хийгдэж байгаа эсэх" талаарх мэдээллийн талаар асуулт тавьжээ.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Оюу Толгой төслийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй, тэнцвэртэй байдлыг хангах хэрэгтэй |
|