• Өнөөдөр 2025-03-19

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Менежментийн форум 2025”-д оролцогчдод мэндчилгээ илгээж, шинэ парламентын стратеги төлөвлөгөөгөө танилцуулжээ

Тав дахь жилдээ зохион байгуулагдсан “Менежментийн форум 2025” чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ илгээснийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж 2025 оны гуравдугаар сарын 18-ны өдөр уламжлан хүргэжээ. Энэхүү форумд УИХ-ын гишүүн П.Сайнзориг, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл нар оролцсон бөгөөд шинэ парламентын зүгээс бизнесийн салбарынханд Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги, төлөвлөгөөгөө танилцуулсан нь анхаарал татаж байна.
 
Монгол Улсын топ 150 компанийн шилдэг удирдагчдыг урьж оролцуулдаг тус арга хэмжээнд Д.Амарбаясгалан дарга өмнө нь ЗГХЭГ-ын дарга байхдаа очиж, байр сууриа илэрхийлж байсан бол энэ удаа тэрбээр Англи улсад албан айчлалтай давхацсан ч мэндчилгээгээ илгээснээс үзвэл 126 гишүүнтэй УИХ үнэхээр л бизнесийн эрх зүйн орчны шинэчлэлд ач холбогдол өгч, тэдний дуу хоолойг чухалчилжээ. Парламентат ёсны шинэчлэлийн үр дүнд “Гурван төгөлдөршил” бодлогоо хэрэгжүүлэхдээ “Хүн төвт” үзэл баримтлалаа эрхэмлэхээр төлөвлөснийг УИХ-ын ЕНБД нь бизнесийн СЕО нарт тайлбарлаж, татварын орчинд тулгамдсан асуудал, тогтвортой хөгжлийн бодлого, үндэсний язгуур эрх ашгийг дээдэлж, төрийн үйлчилгээн дэх хүнд суртал, дарамтаас ангид байлгах, хөрөнгө оруулалтын таатай, чөлөөт өрсөлдөөний эрүүл орчинг бүрдүүлэх эрх зүйн орчинг бий болгохын төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн байна. 
Ийнхүү хууль тогтоох дээд байгууллагын зүгээс хувийн хэвшил, тэр дундаа төсвийн бүрдүүлэлтэд чухал үүрэгтэй бизнесийн орчныг дэмжсэн бодлого баримтлахаар 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө анх удаа танилцуулсан нь төрийн үйл хэрэгт ажил хэрэг болохуйц шинэ жишиг тогтоочих шиг боллоо. Дашрамд сонирхуулахад, “Менежментийн форум 2025” чуулга уулзалт “Building The Trust” уриан дор бизнес, эдийн засгийн орчны шинжилгээг дүгнэн хэлэлцэж, хүний нөөц, хиймэл оюун ухааны хэрэглээ зэрэг асуудлаар зөвшилцжээ.
 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Менежментийн форум 2025”-д оролцогчдод мэндчилгээ илгээж, шинэ парламентын стратеги төлөвлөгөөгөө танилцуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188