УИХ-ын Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар /2024.11.28/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын хоригийг УИХ хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэлэлцэх асуудлаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ч.Лодойсамбуу хуулийн төслийн талаар танилцуулав.
Тэрбээр, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90.8-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно.”, 90.9-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” гэж тус тус заасан.
Хэдийгээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Төсвийн байнгын хорооноос зохих нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг нэгдсэн хуралдаанд оруулахаар заасан боловч Монгол Улсын төсвийг төлөвлөх, боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах нь тусгайлсан зохицуулалттай, цаглавар, хугацаатай асуудал байдаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т “… улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх;” гэсэн үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан.
УИХ-аас төрийн эрх мэдлийн хяналт- тэнцлийг хангах, Монгол Улсын 2025 оны төсвийг 2025 оны төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батлах зайлшгүй шаардлага бий болсон. Энэ шаардлагын хүрээнд Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэлэлцэх асуудлаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2 удаа хуралдан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзэж Монгол Улсын Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна гэлээ.
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг Байнгын хороо дэмжлээ |
|