УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.
Ингэснээр Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбарыг харгалзан цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох бүрэн эрхийг УИХ-д олгохоор тусгажээ. Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбар буюу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ зэргээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоох юм.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Цөмийн энергийн тухай хууль батлагдаж хууль, хөрөнгө оруулалтын гэрээ хоёрыг хамтад нь хэлэлцдэг буруу жишгээс саллаа. Хуульд нийцүүлж хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийгддэг улс эх орны эрх ашиг, ирээдүй хойч үед хэрэгтэй зөв жишгийг тогтоолоо. "Оюу-Толгой" төсөл шиг гэрээний алдаа дахин давтахгүйн тулд АМНАТ-ын дээд таазын хязгаарыг өөрчилж өсөн нэмэгддэг орчныг хуулиар бүрдүүллээ. 27 жил гацсан ураны төсөл, бусад төсөл хөтөлбөрүүд урагшилж, улс эх орон, ард түмэнд ашигтай байх нөхцөл бүрдлээ. Гадны хөрөнгө оруулагчдад таатай хөрөнгө оруулалт, тодорхой хууль эрх зүйн орчин бий боллоо. Хамтарч ажилласан УИХ-ын гишүүд, салбар бүрийн эрдэмтэн судлаач, ажлын хэсгийн хамт олонд талархал илэрхийлье" хэмээн мэдээллээд байна.
Н.УЧРАЛ: Цөмийн энергийн тухай хуулийн төслийг баталлаа |
|