• Өнөөдөр 2025-04-18

Б.ЖАРГАЛАН: НИЙСЛЭЛД 12 МЯНГАН АЙЛЫН АСУУДЛЫГ ШИЙДЭХИЙН ТУЛД 824 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ, МӨНГӨ УГААХ ГЭЖ БАЙНА

2024-11-18,   334

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
 
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Гашуун сухайт- Ганц мод боомтын төмөр замтай холбоотой асуудлаар БНХАУ -ын талаас манайд санал ирсэн тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын агаарын бохирдол хийгээд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай хэлэлцсэн. Мөн Жагсаал цуглаан хийх хуулийн төслийн талаар ярьсан. Мөн Ардчилсан намын бүлэг гурван дэд даргатай байхаар дүрмийн хүрээнд хэлэлцэж, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг бүлгийн дэд даргаар томилсон. Түүнчлэн анхдугаар Үндсэн хуулийн 100 жил болох гэж байгаатай холбоотой хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярьсан. Гашуун сухайт боомтын улстөржсөн асуудал бий. Энэ нь ардаа үлдэж, бизнесийн байдлаар явах ёстой гэж үзсэн" гэлээ.
 
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Агаар орчны бохирдлын асуудлаар Нийслэлээс холбогдох албан тушаалтан ирсэн. Бүлгийн гишүүдийн хувьд хотын дарга Х.Нямбаатарыг ирэх шаардлага тавьсан. Х.Нямбаатар дарга томилолттой гэх шалтгаанаар ирээгүй. Нийслэлийн орлогч дарга мэдээлэл хийсэн ч хангалтгүй мэдээлэл өгсөн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас УИХ-ын гишүүд нь мэдээлэл авч чадахаа больсон байна. Хариуцлагагүй байгааг нь олон нийтэд хэлэх ёстой. Дөнгөж томилогдсон даргаас бид асуух зүйл байсангүй" гэсэн юм.
 
УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Орон гэртээ сайжруулсан түлшний улмаас угаартаж амиа алдсан эмгэнэлтэй тохиолдол олон гарлаа. Гэтэл энэ жил сайжруулсан түлшээ дахиад л түлнэ гэсэн хариулт нийслэлээс өгч байна. Сайжруулсан түлшний улмаас хүхрийн агууламж нэмэгдэж байна. Мөн гишүүдийн асуусан асуултад хангалттай хариулт өгч чадахгүй байна. Агаарын бохирдолттой тэмцэх Үндэсний хороог 2023 оны арваннэгдүгээр сард  татан буулгасан. Тавантолгой түлш ХХК-г нийслэлийн харъяа болгож байгаа гэх зэрэг тодорхойгүй зүйл ярьж байна. Дээр нь улсын нэгдсэн төсөв маш их хэмжээгээр тэлж, зэс, алт, нүүрснээс мөнгө олж чадаж байгаа бол хамгийн эхэнд агаарын бохирдолтой тэмцэх ёстой. Нийслэлд өнгөрсөн онуудад маш их хэмжээний төсөв тавьсан.
 
Тухайлбал, 2024 оны төсвийн тодотголд нийслэд маш их хэмжээний мөнгө тавьсан. Сэлбэ дэд төв орчмын газрыг чөлөөлөхөд 584.3  тэрбум төгрөг суулгасан. Гэтэл газар чөлөөлөлт бүрэн дуусаагүй байна. Мөн маш ноцтой нь  нийслэл өөрөө бонд гаргаад улсын өр нэмээд явж байгаа. Бондоос татан төвлөрүүлсэн хөрөнгийн хүрээнд Сэлбэ дэд төв дээр чөлөөлсөн газар дээр нийслэл өөрөө захиалагчаар нь ажиллаад 240 тэрбум төгрөгөөр орон сууц бариулах гэж байгаа. Есдүгээр сард тендер зарласан. Нийслэл өөрөө орон сууц барьдаг арга руу шилжиж байна. Орон сууцыг нь хувийн хэвшил барьдаггүй юм уу. Хувийн хэвшлийн хийж чадах ажлыг нийслэл орж байгааг гайхаж асуусан ч хангалттай хариулт авч чадахгүй байна. Барилга угсралт, газар чөлөөлөлтөд гэхэд 824 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болчихож байгаа юм. Энэ 12 мянган айлын асуудлыг шийдэх асуудал байна. Ингэж мөнгө угаасан байдлаар, ашиг сонирхлын зөрчилтэй арга хэмжээ авч байна" гэв.
 

Б.ЖАРГАЛАН: НИЙСЛЭЛД 12 МЯНГАН АЙЛЫН АСУУДЛЫГ ШИЙДЭХИЙН ТУЛД 824 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ, МӨНГӨ УГААХ ГЭЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-19 11:02:14
    Зочин: Хувийн хэвшил гэсэн шулж мөлжиж хуурч хулхидсан 2 - 3 хүнд өгч байснаас 3 сая ард түмнээ төлөөлсөн төр засагтаа өгөх нь мянга дахин хэрэгтэй чухал билээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188