УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Цөмийн энергийн хуулийг дагалдуулан Компанийн тухай хуулийг оруулж ирснийг УИХ-ын гишүүд шүүмжиллээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Ажлын хэсгийн ахлагч бас үймүүлэхгүй шүү. Тэгж яривал Засгийн газраас орж ирсэн төсөл өөрөө асуудалтай шүү. Яахаар Компанийн тухай хуулийн суурь харилцааг Цөмийн энергийн тухай хууль дагуулж өөрчилж байгаа юм бэ. Энэ бүх компаниудад хамаатай. Бүх энгийн хувьцаануудыг давуу эрхийн хувьцаа болгож олгох боломжийг нэг хуулийн ард ямар ч тооцоо судалгаагүй, үндэслэлгүй оруулж ирсэн. Энэ Оюутолгойн гэрээнд ч хамаатай. Тиймээс Оюутолгой болон Монгол Улсын стратегийн 15 ордод хамаарахгүй гэдгийг хашиж, Цөмийн энергийн тухай хуульд л үйлчилнэ гэдгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хашиж өгсөн юм. Тиймээс Т.Энхтүвшин гишүүний гаргасан санал харин зөв. Хэрэв буруудах гэж байгаа бол энэ төслийг бүрмөсөн буцаах ёстой.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Б.Энхбаяр гишүүний хэлж байгаа нь үнэн. Хуулийн этгээд тэр дундаа Компанийн тухай хуультай холбоотой асуудал Хууль зүйн байнгын хорооны үндсэн асуудал. Гэтэл энэ Байнгын хороо огт хуралдаагүй. Мэдээгүй. Эдийн засгийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор орж ирээд анх удаа Компанийн тухай хуулийн суурь зарчим энгийн хувьцааг өөрчлөх тухай ороод ирсэн. Тэр хуулиараа хориотой байхгүй юу. Хэрэв энгийн хувьцааны ард байгаа санхүүгийн хариуцлага гэхчлэн олон ойлголтыг зүгээр л хувьцааных нь төрлийг өөрчлөөд шийдчихдэг бол компани чинь тэр чигээрээ залилангийн гэмт хэрэг болно.
Компани байгуулж, бизнес эрхлэх чинь хэн нэгэнд сайн дураараа эд хөрөнгөө дээрэмдүүлэх үйл ажиллагаа болж хувирна. Ийм ноцтой асуудлыг Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам нь мэдэхгүй сууж байна. Өөөр Байнгын хорооны эрхлэх асуудлыг Засгийн газар өөр хуулинд дагуулаад, хавчуулаад ороод ирж байна. Энэ бол Засгийн газрын хариуцлагагүй байдлын хамгийн том жишээ. Үнэнийг хэлэхэд ноцтой асуудал шүү. Тиймээс энэ хуулинд зорилготойгоор Цөмийн энергийн хуулинд гэж тодотгож өгье. Тэгэхгүй бол Компанийн тухай хуулийн тулгуур зарчим эвдэгдэж байна. Цаашид Байнгын хороод өөрийнх нь салбарын асуудал орж байвал дуугүй өнгөрч болохгүй. УИХ-ын эрүүл тогтолцоо руу шилжихгүй бол суган доогуур хууль баталдаг байж болохгүй.
Х.ТЭМҮҮЖИН: УИХ-ын эрүүл тогтолцоо руу шилжихгүй бол суган доогуур хууль баталдаг байж болохгүй |
|