Сүүлийн хэдэн сар олны анхаарлыг татаж, шуугиан тарьсан сэдвүүдийн нэг нь МҮОНРТ-ийн захирлыг томилох асуудал байв. Улсын хэмжээнд төрийн өмчит гэх тодотгол ганцхан МҮОНРТ-д бий. Иймдээ ч хэвлэлийн салбарт ашгийн төлөөх бус, олон нийтэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх ганц байгууллагын албан томилгоо анхаарал татах нь аргагүй биз ээ.
Телевизийн удирдлагын томилгооны асуудал хэсэгтээ л шуугиан тарьж, хүний эрхийг хамгаалах өдрөөр сэтгүүлчийг хүртэл баривчилсан.
МҮОНРТ-ийн захирлаар 2016 оноос хойш Л.Нинжжамц ажилласан юм. Харин өнгөрсөн аравдугаар сард тус телевизийн уран бүтээлч, ажилчид захирлуудын зөвлөлийг огцруулахыг шаардсан. Улмаар тус телевизийн захирал Л.Нинжжамц ажлаа хүлээлгэн өгч, дараагийн захирлын сунгаан эхлээд байв. МҮОНРТ-ийн захиралд нийт 17 хүн нэр дэвшиж, өчигдөр ерөнхий захирлаа томиллоо. Тодруулбал, тус телевизийн ерөнхий захирлыг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаж, Н.Дэмбэрэлийг томилов. Н.Дэмбэрэл нь МҮОНРТ-ийн дэд захирлаар ажиллаж байсан. Телевизийн захирлын нэрд түүний нэр яригдаж эхлэхэд л “Би захирал болохгүй. Телевизийн салбар амаргүй даваа” гэх утгатай зүйлийг ярьж байсан ч ийн “даргын” суудал түүнд татгалзахад амаргүй санал байсан бололтой. Урьд нь ч тэрбээр МҮОНРТ-ийн захирлын сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлж байсан.
МАН-ын гишүүн, стратегийн зөвлөхийн албыг хашиж байсан тэрбээр МАН-ын даргын суудлаас нэрээ татаж байсан нэгэн. Харин төрийн дээд өндөрлөгүүдтэй нутаг нэг гэгдэх түүнийг ийн телевизийн захирлаар томилогдоход улс төрийн нөлөө орсон гэж хардах хүмүүс ч байна. Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны дарга, хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байх үедээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэр хүндэд халдсан, УИХ-ын гишүүн асан Ч.Улааныг “Цайрт минерал”-тай холбон гүтгэсэн гэдэг үндэслэлээр хорих ялаар шийтгүүлж байсан удаатай.
Нинжийн Дэмбэрэл нь 1971 онд төрсөн, 1988 онд Баянхонгор аймгийн арван жилийн II сургуулийг төгссөн. Эрхүү хотын Анагаах ухааны дээд сургуульд хүүхдийн эмч мэргэжлээр суралцаж, 1999 онд ХААИС-д эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан.
2004-2006 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, 2006-2008 онд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албан дарга, 2008-2010 онд “Монгол Шуудан” сонинд редактор хийж байжээ. Улмаар 2012 онд МАН-ын Улс төрийн бодлогын хэлтэс, Олон нийт, хэвлэл мэдээллийн газрын даргаар томилогдож, 2015 онд МҮОНРТ-ийн дэд захирлаар ажиллаж байв.
МҮОНРТ-ийн захирал Н.Дэмбэрэл гэж хэн бэ |
|