• Өнөөдөр 2025-04-02

ТҮМНИЙ НЭР БАРЬСАН ТӨРИЙН ДЭЭРЭМ БУЮУ БАЯЛГИЙН САН-II

2024-05-01,   1089

      Сонгуультай уралдан Үндэсний баялгийн сангийн хуулийг баталлаа. МАН-ынхны хувьд, “гол усаар л нэг найр наадам” гэдэг шиг л байна.  
 
Өмнөх нийтлэлийг энд дарж уншаарай

ХОНЬ, ЧОНО БУЮУ УЛС ТӨР БА УУЛ УУРХАЙ

      Үндэсний баялгийн сангийн хуулиар төр стратегийн ордуудын 34 хувийг үнэ төлбөргүй эзэмшихээр боллоо. Стратегийн 16 ордоос долоог нь төр эзэмшиж ирсэн. Гэтэл үлдсэн есөн стратегийн ордод ч төр хувь эзэмшихээр болж байна. Араас нь, стратегийн ордод оруулах боломжтой 39 орд бий. Тэдгээр ордыг ч төр өмчлөх нь. Даахгүй нохой булуу хураах, эсвэл амташсан хэрээ арван гурав эргэхийн аль аль хэлц нь зохих аж. 
 
Төрийн мэдлийн стратегийн ордуудад л авлига гаарч, хулгай цэцэглэж ирсэн. Манай нөхцөлд улс төр, уул уурхай хоёр нийцдэггүй, хонь, чоно шиг нэг нь нөгөөхөө “идэх” л сонирхолтой. Ерөөс төрийн оролцоотой уурхай улстөрчдийн бэлэн мөнгөний машин болоод хувирчихдаг. Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалдаг зарчмаар ялсан нам нь, нам дотор хамгийн хүчирхэг фракц нь төрийн өмчийн уурхайнуудын удирдлагыг томилж, тэднээрээ дамжуулан тухайн уурхайг тонон дээрэмдэх ажиллагааг явуулна. Тэгээд болоогүй, хэн нь зэс, хэн нь нүүрс зарахаа булаалдаж, хоорондоо “зодолдоно”. Эхний золиос нь Эрдэнэт байсан. Төрөөс төрсөн тэрбумтан гэх хэлц, тендерийн шахаа гэх бохир бизнес гээд бүгд Эрдэнэтээс эхлэлтэй. Дараагийнх нь, “Тавантолгой” ХК ба “Эрдэнэс тавантолгой” ХК. “Нүүрсний хулгай”-н хэрэг гэж нийгэм даяараа хоёр жил гаруй бужигнаж, эцэст нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан ял авч, УИХ-ын гурван гишүүн чөлөөлөгдөж, Төрийн ордноос явсан. Намтайгаа тойргоороо, түрийвчээрээ тохироод, “нүүрсний хулгай”-н хэргээс нэрээ хасуулсан ахиад 10-аад гишүүн бий гэх. За тэгээд, цаашаа “Монголросцветмет” ТӨХК, “Шивээ-овоо” ТӨХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК гээд ар араасаа хөвөрнө.  
 
     Төр стратегийн ордуудаа гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч эхлүүлэх гэж үзээд, эцэст нь шүүх дээр очсон олон жишээ бий. Жишээ нь, Дорнодын ураны стратегийн ордыг төр Канадын “Хан ресурс” компанитай хамтран эзэмшиж байлаа. Улмаар муудалцаж, 2010 онд “Хан ресурс” компанийнхан манай Засгийн газрыг арбитрын шүүхэд өгч, 280 сая ам.доллар нэхэмжилсэн. Арбитрын шүүхэд “Хан ресурс” ялж, тохиролцсоны эцэст 70 сая ам.доллар төлөөд салсан. Гурванбулагийн ураны стратегийн ордыг төр Хятадын “Эмээлт майнз” компанитай хамтран ашиглахаар 2011 онд төслөө эхлүүлсэн. Гэтэл 2020 онд “Эмээлт майнз” компани мөн л төрөөс 100 тэрбум төгрөг нэхэмжилж, шүүхэд хандсан. 2015 онд Гацууртын алтны стратегийн ордын 34 хувийг төр эзэмшихээр болсон. Гэхдээ төр тус ордод одоогийн ярьж байгаа шигээ хөрөнгө оруулалт хийхгүйгээр 34 хувийг нь үнэгүй эзэмшинэ гэж “Сентерра гоулд” компанид тулгасан. Эцэст нь, тохиролцсон ч юмгүй, “Сентерра гоулд” компани Сингапурт бүртгэлтэй “OZD asia” компанид ордоо зарчихаад өөрсдөө гараад явсан түүхтэй. 
 
Харин төр ба “Рио Тинто”-гийн хувьд асуудал арай өөр. Төр хэдий Оюу толгойн стратегийн ордод эзэмшиж буй 34 хувиа хэрхэх учраа олохгүй 15 жил будилж, гашилж яваа ч дээрх тохиолдлууд шиг “Рио Тинто”-той муудаж чадахгүй. Арбитрын шүүхээр асуудлаа ярьвал төр бүх стратегийн ордоо өгөөд ч өрнөөс өндийхгүй. Түүнийгээ сайн мэдэж байгаа учраас “Рио Тинто” юу гэнэ аясаар хөдөлж ирсэн нь нууц биш. 

ТЭНГЭРТ ТУЛГАЖ БАТАЛСАН ХЭТ ӨНДӨР ТӨСВӨӨ ҮНДСЭН ХУУЛЬ, АРД ТҮМНИЙ НЭР БАРЬЖ БҮРДҮҮЛЭХ ТӨРИЙН ЗАЛЬ

      Төр шууд утгаараа Үндсэн хуулиар дулдуйдаж, ард түмний нэр барьж, байгалийн баялгийн бүх орлогыг төсөвтөө авахаар санаархаж буйгаа Баялгийн сангийн хуулиар батлан харууллаа. Арга ч үгүй байх. 2016 онд улсын төсөв 7.8 их наяд байсан. Гэтэл 2024 онд улсын төсөв 27 их наяд болж, найман жилийн дотор 20 их наядаар нэмэгдчихээд байна. Тиймээс төр байж болох бүх орлогыг төсөвтөө хуу хамж авч байгаа. АМНАТ-ыг ард түмний нэр барьж төсөвтөө авч байгаа. Араас нь стратегийн ордуудын 34 хувийг мөн л ард түмний нэрээр төсөвтөө авахаар болж, хүслээ гүйцээлээ. Энгийн логикоор, эрүүл ухаанаар бодоод үзье. 
 
    Үндсэн хуулиар байгалийн баялаг бол бүх ард түмний өмч. Тиймдээ ч байгалийн баялгийн буюу стратегийн ордуудын орлого АМНАТ-аар дамжиж ард түмэнд очих нь хамгийн сонгодог зөв хувилбар. Олон улсын жишиг нь, өнөө үлгэрлэж, хуулбарлаад байгаа Чили, Норвегийн баялгийн сангийн эх үүсвэр нь ийм. Гэвч төр АМНАТ-ыг төсвөө бүрдүүлэхэд, төсвийн цоорхойгоо нөхөхөд зарцуулж ирсэн. Жишээ нь, өнгөрөгч 2023 онд АМНАТ-ын орлого 4.2 их наяд хүрч, төсвийн орлогын 17 хувийг дангаараа бүрдүүлсэн. Энэ онд АМНАТ-ыг 4.5 их наяд төгрөгт хүргэх төсөөлөлтэй, эхний улирлын эцэст 1.5 их наяд хүрсэн эерэг үзүүлэлттэй буй. Гэвч АМНАТ-ын энэ орлогыг Төсвийн тогтворжуулалтын сан, Орон нутгийн хөгжлийн санд хуваарилаад, үлдсэн хэсгийн 65 хувийг Ирээдүйн өв санд хуримтлуулж байгаа. Өөрөөр хэлбэл, төр иргэдэд тэгш хүртээх ёстой АМНАТ-ын өрмийг төсөвтөө аваад, өчүүхэн жаахан хусмыг нь Ирээдүйн өв санд хийж байгаа. 
 
Төр АМНАТ-ыг ард түмнээс ийн булааж байгаадаа ханасангүй. Үндэсний баялгийн сангийн хуулиар стратегийн ордуудын 34 хувьд ногдох ашиг нь Хуримтлалын санд орно. Төр стратегийн ордуудын 34 хувийг эзэмшдэг болсноор жилд ойролцоогоор 1.1 их наяд төгрөг Хуримтлалын санд төвлөрнө гэх урьдчилсан тооцоолол гаргасан. Гэвч Хуримтлалын сангийн мөнгө нь иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндийн асуудлуудыг шийдэж, санхүүжүүлэх зориулалттай. Өөрөөр хэлбэл, төсвөөс санхүүжүүлэх ёстой орон сууц, боловсрол, эрүүл мэндийн төслүүдээ Хуримтлалын сангийн мөнгөөр санхүүжүүлэхээр болж байна. Тэгэхээр стратегийн ордуудын 34 хувийн орлого өнгөн дээрээ Хуримтлалын санд орж байгаа нэртэй боловч үнэндээ төсөвт орж байгаагаас ямар ч ялгаагүй юм. 

ҮНДЭСНИЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ АЛАГ ҮЗЭЖ, АЙЛГААД СУРЧИХСАН ТӨР

     Гол асуудал нь, төр өөрсдийнхөө тэнгэрт тулгаж баталсан төсвөө бүрдүүлэхийн төлөө стратегийн ордуудын 34 хувийг эзэмшихээр болсны цаана уул уурхайн хөгжлийн асуудал, даамжраад хөгжих, эс хөгжих асуудал яригдана. Яах вэ, стратегийн ордынхоо 34 хувиа өгөхгүй бол тусгай зөвшөөрлийг чинь цуцална гэж дарамтлаад хүссэн хувиа эзэмшиж болно. Гэхдээ үнэгүй эзэмшинэ гээд байгаа. Стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад багадаа л 1.0 тэрбум ам.доллар шаарддаг. Олон улсын жишгээр 1.0 тэрбум ам.доллар ба түүнээс дээш хөрөнгө оруулалт шаардаж байвал мега төсөлд тооцогддог. Гэтэл хувийн аж ахуйн нэгж гадна, дотноос байдгаа барж 1.0 тэрбум ам.доллар босгоод стратегийн ордод хөрөнгө оруулмагц нь төр ямар ч үнэгүйгээр 34 хувьд нь эзэн сууж болох уу. Эгдүүцмээр нь, монголын төр ийм увайгүй араншингаа гадны хөрөнгө оруулагчдад гаргаж чаддаггүй, адагт нь арбитрт очоод асар их төлбөрт унахаасаа айдаг. Харин хөөрхий хэдэн үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний аж ахуйн нэгжүүдээ яаж бол яаж дарамталж чадна. Жишээ авъя. Дээр дурдсанчлан Сингапурынхны эзэмшдэг Гацуурт, Бороогийн стратегийн ордуудын 34 хувийг төрд авах шийдвэр аль 2015 онд гарсан. Одоог хүртэл аваагүй, авах гэж оролдоогүй орхисон. Мөн манай Засгийн газар Францын Засгийн газрын харьяа “Орано групп”-тэй хамтран Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байх ураны “Зөөвч-Овоо” ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, дэлхийн зах зээлд уран нийлүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болоод байгаа. Энэ төслөөс төр 34 хувь эзэмшихгүй, АМНАТ-аар ашгаа хүртэх нь хамгийн зөв хувилбар гэж үзэж Хөрөнгө оруулалтын гэрээгээ боловсруулж байгаа. Гадаад хөрөнгө оруулагчид болохоор “Бид хувь эзэмшихгүй, АМНАТ-аа л авъя” гэж найр тавьчихаад үндэсний аж ахуйн нэгжүүддээ болохоор “34 хувиа өг, өгөхгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцална” гэж дарамтлах хэтэрхий шударга бус баймаар....
 
     Бид дараагийн дугаартаа стратегийн орд эзэмшигч үндэсний аж ахуйн нэгжүүд ямар их эрсдэл үүрч, төрийн ямар их дарамт шахалт, гүтгэлэг, хавчлага дундуур туучиж, ажлын байр нэмэгдүүлэхийн төлөө, эдийн засгаа хөл дээр нь босгохын төлөө хувь нэмрээ оруулах гэж зүтгэдгийг танилцуулах болно. 
 

ТҮМНИЙ НЭР БАРЬСАН ТӨРИЙН ДЭЭРЭМ БУЮУ БАЯЛГИЙН САН-II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-02 06:49:33
    зайлуул энэ сэтгүүлчийн захиалгат бичлэг: Хөгжлийн эх үүсвэр баялагийн сан гэдгийг дэлхийн хөгжилтэй улсууд баталсан. Захиалгаар вм бичдэгээ боль.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-01 21:28:45
    мөнх: төр газраараа хөрөнгө оруулж байгаа юм байгаа биздээ яахаараа хөрөнгө оруулж 34%эзэмших гэж хэний газрыг ухаад орлого олоод байгаа юм энэ Монгол улсын нутаг газар шороо биш юмуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-01 11:26:38
    иргэн: Нэр бариагүй ээ. Харин ч эсрэгээрээ хүмүүс хулгай луйварыг зогсоо, зас гэж шаардаад байгаа шүүдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-01 09:26:25
    Зочин: Төрөөс ард түмнээс дээрэмдэж авсаныш буцааж авч бна. Юу нь буруу бгаа юм бээ. Луйварчдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-01 09:22:26
    Зочин: Нямтайшир чи болио. Цагаан суваргыг хурааж ав. Чиний хувийн өмч биш. Ард түмний өмч.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188