• Өнөөдөр 2025-10-29

Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан

2025-10-29,   128

БСШУСЯ-ны харьяа  Биеийн тамирын төрөлжсөн сургалттай Спортын дунд сургуулийн чөлөөт бөхийн багш, дасгалжуулагч, спортын мастер Ганхуягийн Нямбаяртай ярилцлаа.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
      -Намайг Ганхуягийн Нямбаяр гэдэг. Увс аймгийн Баруун туруун суманд 1993 онд төрсөн. Намайг дөрвөн настай байхад манайх  Увсаас Улаанбаатар хот руу нүүж ирсэн юм билээ. Би Сонгинохайрхан дүүргийн  Баянхошууны 105 дугаар дунд сургуулийг төгсөөд, “Шонхор-Олимп” БТДС-д дөрвөн жил сурч, багш, дасгалжуулагчийн мэргэжил эзэмшсэн. Түүний дараа МУБИС-д магистрт хоёр жил сурсан.

-Анх чөлөөт бөхөөр хэдий үеэс хичээллэж байсан бэ?
      -Ерөнхий боловсролын дунд сургуулийн долдугаар ангид байх үеэсээ чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Ихэнх бөх нэг багшийн удирдлага дор бэлтгэл хийж амжилт гаргадаг бол би тийм байгаагүй.

Анх 105 дугаар дунд сургуулийн биеийн тамирын багш,  аймгийн заан Д.Пүрэвдорж багшийн удирдлага дор бэлтгэл хийж байгаад дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд орсон. Олон багш дамжиж яваад 11 дүгээр ангид ордог жилээ Баянхонгор аймгийн уугуул, МУГД Ц.Нацагдорж багш дээр очиж байлаа.

     Ц.Нацагдорж багшаар их зүйлийг заалган, мэдэж, сурч авсан. 2010 онд  өсвөр үеийн  улсын аварга шалгаруулах тэмцээний  58 кг-ын жинд барилдаж хүрэл медаль хүртсэн юм. Гэтэл багш Өвөр Монгол руу хоёр жилийн гэрээгээр яваад өглөө. Ингээд дунд сургуулиа төгсөөд  “Шонхор” БТДС-д орж Г.Амархүү багшийн гар дээр очиж, жил гаруй хугацаанд бэлтгэл, сургуулилалт хийж байгаад олон улсын тэмцээнд орж, мөнгөн медаль хүртсэн. 

-Хэзээнээс дасгалжуулагчаараа ажилласан бэ?
      -Гуравдугаар  курст байх үед МУГТ Ц.Нацагдорж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, МУГТ Ч.Дамдиншарав хоёр 18:00 цагийн бэлтгэл сургуулилалт хийлгэдэг байсан юм. Хоёр багшийн туслах дасгалжуулагч хийгээд тусалж, өөрөө бас бэлтгэл хийдэг байв. Мөн тэр хугацаанд Г.Амархүү багшийг дагаж ОХУ руу  тэмцээнд явдаг болсон юм.  Ц.Нацагдорж, Ч.Дамдиншарав  хоёр багшийнхаа удирдлага дор туслах дасгалжуулагчийн дадлага, сургуулилалт хийж их зүйлд суралцсан. Энэ хугацаанд хоёр багш маань миний алдаа оноог зааж засан, хамгийн үнэтэй  зөвлөгөөнүүдийг өгч байлаа. Ахмад багш нараас асууж суралцах зүйл их.

      Багш нарын минь бэлдэж байсан шавь нар насанд хүрэгчдийн улсын аварга, залуучуудын улсын аврага, өсвөрийн улсын аврага, шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл, медаль, олон улсын тэмцээнүүдээс ч медаль хүртэж байсан.” Шонхор-Олимп” биеийн тамирын дээд сургуулийг төгссөний дараа  багш, дасгалжуулагч болно гэхэд Ц.Нацагдорж багш “Чи одоохондоо багш болох болоогүй.

Мэдлэг, боловсролоо дээшлүүлж суралцах хэрэгтэй. Одоогоор чамд гаргасан том амжилт алга. Бас нас бага, залуу байгаа дээрээ хичээж, сайн багш, дасгалжуулагчийн чадварт суралцах хэрэгтэй. Багшлах мэргэжлийн зэрэглэл, ур чадвараа дээшлүүл гэж зөвлөсөн. Ингээд намайг дагуулан МУБИС дээр очиж магистрын сургалтад  бүртгүүлж, эхний улирлын төлбөрийг Ц.Нацагдорж багш төлж суралцуулсан. 2016 оны  наймдугаар сарын 28-ны өдөр Ч.Дамдиншарав  багш, намайг  дуудаж ”Бүх бичиг баримт, дипломоо аваад Спортын төв ордон дээр  хүрээд ир” гэв.

      Ч.Дамдиншарав багш намайг дагуулаад Төрөлжсөн сургалттай Биеийн тамирын дунд сургуулийн  Ч.Зоригтбаатар захирлын өрөөнд авч орлоо.  “Ц.Нацагдорж бид хоёрын гар дээр бэлтгэл, сургуулилалт хийдэг хүүхэд байгаа  юм” гэж Ч.Зоригтбаатар захиралд танилцуулсан. Ингэж  багшийнхаа дэмжлэгээр 2016 онд Спортын төрөлжсөн сургалттай биеийн тамирын дунд сургуульд чөлөөт бөхийн  багш, дасгалжуулагч болж байлаа. Тэр үед Спортын төрөлжсөн сургалттай биеийн тамирын дунд сургуульд Г.Пүрэвбаатар агсан чөлөөт бөхийн багшаар ажиллаж байсан юм. 

-Спортын дунд сургуулийн багш, дасгалжуулагч  болоод есөн жил болжээ. Шавь нар нь хэр амжилт гаргаж байна вэ? 
      -Спортын дунд сургуулийнхаа хамт олны хичээл, зүтгэл, ахмад багш, дасгалжуулагчдын үнэтэй зөвлөгөө, дэмжлэгийн үр дүнд багагүй амжилт гаргаж байгаа. 2016 оны  есдүгээр сарын 1-ний өдөр Спортын дунд сургуулийн  чөлөөт бөхийн багш болоод  Г.Пүрэвбаатар багшийн хамт 100 гаруй хүүхдийг бэлтгэл хийлгэж тэмцээн, уралдаанд авч явдаг боллоо.

Дасгалжуулагч Г.Пүрэвбаатар багш 2017 оны  нэгдүгээр сарын 20-ны өдөр надад хэсэг хүүхдүүд тасалж өгөөд  “За, чи өөрийн гэсэн гарын шавь нараа сонгон авч бэлд” гэсэн зөвлөгөө өгсөн. Тэр өдрөөс эхлэн  чөлөөтийн эмэгтэй заал руу орж бие даан бэлтгэл сургуулилалт хийж эхэлж байлаа.

       Шинээр нэмж  хүүхдүүд сонгон авлаа. Манай Спортын дунд сургуульд  ширээний теннисээр хичээллэдэг  наймдугаар ангийн сурагч Б.Мөнхгэрэл гэдэг  охин чөлөөт бөхөөр хичээллэх хүсэлтэй байна гээд ирлээ. Ингээд Б.Мөнхгэрэлийг чөлөөт бөхийн спортоор хичээллүүлж эхэлсэн. Спортын дунд сургуульд 3-7 дугаар анги хүртлээ явсан Т.Алтжин охиныг хичээлд суудаггүй гээд багш нарын хурлаар оруулж сургуулиас хөөх арга хэмжээ авах юм болов.

Тэгсэн эгч нь “Багш аа, та манай дүүг секцэндээ авч, сургуульдаа үлдээхийг бодооч. Дүү минь олон багшийн гар дамжаад олигтой сурсан зүйлгүй, амжилт гаргаж чадахгүй яваа хүүхэд” гэж гуйлаа. Тэгээд тэр хоёр охиноо бусадтай нь нийлүүлж эрчимтэй нь аргагүй ажилдаа орсон. 2017 онд жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит  40 дэх удаагийн өсвөр үеийн олон улсын тэмцээнд анхны бэлдсэн тамирчиддаа аваад Г.Пүрэвбаатар багштайгаа хамт очлоо. Тус тэмцээнд Т.Алтжин маань 46 кг-ын жинд барилдаж хүрэл медаль хүртлээ.

      Тэр хүрэл медаль надад их урам зориг, ажиллах эрч хүч хайрласан.  П.Чулуунбаатар, С.Мөнхдуулдах багш нар “Баяр хүргэе. Олон улсын тэмцээнээс анхныхаа медалийг хүртлээ. Одоо хилийн дээс алхаж гадагшаа тэмцээнд шавь нараа авч явах хэрэгтэй” гэж хэлж билээ. Ингээд тавдугаар сарын 9-нд ялалтын баярын тэмцээнд П.Чулуунбаатар, С.Мөнхдуулдах багш нарыг дагаад  ОХУ руу  анх удаа тэмцээнд оролцохоор  Б.Мөнхгэрэл, Т.Алтжин, Б.Ану-Эрдэнэ, А.Сүхтулга, Д.Өсөхбаяр, Б.Ган-Өлзий,Т.Есөн-Эрдэнэ нарын долоон охиноо аваад явсан.  

Манай долоон тамирчин  эхний тойрогт бүгд ялагдчихсан. Сэтгэл санаа нэг л тогтворгүй болчихлоо. “Би ч ёстой болоогүй байгаа юм байна даа. Яаж охидоо сайжруулах вэ. Ер нь би чадах болов уу” гэж эргэлзэх бодол төрөөд болдоггүй. Харин тэр тэмцээнээс П.Чулуунбаатар, С.Мөнхдуулдах багш нарын хүүхдүүд нь алтан медаль авсан.  Цуг явсан багш нар “Зүгээрээ сэтгэлээр битгий уна. Амжилт гэдэг амар олддоггүй юм. Хожигдож, ялагдаж сурч байж л тамирчин болдог юм. Энэ тэмцээн хүүхдүүдэд чинь туршлага болно” гэж урам хайрлав.

     Тэмцээнээс ирээд зуны бэлтгэлд Гавьжийн шандад гарав. 2017 оны есдүгээр сарын 1-ний өдөр  сургуулийн  шинэ хичээлийн жилийн нээлтийн дараа Д.Гомбодорж багш чөлөөт бөхийн багш дасгалжуулагчаар хамт ажиллахаар ирэв. Сарын дараа  аравдугаар сард  Д.Отгонбилэг агсны нэрэмжит тэмцээнд 50 гаруй  хүүхэд аваад Эрдэнэт рүү явлаа. Тэгсэн нэг ч медаль хүртэж чадсангүй.  Сэтгэл санаагаар нэлээд унав. С.Мөнхдуулдах багшид  “Ах аа, би танай Баянхонгорт хүүхдүүдээ авч очин хамтарсан бэлтгэл хийж болох уу” гэлээ. С.Мөнхдуулдах багш “Өө тэгээ тэг, хүрээд ир. Ах нь байрлах байр, бэлтгэл хийх заал, танхимыг бэлтгэе” гэсэн.  Сэтгэл сэргээд явчихлаа. Тэгээд 20 хүүхэд аваад Баянхонгор аймаг руу 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр явав.

       Баянхонгор аймагт  ханиад гараад хорио цээр тогтоогоод бэлтгэл сарын хугацаатай сунасан. Тэр хугацаанд С.Мөнхдуулдах ахаас их юм сурч, үнэтэй зөвлөгөө авсан. Хүүхдүүдийн бэлтгэл хангагдаж, барилдааны арга барил нь ч их сайжирлаа. Нүдэн дээр хувирч өөрчлөгдөж байгаа нь мэдрэгдээд байв. Бэлтгэлийн  хугацаа дуусаад буцах боллоо. С.Мөнхдуулдах багшид “Ах аа, би одоо яах вэ. Ямар бэлтгэл хийх вэ” гэлээ. Тэгсэн долоон хүүхдийн нэр цохож, энэ хүүхдүүдийг аваад буцаж ирээд бэлтгэл хийж болно” гэсэн. Ингэж л багш, дасгалжуулагч болох дөртэй болсон юм.

-Улсын аваргад Баянхонгорт бэлтгэл хийсэн долоон хүүхэд хэр амжилт гаргав аа?
       -Баянхонгор аймаг руу авч явсан долоон охины бэлтгэл их сайн хангагдсан. 2018 оны гуравдугаар сарын 14-16-ны өдрүүдэд  өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн болсон. Тус тэмцээний  54 кг-ын жинд барилдсан Т.Алтжин хүрэл медаль авлаа.  Хүрэл медалийн төлөө дөрвөн охин барилдаж, шагналт тавдугаар байрт оров.  Тэмцээний дараа зуны бэлтгэлийг Налайх дүүргийн баг тамирчидтай хамтарсан бэлтгэлд гарлаа. Тэгсэн наймдугаар сард  нэг өдөр С.Мөнхдуулдах багш над руу залгаад “Японд олимпын гурав, дэлхийн 12 удаагийн аварга алдарт Саори Ёшидагийн нэрэмжит  “Саори цом”-ын олон улсын өсвөр үеийн тэмцээн болдог юм.

Чи “Т.Алтжингаа аваад яв. Саори Ёшидагийн төрсөн ах  Хикун Ходёотоши дасгалжуулагч, Бямбаа ах нарын “Ичиши” клубийн бэлтгэлд хамруул. U15 насны Азийн аваргад  барилдуулж туршлага суулга” гэж хэллээ. Ингээд манай тамирчин сурагчид бэлтгэл сургуулилалтаа амжилттай базааж авлаа. Намар есдүгээр сарын 26-ны өдөр “DREAMERS”  тэмцээнд япончууд ирж барилдав. Түүний дараа аравдугаар сарын 30-ны өдөр  бид Япон Улс руу хамтарсан бэлтгэл хийж, тэмцээнд оролцохоор явсан. С.Мөнхдуулдах, П.Чулуунбаатар,  багш шүүгч Э.Эрдэнэболд нарын хамт нийт 23 сурагчтай явсан. Хикун дасгалжуулагч, Бямбаа ах нар биднийг тосон авч байр, хоол бүх зүйлээр хангаж, япончуудтай долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд тэмцээнд орлоо.

     Би Т.Алтжин, Б.Мөнхгэрэл, Ж.Золжаргал, О.Цэлмүүн, Д.Энхдангинаа, Б.Сарнай нарын долоон шавиа авч явсан юм. Тэр тэмцээнд зургаан орны 1000 гаруй охин барилдсан. Эхний өдрийн тэмцээнд ах нарын хүүхдүүд медаль хүртээд, харин миний охид бас л хожигдлоо. Хоёр дахь өдрийн барилдаанд Д.Энхдангинаа, Б.Сарнай хоёр  барилдахаар шалгарч үлдсэн. Манай хамгийн бага насны охид болохоор тэр хоёртоо төдийлөн найдлага тавихгүй, медальд хүрнэ гэж итгэхгүй байлаа.

Улсын аваргаас медаль хүртсэн охидод гол итгэл найдвар хүлээлгэж байв. Тэгсэн Д.Энхдангинаа сайн барилдаж алтан медалийн төлөө зодоглож, мөнгөн медаль авчихлаа. Сэтгэл сэргээд явчихсан. Ах нараасаа урмын үг ч харамгүй сонслоо. Түүний дараа дахин арав хоног Хикун багшийн удирдлага дор хамтарсан бэлтгэл хийгээд  “U15” насны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд орлоо. Тэр Азийн аваргаас Бямбаа ахын охин Хулан, Налайхын Даваажаргал, манай Т.Алтжин нар мөнгөн медаль, “Женко” клубийн Марал хүрэл медаль авч медалийн “Ургац” сайтай тэмцээнээ өндөрлөв. Япон явсан охид эрс өөрчлөгдсөн барилдаан нь сайжирсан, өөртөө итгэх итгэл, урам зориг нь нэмэгдсэн.  Монголд ирээд удаагүй Эрдэнэт рүү  Д.Отгонбилэг агсны нэрэмжит тэмцээнд Д.Гомбодорж, Ж.Баярхүү багшийнхаа хамт хүүхдүүдээ аваад явлаа.

Тэр тэмцээнээс Д.Энхдангина мөнгө, Т.Алтжин хүрэл, Д.Гомбодорж багшийн шавь Мөнхбаяр алтан медаль, Ж.Баярхүү багшийн шавь нар медаль хүртээд, бид гурав  их баяртай байв. 2019 он гараад Сэлэнгэ рүү Д.Сүхбаатарын нэрэмжит олон улсын тэмцээнд явлаа. Тэр тэмцээнд бид гурвын шавь нар амжилттай барилдаж манай Спортын дунд сургууль багаараа хоёрдугаар байрт шалгарсан амжилт гаргасан.

-Хамтарсан бэлтгэлд их хамрагддаг юм байна. Үүний үр дүн гарчээ?
       -Надад багш, дасгалжуулагч хийх туршлага, мэдлэг бага болохоор ах нараасаа, ахмад багш, дасгалжуулагчдаас их зүйл сурахыг хичээдэг. Тэд ч надад мэддэг, чаддаг бүхнээ харамгүй зааж, зөвлөгөө өгдөг. Багш нарынхаа дэмжлэг туслалцааны үр шимээр багагүй зүйл сурч авсан. Спортын дунд сургуулийн сайхан хамт олон, чөлөөт бөхийн ах нар, ахмад багш, дасгалжуулагчдынхаа тус дэм, дэмжлэгт үргэлж баярлаж явдаг.  Мөн Эрдэнэтийн “Ирээдүйн-Одод” сургуулийн багш, дасгалжуулагч Г.Идэрсайхан багштай хамтарсан бэлтгэл хийсэн юм. Тэр бэлтгэлийн дараа өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймагт болсон. Улсын аваргын өмнө Д.Гомбодорж, Ж.Баярхүү багш нартай хамтран бэлтгэл сургуулилалтаа чанартай сайн хийж оролцсон. Манайхаас гурван улсын аварга тамирчин төрсөн. Охидын 57 кг-ын жинд Т.Алтжин, 40 кг-ын жинд М.Номин-Эрдэнэ, хөвгүүдийн 92 кг-ын жинд Мөнхбаяр алтан медаль авсан. Багийн дүнгээр хөвгүүд хоёрдугаар байрт, охидын баг гуравдугаар байрт шалгарч байлаа.

-Танай шавь 2019 оны Нурсултаны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл хүртсэн байсан билүү?
      -2019 оны долдугаар сард Казахстаны Нурсултан хотод өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Д.Гомбодорж багш “Миний дүү гурван тамирчнаа аваад яв” гээд үлдсэн. Би өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний охидын  40 кг-ын аварга Номин-Эрдэнэ,  57 кг-ын аварга  Т.Алтжин, хөвгүүдийн 92 кг-ын аварга Мөнхбаярыг авч явсан. Эхний өдрийн барилдаанд М.Номин-Эрдэнэ хүрэл медалийн төлөө барилдаж шагналт тавдугаар байрт орсон. Маргааш нь Т.Алтжин хоёр ялаад хэсгийн аваргын төлөөх барилдаанд Хятадын охинд ялагдаж, хүрэл медалийн төлөө Казахстаны охиныг ялж, хүрэл медаль   хүртсэн. Гурав дахь өдрийн барилдаанд  Мөнхбаяр хэсгийн аваргын төлөө барилдаж  харамсалтай нь хожигдож, хүрэл медалийн төлөөх барилдаанд дахин ялагдаж тавдугаар байрт шалгарсан. 2019 оны сүүлчээр 13 тамирчин авч Япон руу “Саори цом”-ын олон улсын тэмцээнд явсан. Надтай хамт “Арслан” клубийн багш Пүрэвбаяр, 73 дугаар дунд сургуулийн Дандар багш нар, шүүгчээр Төмөрбаатар багш  нийт 25 тамирчин аваад Япон Улсад очиж Хикун, Бямбаа, Баяраа ах нар тосон авч  хамтарсан бэлтгэл хийж тэмцээнд оролцсон. “Saora cup”-ын тэмцээнд манай Э.Золжаргал 50 кг-д түрүүлж, аварга боллоо. Д.Мөнхдөл, Б.Сарнай, Хосбаяр нар хүрэл медаль авсан. 
-Охидтой ажиллах онцлог тал юу байдаг вэ. Охидын сэтгэл зүй хөвгүүдээс өөр биз?
     -Надад олон жил ажилласан туршлага байхгүй болохоор охидтой эхэлж ажиллах үед барьц алдах, мэдэхгүй, чадахгүй зүйлтэй их тулгардаг байсан. Тэр бүхнийг Ч.Дамдиншарав, С.Мөнхдуулдах, П.Чулуунбаатар, Л.Сумъяа, Б.Идэрсайхан,  Д.Гомбодорж, Ж.Баярхүү багш нараас асууж, зөвлөгөө авдаг байлаа. Бүр нарийн ширийн зүйлийг тийм, ийм  гэж сайн мэдэхгүй. Чөлөөт бөхийн ах нар, багш, дасгалжуулагчдын заавар, зөвлөгөөг дагаж яваа болохоор охид ийм, хөвгүүд тийм гэж үнэндээ хэлэхэд хэцүү. Бэлтгэлийн жил, улирлын төлөвлөгөөний дагуу бэлтгэл сургуулилалтаа хийгээд л хамтдаа амжилтад хүрэх гэж хичээж явна. 


 

 


Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188