-“Хунт нуур” балетын гол болон жижиг хунгийн дүрд анх тоглохдоо юу хамгийн сонирхолтой, юу хамгийн хэцүү байв?
-Хамгийн анх гэвэл 2018 онд сургууль төгсөж ирээд “Хунт нуур” балетын жижиг хунгийн хэсэгт гарч байсан. Мэдээж сургууль төгсөөд удаагүй, туршлага бага, дээрээс нь ерөнхий дүрүүд дундаас нэлээн холын ажиллагаа, хамт бүжиглэж байгаа бүжигчидтэйгээ нэгэн зэрэг амьсгалтай болж жигдрэх дээр нэлээд анхаарч, хамгийн их анхаарал хэрэгтэй байсан үе. Гэхдээ тэр үедээ амжилттай тоглож дуусгасан шүү.
-Тайзан дээр гарахад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Тайзан дээр гарахад агуу их сэтгэлзүйн бэлтгэл шаарддаг. Мэдээж ямар дүр, ямар балет гэдгээсээ их шалтгаална. Хийж буй дүр болгондоо маш их хариуцлагатай, үзэгчдэдээ аль болох тайван, балетын гоо сайхныг мэдрүүлэхийг л хүсдэг.
-Балет маш их тэвчээр шаардсан урлаг шүү дээ. Таны хувьд “Хунт нуур” балетыг тоглохын тулд бэлтгэлдээ хэр их хугацааг зарцуулсан бэ?
-Манайх улсын байгууллага учраас яг л бусад байгууллагатай адил ажлын 8 цаг ажилладаг. Гэхдээ бид нар дуудлагаар ажилладаг. Наймдугаар сарын дундаас эхлээд тасралтгүй өдөр бүр “Хунт нуур” балетын бэлтгэл явагдсан.

-Дүрээ илүү сайн бүтээхийн тулд юу хийдэг вэ?
-Түрүүн дурдсан шиг, дүр бүрээсээ шалтгаалдаг. Жижиг хунгийн хувьд хажууд яг хамт хийдэг гурван жижиг хунтайгаа сайн эвлэрч, яг л нэг хүн шиг болохыг хамгийн их зорьдог.
-Танд хамгийн гоё санагддаг хэсэг нь балетын аль мөч вэ?
-“Хунт нуур” балетын хэсгээс гэвэл хар хунгийн хэсэг хамгийн гоё хэсэг нь гэж боддог.
-Анх балетын тайзан дээр гарахдаа айж байсан уу?
-Айх гэхээсээ илүү сандардаг үе байсан шүү. Яг тоглолтын өмнө их юм бодохгүй байхыг хичээдэг. Яагаад гэвэл сандрал илүү нэмэгдэх гээд байдаг учраас бүжгийнхээ яг хийх ёстой дарааллаа мөн тайзаа хальт шалгаад тайз руугаа гардаг даа.
-“Хунт нуур” балетаас хамгийн дуртай хөгжмийн хэсэг чинь аль нь вэ?
-Хамгийн сүүлийн үзэгдлийн хун бүсгүй буцаад хүн болоод хан хүүтэйгээ уулздаг хэсгийн ая хамгийн үзэсгэлэнтэй санагддаг.
-Хувцсаа өмсөх, нүүрээ будах үед ямар мэдрэмж төрдөг вэ?
-Мэдээж гоё шүү. Нүүрээ будаад, үсээ сайхан боочихвол эхний нэг даваагаа давчихлаа гэсэн үг шүү дээ.
-Гэр бүлийнхэн, найзууд тань таныг үзэхээр ирэхэд ямар санагддаг вэ?
-Хамгийн их урам зориг авдаг үеүдийн нэг. “Хамгийн мундаг нь” гэж ирээд л бахархал дүүрэн инээмсэглэлийг нь харах сайхан байдаг.

-“Хунт нуур” балетад олон уран бүтээлчтэй ажиллаж туршлага хуримтлуулсан байх?
-Сая Дуурь бүжгийн эрдмийн театрт маань нийт зургаан удаа “Хунт нуур” балет тоглогдсон. Тэр болгонд гол дүрийг өөр өөр бүжигчид бүтээсэн. Би өөрөө гурав дахь өдөр буюу аравдугаар сарын 12-нд гол дүрийг амжилттай бүтээсэн. Хамт тоглосон хүн болгон өөрийн гэсэн онцлох давуу талтай байсан болохоор тэр бүгдээс харж суралцахад таатай байлаа. Тайзан дээр гарч, өөрийгөө даван туулна гэдэг хамгийн гайхалтай мэдрэмж.
-Балет үзэх дуртай хүмүүст юу хэлмээр байна вэ?
-Балетын гоо сайхан, урлагийг бишрэн үздэг үзэгч бүхэндээ маш их баярлалаа. Мэдээж ганц бүжигчид биш, тайзныхан, хөгжимчид, багш нар гээд маш олон хүний хүч хөдөлмөр орж бүтээлүүд маань та бүхэнд хүрдэг шүү.
-“Хунт нуур”-ын дараа ямар дүрд тоглож үзмээр байна вэ?
-“Баядера”, “Корсар” зэрэг алдартай бүтээлүүдийг их биширдэг. Хэзээ нэгэн өдөр тайзан дээр тоглоно гэдэгтээ итгэж байна.
-Балет сонирхдог, хичээллэдэг хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?
-Балетаар хичээллэснээр хүүхэд багаасаа хүний үг даах чадвар, биеэ авч явах ёс, анхаарлаа илүү төвлөрүүлэх, хөдөлгөөний дутагдал арилгах, биеийн зөв хэлбэртэй болох зэрэг маш олон давуу талуудтай байдаг.
-Таны мөрөөдөл, ирээдүйн зорилгоор ярилцлагаа өндөрлөе?
-Хүний хүсэл дуусашгүй байдаг шиг надад мөрөөдөл зөндөө бий. Гэхдээ өөрт байгаа түвшнээсээ илүү дээр байхын төлөө л бодож, ирээдүйгээ мэдээж илүү сайхан болгохын тулд илүү хичээж, өөрийгөө хөгжүүлж, өшөө олон жил үзэгчдээ баясгахыг хүсдэг дээ.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
.jpg)
| Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |