• Өнөөдөр 2025-10-29

УТААНЫ ЗОВЛОН, УГААРЫН ГАЧЛАНТАЙ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХК-ИЙГ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ УДИРДАЖ БАЙНА

2025-10-29,   172

     Улаанбаатарын утаа урьд өвлийн янзаар харанхуйлан хөшиглөж эхлэв. Угаартаж нас барсан, бүр халуун бүлээрээ унтаад сэрэлгүйгээр хорвоог орхисон гашуун мэдээ сошиалд өдөр алгасахаа болилоо. Хэдийгээр 1.4 их наядын сайжруулсан шахмал түлш, 226 тэрбумын хятад хагас коксон түлш хэрэглэж буй ч утаа, угаар Улаанбаатарын зовлон хэвээрээ л байна. Хэдэн хүний амиар энэ өвлийг давах бол гэхээс гэр хорооллынхны яс хавталзаж байна, яг үнэндээ. 
 
Уг нь Улаанбаатарын утааг арилгах зорилго, зориулалт бүхий “Тавантолгой түлш” ХХК гэж бий. Үндсэн 1100 ажилчин бүхий нүсэр бүтэцтэй төрийн өмчит компани. Даанч дарга, захирлууд нь намаас томилогддог, томчуудын тавиулууд голдуу байдаг. Анхны захирлаар нь Англи хэлний орчуулагч мэргэжилтэй, Ардын намын алдарт жагсагчдын нэг М.Ганбаатар гэх залууг томилж ажиллуулсан. Авга ахынхаа компаниар шахмал түлшийг гэр хороолол руу гэрээгээр зөөж, түрийвчээ овоо ч түнтийтгээд буусан. Түүний араас АТГ-т шалгагдаж, шүүх рүү ачигдах гэж байсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнг томилсон. Дараа нь Бэрх тосгоны захирагч Ц.Лхагвасүрэн агсан ажилласан. Харин өнгөрөгч 2024 оны арванхоёрдугаар сараас Ц.Эрдэнэбаяр гэх залууг “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулж байгаа. Гэвч тамгаа аваад жил тойрох гэж байгаа түүнийг гэр хорооллынхон танихгүй гэхэд хилсдэхгүй. Хотын дарга Х.Нямбаатар өөрөө л айл, айлаар орж, зуухыг нь онгичиж, үнс бужигнуулж яваа. Гэтэл “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр гэгч нь гэрээнд гарын үсэг зурах үндсэн ажилтай, гэр хорооллоор харагддаггүй, наадам л үзэгддэг, нэг ёсондоо нууц ноёнтон шиг л аяглаж ирсэн. 
 
Тэгвэл “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр гэж хэн бэ. 
НАГАЦ АХЫНХАА ТАТААСААР ТОМОРСОН ДҮҮ
 
       Эхэнд товч танилцуулахад, “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Цэдэндамбын Эрдэнэбаяр Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сум буюу Эрдэнэтийн суугуул. Өнгөрсөн онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Улсын алдарт уяач цол хүртсэн. “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдхоосоо өмнө “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн дарга байсан гэхээс өөр намтаргүй. 
 
Гол нь, Ц.Эрдэнэбаярыг “Эрдэнэт үйлдвэр” хэмээх мөнгөний авдарны түлхүүрийг атгадаг Худалдан авалт, хангамжийн хэлтсийн дарга, дараа нь “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал болтол замыг нь засаж өгсөн хүн нь түүний нагац ах П.Пүрэвлхагва гэгч нь ажээ. 
 
        Тодруулбал, нагац ах Пүрэвжавын Пүрэвлхагва нь 2000 оноос хойш Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 2016 оны намар Орхон аймгийн ИТХ-ын дарга болж, Эрдэнэтийг эрхэндээ оруулсан. Яг тэр намар нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэн томилогдож очсон. Хэзээнээс хурдан морины хобби нэгтэй, улсын алдарт уяач Х.Бадамсүрэн, аймгийн алдарт уяач П.Пүрэвлхагва хоёр ч тэр дороо дотноссон. Ингээд Ц.Эрдэнэбаяр нагац ах П.Пүрэвлхагвынхаа татаасаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн дарга болж томорсон. 
Тайлбар: Ерөнхий сайд У.Хүрэлсүх, "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, 2020 он
Эргэн санавал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэрээс хэтэрсэн тансаглалтай хэрэглээтэй, түүгээрээ ч олны хэл амыг бардаг байсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн мөнгөөр хагас тэрбумын автомашин авч худалдан авч, албан өрөөгөө алтадсан тавилгаар тохижуулж, 50 сая төгрөгийн массажны сандал дээр тухалдаг байлаа. Харин Х.Бадамсүрэнгийн тэр бүх тансаглалыг гүйцэлдүүлдэг байсан хүн нь тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн дарга Ц.Эрдэнэбаяр байсан гэсэн үг. 
 
       Ийнхүү Ц.Эрдэнэбаяр 2020 он хүртэл “Эрдэнэт үйлдвэр”-т гурван жил гаруй Худалдан авалт, хангамжийн хэлтсийн дарга хийж, Х.Бадамсүрэнгийн хэрээс хэтэрсан тансаглалыг гүйцэлдүүлж, төрийн томчуудын тендерийн шахааг “зохицуулж”, тэднийхээ нууцыг чандалж явсныхаа “шагнал”-д өнгөрсөн онд гэнэт гарч ирээд “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. 
 
Харин нагац ах П.Пүрэвлхагва нь 2016-2020 онд Орхон аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж, 2020 онд Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр улиран сонгогдсон. Улмаар П.Пүрэвлхагва 2020 оноос хойш өөрийн “Эрдэнэт хаан сүү” ХХК-аар дамжуулж, “Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн” гэх нэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т сүү, тараг шахаж, шаггүй хөлжиж байгаа. Тухайлбал, П.Пүрэвлхагвын “Эрдэнэт хаан сүү” ХК нь “Эрдэнэт үйлдвэр”-т 2020 онд 308 сая төгрөгөөр, 2021 онд 179 сая төгрөгөөр, 2022 онд 242 сая төгрөгөөр тараг, 2023 онд 326 сая төгрөгөөр, 2024 онд 423 сая төгрөгөөр тус тус сүү, тараг шахжээ. 
 
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ц.ЦЭРЭНПУНЦАГИЙН ХҮРГЭНИЙ ХАМТРАГЧ
 
       “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр өдгөө 1.5 тэрбум төгрөгийн гурван орон сууцтай, үйлчилгээний хоёр барилгатай, 200 сая төгрөгийн хурдан удмын 89 адуутай, 167 сая төгрөгийн газар, 73 сая төгрөгийн хадгаламжтай. Эхнэр нь “Пуба” ХХК-аараа Эрдэнэт хотдоо “Ази” гэх ресторан, “Empire” гэх баар ажиллуулдаг. 
 
Харин Ц.Эрдэнэбаяр өөрөө УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүргэн Э.Долгионтой “Лариско медиа групп” ХХК, “Лариско сити медиа” ХХК, “Монголиан ньюс чаннел” ХХК-иудыг хамтран эзэмшдэг. Гүйцэтгэх захирлаар нь Ц.Цэрэнпунцагийн охин Ц.Пүрэвжаргал, ТУЗ-ийн даргаар нь Ц.Эрдэнэбаяр өөрөө ажилладаг. УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүргэн Э.Долгион, охин Ц.Пүрэвжаргал, Ц.Эрдэнэбаяр гурвын “Лариско медиа групп” ХХК нь бизнесийн мэдээллийн “CNBC Mongolia” телевиз, CNBC.mn сайт ажиллуулдаг. Мөн “Лариско медиа групп” ХХК нь өнгөрөгч 2024 оноос нийслэлийн нийтийн тээврийн автобуснуудын гадна их бие, доторх дэлгэцүүдийг зар сурталчилгааны зориулалтаар түрээсэлдэг болсон. Нийслэлийн нийтийн тээврийн 770 автобусны дэлгэцэнд Ц.Эрдэнэбаяр, Э.Долгион “Лариско медиа групп” ХХК-ийн “CNBC Mongolia” телевиз гардаг.
         Харин “Монголиан ньюс чаннел” ХХК-ийг Э.Долгион, Ц.Эрдэнэбаяр хоёр энэ оны тавдугаар сараас эзэмшдэг болсон. “Монголиан ньюс чаннел” ХХК нь олны мэдэх “MNC” телевизийг эзэмшдэг толгой компани гэдгийг дурдах нь зүйтэй биз ээ. 
 
Сонирхуулахад, “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захиргал Ц.Эрдэнэбаярын “Лариско медиа групп” ХХК, “Лариско сити медиа” ХХК, “Монголиан ньюс чаннел” ХХК-иудын гүйцэтгэх захирлаар ажилладаг Ц.Цэрэнпунцагийн охин Ц.Пүрэвжаргал нь “Премьер спортс нэтворк” ХХК-ийг “MCS”-ийн Ж.Оджаргалтай хамтран эзэмшдэг. Тэгэхээр Ц.Эрдэнэбаяр, Ж.Оджаргал хоёр Ц.Пүрэвжаргал гэх нэг бизнесийн хамтрагчтай гэсэн үг. Нөгөө талаас, Ж.Оджаргал, Ц.Эрдэнэбаяр хоёр шахмал түлшний мидлингийн хамтрагч. Тухайлбал, “Энержи ресурс” ХХК нь “Тавантолгой түлш” ХХК-д мидлинг нийлүүлдэг. Энэ сарын 2-нд буюу 20 гаруй хоногийн өмнө л гэхэд Ц.Эрдэнэбаяр “Тавантолгой түлш” ХХК-ийн данснаас Ж.Оджаргалын “Энержи ресурс” ХХК-ийн данс руу 1.5 тэрбум төгрөгийг “Мидлингийн төлбөр” утгаар шилжүүлжээ. 
 
         Гэр хорооллынхны өмнө гарч ирдэггүй “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр гэгчийг товч танилцуулахад ийм байна. Утааны зовлон, угаарын гачлантай “Тавантолгой түлш” ХХК-ийг “Эрдэнэт үйлдвэр”-т хэлтсийн дарга байснаас өөр намтаргүй, Улсын алдарт уяач удирдах нь зохимжтой эсэхийг уншигч та тунгаах биз ээ. 
 

 


УТААНЫ ЗОВЛОН, УГААРЫН ГАЧЛАНТАЙ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХК-ИЙГ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ УДИРДАЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-29 09:06:51
    Зочин: Энэ Эрдэнэбаяр гэгч нь Орхон гэж сургуульд одоогийн хотын дарга Нямбаатарыг багш байхад нь ангийнх нь хүүхэд байсан. Ахынхаа татаасаар Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад авилгын хэрэг холбогдож ажлаа өгсөн. Авилгатай тэмцэх газарт бараг 2 жил шалгуулж байгаад ангийнхаа багш тухайн үед Хууль зүйн сайд байсан Нямбаатарын яриа хэлээгээр авилгын хэргээ аргалуулж шоронд явалгүй үлдсэн. Одоо багш Нямбаатарынхаа яг хажууд түүний дэмжлэгээр Таван толгой түлшийн захирал хийж байгаа. Төрд нэг өдөр ч ажиллаж үзээгүй боловсрол нимгэнтэй ийм л намтартай нөхөр дөө.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188