• Өнөөдөр 2025-09-10

СЭТГЭЛИЙН ЗӨВӨӨР ЦАГИЙН ХАТУУГ...

        Тэр хошигнож ярихаас бусад цагт угаас зөөлөн харцтай, намдуухан яриатай нэгэн. Их ажлын ард бардамхан гарчихаад, уужуухан амьсгаа авч суугаа түүнтэй уулзахаар очиход “Би өнгөрсөн хугацаанд нэлээд бэрхшээлтэй, адармаатай атлаа жаргалтай он жилүүдийг үджээ.
 
     Одоо бол гэртээ суугаад уншлагаа уншаад, ном харах жаахан бололцоотой болж, овоохон чөлөө завтай өдрүүд өнгөрч байна” хэмээн гэгээхэн инээмсэглэснээр бидний яриа эхэлсэн юм. Тэрбээр өнгөрсөн жилийн аравдугаар сард Тэргүүн хамбын ажлаа хүлээлгэн өгч, өдгөө Азийн буддистуудын энх тайвны бага хурлын Ерөнхийлөгчөөр ажиллаж буй. Хамба Номун хан, гавж Д.Чойжамц буюу Монголын бурхан шашны тэргүүний их үйлсэд оюун санаа, хүч, хөдөлмөр, ухамсарт амьдралаа бүрэн зориулсан, монголчуудын сэтгэл зүрхэнд үргэлжид Тэргүүн хамбаараа хайрлагдсаар яваа эрхэм хүмүүний амьдрал, зорилго, мөрөөдлийн талаар ярилцахыг хичээлээ. 
 
      Бичвэрийн эхэнд, “Тэрбээр мөн ч олон жил хүнд, хэцүү шалгууртай нүүр тулж, олон саад бэрхшээл, нугачааны өмнө хэрхэн цэх зогсож байсан гэж санана. Жижигхэн алдаа гаргах төдийд хаашаа ч эргэж мэдэх эгзэгтэй цаг үе түүнд мөн ч олон тохиосон гэдэг. Ашиг сонирхол нь хэтийдсэн, санаатай, санамсаргүй бусармаг тохиолдолтой цөөнгүй удаа нүүр тулж байжээ. Гэвч тэр цагийн алинд ч, хэзээний л хэнтэй ч харилцсан цаад санааг нь бүрэн ойлгож “уншчихдаг”, тааламжгүй зүйлд бол харин ч нэг энх тайвнаар гэдийчихдэг гэж байгаа. Намдуухан учирлан тайлбарлаж яриад байгаа юм шиг мөртлөө “Та нарын яриад байгаа зүйлс бүтэхгүй. Алдаж оносон ч шашны үнэт сургааль, зам мөрөөр бүгд явах ёстой” гээд шулуухан  хэлчихдэг байна. Мэдээж санал нийлэхгүй, зөрөх хүмүүсийн хуудуу үг, хуурамч зантай нүүр тулах нь бишгүй. Гэсэн ч хэзээнээс тэр болгоныг ажралгүй, ганхалгүй, давж, амар амгалан байж сурсан зан чанар нь түүнийг өндийлгөн босгож, эгэл жирийн сүсэгтэн олны итгэл сэтгэл цаг үеийн хатуу ширүүнийг ажралгүй даван туулах гол түшиг нь болж байсан болохоор сэтгэл өөдрөг алхсан өдрүүд нь илүү олон болов уу. Гэсэн ч эцсийн цэгтээ тэрбээр бидний л адил хүн учир түүнд сэтгэл санаагаар унах, ганцаардах, өвдөг сөхөрмөөр, бууж өгөөд амар тайван амьдармаар үе байсан л байж таараа. Гэхдээ саараасаа сайн нь их амьдралын замналаар явж, “Монголын бурхан шашны тэргүүнээр ажиллаж ирсэн түүх түүнийх” хэмээн онцолъё.  
 
...Эмээдээ хөтлүүлээд гандангийн хаалгаар анх алхаж орсон эгэл жирийн хүү бурхан шашны зам мөрөөр тасралтгүй замнаж, өнөөдөрт ирсэн гайхамшигт нэгэн түүхийг уншигч таны өмнө дэлгэе. 
 

БАГАДАА ЭМЭЭГЭЭ ДАГАЖ, ЖАНРАЙСЭГ БУРХАНД ЭРГЭЛ МӨРГӨЛ ХИЙДЭГ БАЙЛАА

       Улаан орхимжоо дэрвүүлсэн лам нарын намбалаг хөдөлгөөн, дөлгөөн төрх байдал, увидаслаг яриа, даруу дуу хоолой, зөөлөн харц эмээгээ даган мөргөл хийж явсан хүүгийн сэтгэлийг ер бусаар татсан гэдэг. Өдөр бүр ийн ирдэг болохоор гандангийнхан ч хүүг андахаа больж, толгойг нь илж, алгыг нь чихрээр тэнийлгэх нь ердийн үзэгдэл болжээ. Бага залуугаасаа сүсэг бишрэл, шүтлэгтэй эгэл буурай, хүү хоёрын гэр Жанрайсэг дуганы арын гудамжинд байдаг. Аав Дэмбэрэл нь арав гаруй нас хүртлээ лам байгаад хар болж, цэрэгт мордож, сумандаа ажиллах болжээ. Ингэж яваад хот бараадсан тэрээр Гандангийн дэнжид хашаа авч, Төв аймгийн Өнжүүл суманд амьдрах ээж, эхнэр, хүү гурваа хотод авчирснаар эмээ, хүү хоёр гандан орох чухал бөгөөд байнгын ажилтай болсон нь энэ. Эмээгээсээ хөтөлж, эргэл мөргөл хийн, сониучирхаж явдаг Д.Чойжамц хүү 1958 онд Гандангийн ойролцоох 22 дугаар сургуульд элсэж, наймдугаар анги хүртлээ сураад, 28 дугаар сургуульд аравдугаар ангиа дүүргэсэн байна.
 
ЖОРОО ХЭЭР БА БАГА НАС
 
        Хамба бага насныхаа тухай дурсамж дэлгэхдээ хамгийн хайртай жороо хээр мориныхоо тухай ярьсан юм. Зуны амралтаар хөдөө очих бүрд эмээ нь хүүхдүүддээ “Чойжамцын жороо хээрийг барьж өг” гээд л бүр ажил болгон бариулж, ач хүүдээ унуулдаг байжээ. Тэрбээр “Жороо хээр минь зөөлөн явдалтай, номхон морь байсан. Одоо бодоход эмээ минь унаж, бэртэх  аюул багатайг нь бодож морины номхоныг шилж унуулдаг байж дээ. Бага насныхаа хөгжилтэй, дурсамжтай өдрүүдийг бодохоор жороо хээр минь л эрхгүй санаанд бууж, нүдэнд үзэгддэг юм. Тэр сайхан хүлэг надад жигүүр ургуулж, хүрч үзмээр газар бүхэнд минь хүргэж, хөтөлсөн шиг санагддаг. Хүүхэд л болсон хойно мөрөөдөлд автаж, жороо хээрээ унахаараа урд олмыг нь хэнхдэг дээгүүрээ олмолчихоор баатар эр болсон шиг бодогдож, дайнд ялаад ирсэн баатар аятай бахдалтай давхидаг байлаа. Миний бага нас, жороо хээр, жороо хээртэй өнгөрүүлсэн тэр өдрүүд, хүүхэд насны гэнэн хүсэл мөрөөдөл маань саяхан юм шиг дурсагддаг даа” гээд инээвхийлэв. 
 
ДҮРСГҮЙТСЭН НЬ
 
       Д.Чойжамц хамба гэрийнхнийхээ чихнээс хонх уядаг, айхтар сахилгагүй хүүхэд байгаагүй гэнэ. Гэхдээ хүүхэд л болсон хойно хаа нэг хэрэг тарьдаг байж. Н
эг өдөр тэр ангийнхаа хамгийн урд ширээнд суугаад хөвгүүдтэйгээ “Хөлөө зэрэг хөдөлгөнө шүү” гэж сэм тохироод, багшийгаа хичээл орохоор орж ирэнгүүт нь цөм хөлөө чичигнүүлж л дээ. Тэр чичиргээ, нүргээнийг сонссон багш нь “Газар хөдөлж байна” гэж сандраад “Сурагчдыг ангиасаа гараарай” хэмээн сандарч, сургуулиараа гүйлдэн гарч байсан гэнэ. Дараа нь Д.Чойжамц тэргүүтэй сурагчид дүрсгүйтсэнийг багш нь мэдээд арай ч багш нарын зөвлөлөөр оруулчихсангүй, зэмлэж, үглээд үлдээсэн гэдэг. Хүүхэд насныхаа ийм нэгэн дурсамжаас хуваалцахдаа тэр яг л тэртээх үедээ очсон мэт жаргалтай байгаа нь мэдрэгдэж байлаа. Өдгөө 70 нас нэлээд гарсан тэрбээр бага насныхаа тухай ийн ярьсныхаа дараа хайр энэрлээр тэтгэн, энхрийлэн өсгөсөн аав, ээжийгээ ч мөн дурссан юм. Тэр дундаа хамтдаа өтөлж, ээжийнхээ алиа хошин занг дуурайсан тухайгаа нэхэн бодсон, үгүйлэн дурссан өдрүүд өнгөрч байгаа нь түүний ярианаас илт. Хамбын аав дөлгөөн зантай, зөөлөн хүн байж. Энэ тухай “Намайг жаахан байхад аав минь гэм алдааг нь “Хонгонд нь нэг хэлээд”  арай хатуудлаа гэж бодсон юм болов уу даа “Үүнээс хойш би хүүдээ гар хүрэхгүй” гэсэн гэдэг. Дандаа үглээд байдаггүй ч хааяа нэг үг дуугарах нь амьдралын туршид мартагдахааргүй сургаальтай үг айлддаг байсан даа. “Үхтэл үр харам” гэдэг шиг үг, үйлдэл болгоных нь цаана “Сэтгэл зөв бол заяа зөв” гэсэн үнэт сургааль оршин, зам мөрийг минь тэгшрүүлж байж дээ. Аав минь намайг дандаа энхрийлсээр байгаад явсан даа, хөөрхий... хэмээн өгүүлж байсан бол ээжийнхээ тухай “Их хөгжилтэй, дандаа инээд хүргэсэн юм ярьдаг, хайр гэгээ цацруулсан эмэгтэй. Бас их зориг алдахгүй ээ, хэлэх үгээ хэнээр ч заалгахгүй хэлчихнэ. Гэрт сууснаас хойш ээжийн минь надад хэлж ярьж, зориулж байсан бүхэн бодогдоод, хачин донсолгоотой байна, сэтгэл гэдэг. Цагийн алинд ч ээж минь их л санагддаг юм даа, хүү минь” гээд  харцандаа гуниг шингээлээ. 
 
     Амьдралын олон нугачаанаас аав, ээжийн хайр түүнийг халхалж, үргэлжийн дэргэдээ дагуулж, өмгөөлөн хамгаалж иржээ. Ерөөс түүний нугарашгүй дөлгөөн байдал, туйлбартай, бүхнийг сөрж зогсох тэвчээр, ухаан, тэнүүн сэтгэлийг ургуулагч нь, түшигч нь аав, ээж нь юм байна. Тиймч учраас “Бурханы сургаалыг хэлбэрэлтгүй дагаж, буян номд эргэлтгүй шамдах их хүчийг олсон байх даа” гэж бодогдов. Нөгөөтэйгүүр, Буддын ном сургаалын үрээр соёолсон сэхээрэл, гэгээрэл хийгээд сэтгэл оюуны эрчим тэнхээ нь 1990-ээд оны шилжилтийн хүнд үеэс өнгөрсөн жилийг хүртэл Монголын Бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдийг толгойлж, Үндэстний шашин-оюун санааны удирдагч IХ Богдыгоо Монгол Улсын иргэншилтэй болгон, Монголын Бурханы шашны тэргүүнээр залж, Х Богдыгоо тодруулан залах их үйлийг бүтээлцсэн XXIX Хамба номун хан Д.Чойжамц гавж гэдэг хүнийг цогцлоосон гэлтэй. Бурхны ном өөрөө өөрт нь нэвтэрч, гүнд нь сэлсэн хэн бүхэнд сэтгэлийн их хүчийг олох, юунд ч ганхахгүй орших ухааныг өгдөг гэдэг дээ. Тэгэхээр аав, ээжийн хайр, бурхны ухаан хоёр түүнд ийн тэгш дүүрэн амьдрах зам мөрийг нь зааж өгсөн биз ээ. 
 
ШАШНЫ НОМД ШАМДСАН ОН ЖИЛҮҮД
 
           Түүнийг анх лам болохоор шийдэхэд эмээ, аав хоёр нь баярлаж байсан ч ээж нь  “Хүний ганц хүү шүү дээ. Удам залгах учиртай бус уу” гээд эхэн үедээ санаа нь зовнингуй байсан байна. Гэсэн ч ирээдүйн Хамба номунхан эргэлт буцалтгүй шийдсэн учир Их сургуулийн цаг уурчийн ангиасаа гарч, Данзан-Осор гэх гавж ламд шавь орж, тэднийд очиж ном үздэг болсон гэнэ. Тийн явахад нь тэр жил Шашны дээд сургууль байгуулагдсанаар элсэн суралцаж, 1976 онд төгсжээ. Шашны дээд сургууль байгуулах шийдвэр тухайн үед Монголд зохион байгуулагдсан Азийн буддистуудын энх тайвны бага хурлын улбаагаар шийдэгдсэн байна. Сургуулиа төгсөөд тэрбээр Гандантэгчэнлин хийдэд долоон жил ном хурж байгаад 1983-1986 онд Энэтхэгийн Дарамсала дахь Буддын гүн ухааны сургуульд элсэн, дүүргэжээ. Үндсэндээ түүний шашны номд шамдсан он жилүүд ийнхүү үргэлжилсэн байна. 
 
ГАНДАНГИЙН ХАМБА, ДА ЛАМЫН  36 ЖИЛ
 
           Д.Чойжамц 1986 онд Энэтхэг Улсаас ирээд дөрвөн жил Гандантэгчэнлин хийдийн дэд хамбаар суужээ. Харин 1992 оноос Тэргүүн хамбаар өргөмжлөгдсөн байдаг. Хамба лам, Да ламаар өргөмжлөгдсөн 30 гаруй жилийнхээ тухай “Өмнөх түүх байхгүйгээр дараагийн түүх бичигдэхгүй. Өмнө нь хийж бүтээсэн хүмүүсийн үйл, бүтээл дээр бид дараагийн үйлээ босгож, тэдний үргэлжлэл болдог учиртай. Бидний өмнөх лам нар сайхан сургаал айлддаг байсан. Тэр бүхнийг л алдахгүй юм сан гэж бодож ажилласан даа. Би чинь коммунизмын үед орон хийдүүд цөм нураагдаж, ном, судруудыг нь устгаж, залуу боловсон хүчингүй болсон байсан хүнд цагийн хамба шүү дээ. Тиймээс энэ бүхнийг бий болгохын төлөө зүтгэж, хичээж ирлээ. Мөн Монголын бурхан шашны төвийн суурь болсон томоохон хийдүүдээ сэргээх, бий болгох, шашны үйл хэрэгт шамдах залуу халаа, боловсон хүчнийг бэлтгэх, эрдмийн далай болсон сургууль, дацан, шашны захиргаа, Хамба Номун хан, Богд тэргүүтний суурь харилцааг бүрдүүлэх, тэдний амьдрах байшин савыг барих аж ахуйн чанартай үйлийг голчлон хийсэн юм уу даа. Гэхдээ энэ бүхэн дан ганц миний гавьяа биш ээ. Шашны захиргааны олон хүний оюун ухаанаар шүүгдэж, удирдах зөвлөлийн долоон гишүүн ярилцаж шийдсэний дараа шийдвэр нь Хамба лам дээр ирдэг ёс журамтай юм. Өөрөөр хэлбэл, энэ олон хүний бодол, хичээл зүтгэл, тууштай хөдөлмөрийн хүчинд өнөөдрийн бид болчихоод сууж байна гэсэн үг. Сэтгэл хангалуун байгаа” гэж даруухан хариулах аж. Энэ бүхэн дээр мэдээж түүний IX богдыг залж, X богдыг тодруулах болон Жанрайсэгийг дахин сэргээсэн, Батцагаан дуганыг бүтээн босгоход оруулсан хичээл зүтгэл гээд олон чухал үйл явдал нэмэгдэнэ. 
     
 Тэрбээр Бакула Ринбүүчи башгийнхаа талаар Монгол, Энэтхэг хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, бурхны шашинд оруулсан түүхэн гавьяаг онцлон тэмдэглэсэн. Бакула Ринбүүчи багш маань Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 1989 онд томилогдон 10 жил ажиллахдаа Монгол, Энэтхэг хоёр орны уламжлалт харилцаа, тэр дундаа уламжлалт шашин, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тухайлбал, Энэтхэгт Монгол лам нарыг шашны номд сургах, 1991 онд Бэтүв Данжай Чойнхорлин хийд буюу шашин соёлыг сурталчилсан эргэл мөргөлийн сүм барих, 1992 онд Бурхан багшийн Их дүйчин өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх, 1993 онд Бурхан багшийн чандрыг анх удаа Энэтхэг Улсаас Монгол оронд залах зэрэг ажлыг хийж, өнөөгийн бурханы шашин сэргэн хөгжихөд Гандантэгчэлин хийдтэй нягт хамтран ажиллаж, чухал үүрэг гүйцэтгэсэн.
 
БАТЦАГААН ДУГАН БҮТСЭН ТҮҮХ
 
        Батцагаан дуган бол Д.Чойжамц хамба бээр номын садан, нөхөдтэйгөө хамтран бүтээсэн томоохон ажлуудын нэг. Иймээс Батцагаан дуган хэрхэн бүтсэн тухай нь сонирхлоо.
 
      1937 он. Их хэлмэгдүүлэлтийн үе. Үүнээс урьд 1923-1924 оноос шашныг хавчих, шахах байдал эхэлсэн. Энэ ч үүднээс сүм, хийдүүдийг нурааж, доторх бурхан, шүтээнийг нь устгаж, булж, мэргэдийн олон ном судрыг урж, шатаасан байдаг. Үүгээр ч зогсохгүй Дорно дахины 10 ухааны эрдэмтэй хуваргуудыг егүүтгэсэн аймшигт хэлмэгдүүлэлт болсон байдгийг хэн бүхэн мэдэх билээ. Үүний уршгаар сүм хийд, шашин номын газаргүй болтлоо үгүйрч байлаа, манайх. Улмаар 1944 оноос сүм, дуганыг сэргээх их ажил өрнөж, 1970 он буюу Шашны дээд сургуулийг байгуулдаг жил Азийн буддистуудын энх тайвны бага хурал гэх олон улсын байгууллага бий болж, энэ хүрээнд олон орны лам хамтран хуралддаг болсон түүхтэй. Нэг ёсондоо шашны хүрээнд тэр жил Гандантэгчэнлин хийдэд залуу боловсон хүчин бэлдэх, лам нар хурал хийх хэмжээнд өөрчлөлт гарсан гэсэн үг. Ийн явсаар 1990 он гарахад манай улсын сүм, дуган сэргээх ажил төдийлөн жигдэрч өгөхгүй л байж. Иймээс Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба тэргүүтэй хүмүүс Засаг төрд санал тавьснаар Батцагаан дуганыг барих шийдвэр гарсан гэдэг. Батцагаан нь Өндөр гэгээний 400 жилийн тэртээ байгуулсан хамгийн анхны цогчин. Засгийн газраас Батцагаан дуганыг барих санхүүжилтийг бүрэн шийдэж, дотор нь залрах бурхан, шүтээнийг залах ажлыг Гандантэгчэнлин хийдээс шийдвэрлэсэн аж. 

Х БОГДЫГ ТОДРУУЛСАН АМАРГҮЙ 10 ЖИЛ

      Түүний хамбын суудлаа өгөхийн өмнөх хамгийн том ажил нь Монголын бурхан шашинтны тэргүүн Х богдыг тодруулсан үйл байв. Мэдээж энэ үйл хэрэг амар байгаагүй. Х богдыг тодруулахын тулд богдуудыг хэрхэн, яаж, тодруулж ирсэн түүхэн уламжлал, номын ёсыг нарийн судалж, 2013-2015 онд зөвхөн судалгаа, шинжилгээний ажил өрнөсөн гэдэг. Хамба “Олон ч ажлын хэсэг байгуулагдаж, зорилгодоо үнэнч ажилласан” хэмээн онцолж байлаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд зөвхөн X Богдыг тодруулах ажлын хүрээнд тэр хамгийн ихээр гүтгүүлж, байсан ч зорьсон үйл хэргээсээ алхам ч ухраагүй билээ. Үүнээс өмнө IX богд Жабзундамба хутагтыг Монголын бурхан шашны тэргүүнээр өргөмжлөхөд багагүй бэрхшээлтэй тулгарсан хэдий ч зорилго, үйл нэг нөхдийн хамт бүхнийг үл ажран, даваад л гарсан. 
 
        Бид түүнээс үйл хэрэгтээ тууштай зүтгэх сэтгэлийн хат, тэнхээг чухам хаанаас олж авдаг тухай нь асуухад “Гандан хийдийн тэргүүнээр тууштай ажилласан минь бурхны ном үзсэнтэй холбоотой. Бурхны ном надад өөрийн эсрэг дайсан босгодоггүй, түүнд өсөрхөж, хариугаа авах гэж явдаггүй, зөв сайхан зүйлийг дэмждэг ухаан суулгаж  дээ. Түүний хүчээр олон жил сайхан ажиллалаа. Огт болж байгаагүй зүйлийг надад тохоод ярих хүн зөндөө л байсан. Гэхдээ бурхан шашны хуварга, хамба хүний хувьд шидсэн үг бүртэй заргалдаад явж байх нь зохисгүй, бас тийм зав ч байхгүй. Тэгээд ч ер нь үнэн явахад юмны учир олддог юм даа. Миний хувьд хэл ам нь бүр тасрахгүй бол хэлээд, уурлаад байгаа асуудлаар нь зохих хуулийн байгууллагаар нь дүрэм, журмынх нь дагуу өөрийгөө шалгуулчих нь амар байсан. Зүгээр л өөрийгөө шалгуулах нь хамгийн зөв шийдвэр байсан даа. Залуу байхад омголон зан хөдлөх үе байсан. Гэсэн ч хүн дуугүй байж, эв нэгдлийг хичээснээрээ юу ч алддаггүй юм.Миний гол зарчим бол хэн бүхэнтэй эв эетэй байх. Энэ зарчмаа л алдахгүй явсан. Түүнээс гомдож, туниж, гоншигонож суух зав надад байсангүй” гэлээ.  

      Түүнд “Сэтгэлээ захирч сурвал бие, хэл төлөвшдөг” гэх чухал сургаалийг бурхны шашинд хөтөлж, залж, чиглүүлсэн багш нь сургасан гэдэг. Тиймдээ ч тэр “Багшийнхаа заасан бүхнийг насан туршдаа дагаж, сэтгэлтэйгээ хамгийн ойр ажиллаж, зорьсон үйл хэрэгтээ үнэнч, тууштай, тэвчээртэй явсаар өнөөдөрт хүрч, цаашид ч тэр л зарчмаараа энэ насыг элээнэ” хэмээн билээ. Тийм ээ, тэр бол цагийн хатууг сэтгэл, зориг тэвчээр, цуцашгүй үйл хэргээрээ ажралгүй давсан Монголын Хамба шүү дээ.  


СЭТГЭЛИЙН ЗӨВӨӨР ЦАГИЙН ХАТУУГ...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188