• Өнөөдөр 2024-05-16

ТҮМНИЙ НЭР БАРЬСАН ТӨРИЙН ДЭЭРЭМ БУЮУ БАЯЛГИЙН САН

2024-05-04,   1326

     Сонгуультай уралдан Үндэсний баялгийн сангийн хуулийг баталлаа. МАН-ынхны хувьд, “гол усаар л нэг найр наадам” гэдэг шиг л байна. 
     Уг нь уул уурхайн орлогоо баялгийн санд хуримтлуулж, хөрөнгө оруулах замаар өсгөн үржүүлж, одоо ба ирээдүйдээ тэгш хүртээх агуулга нь зөв. Үндсэн хууль маань ч ийм тунхаглалтай. Манай төрийнхний үлгэрлэж, үг бүрчлэн хуулбарласан гэх Норвегийн баялгийн сан гэхэд 1.5 их наяд ам.долларын хөрөнгөтэй, дэлхийн 72 орны 9000 гаруй компанийн хувьцааг эзэмшдэг. Өнөө, маргаашгүй ийм болчих шиг төр сурталдаж, тойргуудаараа ухуулж яваа харагдах. 
 
Харамсалтай нь, агуулга нь зөв боловч арга зам нь буруу, засах ёстой олон асуудал байна. Нэгдүгээрт, төр баялгийн сангийн сууриа анхнаасаа буруу “цутгачихсан”. Өөрөөр бол, баялгийн сан гэдгийг төр өөрөө анхнаасаа сонгуулийн санхүүжилтийн хэрэгсэл гэж ойлгоод, ард түмэнд ч тэгээд мэдрүүлчихсэн. Сууриа засахгүйгээр мянга сайхан өндөр, шилэн байшин бариад нэмэргүй, нурж унах нь цаг хугацааны л асуудал. Хоёрдугаарт, төр өөрийнхөө авлига, хулгайн архагшсан зуршлуудаа засахгүйгээр мөнгөтэй сан манайд байх үндэслэл байхгүй, тоногдох нь мөн л цаг хугацааны асуудал. Гуравдугаарт, төр өөрөө стратегийн ордын “цуглуулга”-тай болж яах гэж байгаа юм бэ. Олон улсад стратегийн ордоо хувийн хэвшил нь авч яваад, АМНАТ-аа төлөөд, тэр нь баялгийн санд орж хуримтлагдаад, өгөөжийг нь ард түмэн нь хүртдэг схемтэй. Ялангуяа манай төр стратегийн ордод эзэн суухаар эрх баригч намынх нь хулгайч нар хэрхэн тэнд “үүрлэдгийг” сүүлийн хоёр жил хангалттай харлаа. Дөрөвдүгээрт, төр төсвийн орлогоо бүрдүүлж чадахаа болиод ирмэгцээ Үндсэн хуулиар дулдуйдаж, ард түмний нэрийг барьж, байгалийн баялгийн бүх орлогыг хуу хамах гэж байгаа үнэр Үндэсний баялгийн сангийн хуулиас ханхлаад байна. Тавдугаарт, аман дээрээ хөрөнгө оруулагчдыг урьж залах мөртөө ардаа нударга зангидах хаанахын ёс вэ. Өөрөөр бол, Үндэсний баялгийн сангийн хуулиар төр стратегийн ордын 34 хувийг үнэгүй эзэмшихээр болж байна. Тэрбум ам.долларын хөрөнгө оруулчихаад талыг нь шахуу төрд үнэгүй өгөх “гадаад тэнэг” олдох уу. Стратегийн орд эзэмшиж буй үндэсний хэдэн компаниуд л хөөрхий байна. Ингээд дээрх асуудлуудыг доор дэлгэрүүлье. 

2008 ОНЫ СОНГУУЛИЙН “ШОУ”-Г САНХҮҮЖҮҮЛСЭН ХҮНИЙ ХӨГЖИЛ САН ДАМПУУРСАН, 2016 ОНД БУУРИН ДЭЭР НЬ БАЙГУУЛАГДСАН ИРЭЭДҮЙН ӨВ САН ТОНОГДСОН, 2024 ОНЫ СОНГУУЛИЙГ УГТСАН БАЯЛГИЙН САН ХЭРХЭХ БОЛ...

     АМНАТ ба стратегийн ордын орлогоор сан бүрдүүлж, сонгуулийн “шоу”-гаа санхүүжүүлэх технологи аль 2008 оноос эхтэй. Эл технологийг анх Ерөнхий сайд С.Баяр гардан эхлүүлсэн. Өөрөөр бол, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоо л Баялгийн сан бий болж буй мэт яриад байгаа болохоос биш, туршилт нь аль 16 жилийн өмнө эхэлсэн гэсэн үг. Түүх нь ийм юм. 
     
     2008 оны УИХ-ын сонгуулиар стратегийн ордуудын орлогоос МАН “Эх орны хишиг” нэрээр 1.5 сая, АН “Эрдэнийн хувь” нэрээр 1.0 сая төгрөг тус тус тараахаар ам уралдан амлалт өгцгөөсөн. Ингээд МАН 45, АН 28 суудал авч, хамтарсан Засгийн газар байгуулж байлаа. Аль аль нь мөнгө амлаж сонгогдсон учраас 2009 онд Хүний хөгжил санг байгуулж, АМНАТ болон стратегийн ордуудын ногдол ашгаар санхүүжүүлж эхэлсэн. Ингээд 2010 онд Хүний хөгжил сангаар дамжуулан иргэн бүрд “Эх орны хишиг” 1.5 сая төгрөг тараах Засгийн газрын тогтоол гарч байлаа. Улмаар 2010 оноос 2012 оны УИХ-ын сонгууль хүртэл хоёр жилийн хугацаанд Хүний хөгжил сангийн мөнгийг оюутнуудад төлбөрөөр, хөгжлийн бэрхшээлтэй болон хөгшдөд бэлнээр, иргэдэд сар бүр 21 мянгаар цувуулж гэхчилэн тараасан. Улс төрийн “шоу”-гаа уул уурхайгаас, стратегийн ордоос санхүүжүүлэх, санхүүжилтээ сангаар дамжуулах технологи ингэж эхэлсэн. Нөгөө талаас, халамжийн хавтгайрал ч энэ үеэс эхлэлтэй.  
 
    Ингэж явсаар Хүний хөгжил сангийн зарлага нь орлогоосоо хэд дахин давж, эцэстээ 1.7 их наядын өрөнд баригдсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2016 оны сонгуулийн “шоу” болгож, иргэн бүрээс “Эрдэнэс тавантолгой”-н 322 ширхэг хувьцааг нь 1.6 их наядаар худалдаж авахдаа Хүний хөгжил санг ийн өрөнд унагаж, “яс”-ыг нь барьсан ч гэдэг.  Ингээд нь 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн өнөөх өрөнд баригдсан Хүний хөгжил санг татан буулгаад, буурин дээр нь Ирээдүйн өв санг байгуулсан. Ингэхдээ, Ирээдүйн өв санг Хүний хөгжил сантай адил АМНАТ болон стратегийн ордын орлогоос санхүүжүүлнэ. Ялгаатай нь, Ирээдүйн өв сангийн мөнгийг бэлэн тараахгүй, хадгална, хав дарна, 40, 50 жилийн дараах ирээдүй хойч үедээ өвлүүлж үлдээнэ гэцгээж байлаа. Тиймдээ ч, Ирээдүйн өв сангаас 2030 он хүртэл мөнгө гаргахгүй, гар хүрэхгүй байхаар хатуу хуульчилсан байдаг. Гэтэл яасан, түүх дахиад давтагдсан. 
 
Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН-аас хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосон. Гэвч улсын төсөвт асар их дарамт ирж эхэлсэн. Тэгмэгц 2021 оны төгсгөлд УИХ-аас Ирээдүйн өв сангийн тухай хуульд “Энэ сангийн мөнгийг хүүхдийн мөнгөнд зарцуулж болно” гэж өөрчлөлт оруулаад, улмаар 2022 онд Засгийн газар Ирээдүйн өв сангаас 1.4 их наяд төгрөг гаргаж, хүүхдийн 100 мянган төгрөг болгоод тараасан. Өөрөөр бол, 2030 он хүртэл нээж болохгүйгээр “лацадсан” гахайгаа хага цохиод, хүүхдийн мөнгө болгоод тараачихсан гэсэн үг. Ирээдүйн өв санг нээснээс хойш нийт 5.4 их наяд төгрөг цугларснаас одоо 2.7 их наяд нь л хадгалагдаж байгаа гэх тайлан байна. Тэгэхээр Ирээдүйн өв санд хуримтлагдсан мөнгөний тал нь хүүхдийн мөнгө болж тараагдаад, төсвийн цоорхойны нөхөөс болоод алга болчихсон гэсэн үг.
 
      Гэтэл 2024 оны УИХ-ын сонгуулийг угтаж Ирээдүйн өв санг Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэх хоёр ихэр “дүү”-тэй болголоо. Ирэх жилүүдэд уул уурхайн орлого буюу АМНАТ, стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох ашиг, төрийн өмчит уурхайнуудын ашгаар  Баялгийн сан буюу Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван санг зэрэг санхүүжүүлж, иргэдээ тосонд умбуулж, торгонд бөөцийлөх маягтай МАН-ынхан тойрог, тойрогтоо сурталдаж байна. МАН ийнхүү уул уурхайгаас “угждаг” гурван том сантай болсноор сонгуулийн “шоу”-ныхаа санхүүжилтээс айхааргүй болж байх шиг. 

САНГААС БИД ХАШИРЧ, ТЭД АМТАШСАН

       Баялгийн санг Сингапур, Норвегийн “аварга” сангуудаас үлгэрлэж, үг үсэггүй хуулбарлан бий болгож байгаа гэх. Гэтэл Норвегийн баялгийн сан нь зарцуулалтын хатуу дэгтэй, засаглалын нарийн бүтэцтэй. Манай төр одоо байгаа байдлаараа үүнийг нь яаж ч үлгэрлэж, хуулбарлах гээд чадахгүй. Жишээ нь, Норвегийн баялгийн сан улсын төсөв рүүгээ мөнгө татдаггүй хатуу журамтай. Зөвхөн шаардлагатай тохиолдолд буюу төсөв тасарч, гал алдахдаа тулсан үед сангийн хөрөнгийн 3.0 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг л улсын төсөв рүүгээ татаж болох зохицуулалттай гэх. Түүнээс биш, манайх шиг хүүхдийн мөнгө тараах гэтэл дутмагц нь сан руугаа сарвайдаг биш байх нь л дээ. Дээрээс нь, Норвегийн баялгийн санг Сангийн яамных нь харьяа “NBIM” гэх тусгай банк удирдаж, сангийнхаа мөнгийг том төслүүдэд хөрөнгө оруулах замаар өсгөж, үржүүлэх асуудлыг гардан хариуцдаг. Гэтэл тус банктай чиг үүргээр адилхан манай Хөгжлийн банк өөрөө төрийнхөнд тоногдож, данс нь улайж, дампуурлаа зарлахын ирмэг дээрээс саяхан аврагдсаныг санаж буй байх. 
 
Ийм байдлаар, Норвегийн баялгийн сангийн удирдлага нь улстөрчдөөсөө хараат бус тусдаа, санхүүжилт нь шилэн, төсвийн цоорхойг нөхөх эсвэл эрх баригч намын сонгуулийн амлалтыг санхүүжүүлэхэд мөнгө гаргадаггүй, эсрэгээрээ дэлхийн том төслүүдэд хөрөнгө оруулах зарчмаар арвижуулж байдаг учраас өдгөө 1.5 их наяд ам.долларын хөрөнгөтэй сан болж чадсан. 
 
     Гэтэл манайд сан гэхээр төрийнхний хэтэвч гэж ойлгогддог болчихсон. Арга ч үгүй, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Нийгмийн халамжийн сан, Боловсролын зээлийн сан гээд төрийн томчуудад тоногдсон сангууд олон бий. Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангууд ч ялгаагүй, улстөрч эзэнтэй, дампуурлын ирмэгт дэнжигнэж байгаа банкуудын дансыг дамжиж, амь тариа болсоор ирсэн. Хамгийн харамсалтай нь, тухайн сангуудыг тоносон эзэд нь тодорхой атлаа хэн нь ч хариуцлага хүлээгээгүй, өдгөө бүгд Төрийн ордонд тохой нийлүүлээд сууцгааж буй. Жижиг дундынханд очих ёстой зээлийг томчууддаа хуваагаад тараачихсан сайд нь 40 сая төгрөгөөр торгуулаад өнгөрч байх жишээтэй. Тэгээд болоогүй, Жижиг дунд үйлдвэлэлийн, Тариалан эрхлэлтийн, Нийгмийн халамжийн, Боловсролын зээлийн тэргүүтэй сангуудыг тоносон яг тэр багаараа сая Үндэсний баялгийн санг байгуулсан нь итгэл үнэмшил төрүүлэхгүй байгаа юм. 
 
      Тэгэхээр бид цаашид Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сангуудынхаа үйл ажиллагааных нь чиг үүрэг, зарцуулалтыг нарийн журамлаж, гол нь удирдлагыг нь хэн нэг улстөрч, хэсэг бүлгийнхнээс хараат бусаар томилдог байхгүй бол мянга гоё сайхан сан байгуулаад нэмэргүй. Магад, хэдхэн жилийн дараа “Баялгийн сангийн хулгай”-н нээлттэй сонсгол гэцгээгээд Төрийн ордонд том, жижиггүй улалзаад сууж байхыг үгүйсгэх аргагүй.

Үргэлжлэлийн энд дарж уншаарай


ТҮМНИЙ НЭР БАРЬСАН ТӨРИЙН ДЭЭРЭМ БУЮУ БАЯЛГИЙН САН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-05 10:26:07
    Зочин: Энэ элбэгдоржист демократуцд гарвалтбүгдийг өөрсдөө хувааж авах нь. Сүүгүй үнээ бна аа шааж бгаан гээлтөөрсдөө хувааж авна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-04 23:31:14
    Зочин: Яарч сандарч сонгуулийн емне хуч турж баталсан!!! Итгэх аргагуй! Тер данхайсан, хяналтгуй, хариуцлагагуй болсон!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-04 23:20:14
    Зочин: Яарч сандарч сонгуулийн емне хуч турж баталсан!!! Итгэх аргагуй! Тер данхайсан, хяналтгуй, хариуцлагагуй болсон!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-04 09:54:15
    S: SEXSEER UILCHLNE AXTAI SERELN SEKSEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-30 20:54:34
    зочин: ХӨЛСНИЙ БИЧЭЭЧИЙН Л БИЧЛЭГ УХААНТАЙ ЮМУУ ДАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-30 17:46:39
    galzuural: 34% iin ner barisan baahan hulgaich deeremchdiin bulelglel. 34% huvi end tend ezemsheed hereggui gedgiig OT tusul hangalttai haruulaad baihad dahiad l hiih geed baidag... yag galzuural
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-30 17:17:18
    Зочин: Ингэж гүжирдэж гүтгэж илт худал бичиж болохгүй хэнч бодсон маргааш норвёг шиг болно гэж хэнч хэлээгүй яриагүй. Шинэ юм биш гэжээ. Тэгвэл тэд хууль гаргаагүй тэгэхээр юуч биш.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-30 17:11:38
    Зочин: Энэ бол дээрэм биш ээ луйварчид аа. Үүнийг төрийн зөв бодлого гэдэг юм. Үүнийг баялгийн тэгш хуваарьлалт гэдэг юм хулгайчуудаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-30 08:41:37
    BB: Маш сайн ойлгомжтой тодорхой бичжээ. Эрх баригчид 34% гэдгийн горыг сайн амссан хашрахгүй юмаа. Цаг хугацаа харуулна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-30 07:28:56
    иргэн: үнэн зөв бичжээ уул уурхай улс төрөөс хол бай АМНАТ сайн ав энэ олон нэртэй санг улс төрчидийн шуналын савраас холхон байлгаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188