1945 оны Жанчхүүгийн давааг чөлөөлөх тулаанд амь үрэгдсэн 13 монгол цэргийн шарил тэдний дурсгалын цамхагаас 100-гаад метрийн цаана бий. Одоогоос 80 жилийн өмнө эх орныхоо төлөө эрэлхэг зориг гарган тулалдсан тэдгээр дайчдын шарил Жанчхүүгийн давааны алтан хөрсөнд мөнхөд нойрсон буй. Дөнгөж 20 нас хүрэхтэй үгүйтэй байсан залуусын хувьд дайн, байлдаанд явна гэдэг төсөөлшгүй боловч тэдний заавал гүйцэтгэх ёстой үүрэг байдаг.1945 оны наймдугаар сар буюу намрын ид халуунд монгол цэргүүд эр зоригоо өвөртлөн Жанчхүүгийн даваа руу хөдөлжээ. Тэр үед зарим “нялх” цэрэг тулааны талбарт гарахаасаа өмнө буюу замдаа наршиж, өлсөж, цангаж, сэтгэл санаагаар унаж, цуцаж байсан гэдэг. Харин зарим гүжирмэг эрс нь нар, салхи, хоол, унд зэргийг ажралгүй давахаас гадна дайны талбарт ч бусдыгаа хошуучлан зүтгэж байсныг нь Монголын түүх гэрчилдэг билээ. Жанчхүүгийн давааны төлөө, бидний өнөөгийн эрх чөлөө, амгалан тайван амьдралын төлөө бүтэн амь, бүлээн цусаа зориулсан зоригт дайчдын нэг нь Монгол Улсын баатар Л.Аюуш билээ. 20 настайдаа цэрэгт татагдаж, 23-хан настайдаа амь үрэгдсэн түүнд хань ижил, үр хүүхэд бүү хэл залуу насыг нь гэрчлэх ганц зураг ч үлдээгүй байдаг. Харин түүнийг үеийн үед дурсах үйл хэрэг, мөнхөд гэрэлтэх гэрэлт хөшөө нь үлджээ. Бид Монгол Улсын баатар Лувсанцэрэнгийн Аюушийн тухай түүний бүл дүү Г.Жанцандоржтой ярилцснаа уншигч танд хүргэе.

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын наймдугаар багийн нутагт орших Хоолтын хөндий бол Л.Аюушийн 20 хүртлээ амьдарсан төрсөн нутаг. Тэрээр 1922 онд ганц бие эмэгтэй Шийравын ууган хүү болон мэндэлжээ. Шийрав нь ядуу амьдралтай учир хоёр настай хүүгээ нутгийн иргэн Лувсанцэрэн, Сандивцоодол нарт үрчлүүлсэн байдаг. Лувсанцэрэнгийх гэдэг айл Өлзий-Орших, Аюуш, Долгор хэмээх гурван хүүхдээ гурвууланг нь үрчилж авчээ. Ингээд хоёр настай Аюуш тэдний гал голомтыг залгах ганц хүү нь болон өсөж, торнисон байдаг. Тэрээр хөдөө өссөн хэн бүхний адил хар багаасаа хар бор ажил сурч, дөрөв, таван настайдаа аргал түүж байсан гэдэг. Эрэгтэй хүүхэд болоод ч тэр үү өсөхийн хэрээр гэрийнхээ хүнд хүчир бүхий л ажлыг ганцаараа шахуу хийдэг байжээ. Эмнэг сургах, адуу малд явах, нүүж суухад гэр бараагаа барихаас эхлээд юу эсэхийг хийдэг байсан гэнэ.

Л.Аюуш цэрэгт татагдаад, моторжуулсан хуягт бригадын буудлагын нэгдүгээр батальонд хуваарилагдаж, байлдааны зэвсгийг хүлээн авсны дараа харуул манааны албан үүргийг гүйцэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсрохоос гадна бичиг, үсгийн мэдлэгтэй болжээ. Түүнийг сурлагатайгаас гадна сайн мэргэн буудагч болж байгааг дарга нар нь үнэлэн, хөнгөн пулемётын анги руу шилжүүлсэн байдаг. Ингэснээр пулемётын талаар тактикийн бүрэн мэдлэг, дадлага туршлагатай болж, буудлагын шалгалтаа онц дүнтэй өгч байжээ. Цэрэгт байх хоёрхон жилдээ 19 удаа төрөл бүрийн шагналыг давхардуулан хүртэж байсан онцгой нэгэн байсан гэдэг.

1945 оны наймдугаар сарын 10-ны тогтоолоор БНМАУ Япон Улсад дайн зарлажээ. Тэр тулаанд Л.Аюуш эхний бөгөөд эцсийн удаа тулалдсан юм. Тэрээр байлдааны тушаал авсан эхний 10 хүний нэгт орж, хуягт машинтай хөдөлсөн гэдэг. Ингээд байлдаанд гарсан тэднийг Чуулалт хаалганы давааны ам дахь эвдэрхий шавар хэрмүүдийг өнгөрч явтал гэнэт буун дуу гарч, утаа манарчээ. Хамт явсан тагнуулчид нь явгалж, байр байраа эзэлсэн бол Л.Аюуш, Г.Дашдондог нар пулемётынхаа галыг зохион байгуулж, байлдаанд бэлэн болгоод даргынхаа шийдвэрийг хүлээж байсан гэдэг. Тэр үед ахлагч Т.Дүүдэйгийн салаа дайсны цэргүүдтэй буудалцан мөлхөж, давшсаар Л.Аюуш нартай нийлжээ. Тэр үед Л.Аюуш 400 метрийн цаанаас галлаж байсан дайсны хөнгөн пулёметыг устгаж, түүний гал дайсныг өндийлгөхгүй хааж байснаар салааны дарга нь цэргүүдээ урагш давшуулж чадсан гэдэг. Гэвч удалгүй энд тэндгүй гранат дэлбэрч тэдний урагшлах боломжийг хаажээ. Тэр үед цэргүүд ч шантралгүй давшилсаар, Л.Аюуш ч хоёр дахин их гранат шидэж, хэд хэдэн нуувч дахь самуурайнуудыг устгасанд тэдний зарим нь буцаж зугтсан байдаг. Тэрээр пулёметынхаа богино ээлжээр хойноос нь нэхэн буудаж, дайсны нэгэн тасгийг бүрэн устгаж чаджээ. Ингээд хамтрагч Г.Дашдондогийнхоо хамт дайсны цэргүүдийг устгаж, мод, шороогоор далдалж нуусан галын точикийг сөнөөсөн ч тэд сумгүй болсны учир нэлээн хүнд шархаджээ. Л.Аюушийн зүүн эгэм болон цээжээр нь дайсны сум нэвт гарсан гэдэг. Гэвч тэд эцсийн хүчээ шавхсаар устгагдсан дайсны буу, сумыг цуглуулсан ч дайны гал улам ширүүсэж байв. Тэднийг татаж авахаар томилогдсон дайчдыг ирэхэд нь Г.Дашдондог хүнд шархадсан, хөдөлж чадахгүй, Л.Аюуш амьтай төдий байсан гэдэг. Ингээд Японы эсрэг дайнд эрэлхэг зоригтойгоор байлдаж, онц гарамгай гавьяа байгуулан амь үрэгдсэн долдугаар хуягт бригадын пулемётчин Л.Аюушид 1945 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор БНМАУ-ын баатар цол нөхөн олгосон түүхтэй юм.

-Л.Аюуш ах нь 1942 оны намар цэрэгт мордсон байдаг. Тухайн үед аав, ээж, нутаг усныхан нь түүнийг хэрхэн гаргаж өгсөн бол. Тэр тухай нь та сонсож байв уу?
-Аюуш ах цэрэгт явахаасаа өмнө Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Цэрэндумаа гэдэг эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой болж, гэртээ авчирсан байсан. Харин тэднийх хүүгээ цэрэгт явахаас нь өмнө гэр бараа барьж, хурим найр хийгээгүй. Харин том хүргэндээ гэр барьж өгөөд найр наадам болсон гэдэг. Тиймээс Аюуш ах “Цэргээс ирээд өрх тусгаарлаж, нижгэр сайхан хурим хийнэ ээ, хоёулаа” гээд сэтгэлт бүсгүйгээ гэрт нь буцааж хүргэж өгсөн байдаг. Аав, ээж хоёр нь ч “Хүүгээ цэргээс ирэхээр нь сайхан хурим хийж өгнө өө. Манайд үлдсэн бүх хөрөнгө чинийх л гэсэн үг” хэмээсэн байдаг. Тэгээд Аюуш ах хүргэнтэйгээ хамт цэрэгт мордож, тэдэнд аав, ээж нь олны дунд нэр хүндтэй, тустай явахын сацуу үргэлж биеэ бодохыг захиж, цай, сүүнийхээ дээжийг өргөн бусдын адил үдэж өгсөн байдаг. Тэр үед манай ээж дөнгөж найман настай байсан юм билээ. Ах цэрэгт явахаасаа өмнө ах, дүү нарынхаараа орж, хэдэн зоостой болж л дээ. Тэгээд мордохынхоо өмнөхөн дүүдээ долоон цэнгийн зоос өгөөд “Ээжид аргал сайн түүж өгөөрэй” гэж захиж байсан гэдэг.
-Л.Аюуш ахаас нь хойш Цэрэндумаа гэх эмэгтэйн сураг дахин сонсогдсон болов уу?
-Тэр эмэгтэйг Аюуш ахаас хойш хоёр, гуравхан жилийн дараа нас барсан гэж манайхан сонссон гэсэн. “Хүнд өвчин тусаад бурхан болов уу, сэтгэл санаа нь хямарч туйлдаа хүрсэн үү гэдгийг мэдээгүй” гэж манайхан хожим харамсангуй дурсдаг л байсан. Тэр эмэгтэй Л.Аюуш ахаас өөр хүнтэй ханилж, гэр бүл болоогүй бурхны оронд очсон гэсэн үг.

-Хайртай ганц хүүгээ цэрэгт явуулаад, гуравхан жилийн дараа амь үрэгдсэн гэдэг харамсалтай мэдээг сонсох аав, ээжид нь ямар хэцүү байсан бол?
-Ээж нь буюу миний эмээ 1979 онд 83 настайдаа бурхан болсон. Би эмээгийнхээ амьдралын сүүлийн 20 жилд нь хамт байсан. Эмээ минь хүүгээ амь үрэгдсэн гэдгийг сонссон тэр өдрөөс насан эцэс болтлоо Аюуш ахыг л дурсан ярьдаг байсан юм. Хүүгээ ярьсаар байгаад ухаан санаа нь самуурч, буруу зөрүү ярьж, нэлээн зөнөсөн. Тэгэх болгондоо “Би газар дээрх ганц хүүгээ дэмий л цэрэгт явууллаа” хэмээн өөрийгөө үргэлж буруутгаж, сумын төвд босгосон байсан хүндэтгэлийн самбарыг нь тойроод л уйлдаг байсныг нь тод санадаг. Намайг 18 нас хүрэхэд эмээ минь “Цэрэгт явуулахгүй” гэдэг байсан. Эмээг бурхан болсны дараа би яалт ч үгүй цэрэгт татагдаж, Улаанбаатар хотод цэргийн алба хаагаад нутагтаа ирж байлаа.
Тухайн үед ахыг амь үрэгдсэн хэмээх харамсалтай мэдээг сонссон нутгийн ард олон “Эднийх ганц хүүгээ цэрэгт явж, амь үрэгдэхээс нь өмнө гэр бараа барьж, хурим найрыг нь хийж өгөх байсан юм. Тун харамсалтай явдал болжээ” хэмээн ам уралдан муулцгааж аав, ээжийнх нь сэтгэлийг улам бүр хямрааж байсан гэдэг.
-Л.Аюуш ах нь зан байдлын хувьд төдийгүй гаднах төрхийн хувьд ямар хүн байсан бол. Аав, ээжид нь зураг бий юү?
-Бололцоотой айлын ганц хүү байсан болоод ч тэр үү их л онгироо, сагсуу залуу байсан гэж нутгийнхан нь ярьдаг байсан. Нэг удаа худаг нь ховоогүй байж л дээ, гэтэл ах өмсөж явсан монгол гутлаа тайлж, ховоо хийгээд адуугаа усалж байсан гэдэг. Түүнээс нь харахад, салхи шиг л нөхөр байсан байгаа юм. Бас адуунд эрэмгий гэдгээрээ тухайн үед нутаг усандаа алдартай байж. Харин гаднах төрхийнхөө хувьд жижигхэн биетэй ч шаг хийсэн залуу хархүү байсан гэдэг. Ахын минь нэг ч зураг үлдээгүй. Үлдээгүй ч гэж авахуулж амжаагүй байх л даа. Амь үрэгдсэнийх нь дараахан бил үү, баатар цолыг нь нөхөн олгох үеэр ээжийнх нь хэлснээр аман зураг гаргаж, өнөөгийн бид тэр зургаар нь төсөөлж, таньдаг юм шүү дээ.

-1945 оны есдүгээр сард Монгол Улсын баатар цолыг нь нөхөн олгосон байдаг. Тэр цагаас хойш Лувсанцэрэн хэмээх айлын хойморт хүүгийнх нь баатар цол үргэлж заларч байсан байх?
-Хүүгийнхээ баатар цолыг, өнөөх зуруулсан зурагтай нь хамт гэрийнхээ хойморт бурхан тахил мэт залж, шүтэж явсан гэдэг. Гэвч 1980-аад оны сүүлчээр Монгол Улсын баатар цол, тэмдгийг өөрчлөхөөр болсон хэмээн засаг, захиргааныхан нь ахын тэмдгийг авч яваад буцааж өгөөгүй гэдэг.
1945 оны байлдаанд хэрхэн оролцож байсан тухай нь, 11 удаа шархадсан ч эцсийн мөч хүртлээ хэрхэн тэмцэж байсныг хажуугаас нь харж байсан хүнтэй танайхан уулзалдаж байсан болов уу?
-Тэр тулаанд ахтай хамт явж таарсан манай нутгийн Чойжамц, Сүнгэргундав гэх хоёр хүн хожим Аюуш ахын тухай их ярьдаг байсан. Ах эхлээд хөлөндөө хэд хэд буудуулж, шархадсан юм билээ. Тэгэхдээ “Би ийм тахир дутуу болчихоод аав, ээж, нутгийнхныхаа нүүрийг яаж харах билээ” хэмээн уйлж сууснаа гэнэт бүр мөсөн шийдэж, дайсны цэргүүдийн өмнөөс улайран дайрсан гэдэг. Тэгж тэмцэлдэж байсныхаа эцэст амин тус газраа буудуулж, яалт ч үгүй амь үрэгдсэн гэдэг.
-Жанчхүүгийн даваан дахь хүүгийнхээ шарил дээр аав, ээж нь очсон болов уу?
-Миний мэдэхээр тэд нэг ч удаа очиж байгаагүй. Саяхан манай хүүхдүүд шарилыг нь авчрах уу гэсэн боловч би зөвшөөрөөгүй. Нэгэнт 80 жил өнгөрчихсөн байна. Хамаагүй хөндөөд дэмий биз дээ. Аюуш ах цэргээс халагдаж ирэхээс хоёрхон сарын өмнө амь үрэгдсэн байдаг. 1942-1945 онд Аюуш баатрын цэргийн алба хааж байсан анги нь Одоогийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Зэвсэгт хүчний 016 дугаар анги юм шүү дээ. Аюуш ахын Жанчхүүгийн даваанд гавьяа байгуулсан хөнгөн пулёметийг одоо хүртэл тэндэхийн цэргийн ангийнхан нандигнан хадгалдаг гэсэн.
Монгол Улсын баатар Л.Аюушийн дурсгалд зориулсан хөшөөг түүний шарилыг оршуулсан Чуулалт хаалганы давааны арын дэнж дээр мөнхжүүлэн босгож, сүндэрлүүлсэн байдаг. Мөн Өвөрхангай аймгийн төвд болон төрсөн нутаг Төгрөг суманд нь босгосон байдаг. Үүнээс гадна түүний тухай зохиолч, уран бүтээлчид "Аюуш тууж", "Бид мартахгүй", "Баатар Аюуш" хэмээх уран бүтээлүүд туурвиж, олны зүрх сэтгэлд хоногшуулан үүрд дурсан санах үгэн суварга босгосон байдаг. Бид түүнийг МУГЖ Б.Базаррагчаагийн бүтээсэн Аюушийн дүрээр нь илүүтэй мэддэг билээ.
/Жанчхүүгийн давааг эзлэх тулалдаанд амь үрэгдсэн дайчид/

1. Лувсанцэрэнгийн Аюуш (БНМАУ-ын баатар)
2. Магсарын Жанчив (БНМАУ-ын баатар)
3. Гомбосүрэнгийн Дашдондог
4. Б.Сахьяа
5. Манлайн Жүгдэр
6. Пэлжээгийн Нямаа
7. Тувааны Самданжамц
8. Цэрэннадмидын Маамуу
9. Доогийн Дагва
10. Гүнээгийн Лхамрагчаа
11. Галсангийн Чулуунбат
12. Сандагийн Шагдар
13. Батын Пүрэв
| МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |