• Өнөөдөр 2025-10-28

АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА

2025-10-28,   203

ХАГАЛГААНЫ ОРОН ДЭЭР ӨВЧТНИЙ ЗҮРХ ЗОГСОХОД БИДНИЙХ Ч АДИЛХАН ДАГААД “ЗОГСЧИХДОГ”

      Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх эмч, элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, хүний гавьяат эмч, төрийн шагналт, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Ардын эмч О.Сэргэлэнтэй ярилцлаа. Тэрбээр элэг шилжүүлэн суулгах мэс заслын аргыг нутагшуулж, олон улсад шилдэг мэс засалчаар үнэлэгдэж, Эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Донорын тухай хуулийн төслийг боловсруулахад оролцон эрүүл мэндийн салбарт жинтэй хувь нэмэр оруулсан билээ.  

-Та Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 43 дахь жилээ мэс заслийн эмчээр ажиллаж байхдаа Ардын эмч хэмээх эрхэм цолоор шагнууллаа. Шагнал аваад зогсож байхдаа 43 жилийн өмнөх үедээ эргэн очиж, тэр үеийнхээ тухай дурсаж байсан болов уу?

-Би 1982 онд тухайн үеийн нэршлээр Анагаах ухааны дээд сургуулийг төгсөж, Анагаах ухааны их сургуулийн мэс заслын тэнхимийн багш, Улсын нэгдүгээр эмнэлэгт гэрээт эмчээр ажиллаж эхэлсэн. Намайг өдий зэрэгт хүрэхэд гол нөлөө үзүүлсэн хүмүүс гэвэл миний хайртай багш нар шүү дээ.  Тухайлбал, гавьяат багш, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Долгор, Монгол Улсын гавьяат эмч, доктор, профессор Н.Даваацэрэн, Ардын эмч анагаах ухааны доктор, профессор Б.Гоош, Хөдөлмөрийн баатар Отгондалай, Хөдөлмөрийн баатар Нямхүү,  гавьяат эмч Аюуш гээд олон сайхан эмч, багш нарын буянд өдийг зэрэгт хүрч байна. Тухайн үед би тасгийнхаа ганц эмэгтэй эмэгтэй эмч байлаа. Зарим нь намайг “Чи эмэгтэй юм чинь олигтой мэс засалч болохгүй дээ” гэдэг байсанд нь гомдоод “Би яагаад эмэгтэй хүн болоод төрчихсөн юм болоо”  гэж хүртэл боддог байлаа. Багшаа дээдлэхгүйгээр хүн хэзээ ч урагш алхдаггүй. Тэд минь намайг анх эмч болж байхад яаж хувцаслах, ямар сүрчиг түрхэх, хүнтэй яаж харьцахаас эхлүүлээд энгийн мөртлөө чухал зүйлсийг зааж өгдөг байсан. Энэ мэтчилэн багш нарынхаа захиж, зөвлөж байсныг биелүүлэхийн тулд 43 жил чадлынхаа хэрээр хичээлээ. Ардын эмч хэмээх эрхэм хүндтэй цолыг аваад зогсож байхдаа тэнгэрээс харж байгаа багш нартаа залбирч байлаа. Багшийн сургааль гэдэг ямар нандин, утга учиртай, ариун байдаг юм бэ гэдгийг би биширч, шүтэж явна.

-Мэс заслийн эмч болохын тул өөрийгөө хэрхэн бэлдэж, бэлтгэгдэж байв?

-Мэс заслийн эмчийн гар нь түрүүлж ажиллахаасаа илүүтэй толгой нь эхлээд ажиллах ёстой. Ямар өвчтөнд ямар ажилбар хийх гэж байна вэ гэдгээ бодож, төлөвлөхгүйгээр гараа хөдөлгөх юм бол ямар ч эмч алдаа гаргадаг. 1982 онд сургуулиа төгсөж, багшлахын зэрэгцээ мэс заслын эмчээр ажиллаж байхад долоо хоног надад бараг хүрэлцдэггүй байсан. П.Долгор багш миний консвектийг улаан эрээн болтол нь засдаг байсан нь намайг орос хэл сурахад ихээхэн нөлөөлсөн. Мөн сургуулиа төгсөөд ирэхэд “чамд англи хэл хэрэгтэй” гээд их сургуулийн дэргэдэх оройн англи хэлний ангийн хоёр жилийн курст сурдаг байлаа. Тэр үед би яг л нэгдүгээр ангийн хүүхэд шиг хоёр дэвтэртэй явдаг байсан юм. Англи хэлний багш нараасаа илүүтэй өөрийнхөө багшаас айж даалгавраа хийдэг байсан юм. П.Долгор багш мөн англи хэлний дэвтрийг минь улаан эрээн болтол нь засаж өгдөг байлаа. Түүнийг нь би нөгөө дэвтэр дээрээ хуулж очоод англи хэлний багшдаа үзүүлдэг байлаа шүү дээ.

-Та Улсын нэгдүгээр төв эмнэлэгт мэс заслын эмчээр орж байсан үеийнхээ түүхийг ярьж өгөөч?

-Тухайн үед Улсын нэгдүгээр төв эмнэлэг Улаанбаатар хотын бүх яаралтай дуудлагыг хүлээн авдаг байсан. Шөнөдөө 10-аас доошгүй хагалгаатай хонодог байлаа. Энэ бол намайг мэс засалд жинхэнээсээ сургасан. 18:00 цагаас эхлээд өглөө 09:00 цаг гэхэд дөнгөж сүүлчийн хагалгаагаа дуусдаг үе байсан. Тэгэхэд хоёр хоёроороо жижүүрлэдэг байлаа. Нэг эмч нь хүлээн авахаас өвчтөнөө хүлээн авна. Намайг сургуулиа төгсөөд ирэхэд хоёрдугаар тасгийн зургаа, долдугаар палат буюу хамгийн хүнд өвчтөнтэй тасгийг хариуцуулсан. Амралтын хоёр өдөр амрах эрх надад байдаггүй байлаа. Яагаад гэвэл, хүнд өвчтнүүдийн эмчилгээ, боолтыг тасалдуулж болохгүй шүү дээ.

-Эмнэлэгт эмч, сургуульд багшаар ажиллаж байх энэ хугацаандаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа хэрхэн хийж, цолоо хамгаалж байсан бэ?

-Эмнэл зүйд ингэж сурсаны дараа гэдэсний түгжрэл, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэлтэй хүнд өвчтнүүдэд гэдсэн дотуур нь гуурс явуулж мэс засал хийдэг байлаа. Түүгээрээ би анагаах ухааны доткорын зэргээ хамгаалсан. Тэр хүмүүсийг сэхээн амьдруулахын төлөө ажиллана гэдэг надад уншиж, судлах, судалгааны ажилд давхар сурахыг заасан. Ингээд Даваацэрэн багшийн удирдлагаар докторын зэргээ хамгаалж, Ардын багш, ардын эмч, хүний гавьяат эмч, шинжлэх ухааны доктор, профессороо Академич Гоош багшийнхаа удирдлагаар “Ходоод, гэдэсний шархлаа өвчлөлийн мэс заслийн эмчилгээ” гэдэг сэдвээр шинжлэх ухааны доктор цолоо хамгаалсан. Энэ нь надад маш их өгөөжөө өгсөн ажил байсан. Тэр үед өдөр нь хагалгаандаа ороод орой нь болон амралтын өдрүүдэд номын санд суудаг байлаа. Энэ чиглэлээр 1000 гаруй гадаадын судлаачдын ном, хэвлэлийг уншиж, судалж, товчилж бичээд багшдаа шалгуулж байсан. Иймэрхүү байдлаар амьдарлынхаа 43 жилийг завгүй өнгөрүүлсний хүчээр энэ зэрэгт хүрлээ. Мөн олон ажлын ачаалал дааж сурсны хүчээр Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулах чиглэлд шантралгүйгээр зүтгэж өнөөдрийн зэрэгт хүргэсэн гэж боддог. Гэхдээ энэ бол манай багийн амжилт. Өнгөрсөн хугацаанд Анагаах ухааны сургуулийн мэс заслийн тэнхимийг 15 жил удирдаж байлаа. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслийн тасгийн эрхлэгчээр 2006, 2007, 2015, 2016 онд ажиллаж байснаас гадна зөвлөх эмчээр олон жил ажилсан. Мэс засал хариуцсан Нэгдүгээр эмнэлгийн Ерөнхий мэргэжилтэн гэдэг ажлыг ч хэдэн жил хийсэн. Миний амьдрал тэр чигээрээ Улсын нэгдүгээр эмнэлэгтэй холбоотой. Би хэдийгээр Анагаахын шинжлэх ухааны сургуулийн багш байсан ч гэлээ эмнэлэг дээрээ л “амьдардаг” байсан.

-Танай хамт олон элэг шилжүүлэн суулгах мэс заслын хэдэн онд хийж эхэлсэн бэ. 2021 онд төр засгаас танай хамт олны хөдөлмөрийг үнэлсэн байдаг?

-Элэг шилжүүлэн суулгах баг минь 2011 онд БНСУ-ын Аса анагаах ухааны төвийн багш нартай хамтран элэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх эхлүүлсэн. Багш нартайгаа хамтран 33 мэс засал, бие даан 300 гаруй мэс засал хийсэн. Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан тоогоороо сая хүн амд тоологдох тоогоорооо дэлхийд нэгдүгээр эрэмблэгдээд явж байгаа. Энэ бол манай баг хамт олны уйгагүй, өдөр, шөнөгүй зүтгэсэн зүтгэлийн ач. Үхлийн эрмэгт амь нь тэнссэн хүмүүст мэс засал хийж, элэг бүтэн амьдрах нөхцлийг нь бий болгосон. Энэ бол бидний хамгийн буянтай ажил. Манай эмнэлэг намайг эмчээр орж байхад дурангийн мэс заслийн ганцхан аппараттай байсан бол өнөөдрийн байдлаар 21 аймагт дурангийн мэс засал хөгжсөн байна. Дурангийн мэс заслыг хөгжүүлэхэд оролцож явсандаа баяртай байна. Элэг шилжүүлэн суулгах донорынхоо мэс заслыг дурангаар хийж эхэлсэн.

-Таны хийсэн мэс заслын хамгийн хүнд нь ямар хагалгаа байсан бэ?

-33 цагийн хагалгаа хамгийн хүнд байсан. Элэг нь муудаад эцсийн шатандаа орчихсон 40 хэдэн настай эмэгтэй байсан. Артерийн судсыг нь залгах маш хүнд байсан ч манай хамт олон  амийг нь аварч чадсан. 33 цагийн хагалгаа хийсэн ч гэлээ бид ядарснаа огт мэдрээгүй. Одоо тэр хүн эрүүл энх 11 дэх жилээ сайхан амьдарч байгаа. Энэ л бидний ажлын үр дүн юм шүү дээ. Хагалгааны явц бол амь насыг нь аврах гэсэн бидний тулаан нөгөө хүний бие дийлэхгүй байх тулаан хоорондоо зөрчилдөх үе хамгийн хэцүү байдаг. Хагалгаа хийгээд элгийг нь суулгаад цус өгөх даваан дээр зүрх нь зогсдог юм. Хамгийн сүүлд орсон хоёр хүний хагалгааг хийж байхад зүрх нь зогсдогийн даваан дээр эмч нар дусал ч цус гаргалгүйгээр судсыг нь залгаж чадсан. Үхэл амьдралын төлөөх тэмцэл, тулаан тийм л байдаг. Ялангуяа мэс засын ширээн дээр хүнээ алдахад миний зүрх дагаад л “зогсчихдог”. Бидний хамгийн аз жаргалтай үе бол хүнд өвчтэй хүнээ сэхээгээд баярлалаа гэдэг үгийг нь сонсоод гаргах хамгийн сайхан байдаг даа.

-Эмч нарт өвчтнөө болон тэдний ар гэрийнхнийг дагаад хямрах сэтгэл зүйн асуудлууд тулгардаг байх. Түүнийгээ хэрхэн даван туулдаг вэ?

-Эмч болох хүн оюутайн байхаасаа л сэтгэл зүйгээ бэлдчихсэн байх ёстой. Намайг залуухан эмч байхад таван хүүхэдтэй залуухан эмэгтэй мэс засалд орсон юм. Хагалгааны дараа тэр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Гэтэл тэдний том хүүхдүүд нь ойлгоод, багачууд нь ойлгохгүй ы аавыгаа дагаад уйлж байхад миний зүрх зүсэгдэж, тэр хэдийг хараад уйлчихсан зогсож байтал манай багш ороод ирсэн. Багш миний уйлж байгааг харчихаад дагуулж гарахдаа “Чи яахаараа өвчтний ар гэрийнхэнтэй нийлчихсэн уйлаад зогсож байдаг юм бэ. Чи эмч мөн үү. Дахиад чи өвчтний ар гэрийнхний хажууд уйлаад үзээрэй. Хэрвээ чи дахиж уйлах юм бол эмч биш шүү” гэж хэлснээс нь хойш би уйлаагүй. Тэдний хажууд уйлахгүй байхыг тэвчихээс өөр аргагүй. Гэрийнхнийг нь гараад явсны дараа, ганцаараа уйлна. Бид хүн л болсон хойно баярлана, гомдоно, хямрана шүү дээ.

-Сурч, боловсрохдоо өөрийгөө бүрэн дайчилдаг зан чанарыг хэнээс сурсан бэ. Таны аав, ээж ямар мэргэжилтэй хүмүүс байв?

-Миний аав Монгол Улсын гавьяат багш Оргоо гэж хүн байсан. Ээжийг минь Цэрэндолгор гэдэг байлаа. Мөн л Хөдөлмөрийн багш мэргэжилтэй хүн байсан. Аав, ээж хоёр минь насан туршдаа ардын хүүхдүүдийг сургаж, хүмүүжүүлэхийн төлөө бүх сэтгэлээ зориулсан хүмүүс. Аав, ээж минь биднийг нялхаас минь бие даалгаж, өөрсдөөр нь аливаа зүйлийг хийлгэж сургасан нь энэ бүхэнд нөлөөлсөн. Бид эцэг, эхээс дөрвүүлээ. Бүгдээрээ ерөнхий боловсролын сургуулиа онц төгсөж байлаа. Би жаахан байхаасаа л эмч болох хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байсан болохоор сургуулиа төгсөөд эмчийн мэргэжлээ эзэмшсэн.

 


АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188