• Өнөөдөр 2024-11-08

СОНГУУЛИАР “СОЛИОРДОГ” ХҮН

2024-10-06,   572

     Тавхан сарын өмнө Төрийн ордонд ганцаардан гансарч, МАН-ын “могойд барьдаг мод” болоод гүйж явсан Т.Доржханд одоо ордонд наймуулаа болчихсон, дээрээс нь Шадар сайдын давхар торгон дээл хэдэрчихсэн хэнхэлзэж суугаа. Тавхан сарын өмнө төлөөлөгч төдийхөн гуншинтай, Хангарьд ордонд Х.Нямбаатарт “загнуулаад” сууж байсан П.Наранбаяр одоо УИХ-ын гишүүн, Боловсролын сайд гэх хос сэтэртэй, хоёр сэнтий сэлгээд даналзаж байгаа. Ийнхүү УИХ дахь ганц суудлаа найм болгож, засагт хоёр сайдтай болж, зүүдэлж ч байгаагүй амжилтад хүрсэн ХҮН намынхан одоо НИТХ-д олонх болох ахадсан амбиц тээж, түүндээ улайрцгааж байна. Арга ч үгүй. Дээр дурдсанчлан, төлөөлөгчөөс түшээ болох ямар хялбарыг П.Наранбаяр биеэрээ үзсэн, бас бусдадаа үлгэрлэсэн. Тэгэхээр ХҮН нам дөрвөн жилийн дараа ордонд олон түшээтэй болохын тулд  одоо олон төлөөлөгчтэй болохоор улайрч байгаа гэсэн үг. 
 
Уг нь ХҮН намынхан “Гадаад, дотоодын дөмөгтэй сургуульд сурсан, салбартаа дориун туршлага хуримтлуулсан мэргэжилтнүүдийг нэр дэвшүүллээ” хэмээгээд “Мэргэжилтнүүд өөрчилнө” гэх уриатайгаар залуучуудыг голдуу нэр дэвшүүлсэн. Гэвч Боловсролын сайд П.Наранбаярын найруулгатай, НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулгын дэглэлттэй ХҮН намын сонгуулийн сурталчилгаанд өөрчлөлт байсангүй, харин ч өмнөхүүдээ дордуулав. Өөрөөр бол, 1.5 сая хүн амтай Улаанбаатар хотыг өөрчлөнө гээд байгаа өнөөх “мэргэжилтэн”-үүдийнх нь сонгуулийн сурталчилгаа “солиорол” болж хувирлаа. 
 
     Ганцхан жишээ дурдъя. Япон, Англи, Австралид их сургууль төгссөн Б.Зандан, Япон, Сингапурт их сургууль төгссөн Б.Мөнхдөл гэх хоёр нэр дэвшигч байна. Төгссөн сургуулиудынх нь тооноос хэн ч сүрдмээр, асар өндөр боловсролтой юм байна гэж сүсэлмээр CV-тэй нэр дэвшигчид. Атал хэдэн өдрийн сошиал сурталчилгааг нь үзвэл, энд, тэнд очиж хосоороо бүжиглэхээс өөрийг хийж үзэгдсэнгүй. Яах вэ, сонгуулиар сонгогчдодоо дуулж өгөөд саналыг нь авдаг технологи бий. Ялангуяа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ технологийг төгс эзэмшсэн хүн. Харин урьд өмнөх сонгуулиудаар ХҮН намынхан шиг бүжиглэсэн тохиолдол бүртгэгдэж байсангүй. Уг тэд гудамжинд бүжиглэж зогсохоос илүүтэй Улаанбаатарыг яаж хөгжүүлэх, өөрчлөх тухайгаа яриад зогсож байсан бол намтартай нь нийцэх байв. Тэгээд ч хотыг бүжгээр биш, бодлогоор хөгжүүлэх учиртай. 
 
Анзаарвал, ХҮН намынхны ихэнх нь Япон “угшилтай”. Японд суралцахаараа сурталчилгааны ийм этгээд аргууд суралцаж ирдэг ч байж болох. Жишээ нь, Японд төгссөн Боловсролын сайд П.Наранбаяр л гэхэд саяны УИХ-ын сонгуулиар цэцэрлэгийн хүүхдүүдийг царай төрхтэй нь сурталчилгаандаа ашигласан. Хамгийн “увайгүй” сурталчилгаагаар нэрлэгдэж, энэ “хэрэг”-ээрээ сошиалын шүүхэд “дүүжлүүлэх” шахаж байв. Бас Японд төгссөн Шадар сайд Т.Доржхандын арга барил бүр өвөрмөц. Сонгууль болохоор санал, үсээ ургуулж, элэгдсэн элгэн пүүзээ углаад, дээгүүр нь дээл өмсчихнө. Тэгээд л тэр дороо сошиалд од болно. Олны анхаарал татах энэ аргаа Т.Доржханд тулсан үедээ заавал ашигладаг. Түүний намдаа нутагшуулсан эгэл, энгийн харагдах энэ заль нь залуучуудад нь ийн өвлөгджээ. 
 
      Нийслэлчүүд бидний утаанд угаартаж, үерт үйж, түгжрэлд тэвдэн амьдарч буйн нэг буруутан нь бид өөрсдөө. Өөрөөр бол, бид НИТХ-ын сонгуулийг ч сонирхдоггүй, нэр дэвшигчдийг судалдаггүй. Үүнээс болоод өнгөрсөн хугацаанд хэн хүссэн нь дуулж, бүжиглэж, дурламаар амлалтууд өгч НИТХ-ын төлөөлөгч болцгоож, нийслэлийг удирдсанаас болж өнөөдрийн толгой өвчин болоод буй бүх асуудлууд бугшсан гэдгийг санах хэрэгтэй. 
 
 

СОНГУУЛИАР “СОЛИОРДОГ” ХҮН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-06 09:53:22
    ef: MAN-iin ohin nam ni HUN
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-03 19:55:58
    Зочин: ХУН-ээс айгаад байгаам уу даа. Юунд сандрав, адилхан байж. Монгуульд амжилт хусье. МАН л биш бол хэн ч яахав!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-03 16:47:37
    zochin: Үнэн үнэн бүр гайхмаар бяртай байна ХҮН. Допинг хэрэглэсэн бөх шиг
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188