Өдгөө тэнд “Зайсан хилл” цогцолбор, “Зайсан скуэр” үйлчилгээний цогцолбор, “Зайсан виста” орон сууцны хотхоныг тус тус барьсан. Мөн “Зайсан скуэр” цогцолборынхоо хажууд “Z residence” гэх тансаг зэрэглэлийн 16 давхар, 125 айлын хоёр блок барилга бүхий хотхон барихаар захиалгаа авч эхлээд буй. Мөн Зайсангийн амаар Дугуй цагаан өгсөх зам дагуу С.Амарсайханы “ЮКО” ХХК нь 4.9 га газартай. Энэ газрын зүүн урд буланд нь сайд С.Амарсайханы хувийн харш бий. Харин үлдсэн газар дээрээ энэ хавраас 2-6 давхар, 10 блок бүхий хаус хотхон барихаар сууриа ухаад эхэлж буй.
Зайсангийн амыг орон сууц, оффисын барилга, үйлчилгээний цогцолбороор дүүргэсэн С.Амарсайхан Хотын даргаар ажиллах хугацаандаа ч хамаарал бүхий этгээдүүдийнхээ нэр дээр хууль бусаар газар олгосон баримтууд бий. Харамсалтай нь, сайд С.Амарсайхан болон түүний ах нарт хэн ч хариуцлага тооцож чадахгүй байсаар өнөөг хүрч байна. Тэгвэл С.Амарсайханы ах дүүсийн бизнес хэрхэн томорч, төрийн хамгаалалтад орсон түүхийг сөхье.
“Оюуны ундраа групп”-ээр овоглодог С.Отгонбаяр, С. Уламбаяр, С.Ганбат С.Амарсайхан гэх ах дүүсийг танихгүй хүн үгүй биз. Хоёр нь төрд түшмэлээр тодорч, хоёр нь бизнест томорсон сайн гэхээсээ саар нэрээр ил танигдсан ах дүү дөрөв.
Том ах С.Отгонбаяр агсан нь, УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайдын албыг хашиж явсан. Түүний хүү О.Тэнүүн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охинтой гэрлэж, хүргэн нь болоод хэдэн жил болж буй. Өдгөө “Оюуны Ундраа групп”-ын гүйцэтгэх захирлаар О.Тэнүүн ажиллаж байна. С.Отгонбаяр агсны улс төрийн замналыг төрсөн дүү С.Амарсайхан нь үргэлжүүлж, сайдын сэтэртэй ч төрсөн ахынхаа удирдаж асан Онцгой байдлын салбарыг хариуцаж явсан.
Удаах ах С.Уламбаяр нь Туулын бургасыг хядаж тансаг зэрэглэлийн хаус хороолол босгосон хэргээр олны хэл аманд өртсөн "Зүүн баян рефайнери" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа олонд эчнээ танил болсон. Дархан цаазат Богд хан уулын Бага тэнгэрийн ам хавьцаа дөрвөн га газар аялал жуулчлалын зориулалтаар "дээгүүр нөлөөлж” авсан гэгддэг. Ийн Туулийн бургасыг хядсан "Зүүн баян рефайнери" ХХК-ийн үйл ажиллагааг дөрвөн удаа зогсоох шийдвэр гаргасан ч Туулын эргийг хөрстэй нь эргүүлж, тансаг хотхон, оффис сүндэрлүүлчихсэн. Харамсалтай нь, улс төрд том артай гэдгээрээ далайлгаж энэ хэрэг одоо ч шийдэгдээгүй яваа. Ийн олны хэл аманд өртөж, дуулиан дагуулсны дараа С.Уламбаяр нь охин Уламбаярын Ундармаадаа тус компаниа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. У.Ундармаа нь Болвсролын зээлийн сангаас 2005 онд АНУ-ын Де Врай их сургуульд Бизнесийн удирдлагын магистраар суралцана гээд 1600 ам.долларын зээл авсан ч зээлээ эргэн төлөөгүй хэмээн зарлагдаж байлаа.
Цаашлаад С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат нь Зайсангийн аманд сүндэрлэсэн "Зайсан хилл" цогцолбор, "Зайсан скуэр" цогцолборын үйл ажиллагааг хариуцдаг "Собт трейд" ХХК-ийн захирал гэдгээрээ танигдсан.
Харин С.Амарсайхан нь НИТХ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатарын хотын ажиллаж байгаад өдгөө Их хуралд хоёр дахь удаагаа “давхар дээл”-тэй сайд болчихсон даналзаж явна. Үндсэндээ ах, дүү нарынхаа тарьсан балгийг төрийн талаас цэвэрлэдэг гол үүрэгтэй хүн гэхэд хилсдэхгүй. Угаас группын хэмжээнд бизнес эрхэлдэг ах, дүү нарын аль нэг нь заавал улс төрд орж, төрийн хамгаалалтад бизнесээ багтаадаг бичигдээгүй хууль манайд тогтсон. Тэр л жишгээр төрд орж, төрсөн ах дүүсээ "цээжээрээ” хамгаалж яваа.
Тэгвэл төрд эрхэлсэн энэ ах дүүс өдгөө Зайсан толгой, танктай хөшөө орчмыг тэр хавийг бүхэлд нь эзэлчихсэн, тансаг зэрэглэлийн барилга байшин барьж, тэнд бизнесээ цэцэглүүлж бас тэндээс төр удирдаж байгаа баримтыг хүргэе. Тодруулбал,
Эдгээр газар дээр "Зайсан хилл" цогцолбор, "Зайсан скуэр" цогцолбор зэргийг барьсан бол зарим газар дээр зогсоол хэлбэрээр хадгалж буй.Цаашлаад "Оюуны ундраа групп”-ийн угшилтай, харьяанд нь байсан "Юко" ХХК-ийн эзэмшилд Хан-Уул дүүргийн XI хороо, Зайсангийн ам, 1781000528 дугаартай, 40927м2 газар бий. Энэ газар дээр сайд С.Амарсайханы хувийн хаус гэх тансаг орд харш сүндэрлэсэн байдаг.
Уламбаярын Ундармаагийн “Зүүнбаян рефайнери” ХХК нь Бага тэнгэр, Их тэнгэрийн амны хойд адаг, Туул голын эрэгт буюу Баянзүрх дүүргийн XI хороо Маршлын гүүр, 133160257 дугаартай, 39757м2 талбайтай газар эзэмшдэг. Энэ газарт тансаг зэрэглэлийн амины орон сууцны хаус хороолол барихаар цутгалтуудаа хийчихсэн байгаа. Угтаа бол сайд С.Амарсайханы хамаарал бүхий этгээдүүд Зайсан толгойг тойроод эзэн суучихсан нь энэ.
УИХ-ын гишүүн, сайд С. Амарсайханыг "Оюуны ундраа групп берез Богд уулын амнуудыг, Туул голын эргийг дүүргэсэн "барилгачин" гэж мэдэхээс биш, уул уурхайн ордуудын эзэн гэж олон нийт төдийлөн мэддэггүй. Тэгвэл С.Амарсайхан болон түүний ах нарын нүүрс, волфромын зарим ордыг танилцуулъя.
Сайд С.Амарсайхан, түүний төрсөн ах С.Ганбатын "Оюуны ундраа групп" ХХК-ийн харьяанд "Нитросибир азиа", "Норд стар минералс "Сэнтрал азиан майнор металс" ХХК гэх уул уурхайн гурван компани бий. Тэгвэл "Нитросибир азиа" ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумын нутгийн заагт орших MV-021104 дугаартай, 1588.8 га талбай бүхий Хайрхан толгой нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл, XV-005261 дугаартай, 2135.6 га талбай бүхий Хөх довын худагт хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус авсан. С.Ганбат "Нитросибир азиа" ХХК-аа Чийбаатарын Мөнхболд гэгчид шилжүүлсэн байна. Ч.Мөнхболд нь С.Ганбатын уул уурхайн компаниуд буюу "СС монголиа" ХХК-ийнх нь Нягтлан бодогчоор, "Нитросибир азиа” ХХК-ийнх нь Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Ч.Мөнхболд нь 2014 онд Отгонтэнгэр их сургуулийг Нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Тэгэхээр “Нитросибир азиа ХХК-аа С.Ганбат Ч.Мөнхболдод шилжүүлсэн ч гол эзэн нь хэвээр байгаа гэсэн үг.
Мөн С.Ганбатын "Сэнтрал Азиан Майнор металс" ХХК-ийнх нь хувьд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт MV-011124 дугаартай, 110.3 га талбай бүхий Ар баян ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Харин "Норд стар минералс" ХХК-ийнх "Ховд гол" уурхайн түүх маш ноцтой. Тодруулбал, С.Амарсайхан болон түүний төрсөн ах С.Ганбат нар 2012 онд "Оюуны Ундраа групп"-ийнхээ охин компани болох "Норд стар минералс" ХХК-аараа дамжуулан АНУ-ын иргэн Жэймс Ф.Баур гэгчээс Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын V багийн нутагт орших MV-001071 дугаартай, 49.2 га талбай бүхий Ховд голын волфромын уурхайг "СС Монголиа” ХХК-тай нь хамт 3.5 сая ам.доллароор худалдаж авах гэрээ хийсэн байдаг. Улмаар 3.5 сая ам.доллароо хоёр жилийн хугацаанд хувааж төлөхөөр тохиролцож, Жэймс Ф.Баурын “СС Монголиа” ХХК-ийг, Ховд голын уурхайтай нь хамт "Оюуны ундраа групп”-ийн охин компани “Норд стар минералс" ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Энэхүү 3.5 сая ам.долларын худалдах, худалдан авах гэрээнд "Норд стар минералс" ХХК-ийг төлөөлж С.Ганбат, батлан даагчаар "Оюуны ундраа групп" ХХК-ийг төлөөлж С.Амарсайхан гарын үсэг зурсан гэдэг. Гэвч С.Ганбат, С.Амарсайхан нар АНУ-ын иргэн Жэймс Ф. Баурт өнөөх сая ам.доллароо төлөхгүй зургаан жил "мурьсан" байдаг. Улмаар С.Ганбат, С.Амарсайхан гэх ах дүү хоёрт компаниа, уурхайгаа алдсан Жэймс Ф.Баурт аргаа барахдаа 2019 онд Олон улсын арбитрын шүүхэд хандаж, нийт 4.5 сая ам.доллар нэхэмжилсэн. 2019 оны гуравдугаар сарын 8-нд Хонконгийн Олон улсын Арбитрын шүүхээс HKIAC/PA17079 дугаар шийдвэрээр "Норд стар минералс", "Оюуны ундраа групп” ХХК-аас 4,465,429 ам.доллар гаргуулж, АНУ-ын иргэн Жэймс Ф.Баурт олгохоор шийдвэрлэсэн. Гэвч С.Ганбат, С.Амарсайхан нар буюу "Норд стар минералс", "Оюуны ундраа групп" ХХК-ийн зүгээс Хонконгийн Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул "Норд стар минералс" ХХК-д шилжсэн "СС Монголиа" ХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт байх Ховд голын волфромын уурхайн барилга байгууламж, машин механизм, техник, тоног төхөөрөмж, тусгай зөвшөөрлийг 2019 оны аравдугаар сарын 22-нд битүүмжилж, 2019 оны арванхоёрдугаар сарын 24-нд хурааж авах ажиллагаа явуулсан байдаг. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд “Норд стар минералс”, “Оюуны ундраа групп" ХХК-ийн Хаан, Голомт, Төрийн банкны дансыг битүүмжилж, шинээр данс нээхийг хориглосон юм.
Хотын дарга асан, сайд С.Амарсайханы ах дүүс буюу "Оюуны ундраа групп”-ийнхэн Улаанбаатар хотод нийт 2,261,053м2 буюу 226 га газар эзэмшиж байна. Эгэл ардын эзэмшдэг нэг айлын хашааны газар 0.07 га гэж тооцохоор “Оюуны ундраа групп”-ийн 226 га газар нь 3230 айлын хашааны газартай тэнцэнэ гэсэн үг. Өөрөөр жишээ авч үзье. С.Амарсайханы төрж өссөн нутаг, төрд төлөөлдөг тойрог буюу Налайх дүүргийн I хороо 1473, II хороо 1243, VI хороо 563 өрхтэй. Өөрөөр хэлбэл, С.Амарсайхан болон түүний ах дүү нарын эзэмшдэг газар нь Налайх дүүргийн I, II, VI гэсэн бүхэл бүтэн гурван хорооны нийт айлын хашааны газрыг нийлүүлсэнтэй тэнцэж байгаа юм.
Ингээд С.Амарсайхан болон түүний ах дүү нарын эзэмшдэг газрыг тус бүрээр нь танилцуулъя.
С.Амарсайхан "Оюуны ундраа групп" ХХК-ийн төрсөн ах нар болох С.Отгонбаяр, С.Уламбаяр, С.Ганбат гуравтайгаа хамтран эзэмшдэг. “Оюуны ундраа групп" ХХК нь:
Налайх дүүргийн IV хороонд 499,466м2 буюу 49.9 га
Налайх дүүргийн I хороонд 29,965м2 буюу 2.9 га
Сүхбаатар дүүргийн I хороонд 4728м2 Сүхбаатар дүүргийн Х хороонд 5602м2 Баянзүрх дүүргийн XVI хороонд 4694м2 газар тус тус эзэмшдэг.
С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн "Ломекс" ХХК-ийн эзэмшигчээр, эхнэр Ч.Ичинхорлоо нь гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байдаг. "Ломекс" ХХК нь Баянзүрх дүүргийн XII хороо, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэгийн хойно 10,576м2 буюу нэг га газар эзэмшдэг.
С.Амарсайхан эхнэр Ч.Ичинхорлоогийн төрсөн дүү нар болох Ч.Сүхбат, Ч.Өлзийхишиг, Ч.Лхагвадулам нар нь "Эйч Эйч дабль юу” ХХК-ийг эзэмшдэг. “Эйч Эйч дабль юу” ХХК нь Баянзүрх дүүргийн XI хороонд 11,050м2 буюу 1.1 га газар эзэмшдэг. Тэднийг энд хамаатуулахын учир нь, С.Амарсайхан Хотын дарга байхдаа хадам дүү Ч.Сүхбатыгаа Нийслэлийн үйлдвэрлэл, инновацын газрын Инновацын хэлтсийн даргаар, хадам дүү Ч.Лхагвадуламыгаа “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-ийн даргаар тус тус томилон ажиллуулж байв.
Харин С.Амарсайханы ах С.Ганбатын "Грэйт органикс валли" ХХК Налайх дүүргийн IV хороонд 169,997м2 буюу 16.9 га,
С.Ганбатын "Собттрейд" ХХК нь Хан- Уул дүүргийн XI хороо, Зайсангийн аманд 59,546 м2 буюу 5.9 га,
С.Ганбатын үүсгэн байгуулсан "Өү Юу Жи Си Си Си Си” ХХК нь Баянзүрх дүүргийн 134,000м2 буюу 13.4 га,
Баянзүрх дүүргийн XI хороонд 65,000м2 буюу 6.5 га
Хан-Уул дүүргийн VIII хороонд 67,083м2 буюу 6.7 га
Хан-Уул дүүргийн XXIII хороонд 50.619м2 буюу 5.0 эзэмшдэг.
С.Ганбат өөрийн үүсгэн байгуулсан "И Эй Ай Эн партнерс" ХХК, “Юко" хэн эс би Эм" ХХК-уудыг 2020 онд Усны-Эхийн Доржнямбуу гэгчийн нэр дээр шилжүүлсэн. У.Доржнямбуу нь С.Ганбатын "Оюуны ундраа групп" ХХК-д Ахлах нярваар ажилладаг. Өөрөөр хэлбэл, С.Ганбат зарим компаниудаа өөрийн ажилтан С. Доржнямбуу гэгчээр өнгөлөн далдалж байгаа нь энэ.
Тэгвэл С.Ганбатын үүсгэн байгуулсан “Юко” ХХК, У.Доржнямбуу нарын эзэшилд бүртгэлтэй "И Эн Ай Эн партнерс" ХХК нь Налайх дүүргийн V хороонд 80,000м буюу 8.0 га, Хан-Уул дүүргийн XI хороонд 26,347м2 буюу 2.6 га газар тус тус эзэмшдэг.
"ЮКО" ХХК нь дангаараа Хан-Уул дүүргийн XI хороо, Зайсангийн аманд 10,554м2 буюу 1.0 га газартай гэсэн бүртгэл байна.
“Зэн Эс Би Эм” ХХК нь Баянзүрх дүүргийн XI хороонд 45,527м2 буюу 4.5 га, Налайх дүүргийн III хороонд 30,000м2 буюу 3.0 га, Налайх дүүргийн VII хороонд 7005м2 газар эзэмшдэг.
Тэгвэл С.Ганбатын уул уурхайн компанийг эзэмшдэг нягтлан Ч. Мөнхболдын нэр дээр 2016 оноос хойш “Саран бэрс” ХХК, “Том нар" ХХК. “Төгрөг энержи” ХХК гэх гурван компанийг бүртгүүлжээ.
"Саран бэрс" ХХК нь Налайх дүүргийн III хороонд 30,000м2 буюу 3.0 га,Налайх дүүргийн III хороонд 9999м2,"Том нар” ХХК нь, Хан-Уул дүүргийн XXI хороонд 319,745м2 буюу 31 га газрыг “Үйлчилгээтэй орон сууц” зориулалтаар, Хан-Уул дүүргийн XXI хороонд 304,745м2 буюу 30га газрыг “худалдаа, үйлчилгээний цогцолбор” зориулалтаар эзэмшдэг.
"Төгрөг энержи” ХХК нь, Баянзүрх дүүргийн XI хороонд 3188м2 Налайх дүүргийн III хороонд 30,000м2 буюу 3.0 га газартай.
Тэгвэл Сайнбуянгийн Уламбаярын охин У.Ундармаагийн “Зүүнбаян рефайнери" ХХК нь Баянзүрх дүүргийн XI хороонд 39,757м2 буюу 3.9 га, Хан-Уул дүүргийн I хороонд 2877м2 газар тус тус эзэмшдэг. Мөн Налайх дүүргийн VII хороонд 21,485м2 буюу 2.1 га газрыг "орон сууцны зориулалтаар тус тус эзэмшдэг. С.Нэргүйгийн “Буянналайх" ХХК нь Налайх дүүргийн I хороонд 4656м2 газар Налайх дүүргийн V хороонд 1709м2 газрыг тус тус шатахуун түгээх станц, үйлчилгээний төв зориулалтаар эзэмшиж байна.
Сайнбуянгийн Отгонбаярын эхнэрийнх төрсөн дүү Жамбалдагвын Хуягаагийн "Опен реүд" ХХК нь Баянзүрх дүүргийн XI хороонд 76,800м2 буюу 7.6 га, Налайх дүүргийн VII хороонд 12,990м2 буюу 1.2 га газар эзэмшдэг. Сайнбуянгийн Эрхэмбат "Ханлиг Өлзий" ХХК нь Налайх дүүргийн V хороонд 30,008м2 буюу 3.0 га Налайх дүүргийн VII хороонд 24,001м2 буюу 2.4 га газартай.
Ийн С.Амарсайхан гишүүн нийслэлийн газраас өнгөтэй өөдтэйг нь шилээд зогсохгүй, Дархан цаазат Богдхан ууланд бизнесээ өргөжүүлж, Туулын бургасыг хуйгаар нь хядсан. Ингээд Төрийн ордонд төвхнөж, Шадар сайдын суудлаас “Шинэ хороо” хөтөлбөрийг хариуцдаг гол хүн болсон. Улмаар УИХ-аас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөтөлбөрөөс багагүй ашиг хүртэж байгааг ч энд сануулах нь зүйн хэрэг биз.
| САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ |
|
САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ
2026-09-14 08:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЧИД БАЛБЫН ЛИГИЙН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ АВАРГУУД БОЛЖЭЭ
2026-09-13 14:45:46
БНМАУ-ын Баатар Б.Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар анги “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнууллаа
2026-09-13 14:20:12
МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
2026-09-13 14:11:41
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |