• Өнөөдөр 2026-09-14

Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа

         ОХУ-ын Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэн болон харьяалалгүй иргэдийг цэрэгт зуучилсан этгээдэд 1.5 сая рубль буюу 18 мянган ам.доллар өгөхөө өнгөрсөн мягмар гарагт зарласан. Харин цэрэгт элсэгч этгээдэд 5 сая рубль буюу 59 мянган ам.доллар амлаад байна. ОХУ-ын хэд хэдэн бүс нутаг фронтод шаардлагатай бие бүрэлдэхүүнийг нөхөхийн тулд ийнхүү зуучлагчид олгох урамшууллыг нэмэгдүүлээд байгаа.
 
      Үүнтэй холбоотой Төв Ази, Латин Америк, Африкийн орнуудаас гаралтай ажилчин залуусыг "Барилгын ажил", "Агуулахын харуул", "Өндөр цалинтай ажилд зуучилна”, хурдан хугацаанд “Иргэншил олгоно” гэж хууран мэхэлж, орос хэл дээрх цэргийн гэрээнд гарын үсэг зуруулах явдал газар авсан байна. Энэхүү мөнгөн урамшуулал нь залилагч, зохион байгуулалттай сүлжээнд гаднын иргэдийг хуурч мөнгө олох томоохон хөшүүрэг болж байна. Цэрэгт дайчлах үйл ажиллагааны хохирогч болох хамгийн эрсдэлтэй эмзэг бүлгийг гадаадад ажиллаж, амьдрах сонирхолтой иргэд гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Тэр дундаа хэлний бэрхшээл, мэдээллийн дутмаг байдал, сошиал орчинд баталгаагүй эх сурвалжаас ажил хайж буй зэргийг ашиглах эрсдэл өндөр гэлээ. 
 
     Монгол Улсын хувьд хөлсний цэрэг дайчлагад оролцох, зуучлах нь эрүүгийн хүнд гэмт хэрэгт тооцогддог. Эрүүгийн хуулийн 29.6.3-т заасны дагуу хөлсний цэрэг зэвсэгт мөргөлдөөн, дайны үйл ажиллагаанд оролцсон бол 12-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг. 
 
    ОХУ цэрэг дайчлагын үйл ажиллагааг нийтийн дунд явуулдаггүй, бүс нутгуудад гэрээт цэрэг цуглуулах даалгавар өгдөг байна. Энэ ч үүднээс бүс нутгууд дахь гэрээт цэрэг дайчилгааны өрсөлдөөн ихэссэн байна. Эрхүү муж гэхэд ийнхүү зуучлагч этгээдийн шагналын хэмжээг дөрөв дахин нэмээд байгаа юм. Харин дотоодоос цэрэгт зуучлагч нарт олгодог урамшууллын хэмжээ 100-300 мянган рубль байна. 
 
 Эх сурвалж: gogov.ru
 
С.Энхцэцэг

Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188