• Өнөөдөр 2024-04-27

МОНГОЛ УЛСЫН ЗААН БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ Б.БАЯРХҮҮ: Хүүгээ шохой ачсан фургон машинд дайгдаж яваад сумын цол аваад ирэхэд нь баярлаж байсан ч улсын заан болно чинээ төсөөлж байгаагүй

2024-03-27,   11541

Б.Баярхүү гуай бол Монгол Улсын хүчит заан Бат-Өлзийгийн аав, нутаг, усныхандаа хайрлагдан хүндлэгдсэн хүн. Мөнх цаст Сутай Хайрханы ар хөндий дэх захчин зоны өлгий хязгаарын цэнхэр нутагт монгол түмний хайртай хүү, түмэн олноо шуугиулан бахдуулсан хүчит заан Бат-Өлзий төрж өссөн билээ. Тиймээс Эргэлт.мн мэдээллийн сайт Ховд аймгийн Зэрэг суманд аж төрөн суугаа хүчит заан Бат-Өлзийгийн аав Б.Баярхүү гуайтай ярилцсаныг уншигч таны өмнө дэлгэж байна.

Б.Баярхүү гуай болон түүний гэргий Замбагацэцэг нар насаараа мал маллаж, үндэсний өв уламжлалаа тээж, дөрвөн хүүхдээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэн өдгөө түвшин жаргалтай амьдарч байна.

-Монгол Улсын хүчит заан хэмээн нэр алдраа цуурайтуулсан Бат-Өлзий таны том хүү. Ир бяр нь жигдэрч, урамтай сайхан барилдаан үзүүлж байгаа хүүгийнхээ барилдааныг харахад танд юу бодогддог вэ?

         -Би хүүгийнхээ барилдааныг алгасахгүй үзээд суучихдаг хүн дээ. Харин миний хань хүүгийнхээ барилдааныг огт үзэж чаддаггүй. Яагаад юм бүү мэд. Тиймээс би хүүгийнхээ барилдааныг эхнэртээ дамжуулж өгдөг. Хань минь зуны дулаан цагт гэрийнхээ гадаа цай, сүүнийхээ дээжийг өргөж, өвөл нөгөө өрөөндөө ороод суучихна. Би хүү минь давлаа гээд бараг л хашхирах шахам л дамжуулна. Хань миний хэлэхийг сонсоод баярын нулимс дусаан уул хангайдаа залбирдаг.  

         Би өөрийн төрсөн нутаг Ховд аймгийн Зэрэг сумандаа амьдран суугаа хүн. Тиймээс хүүгийнхээ барилдааныг бөхийн өргөөнд суугаад үзэх боломж тэр бүр тохиохгүй. Ихэнхдээ л зурагтаар үзэж, давахад нь баярлаж, унахад хамт унан суудаг даа. Хүү минь нутаг усаа дуудуулан дэвэн дэвсээр зүлэг ногоон дэвжээн гарахыг харах юутай ч зүйрлэмгүй сайхан мөч. Давахаар нь баярлана гэж жигтэйхэн, үгээр хэлэхийн аргагүй байсан мэдрэмж байдаг даа.

-Хүү нь “Аавыгаа дагаж ажил хийж, бяр суусан” гэж ярьдаг. Ер нь хүү нь тантай ямар ажил ихэвчлэн хийдэг байсан бэ?

         -Бат-Өлзий миний том хүү л дээ. Тиймээс би хүүгээ хаашаа л явна байнга дагуулаад явдаг. Хүүд минь шантрана, залхуурна ойлголт байхгүй. Хүүтэйгээ намрын улиралд өвс бэлдэнэ. Хашаа хороогоо засаж, хөрзөнгөө гаргана. Юуг нь нуух билээ. Зарим тохиолдолд муу хүүгээ уурганы хувиар ороолгодог байсан. Үүнээс гадна хүү минь жавар тажигнасан өвлийн хүйтэнд өндөр хонь хариулаад таваргаж явдаг байлаа. Мөн эмнэг хангал сургах дуртай гэж жигтэйхэн. Ямар л хүнд хүчир ажил байна хүү минь аавдаа нугалж өгдөг байсан. Би өөрөө малчин хүн. Тиймээс ямар нэг ажлаас шантарч хойш сууна гэж үгүй. Мал маллаж байх хугацаандаа байгалийн гамшигт үзэгдэл, бэрхшээлтэй олон л тулгарч байлаа.

 

Хүүтэйгээ намрын улиралд өвс бэлдэнэ. Хашаа хороогоо засаж, хөрзөнгөө гаргана. Юуг нь нуух билээ. Зарим тохиолдолд муу хүүгээ уурганы хувиар ороолгодог байсан

-Б.Бат-Өлзий зааныг Улаанбаатар хот руу сургуульд яваад  нэг их удалгүй орхиод ирж байсан гэдэг юм билээ. Энэ хэр үнэний ортой вэ?

         -Үнэн байлгүй яах вэ. Арван жилийн дунд сургуулиа төгсөөд “Бөх болно” гээд хот руу явсан. Гэтэл яг нэг сар болоод гэртээ хүрээд ирдэг юм байна. Тэгэхээр би “Миний хүү сургуульд сурч чадахгүй юм бол аав, ээждээ туслаад малчин бол” гэж хэлсэн. Тухайн үед хань бид хоёр нас залуу ч, мал өтгөн байлаа. Гэтэл төрсөн дүү нар маань “Баярхүү ахаа Бат-Өлзийг мал дээр байлгаад яах вэ. Хот явуулж, бөх болго” гэсэн. Би тас эсэргүүцэж “малаа малла” гээд яг нэг жил хөдөө байлгасан даа. Жилийн дөрөө хүү минь хань бид хоёрт “Аав, ээж хоёр минь хүүгээ одоо л хот явуулаад өг. Хүү нь сургуулиа орхиод дахиж ирэхгүй” гэж хэлээд явсан. Тэр амандаа ч миний хүү хүрсэн. Хүүг тосож аваад бөх болгосон Г.Эрхэмбаяр аваргат баярлаж явдгаа энэ завшааныг ашиглаад хэлмээр байна.

-Хүү нь ямар зан араншинтай хүн бэ. Та энэ талаар яриа дэлгээч?

         -Хүү маань тайван дөлгөөхөн хүн. Барагтай л бол уурлаж, уцаарлаад байдаггүй. Бат-Өлзий хонь, ямаа, үхэр саана. Ёстой л “Гадаа гарч эр, гэрт орж, эм” болдог байсан гэхэд хол зөрөхгүй. Ямар ч ажлыг голж, шилнэ гэж байхгүй. Чадах ажил байвал цааргалахгүй, чадахгүй ажил байвал чадна гээд зүтгэчихнэ дээ, миний муу хүү.

Арван жилийн дунд сургуулиа төгсөөд “Бөх болно” гээд хот руу явсан. Гэтэл яг нэг сар болоод гэртээ хүрээд ирдэг юм байна. Тэгэхээр би “Миний хүү сургуульд сурч чадахгүй юм бол аав, ээждээ туслаад малчин бол” гэж хэлсэн.

-“Бөх удмаа дагаж төрдөг” гэж ярьдаг. Тэгэхээр таны болон гэргийгийн тань удамд барилддаг хүн бий юу?

         -Миний хүү хоёр талаасаа бөхийн удамтай. Ээжийн маань аав бөх хүн байсан. Мөн төрсөн дүү минь сумын заан цолтой. Ханийн маань ах, дүүс дунд таван сумын заан цолтон бий.

Б.Бат-Өлзий 2014 оны Ховд аймгийн баяр наадамд аймгийн харцага Б.Тайванд өвдөг шороодон үзүүрлэж, "Аймгийн заан" цол хүртсэн. Мөн тухайн жилээ Орхон аймгийн баяр наадамд аймгийн заан Д.Бадамгараваар найм даван түрүүлж, "Аймгийн арслан" цол хүртсэн түүхтэй. Тэрбээр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд улсын харцага Н.Золбоотой хүч үзэн араар нь шахаж мордон давж, улсын заан цол хүртсэн торгон агшныг бөхөд хайртай монгол түмэн тодоос тод санаж байгаа байх. Ёс зүй, хүнлэг чанараараа бөхчүүдийн үлгэр дуурайлал болсон Бат-Өлзий заан багаасаа л аав, ээждээ тусалж, гурван дүүгээ харж хандахаас гадна айл саахалтынхандаа тус хүргэсэн ажилсаг, хөдөлгөөнтэй, бусадтай эв эе дүүрэн, бусдын хайрыг татсан хүү байсан тухай нь аав, ээж хоёр нь ам уралдан ярьж сууна.

-Танд Монгол Улсын заан цолтой хүү төрүүлж өгсөн ханьтайгаа хэрхэн танилцаж, гэр бүл болж байсан бэ?

        -Ханьтайгаа 1991 онд танилцаж, нэг гэрт ороод 33 жил болжээ. Хамтдаа мал маллаж, амьдралынхаа жаргал, зовлонгоо хуваалцаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Одоо ч хань бид хоёр нэг хүн шиг болсон гэхэд хол зөрөхгүй болов  уу. Хоёр сайхан хүү, хоёр хөөрхөн охин төрүүлж өгсөн хань минь миний тулга, түшгүүр шүү дээ.

-Хүү нь багасаа л барилддаг байв уу?

         -Хүү минь хүүхэд байхын л хүнд ястай байлаа. Дөрвөн настай хонины морь унаж сураад, таван настайгаасаа хурдан морь унасан. Гэтэл ердөө л хоёр жил хурдан морь унаад л хүнддээд хасагдаж байв. Үүнээс гадна Бат-Өлзий хүүхэд байхдаа барилдах тун дуртай байсан. Тухайн үед ямар ч  шинэ жинсэн өмд байсан өмсөөд л явна. Орой гэртээ ирэхдээ урчихаад л ирнэ. “Яагаад өмдөө урчихав” гэхээр “Барилдаад урчихлаа” гэнэ. Сүүлдээ ээжээсээ эмээгээд айлд очиж, өмднийхөө уранхайг оёж байсан тохиолдол цөөнгүй бий.

-Хүү нь багадаа сум орон нутагтаа барилдаж, олон түрүүлж байсан байх?

         -Манай Зэрэг суманд “Уурхайн ойн” барилдаан болсон. Тухайн барилдаанд явахад нь Ээж нь хүүгээ зодоод явуулж байв. Хүү маань түрүүлж ирээд “Ээжээ та хүүгээ дахиад нэг сайн зодоод өгөөч хүү нь танд зодуулаад түрүүлчихлээ. Танд зодуулбал дараагийн наадамд түрүүлэх байх” гэж байсан шүү. Бараг л ээжээсээ зодоод өг гуйж байсан даа.

Яагаад өмдөө урчихав” гэхээр “Барилдаад урчихлаа” гэнэ. Сүүлдээ ээжээсээ эмээгээд айлд очиж, өмднийхөө уранхайг оёж байсан тохиолдол цөөнгүй бий.

Баярхүү гуай хүүгээ их сургуулиа хаяад ирэхэд нь “Миний хүү сургуульд сурч чадахгүй бол аав, ээжийгээ дагаад малчин бол. Ахиж хот явна гэж ярилтгүй шүү” хэмээсэн нь хожим улсын заан цолтой болох ташуур болж, хурцалсан хатуухан үг байжээ. Харин түүний ээж Замбагацэцэг эгч хүүгийнхээ барилдаж байгааг үзэж чаддаггүй гэнэ. Тиймээс “Хүү минь бэртэл гэмтэлгүй, уран сайхан барилдаж даваасай” хэмээн залбирч, өндөр Алтайн уулстаа сүү өргөн барилдаан дуустал гадаа байдаг тухайгаа хуучилсан билээ.

Хөх Алтайн уулсын хүү улсын заан Бат-Өлзийгийн аав, ээж хоёр Ховдын цэнхэр хязгаар нутгийнхаа хүн зонд малч, хөдөлмөрч, тусчаараа хүндлэгдэж, хайрлагдсан, улсын заан төрүүлж, хүмүүжүүлсэн гэр бүл ийм л байдаг болов уу гэмээр нинж түвшин хүмүүс ажээ.

-Хүүгийнхээ анх сумын заан цол хүртэй байсан түүхийг манай уншигчид хуваалцаж болох уу?

         -Манай сумын барилддаг залуучууд хүүг маань аваад барилдаанд явсан. Тухайн үед хүү минь 16 настай л байсан болов уу. Хань бид хоёр ч хүүгээ барилдах дуртай болохоор ах нарыг нь дагуулаад явуулсан. Гэтэл нэг их удалгүй ээжийнх нь утас дуугарсан. Аваад ярьтал “Хүү чинь сумын заан цол хүртлээ” гэдэг баярт мэдээ дуулдсан даа. Барилдаанд дуусаж хүү маань гэртээ ирлээ. Гэтэл хөөрхий минь дүүрэн шохой ачсан пругон машин дотроос буугаад ирсэн. Ээж нь хүүгээ ойр ойрхон татаж, үнсээд мөн ч их баярласан даа. Тухайн үед шохой ачсан замын пругон автомашинд дайгдаад ирж байгаа сумын заан хүүгээ улсын заан цолонд хүрнэ чинээ төсөөлж байгаагүй дээ.

-Таны хүү улсын заан цол хүртсэн тор агшинг хараад ямар мэдрэмж төрсөн бэ?

                  -Ёстой сайхан мэдрэмж байдаг юм билээ. Хамаг биеийн шар үс босоод, өмссөн хувцас биеэс хөндийрөх шиг л болсон. Хүү маань улсын харцага цол хүртэхэд би дэргэдээс нь үзээд сууж байв. Хүүгээ давахад нь уухайлаад боссон. Тухайн үед нутгийн ах намайг хүмүүст “Бат-Өлзийгийн аав” гэж танилцуулсан. Гэтэл хүмүүс надад баяр хүргээд сайхан байсан шүү.  

Уран хурц барилдаанаараа үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн Бат-Өлзий зааны аав, ээж хязгаарын цэнхэр нутагтаа ийнхүү тайван, амгалан аж төрөн сууна.

Монгол Улсын хүчит заан Бат-Өлзийгийн аав Б.Баярхүү гуай “Хүү минь Монгол түмний хайртай бөх болох хувьтай хүн байж дээ” хэмээн хүүгийнхээ тухай дурсамж, бахархал дүүрэн яриа дэлгэхдээ хэлснийг онцлоод, энэхүү ярилцлагаа өндөрлөж байна.

 


МОНГОЛ УЛСЫН ЗААН БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ Б.БАЯРХҮҮ: Хүүгээ шохой ачсан фургон машинд дайгдаж яваад сумын цол аваад ирэхэд нь баярлаж байсан ч улсын заан болно чинээ төсөөлж байгаагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 22
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-01 22:27:00
    Ганбат: Батөлзий заан хөдөлмөр залуу даа хүүхэд насандаа Баярхүү ахын морь унаж байлаа дүү нь Билэгөрнөх ахын морь бас унаж байлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-01 14:05:19
    Иргэн : Сайхан Монгол бөхдаө, Их спортоор хичээллэсэн бол улам л сайжирах байсан! Хүндийн төв доортой танк даа!!! Сайхан жудагтай явдаг юм шүү залуу минь амжилт хүсэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-31 09:04:02
    Egel ard: Vrgelj demjdeg Sain buh shvv Arslan awraga bolohiig hicheegeerei
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-30 09:30:53
    Өндөр гэгээний нутгийн хүү.: Сайн бөх арслан аварга болох байхаа монгол бөхийн ёс жаягийг сайн сахиж дагж явдаг бөхчүүдийг нэг мөн шүү аав ээж хоёрт нь болон гэр бүлд сайн сайхан бүхний дээдийг ерөөе. Заандаа амжилт ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-29 14:07:03
    Жир ард: Эгэл ардын төлөв төвшин сайхан хүү ээж аав гэр бүлийнхэнд нь сайн сайханыг ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-29 14:06:20
    Жир ард: Эгэл ардын төлөв төвшин сайхан хүү ээж аав гэр бүлийнхэнд нь сайн сайханыг ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-28 20:57:59
    Өөөө: Арай дутуу ярилцлага болчихжээ. Өөр сайхан яриа өрнүүлэхгүй дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-28 16:37:18
    Зочин: Аварга болох бүрэн боломжтой бөх гэж боддог шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-28 16:33:09
    Дагва: Эрхэмбаяр аваргад гэж бичнэ (аваргат)
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-28 13:06:23
    Зочин: Ийм сайхан хүмүүсээс тийм сайхан жудагтай, сайхан бөх хүү төржээ. Даруу байна гэдэг одоо цагт ховордсон чанар даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-28 12:54:41
    Зочин : Сайхан бөх амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-28 10:36:23
    Зочин: Уурганы хуйв гэж бичдэг биш үү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-28 08:37:30
    За яахав ээ . : За яахав ээ . Зүгээр нэг бөх шүү дээ . Ямар нэг олимпийн аварга болсон биш . Холивудын Од болсон биш . Монголд хаа сайгүүл баахан дуучин дуучид , лам нар баахан бөхчүүд , өнгө өнгийн дээлтэй баахан уяачид мөн ч олон юм даа . Монгол бөх чинь 3 сая хүнтэй улсын 1 саяхан үзэчтэй спорт шүү дээ . Мааш жижигхэн цар хүрээтэй зөвхөн монголд оо л юм даа .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-28 01:53:47
    Зочин: Амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-28 01:03:40
    Үржин -эшэй: Сэтгүүлч хүн "хуйв" гэдэг үгийг яагаад буруу биччихэв. ,шивэхдээ алдчихав уу?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-27 18:32:30
    Otgon: Saihan aav eejid ni bayr hurgie.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-27 15:45:13
    Нутгиийн ах Б.Ганбааттар: Энэ жилийн наадамд түрүүлж аврага болно хичээгээрэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-27 15:01:52
    zovhin guluguu: Настай хүн амалсан гэж шааж байна 80н хэдэн оны хүн хөгшин байх уу. Хөгшин бол элийгээ хийж барилдах гээд явж байдагийн тэр сувлилдаал хэвтэнэ биз. Бат-Өлзий заан шиг жудагтай бөх ховор шүү. Энэ жил арслан болноо.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-27 14:39:35
    Zovhin : Хүүдээ жоохон жудагтай байхыг хэлж зааж өгөөрэй дээ 100 жилээр аав шиг ээ настай бөхийг амлаж авч маш хүчтэй өргөж хаяж энэ тэр үеийнхээ залуучуудаас сайхан амлаад барилдчихгүй хөгийн гар даа тэднээсээ болоод заанаас цааш явахгүй дээ мэх байхгүй лаглайн бариад л байгаад байдаг шог новш
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-27 11:40:34
    Батбаяр: Сайхан хүү төрүүлж өсгөсөн аав ээжд нь баяр хүргэж эрүүл энх аз жаргал хүсэн ерөөе. Уран сайхан барилдаантай мундаг залуу.. Амжилт нь арвин байж ард олноо олон жил баярлуулах болтугай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-27 09:31:49
    Зочин: Сайн хүү юм даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-27 08:11:13
    З.Хайлда : Сайхан бөх төрүүлж өсгөсөн Аав , Ээжид нь баярлалаа эрүүл энх , урт нас хүсье ээ... Сайхан бөх дөө....
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188