Араваад жилийн өмнө Хөвсгөл аймгийн самбо, жүдогийн хүүхдүүд шалны банз нь хугарч, хадаас нь ёрдоож, сулран, шал нь овойж товойсон ангид хивс, орны бүтээлэг дэвсээд брезентээр хучаад бэлтгэл сургуулилалтаа хийдэг байж. Хатуу шалан дээр унаж, их, бага хэмжээний бэртэл, гэмтэл авч мэдэх эрсдэл нь тэдгээр хүүхдүүдийн жүдочин болох хүсэл мөрөөдлийг зогсоож чадаагүй байдаг. Тэр хүүхдүүдэд зөөлөн дэвжээ, жүдогийн өмсгөл байсангүй. Байгаа хэдэн кимоно, самбо бөхийн куртикээ ээлжлэн өмсөж, хоорондоо барилддаг байжээ.

Энэ талаар Олон улсын жүдо бөхийн холбоо “IJF”-ийн олон нийт, хэвлэл, мэдээлэл хариуцсан төлөөлөгч Николас Месснер дурсан ярьсан нь бий. Тэрбээр “Хөвсгөлийн хүүхдүүдийн бэлтгэл хийж буй нөхцөл байдлыг харахад надад үнэхээр хэцүү санагдсан. Зааланд татами байгаагүй. Ердийн брезентийг овгор товгортой хатуу шалан дээр дэвсээд л тэд барилдаж байлаа. Бас жүдогийн өмсгөлтэй хүүхэд ч цөөн байв. Байгаа хэдийгээ тэд хоорондоо сольж өмсөх юм” хэмээн ярьсан байдаг. Тэдгээр хүүхдүүдийн дунд олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Бавуудоржийн Баасанхүү байж. Тэрбээр ангийнхаа есөн хөвгүүнийг даган бөхийн спортоор хичээллэж эхэлсэн юм билээ. Б.Баасанхүү тэр үед жижиг биеэндээ байхааргүй хоёр шуундаа тэнхээтэй, хөвгүүдтэй ноцолдож, тоглоом, шоглоомоор зодолддог, чамгүй дэггүй, хөдөлгөөнтэй сэргэлэн охин байсан гэдэг.
.jpg)
Монгол Улсын гавьяат тамирчин Бавуудоржийн Баасанхүү 1999 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төржээ. Тэрбээр айлын дөрвөн хүүхдийн ууган охин. Анх самбо бөхийн төрлийг сонгон Хөвсгөл аймагт хичээллэж эхэлсэн байдаг. Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн биеийн тамирийн багш А.Даваадорж, Биеийн тамир спорт хорооны багш Б.Очирбат нарын шавь болж, самбо бөхөөр голлон хичээллэж байж. Тэр үед нь аймгийн арслан М.Энхтайван “Миний дүү жүдо бөхөөр хичээллээд үзээч. Чи амжилт гаргана даа. Чамд авьяас, бяр, ур байна. Одоо хичээллэх цаг чинь болсон” гэж хэлжээ. Улмаар Хөвсгөл аймгийн дасгалжуулагч Б.Очирбат, Б.Баасанхүүг оюутан болж, Улаанбаатар хотод ирэх үед нь Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшийн клубт 2017 онд авчирч жүдогоор амжилт гаргах эхлэлийг нь тавьсан юм билээ. Ц.Шийрэв багш “Б.Баасанхүү их хөдөлмөрч, хичээл, зүтгэлтэй хүүхэд. Ихэнх тамирчин 10-20 гаруй жил уйгагүй зүтгэн, хөдөлмөрлөж байж, олимп, дэлхийн медальтан болдог. Гэтэл Б.Баасанхүү богино хугацаанд өндөр амжилт гаргаж чадсан. Зөвхөн 2024 онд л гэхэд дөрвөн том тэмцээнд амжилттай оролцсон. Нэг жилийн дотор улсын аварга, Азийн аварга, “Гранд слам”-ын аварга болсон. Улмаар дэлхийн аварга болж, олимпоос мөнгөн медаль хүртсэн. Энэ бол тамирчин хүний хувьд маш богино хугацаанд өндөр амжилт гаргасан ховор тохиолдол” хэмээж ярьж байлаа.
.jpg)
Бавуудоржийн Баасанхүү 2021 онд гурван тэмцээнээс медаль хүртсэн сайхан амжилт гаргасан. Тэр үеэс хойш Б.Баасанхүү “Grand Slam”-аас хоёр мөнгө, нэг хүрэл, жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, самбо бөхийн залуучуудын дэлхийн аваргаас алт, хүрэл, самбо бөхийн Азийн аваргаас хоёр алт, нэг мөнгө, самбо бөхийн дэлхийн цомоос нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл, самбо бөхийн тулааны наадмаас алтан медаль хүртсэн. Тэрбээр 2024 онд Монгол Улсын олимпын медалийн буухиаг таслалгүй, ард түмнийхээ итгэлийг дааж сэтгэлийг хураан “Парис-2024” олимпоос мөнгөн медаль хүртсэн билээ.
Б.Баасанхүү “Парис-2024” олимпын наадамд давхар биетэй, хоёр сартай жирэм байж барилдсан байдаг. Тэрбээр 48 кг-ын жингийн “С” хэсгийн эхний тойрогт Мальти Улсын Катрына Эспоситог ялснаар шөвгийн 16-д үлдсэн. Дараагийн тойрогтоо Австрийн Катарина Танзерыг 18 секундэд цэвэр ялаад, шөвгийн наймд үлдлсэн юм. Улмаар Парагвай Улсын Нарваез Габриелаг өчиж ялснаар шөвгийн дөрөвт шалгарч үлдсэн билээ. Хагас шигшээ барилдаанд Испанийн Мартинез Абелендатай барилдаж, нэмэлт цагт ялж, мөнгөн медалийн болзол хангасан.
.jpg)
Улмаар “Парис-2024” олимпын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Олимпын аваргын алтан медалын төлөө, дэлхийн гурван удаагийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга Японы бөх, Нацүми Цүнодагийн жийж давуулах мэхэнд базари үнэлгээ алдан олимпын мөнгөн медаль хүртсэн мөч одоо ч монголчуудын бахархлыг төрүүлсээр байгаа билээ. Давхар биетэй байхдаа олимпоос медаль хүртсэн тамирчин дэлхийд түүнээс өөр байхгүй бизээ.
Арваад жилийн өмнө “IJF”-ийн хөтөлбөрт хамрагдан жүдогийн өмсгөл бэлгэнд авч байсан, улаан хацартай бяцхан охин өнөөдөр дэлхийд барилдаанч гэдгээ харуулж, олонд танигдсан олимп, дэлхийн медальтан болж чадлаа. Хэчнээн хэцүү, хүнд нөхцөл байсан ч хүүхдийн урам зоригийг нь бадрааж, дэмжиж чадвал бүх зүйл боломжтой гэдгийн баталгаа нь Баасанхүүгийн амжилт гэж болохоор байна. Тамирчны шантрашгүй хөдөлмөр, хичээл зүтгэл алдрын тавцанд зогсох шат нь байдгийг тэр мянга мянган жүдочид үлгэрлэж чадсан. Монголчууд түүний амжилтаар өнөөдөр ч бахархаж байна. Түүний хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл одоо биднийг хааш нь хөтлөх бол...
| ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |