• Өнөөдөр 2026-09-14

Эрдэнэбүрэнд байгуулах хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэжээ

   Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд баригдаж буй усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцтай танилцах үеэр дурсгалын бичээст хөшөөний нээлтэд оролцжээ. Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг түүхэнд мөнхөлж, хойч үедээ өвлүүлэх бэлгэдэл болгон тус дурсгалын хөшөөг босгосон байна.

   Төслийн хүрээнд 11 тэрбум метр куб багтаамжтай усан сан, далан байгуулж, 24 км урт, дөрвөн км өргөн хиймэл нуур бий болгохоор төлөвлөжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэхээр тогтсон байна.

   Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн юм. Тус станц нь 90 МВт-ын хүчин чадалтай бөгөөд жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. 2030 оны тавдугаар сард ашиглалтад орсноор баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангахаас гадна төвийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

   Монгол Улс 2008 онд Говь-Алтай аймгийн Тайшир суманд “Тайшир-Гуулин” усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахдаа Завхан голын усыг хуримтлуулан 20 орчим км урт, 10 гаруй км өргөн хиймэл нуур байгуулж, “Гэгээн нуур” хэмээн нэрлэж байсан билээ. Тус нуурыг 2018 онд “Гэгээн” нэрээр олон улсын сансрын зургийн хайлтын системд бүртгэсэн байна.

 

 


Эрдэнэбүрэнд байгуулах хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188