• Өнөөдөр 2026-09-14

НОМЫН БАЯРААР “ОЛЖ АВАХ” ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД

   Намрын сэрүү унасан эдгээр өдрүүдэд номд хорхойтой хүмүүсийн дунд “Хэн, ямар ном гаргасан бол” гэсэн хүлээлт үүсдэг болжээ. Үүний цаана зохиолч, орчуулагч, редакторууд нойргүй хонож, хэвлэх үйлдвэрүүдийн ачаалал ихэсдэг болсон байна. Номын баяраар шинэ бүтээлтэй уншигчидтайгаа уулзана гэдэг ямар ч зохиолч, орчуулагч хүний хувьд сайхан шүү дээ. Уншигчдын хувьд ч гэсэн энэ л өдрүүдэд зорьж ном авч, зохиолчидтой уулзаж, ярилцаж дадсан байна. Учир нь 40 дэх удаагаа зохион байгуулагдах Үндэсний номын баяр энэ сарын 18-20-ны өдрүүдэд болно. Эл өдрүүдэд олж авах шинэ бүтээлүүдийг онцолж байна.

П.МАЙНБАЯР | “ШИРЭЭН ДЭЭРХ МАРГААШ” (шүлгийн түүвэр)

           Энэ намрын яруу найргийн шинэ ном бол яруу найрагч П.Майнбаярын “Ширээн дээрх маргааш”  шүлгийн түүвэр юм. Тэрээр 1996 оноос эхлээд 11 шүлгийн түүвэр, 2 хүүрнэл зохиолын бүтээл хэвлүүлжээ. Тухайлбал, өнгөрсөн хаврын номын баяраар уншигчдын гарт очсон “Цааснаас амилсан хүн” роман юм.

О.ЭЛБЭГТӨГС | “АЛС ЦУУРАЙ” (тууж)

       Зохиолч, яруу найрагч О.Элбэгтөгсийн “Алс цуурай” нэртэй анхны тууж хэвлэлтээс гарлаа. Шинэ номынхоо тухай зохиолч “Хүн бүрийн дотор асар том итгэл хайр, хүсэл мөрөөдөл оршдог хэмээх нь бий. Би харин олон хүн асар том зовлон шаналал, хүсэл шуналыг тээж, түүндээ түүртэн амьдардаг гэж боддог. Тиймээ, ийн бодлоос минь урган гарсан  “Алс цуурай” нэртэй анхны туужаа хэвлүүлэхэд бэлэн боллоо” гэж ээ. Түүнийг уншигчид жүжгийн зохиол болон яруу найргийн бүтээлүүдээр нь эчнээ мэдэх юм.

Д.ГҮНБОЛД | "ААРУУРУ" (тууж)

      AUM паблишинг энэ удаагийн номын баяраар хэд, хэдэн шинэ бүтээл хэвлүүлжээ. Түүний нэг нь Д.Гүнболдын “ААРУУРУ” хэмээх содон нэртэй ном юм. Энэхүү бүтээлийн тухай Ерөнхий редактор МУСГЗ, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана “Чөлөөлөх дайнаар олзлогдсон япончуудын сэдэв 1990-ээд оноос хойших Монголын уран зохиолд нэг бус удаа хөндөгдсөн. Гүнболдын энэ зохиол харин тэдгээрээс тун өөр, юутай ч сэтгэлгээний ур сайтай болжээ. Хамгийн чухал нь хүн ёсны нарийн нандин илэрхийллүүдийг сэтгэлтэй, үнэмшилтэй дүрсэлж чадсан санагдав. Манайд жинхэнэ утга зохиолын мөн чанарт тэнцэхээргүй зүйлс бичихээс татгалзах сэтгэлтэй шинэ залуу үе төлөвшиж буй нь өнөө цагийн нэгэн гэрэл гэгээ. Тийм шинэ үеийн туурвилчид дунд бас нэгэн бичээч нэмэгдэж байгааг “Аарууру”-гаас олж харсандаа олзуурхаж байна...” хэмээн онцолсон байна.

Ө.ҮЛЭМЖТӨГС | “ТҮГЖИН” (тууж)

    Зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Түгжин” хэмээх андерграунд тууж уншигчдын гарт очиход бэлэн болсон байна. Зохиолчийн тодорхойлсноор уг бүтээл нь уншигчийг огт өөр ертөнц, төсөөлөөгүй орчин, хайрцаггүй орон зайгаар аялуулах орчин цагийн андерграунд судар аж.Туужийн гол дүр болох Түгжин нь уламжлалт сургаалын адил хүнийг тэвчээртэй байх, өөрийгөө цэгцлэх, сайн мууг ялгахыг заах бус, харин хүн өөрт буй бүхнээ танин мэдэж, яг байгаа орчноосоо сэрж, дотоод эрх чөлөөгөө олох тухай үзлийг номлодог. “Хаана байна, тэндээсээ сэр. Юу байна, түүгээрээ гэгээр” гэх санаа нь бүтээлийн гол үзэл санааг илэрхийлсэн байна.

Б.АЛТАНХУЯГ | “ЦАГААТГАЛД ТЭРСЛЭХҮЙ”, “БИДНИЙ ЦӨХӨРСӨН ӨДРҮҮД”

     Зохиолч, яруу найрагч Б.Алтанхуяг нь энэ удаагийн номын баяраар хоёр бүтээл хэвлүүлжээ. Тодруулбал, “Цагаатгалд тэрслэхүй” номд Монголын болон дэлхийн нийт 40 зохиолчийн уран бүтээл, сонгодог туурвилд хийсэн шинжлэл, хувь уран бүтээлчийн мэдрэмж, уншигчийн зүгээс хандсан уран зохиолын бичвэрүүдийг багтааснаараа онцлог болжээ.Мөн тэрээр өнгөрсөн удаа “Арван өвлийн хойно" шүлгийн түүврийг уншигчдад хүргэж байсан бол удаа сүүлийн дөрвөн жил бичсэн шүлгүүдээсээ сонгон эмхэтгэж "Бидний цөхөрсөн өдрүүд" түүврийг уншигчдад өргөн барьж байна.

РОБЕРТ ХААС | ТАСАЛДСАН БЯСАЛГАЛ (орчуулгын яруу найраг)

       “Boobooks” хэвлэлийн газар нь дэлхийн болон орчин үеийн утга зохиолын сор бүтээлүүдийг чанартай орчуулгаар эрхлэн гаргадаг. Тус хэвлэлийн газраас “boopoems” цувралын тав дахь дэвтэр, Роберт Хаасын шилмэл шүлгүүдийг Нац.Энхбаярын орчуулан уншагчдад хүргэж байна. Номын тухай “Хаасын шүлгүүдэд дэлхийн нөгөө захад суух нэгэн хүний амьдрал бий. Гэвч тэндээс бид өөрсдийн амьдралыг ч олж харж чадна. Учир нь сайн яруу найраг газар орны хил хязгаарыг мэдэхгүй; харин ой дурдатгал, оршихуй, орчихуйн баяр гунигийг таньдгийнх биз ээ. Хаас биднийг юмсын гадаргуугаас цааш харахыг урьж байна” хэмээн тэмдэглэжээ. Номын редактораар Г.Лхагвадулам, Б.Батзаяа нар ажилласан байна.

УРАН ЗОХИОЛЫН "ӨӨР" ЦУВРАЛ (орчуулгын уран зохиол)

   “Жиком пресс” хэвлэлийн газраас дэлхийн уран зохиолын сонгодог туурвилчдын бүтээлээс сонгон эмхэтгэсэн уран зохиолын "ӨӨР" цувралуудыг уншигчдын хүртээл болгож байгаа билээ. Цувралын эхний ном нь XX зууны эхэн үеийн модернизмын оргил бүтээлийн нэг болох "Үлисс" романыг туурвисан Жэймс Жойсын "Үхэгсэд" туужийг Баасанжавын Минжбадамгаравын орчуулгаар хүргэжээ. Жойсын “Үхэгсэд” тууж нь Дублин хотын иргэдийн нэгэн үдэшлэгийн түүхээр дамжуулан хүн төрөлхтний оршихуй, хайр энэрэл, өнгөрсөн ба одоогийн харилцааны нарийн төвөгтэй байдлыг зурагласан байдаг. Мөн ээлжит цувралууд болох Эрнест Хэмингуэйн "Килиманжарогийн цас", Оскар Уайлдын "Загасчин ба түүний сэтгэл" зэрэг бүтээлүүдэд зохиолчдын туурвисан шилмэл, өгүүллэг түүврүүдийг багтаасан агаад тус номуудыг орчуулагч Насангийн Баяраа англи хэлнээс дуун хөрвүүлжээ.

ҮЙ ХУА | “АХАН ДҮҮС” (орчуулгын роман)

     Хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдархуй” романыг орчуулсан М.Батбаяр энэ удаагийн номын баяраар “Ахан дүүс” романыг монгол хэлнээ орчуулан уншигчдын хүртээл болгож байна.“Ахан дүүс” нь 1960-2000 оны хоорондох Хятадын нийгмийн өөрчлөлт, уламжлалт үнэт зүйлсийн хувьслыг хоёр ах дүүгийн хувь заяагаар дамжуулан өгүүлдэг. Соёлын хувьсгалын үеэс эхлэн шинэчлэл, зах зээлийн нийгмийн үе хүртэлх цаг хугацааг хамарсан уг бүтээлд цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хүний амьдрал, харилцаа, ёс суртахуун хэрхэн хувирч буйг харуулжээ. Тус бүтээл хоёр дэвтрээс бүрдэх бөгөөд энэ удаад тэргүүн дэвтэр нь монгол хэлээр хэвлэгдэн гарч байгаа бөгөөд эл роман нь Үй Хуа зохиолчийн дөрөв дэх бүрэн хэмжээний роман юм.

ХУАН ЧОН КАЙ | “ФОРМОСА СОЛИЛЦОО” (орчуулгын роман)

     “Тагтаа” хэвлэлийн газраас Тайванийн зохиолч Хуан Чон Кайгийн “Формоса солилцоо” романыг Д.Мөнхжаргалын орчуулгаар монгол уншигчдын хүртээл болгож байна. “Нүүдэг арал” өгүүллэгээрээ монгол уншигчдад танил болсон зохиолчийн энэхүү бүтээлд Тайвань, Кубын хүн ам учир битүүлгээр солигдсон үйл явдлаар дамжуулан хоёр арлын улс орны түүх, соёл, үндэстний ялгаа, улс төрийн тэгш бус байдлыг хөнджээ. Романд Тайванийн анхны уугуул үндэстэн ерөнхийлөгч, Куба зураач, Гуантанамо дахь АНУ-ын тэнгисийн цэргийн шоронд хоригдож байсан эр, уугуул үндэстэн болохыг хүсдэг хан үндэстэн зэрэг олон сонирхолтой дүрээр дамжуулан их гүрнүүдийн нөлөө, үндэс угсаа, соёлын ялгаатай байдлыг шүүмжлэн өгүүлдэг аж.

Ц.ДЭЛГЭРМАА | “ЗАМ” (хүүхдийн зурагт ном)

    Хүүхдийн номын “Little Seven” редакцын шинэ бүтээл болох зохиолч Ц.Дэлгэрмаагийн “Зам” зурагт ном уншигчдын хүртээл болж байна. Хүний орчлонд төрсөн хүүхэд бүрийн өмнө нээгдэх олон зам, олон сонголтын тухай өгүүлэх тус бүтээл нь хүүхэдтэйгээ ирээдүйн тухай ярилцах, тэдний хүсэл мөрөөдлийг сонсох нэгэн “түлхүүр” ном аж. Мөн энэ бүтээл нь зөвхөн хүүхдэд зориулсан ном бус, томчуудыг ч гэсэн цагийн цагт гээгддэггүй нууцхан мөрөөдлөө эргэн санахад хөтлөх, зураг болон хүүрнэлээрээ гоозүйн мэдрэмж төрүүлэх бяцхан галерей хэмээн зохиогчид онцолсон байна. Тус бүтээл нь “ТОМЧУУД Ч УНШИЖ БОЛОХ ЗУРАГТ НОМ” төслийн анхны бүтээл бөгөөд хүүхэд, томчуудын сэтгэл зүрхийг өөдрөг, сайхан зүйл рүү хөтлөхийг зорьсон нь онцлог юм.

 


НОМЫН БАЯРААР “ОЛЖ АВАХ” ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188