• Өнөөдөр 2024-04-23

Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа

2022-03-17,   1293

           Хорьдол Сарьдаг, Бүрэнхааны нуруу, Хүнхэр тайга, Хонин өндөр, Алхайн гозгор зэрэг өндөр нуруудаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт Дархадын хотгор нутагт мартагдаж байгаа Дархад өв соёлоо тээж яваа нэгэн энгийн бөгөөд гайхалтай эрхэмтэй уулзах боломж олдсон юм. Түүнийг С.Хүрлээ гэдэг.

           Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын I багийн малчин С.Хүрлээ гуай өдгөө 68 настай. Тэрбээр бага ахуй наснаасаа Дархадын ердийн морин хөсөгт ажиллаж, далайн тээврийг хөлдсөн Хөвсгөл далай дээгүүр морин хөсөгтэй тээвэрлэж, туулж явсан нэгэн бөгөөд 60 нас гараад Дархад дуугаа дуулж эхлэн дотоодын томоохон тэмцээн, уралдаанд маш том амжилт үзүүлж яваа нэгэн. Ердийн морин хөсгийг мартагдаж, хуучин Дархад дуутайгаа хослуулж, өөрөө “соёлын өв” болж амьдарч байгаа С.Хүрлээ гуайг уншигч та бүхэнтэй “уулзуулж” байна.

-НЭГ МОРИНД ГУРВАН ТОНН АЧАА АЧИЖ, ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЖ БАЙЛАА-

-Рэнчинлхүмбэ нутгийнхан таныг Дархад биет бус өвийн нэг, ердийн морин хөсгийг хөлөглөж явааг дурсан ярих юм билээ. Анх хэрхэн, хэдэн настайгаагаасаа хөсөг тээвэрлэж, морины ухаанд суралцаж байсан түүхээсээ манай уншигчдад хуваалцахгүй юу?

           -Дээхэн үед манай Рэнчинлхүмбэ сумын “Алтан тал”, Алаг-Эрдэнэ сумын “Хөгжил”, Чандмань сумын “Ленин алдар”, Ханх сумын “Долгио” гэсэн дөрвөн нэгдэл Хөвсгөл далай дээгүүр тээвэр хийдэг байлаа. Миний бие 12 настайгаасаа эхлээд далайн дээгүүр морин тээвэр хийж эхэлсэн. Тэр үед Рэнчинлхүмбэ сумын “Алтан тал” нэгдэл 300 морь хөсөглөөд хөдөлж байсан түүхтэй юм. Хөвсгөл далайг тойрсон тэр түүхэн цагаас хойш л өнөөг хүртэл хөсөг тэргээ хийгээд явж байна даа.

-Морин хөсгөөр нутгийн олондоо танигдсан гол “нууц” нь юу байв?

           -Хамгийн сүүлийн далайн тээвэр 1987 онд буусан юм. Тухайн үед 40 гаруй морьтой тээвэр бууж байв. Нэгдлийн үед нэг тонн ачаа ачдаг морийг сайн морь гэж үздэг байсан. Ах нь тэр үед нэг моринд гурван тонн ачаа ачиж, дээд амжилт тогтоож байлаа шүү дээ. Сүүлд нэгдэл татан буугдахад ах нь хөдөө мал дээрээ гарсан юм.

-Одоо ч гэсэн хөсөг тэргээ ачаалж, морин тээвэр хийж байгаа юу?

           -Ахад нь энэ насаараа ердийн хөсгөөс салахгүй юм байна гэж бодогдох боллоо. Өдий 70 нас дөхсөн ч, сум дотроо ердийн хөсгөө хийж, хүн зонд холыг ойртуулж явна даа. Намар, өвөлдөө айлуудад өвс, мөс зөөж өгнө. Хаа нэг сумын Соёлын төвд лизингийн бараа сэлт ирэхээр худалдаж авсан хүнийх нь гэрт хүргэж өгдөг юм аа.

-Ердийн хөсгөөр ачаа ачаалж, тээвэрлэж өгөх хөлс ямархуу байдаг юм бэ. Хүмүүс зохих төлбөрийг нь төлж байна уу?

           -Манай Рэнчинлхүмбэ суманд нэг тэрэг өвс ачиж, тээвэрлэж өгөхөд 5000 төгрөг байсан. Харин сүүлийн хэдэн жил юмны үнэ нэмэгдэхийн хэрээр дагаж өссөөр энэ жил 10 мянган төгрөг болчихсон байна лээ. Сүүлдээ манай нутгийнхан ч ердийн хөсөг ямар ханштай байдгийг мэдчихсэн, асуухаас минь өмнө л зохих төлбөрийг нь өгдөг болсон.

-“АНИСТАГИЙН ХООЛОЙН ШАВАР” ДАРХАД ДУУНЫ НЭРИЙГ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН Д.ЧИНБАТ БИД ХОЁР ӨГСӨН-

-Таны талаар ердийн морин хөсгийн Дархад өвөө хадгалж, хамгаалахын сацуу Дархад дууг сайхан дуулдаг гэж сонслоо. 60 нас гараад Дархад дуугаа дуулж эхэлсэн гэх юм. Түүнээс өмнө дуулахгүй сонирхолгүй байв уу эсвэл бусад хүний нүдэн дээр дуулах завдал олдохгүй явсаар ирэв үү?

           -Манай сумын Соёлын төвийн Соёлын өв хариуцсан мэргэжилтэн Д.Чинбат манайд ирээд бид хоёр жоохон дуулж, хуурдаж байсан юм. Тэгсэн мань эр гэнэт л “За дуулж бай. Би бичлэгээ хийгээдэхье” гэдэг юм байна. Гэрт нэг бичлэг хийчихээд намайг дагуулаад тал руу гараад хөдөө бичлэг хийлээ. Түүнээс хойш дуулсан дуу маань хүмүүст хүрээд одоо бүр сумын хүмүүсийн утсан дээр байх чинь лээ.

-Таныг “Анистагийн хоолойн шавар” гэх Дархад дууг дуулдаг цор ганц хүн гэх юм. Энэ нь ямар учиртай юм бэ?

           -Манай нутагт Шарга гол, Жаргант гол гэсэн хоёр том гол бий. Шарга гол, Жаргант гол хоёрыг холбож урссан сувгийг Анистагийн хоолой гэж нэрлэдэг юм. Намайг багад нутагт маань Төмөр гэж хүн байлаа. Төмөр тэр дууг их алиалан, хошин дуулдаг хүн байв. Би ч багадаа түүнийг алиалан дуулж байхыг харсаар цээжинд үлдсэн минь 60 нас гарсан хойно эргэн гарч ирж байгаа нь энэ.

           “Анистагийн хоолойн шавар” бол их эрт үеэс мартагдсан дуу. Дээхэн үед дуулагдаж байснаас хойш намайг дуулах хүртэл нэг ч хүн дуулаагүй л юм даг. Харин дууны нэрний хувьд багадаа Төмөр гэж хүний дуулахыг сонссоор сурсан би нэрийг мэдэхгүй. Тэгээд гадна, дотнын тэмцээнд оролцохоор болохдоо манай сумын Соёлын төвийн Соёлын өв хариуцсан мэргэжилтэн Д.Чинбат бид хоёр ярилцаад “Анистагийн хоолойн шавар” гэх нэрийг хайрласан юм.

-“Анистагийн хоолойн шавар” дуугаа дуулаад өв соёл, язгуур урлагийн олон наадамд оролцож амжилт гаргаж байсан гэсэн. Тэр амжилтаасаа дурдвал?

           -Би “Анистагийн хоолойн шавар” дуугаар 2018 онд Баянзүрх сумын Бошлой хаданд болдог Дархад дууны наадамд ороод алтан медаль хүртсэн. Түүнээс хойш Хатгал суманд болсон язгуур урлагийн наадамд оролцож, тэндээсээ шалгараад Монгол Улсын хэмжээний маш том язгуур урлагийн наадамд оролцохоор болсон юм.

           Тэр том тэмцээнд шалгарах гэж, өвөл Хөвсгөл далай дээр дан цагаан дээлтэй гарч дуулж байлаа. Хүссэн, зорьсон минь бүтэмжтэй сайхан бол нийслэлийн есөн дүрэг, 21 аймаг оролцсон улсын хэмжээний том наадмаас “Шилдэг өв соёл”, “Шилдэг язгуур урлаг” гэх хоёр шагналыг хүртсэн. 60 нас гарсан ч, Дархад өвөө тээж, мэддэгээ түгээхийг хүсэж, тэмүүлж яваа миний амжилтыг төр, засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол олгосон.

-Магад 60 нас гараад Соёлын тэргүүний ажилтан болно гэж бодоо ч үгүй байсан байх. Соёлын тэргүүний цол, тэмдгээр энгэрээ цоолуулж зогсоход ямар мэдрэмж төрж байв?

           -Нэг өдөр л сумын захиргаанаас Тамгын газарт дуудаад Соёлын тэргүүний ажилтан цол олгодог юм байна. Хүний амьдралд янз янзийн юм болдог л юм. Гэхдээ ах яаж 60 насан гарчихаад Дархад дуугаа дуулаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлэх вэ дээ.

-СУМЫН НААДАМД 4-5 ДАВААД НАЧИН БОЛОХ БОЛОМЖ БАЙСАН Ч, АХАД НЬ ТИЙМ СОНИРХОЛ БАЙСАНГҮЙ ЭЭ-

-Гэр бүлийнхээ талаар ярихгүй юу. Хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүдээс нь Дархад өвийг тээж явах хүүхэд байна уу?

           -Ах нь хоёр охин, гурван хүү, 20-иод ач, зээтэй. Хүүхдүүдээс маань СУИС-ийн морин хуурийн ангийг төгсөж, багшилж байгаа хүүгээс эхлээд сумын начин, заан цолтой, аавыгаа дагаж, ердийн хөсөг хийж, амьд сэрүүнд минь “Жоохон ч гэсэн юм сураад авъя” гэх хүн олон бий. Үр хүүхдүүд маань бүгд л гэр бүлтэй, ажил төрөлтэй, энх тунх яваад нь ах нь баярладаг юм.

-Таны хөвгүүд чинь бүгд сумын цолтой бөхчүүд юм байна шүү дээ. Та өөрөө барилддаг байв уу эсвэл танайх бөхийн удамтай юм уу?

           -Миний талд бөхийн удам байхгүй ээ. Харин ах нь залуудаа овоо ноцолдчихдог, барилдчихдаг байсан юм. Тааран шуудайтай 70 кг-ийн гурил дөрвийг давхарлаж үүрээд л явдаг байсан. Харин ханийн маань талд бөхийн удам бий. Ер нь бөх, морь хоёр голцуу л эхийнхээ удмыг дагадаг жамтай.

-Залуудаа тэгж их бяр, чадалтай байж ядаж сумынхаа наадамд зодоглож үзээгүй гэж үү?

           -Залуу байхад ганц сонирхдог юм маань морь, морин хөсөг байсан болоод ч тэр үү барилдаж, ноцолдоод явах цаг муутай байж. Сумын наадамд 4-5 даваад начин болох боломж байсан л байх. Даанч ахад нь тийм сонирхол байсангүй ээ.

-Одоо сурсан, мэдсэн зүйлээ бусдад сургаж, өвлүүлж үлдээх талаар бодож байгаа юу?

           -Би залуу хүүхдүүдэд “Шавь ор. Ердийн хөсөг, морин хөсгийг ядаж зах зухаас нь сур” гэдэг юм. Ирэх хүүхэд байдаггүй. Орчин үеийн хүүхдүүд чинь “Чи нэг Дархад дуу дуулаадах”, “Тэрэгтэй морин дээр суугаад нэг юм хийгээтэх” гэхээр л зугтдаг болчихож. Миний бодлоор энэ нийгэм, цаг үед язгуур урлаг, өв соёлоо авч үлдэхийн тулд араасаа дагасан шавьтай байх ёстой. Гэсэн ч өнөө цагт сурахаасаа илүү сурахгүй нь олон болж дээ.

 


Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188